Номд дуртай хэн бүхэн анхаарч үзэхүйц, энэ долоо хоногт Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын шүүмжийн төрөлд “Алтан өд” шагнал хүртээд буй “Уншихуйд автахуй” номыг танилцуулъя. Шүлгийн таван түүвэр, “Муурын байшингуудын түүх” хэмээх хүүрнэл зохиол гаргаж байсан, сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуяг энэхүү бүтээлдээ гадаад, дотоодын 40 орчим зохиолч, яруу найрагчдын ур бүтээлийг задлан шинжсэнээ багтаажээ. Хорхэ Луис Борхэс, Владимир Набоков нарын утга зохиолын суутнуудаас гадна өдгөө бичиж туурвиж байгаа монгол зохиолч, яруу найрагчдыг багтаасан нь эл номыг барьж авах нэгэн чухал шалтгаан билээ.

Уншихуйд автуулах эл ном “Миний таних илбэчид”, “Бийр гарздаггүй дуучид”, “Хэзээд үл давтагдахын хүслэн ба тэд”, “Тэрслүү ганцаардагчид буюу үндэстний баатрууд” гэх зэрэг зургаан содон нэр бүхий бүлэгтэй. Ерөнхий редактораар ажилласан, яруу найрагч Я.Баяраа энэхүү бүтээлийг “Сонголттой уншигч болохыг хүссэн хүний сонгох эхний ном” хэмээн тодорхойлсон нь сонирхол татав. Номын их далайгаас өөрт хэрэгтэйг шүүрдэж, арвин олзтой үлдэхийн төлөө уншлаа.

Номын өмнөтгөл

Сэтгэл бүлээцүүлэх нэгэн зүйл

Бяцхан шавар байшингийнхаа сүүдэрт эгчийгээ шоглож уйлуулчихаад өөрөө инээмсэглэж зогссон улаан хацартай, буржгар шар үстэй хөвгүүн бол би байлаа. Төмөр хуйлж үзэг хийнэ гээд гараа олон ч удаа зүсэж билээ. Болохгүй болохоор нь өнөөх хуйлаастай төмрөө байшингийн буланд хаяж орхив. Хэд хоногийн хойно тоглоомноос болж муудалцаад эгчийгээ түлхэж орхитол өнөөх хуйлсан төмөр дээр алгаараа дарж унаад гараа зүсчих нь тэр. Их цус хараад айж билээ. Анх удаа айдас гэж юу болохыг, зүрх хэрхэн салганаж, бич чичирхийлэх мэдрэмжийг тэр үед амссан юм.

Эгч минь уйлж сууснаа хөгшин ижийн гэрийн бүрээсний уранхай хэсгийг тасдаж аваад гарынхаа цусыг арчиж, цус бялдсан өнөөх даавуугаараа ороож орхих нь тэр. Орой нь мэдсэн хэрнээ огт тоосон шинжгүй царай гаргасан ч дотроо бол хамгийн их зовж шаналсан, төмрийн хор орчих вий гэж халаглаж суусан хүн аав байлаа. Харин эгч намайг түлхсэн тухай үг дуугараагүй юм. Тэгээд л би дахин хүн түлхэхгүй гэж өөртөө шивнэж зогссон сон.

Нар өвсний толгой дээгүүр явгалан өнгөрдөг талын бяцхан сууринд ийм нэг нулимс, цус, инээд гурав холилдсон үйл явдал өрнөж билээ. Энэ түүхийг санах болгондоо би эгчийгээ хайрладаг, өрөвддөг. Эмэгтэй хүний зовлон ямар ч чимээ аниргүй байдаг шиг санагддаг. Дотроо зовж, уйлдаг, өвдгөө тэвэрсэн жаахан охин зовлон хэмээх нүсэр хананд даруулж суух мэт төсөөлөгддөг. Тиймдээ ч цээжин дээр чулуугаар дарсан мэт хүнд, гараа төмрөөр удаан гэгч нь зүсэх шиг сэтгэл хорсгодог зүйлс тэр хэлтэрхий төмөр шиг өчнөөн бий гэдгийг би бүүр түүр ойлгов.

Тэгээд би хүмүүсийг биш, өөрийгөө түлхдэг болсон юм. Оюун бодол минь аажмаар өсөж томрох тусам ном гэдэг зүйл рүү өөрийгөө удаанаар түлхэв. Гадаа тоглох минь цөөрч, найзууд ховордож, таазанд өлгөөтэй шар гэрэл шөнө ч амрахаа больж, доор нь ном тэвэрсэн аз жаргалтай хүүгийн зураг Батноровын суурингийн бяцхан байшинд амилдаг болов.

Номын тухай хэдэн мөр 

“Уншихуйд автахуй” гүйлгэж нэг уншаад өнгөрчих ном биш, харин шилэгдсэн зохиолуудыг уншихдаа эргэн эргэн харж, зөвлөж ярилцаж явах бүтээл юм. Шүүмж нэг бүр нь 3-5 нүүр учир уншихад их хугацаа орохгүй. Суут зохиолчдын тухай өгүүлэхдээ ихэвчлэн нэг бүтээлээр нь төлөөлүүлэн шинжжээ. Михаил Булгаковыг "Мастер Маргарита хоёр", Владимир Набоковыг “Профессор Пнин”, Итало Кальвиног “Үл үзэгдэгч хотууд”, Д.Нацагдоржийг “Харанхуй хад”-аар нь гэх мэт. Уншсан зохиолуудынхаа тухай мэдлэг, сэрэл мэдрэмжийг батжуулж, уншаагүй зохиолчидтойгоо хэрхэн уулзахыг энэ ном танд хэлж өгнө.

Аливаа зохиол хоёр хүнд яг ижил уншигдана гэж үгүй биз ээ. Хэн ч гэсэн зохиол уншихдаа өөрийн туулсан амьдрал, туршлага, сэрэл мэдрэмждээ тулгуурлан эргэцүүлэхийг эргэцүүлж, гээхийг гээж, шингээхийг нь шингээж уншдаг. Бас, хүний болоод амьдралын мөн чанар юу юм бэ гэх мөнхийн асуултын хариултыг дор бүрнээ эрж байдаг. Улмаар зохиол бүтээлээр дамжуулан өөрийнхөө дотроос тэрхүү хариултыг олж харахыг хичээнэ. Б.Алтанхуяг яг л ийм эрэл хайгуулд уншигчийг хөтлөх болно. Хэдийгээр зохиолчдын арга барил, намтрын тухай өгүүлэх хэсгүүд бий ч энэхүү номын гол баатрууд нь бүтээгч биш бүтээл юм байна гэж бодогдсон. Тэгэхээр зохиолчидтой танилцах гэхээс илүү эргэн танилцах гэвэл зохимжтой байх.

Шүүмжийн хэсгээс (Эдогава рампогийн тухай)

Оскар Уайльдын “Дориан Грэйн хөрөг” зохиолыг санаж байгаа биз дээ. “Хүнийг оюун ухаантай гэж хэн хэлсэн юм бэ? Ямар яаруу дүгнэлт вэ?” гэсэн хачин жигтэй уулга алдалтуудаар намайг цоо хатгадаг эл зохиолд ч сайхан залуугийн тухай гардаг. Грэй хэдий сайхан залуу, түүний хөрөг өөрөөс нь ч хэд дахин сайхан зурагдсан ч эцэст нь өтөнд идэгдэж, үзэшгүй муухайгаар өвгөрсөн хүний дүртэй болсон байдаг. Учир нь Грэйн амьдрал дээр муу муухайг үргэлж үйлддэг байсан болохоор тэр. Тиймээс ч “Зурагтай аялагч”-тай төстэй өгүүлэмж энд байгаа нь ажиглагдах ч Оскар Уайлдын зохиол хүний мөн чанарын асуудалд хариулт өгөх гэсэн нь тодорхой харагддаг. Харин Рампогийнх тэс өөр. Чухам ямар тодорхойлолт, ямар хариултыг өгөх нь нэлээдгүй эргэлзээтэй. Дурангийн эсрэг талаар харах, шөнийн харанхуйд уусан шингэж зурган дотор амьд хүн ороод явчихаж буй эл өгүүлэмжийг хэрхэн тайлбарлах вэ? Зүгээр л аймшигтай хар дарсан зүүд гэхээс өөр бодол толгойд үл орж ирнэм… Нууцлаг шинжтэй, сэтгэл түгшээм асуудлуудыг хошин наргиан мэтээр хүлээн авч, жигтэйгээр шийддэг, айдас хийрхлээ бус чөтгөрийн гэмээр оюун сэтгэхүйдээ цаг ямагт цагдан хорьж дийлдэггүй түүний зохиолын дүрүүд нь ямар ч хийсвэрлэл үгүй дэндүү бодит сэтгэгдэл төрүүлдэг.

Хэзээ ч биелж боломгүй, хүнд баймгүй зан төрхийн илэрхийлэл, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрвэл үхлээс өөр сонголт байдаггүйг бидэнд нээж өгсөн түүний хамгийн алдартай тууриудын нэг “Толин там”-ыг бичих зүйлийнхээ хамгийн сүүлчийн жишээ болгон авч үзье.

Зохиомж нь нэг ёсондоо “Улаан тасалгаа”-тайгаа тун адилхан. Хэсэг залуус нийлж аймшгийн түүх ярина. Харин К гэх залуу өөрийн дотнын анд Танумагийн ад зэтгэрээс л олж авсан баймаар дур сонирхол, харамсалтайгаар хэрхэн амь насаа алдсан тухай өгүүлдэг. Танума бол баян айлын хүүхэд. Тэр шилэн эдлэл, дуранд маш их дуртай, бүр эмэгтэй хүнээс ч илүү толинд тачаадан дурладаг нэгэн. Гэвч эцэст нь энэ сонирхол нь Танумаг улаан гараараа багалзуурдаж орхидог юм. Тэр хөндлөнгийн хүнд галзуу солиотой мэтээр харагдах олон үйлдлүүдийнхээ дараа өөрийн бодож олсон ганцхан хүн багтах зайтай, ямар ч өөгүй, тув тунгалаг шилэн бөмбөлөг бүтээж, түүн дотроо орчихоод гарч чаддаггүй. К найзыгаа аврахын тулд зарц нартай нь нийлэн өнөөх толин тамыг эвдэж найзыгаа гаргаж авах боловч Танумагийн ухаан санаа хэдийн солиорчээ.