2025 онд “Avatar: Fire and Ash”, “Zootopia 2”, “Snow White”, “F1”, “Wicked: For Good” зэрэг супер баатар, шинжлэх ухаан, уран зөгнөл, анимэйшн, адал явдалт бүтээлүүд ээлж дараалан нээлтээ хийсэн үзэх зүйл ихтэй жил байв. Энэ онд ч гэсэн биднийг цөөнгүй бүтээлүүд хүлээж буй. Бүх насныхны үзэх дуртай “Toy Story” анимэйшны тавдугаар ангиас эхлээд шинэ анги гарах бүртээ бокс оффисын жагсаалтыг тэргүүлдэг “Spider-Man”, “Dune” зэрэг хэд хэдэн цувралын дараагийн анги нээлтээ хийхээр байна.

Эдгээрээс “Avengers: Doomsday”, “Spider Man: Brand New Day” л гэхэд бүх цаг үеийн топ 5-д бичигдэх потенциалтай. Мөн “Odyssey”, “Super Mario” болон “Mortal Kombat” зэрэг кинонууд чарт тэргүүлэх амбицтай байгаа юм. 

Дэлгэрүүлж унших: 2026 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Ингээд 2026 онд нээлтээ хийх кинонуудаас даян дэлхийн үзэгчдийн хамгийн их хүлээж буй 26 дэлгэцийг бүтээлийг сонордуулъя. 


I САР

1. Greenland 2: Migration

Нээлтээ хийх огноо: 01/09
Найруулагч: Рик Роман Во
Гол дүрүүдэд: Жерард Батлер, Морена Баккарин, Роман Гриффит Дэвис
Хаанаас үзэх: Apple TV, HBO Max (Нэгдүгээр сарын 16-наас бүх кино театруудаар)

Дэлхий ертөнц бүхэлдээ сүйрч, хүн төрөлхтний амьдрал үнсэн товрог болсноос хойш таван жил өнгөрчээ. Удаан хугацаанд газар доор хоргодон амьдарсан хүмүүс эцэст нь газрын гадарга дээр гарч ирэх ч амьдрахад тун бэрх байдал тэднийг угтаж буйгаар үйл явдал өрнөх ажээ. Найруулагч уг киногоо тэртээ хэдэн сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөхлийн дараах тивүүдийн салалт, тектоник хавтангуудын шилжилтийг судлан, зураг авалтаа хийсэн байна.

2. 28 Years Later: The Bone Temple

Нээлтээ хийх огноо: 01/16
Найруулагч: Ниа ДаКоста
Гол дүрүүдэд: Жэк О'Коннелл, Ральф Файнс, Эмма Лэйрд
Хаанаас үзэх: Netflix, Apple TV

Найруулагч Ниа ДаКоста, зохиолч Алекс Гарланд нарын хамтран бүтээсэн эл бүтээл нь вирусийн нөлөөгөөр хувиралд орсон зомби нарын дайралтыг өгүүлэх юм. Бусад кинон дээр гардаг зомби нараас ялгаатай нь тэд маш хурдан гүйж, илүү хүчирхэг байхаас гадна хүний адил сэтгэх чадвартайгаар дүрслэгдсэн нь аймшгийн болон адал явдалт төрлийн кино эрэлхийлэгч хэн бүхний хүлээлтийг үүсгээд буй. Энэ удаагийн ангид зомби нар Альфа Симсон гэх удирдагчтай болж, зомби гэхээс илүүтэй эмх замбараатай арми болон хувирч буйг харуулах аж.

3. Send Help 

Нээлтээ хийх огноо: 01/30
Найруулагч: Сэм Райми
Гол дүрүүдэд: Рэйчел МакАдамс, Дилан О'Брайен, Брюс Кэмпбелл
Хаанаас үзэх: Apple TV

Романтик, хайр дурлалын сэдэвт бүтээлүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Рэйчел МакАдамсийг бид энэ удаад тун өөр дүрээр харах нь ээ. Тэрээр эл бүтээлд өөрийг нь доош нь хийж, гадуурхдаг нэгнийг хөнөөхөөс ч буцахгүй байгаа шийдэмгий эмэгтэйн дүрийг бүтээх юм. “The Evil Dead”, “Darkman”, “Army of Darkness” зэрэг аймшгийн, адал явдалт бүтээлүүдээрээ алдартай найруулагч Сэм Раймигийн уг бүтээл ч мөн адил хүлээлт өндөртэй байна.


II САР 

4. GOAT

Нээлтээ хийх огноо: 02/13
Найруулагч: Тайри Диллихай, Адам Розет
Гол дүрүүдэд: Калеб Маклафлин, Габриэль Юнион, Стивен Карри
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Аарон Баксбаум болон Тедди Райли нар хамтран зохиолыг нь бичсэн тус бүтээл “roarball” хэмээх сагсан бөмбөгтэй төстэй спортын төрлөөр шилдэг тоглогч болохыг хүсдэг Уилл Харрис гэх ямааны түүхийг өгүүлнэ. Сонирхолтой нь түүний дууг NBA-ийн түүхэн дэх домогт тоглогч Стефен Карри дуу оруулж, продюсероор ажиллажээ. Магадгүй энэ ганц өгүүлбэр л хүлээлтийг тань нэжгээд хувиар нэмэх биз. Уг бүтээл 2019 онд хийхээр төлөвлөгдөж байсан ч хойшлогдсоор энэ жилийн хоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийх тов гарчээ.

5. Wuthering Heights

Нээлтээ хийх огноо: 02/13
Найруулагч: Эмералд Феннелл
Гол дүрүүдэд: Маргот Робби, Жейкоб Элорди, Оуэн Купер
Хаанаас үзэх: Netflix

Английн нэрт зохиолч Эмили Бронтегийн 1847 онд туурвисан сонгодог романаас сэдэвлэн бүтээгдсэн энэхүү бүтээл 179 жилийн дараа кино дэлгэцнээ дахин амилж буй нь энэ билээ. Тэгэхдээ гэгээн хайрын валентины баярын өмнөх өдөр нээлтээ хийхээр товлогдсон нь ч учиртай. Киноны үйл явдал Английн Йоркширийн манан бүрхсэн тал нутагт өрнөх бөгөөд бага наснаасаа хамт өссөн хоёр найз том болохын хэрээр нэгэндээ татагдаж буйг харуулах романтик кино юм.

6. Scream 7

Нээлтээ хийх огноо: 02/27
Найруулагч: Кевин Уильямсон
Гол дүрүүдэд: Нив Кэмпбелл, Кортни Кокс, Изабель Мэй
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Аймшгийн кинонд дурлагсдын сайн мэдэх “Scream” цуврал долоо дахь ангиа үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Анхны анги нь 1996 олны хүртээл болж байсан бөгөөд тухайн үедээ аймшгийн киноны шинэ өнгө төрхийг тодорхойлж байв. Ингээд жилийн дараа Saturn Awards-аас “Шилдэг аймшгийн кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг жүжигчин” зэрэг шагналуудыг авч байсан гэдэг. Сонирхуулахад уг цувралын анхны ангийн зохиолч Кевин Уильямсон энэ удаад албан ёсоор “Scream 7”-ийн найруулагчаар ажиллаж буйгаараа онцлогтой. Мэдээж хэрэг цувралын гол дүрд Сидни Прескотт дахин тоглох бөгөөд энэ удаад багтай алуурчин түүний охиныг ангуучилж буй үйл явдал өрнөх аж.


III САР 

7. The Bride

Нээлтээ хийх огноо: 03/06
Найруулагч: Мэгги Гилленхаал
Гол дүрүүдэд: Жэйк Гилленхаал, Жесси Бакли, Кристиан Бэйл
Хаанаас үзэх: Netflix, Apple TV

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Венецийн кино наадамд анх нээлтээ хийсэн этгээд түүхтэй “Frankenstein” бүтээлийг та үзэж амжсан уу? Уг бүтээлд Швейцарын залуу эрдэмтэн шинжлэх ухааны нууцыг тайлах хүсэлдээ автаж, хүний биеийн хэсгүүдийг нийлүүлэн шинэ амьд биет бүтээж буйгаар үйл явдал өрнөдөг билээ. Тэгвэл “The Bride” гэх энэхүү бүтээлийг “Frankenstein”-ий зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Ялгаатай нь гэвэл “Frankenstein”-ий дүрд эрэгтэй хүн тоглодог бол энэ удаад найруулагч тэрхүү этгээд дүр төрхийг эмэгтэй хүнийг талаас харуулахыг зорьсон байна.

8. Hoppers

Нээлтээ хийх огноо: 03/06
Найруулагч: Даниел Чонг
Гол дүрүүдэд: Жон Хамм, Бобби Мойнихан, Пайпер Курда
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Анхны анимэйшнаа нийтэд танилцуулснаас хойш гурван арваныг элээгээд буй Pixar кино компанийн цоо шинэ анимэйшн гуравдугаар сарын эхээр нээлтээ хийхээр товлогджээ. Тус анимэйшны найруулагчаар “We Bare Bears”, “Bolt”, “Lightyear” зэрэг бүтээлүүдээрээ эчнээ танил болсон Даниел Чонг ажиллаж байгаа ба энэ удаад үзэгчдийг 19 настай өсвөр насны охины ээдрээт түүхээр аялуулах гэнэ.

9. Project Hail Mary

Нээлтээ хийх огноо: 03/20
Найруулагч: Фил Лорд, Кристофер Миллер
Гол дүрүүдэд: Райн Гослинг, Милана Вайнтруб, Кен Леунг
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Одон орон судлаач, сансар огторгуйд сонирхолтой хэн бүхэнд таалагдах кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг бүтээлийн зохиолчид киногоо шинжлэх ухааны бодит үндэслэлтэй байлгахын тулд NASA болон астрофизикчидтай зөвлөлдсөн гэнэ. Харин найруулагчид сансрын орчныг бодит мэтээр харуулахын тулд олон тооны виртуал технологи, тусгай LED студи ашиглажээ. Кинонд багш мэргэжилтэй ч, шинжлэх ухааны мэдлэгээр арвин Райланд Грэйс нарны гэрлийг мөхөөж буй нянгийн эсрэг шийдэл олохоор сансар луу илгээгдэж буй үйл явдал өрнөх юм.


IV САР

10.  Ready or Not 2: Here I Come 

Нээлтээ хийх огноо: 04/10
Найруулагч: Мэтт Беттинелли Олпин, Тайлер Гиллетт
Гол дүрүүдэд: Шон Хатоси, Элайджа Вуд, Кевин Дюранд
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Энэ онд нээлтээ хийх хамгийн хүлээлт өндөртэй аймшгийн киноны нэг бол яах аргагүй “Ready or Not 2: Here I Come” билээ. Цувралын эхний ангид Грэйс баян залуутай гэрлэж, тэдний уламжлалын дагуу шөнө дунд “тоглоом” тоглох ёстой болж буй үйл явдал гардаг. Гэвч энэ нь энгийн нэгэн тоглоом биш, цус урсгасан ширүүн тоглоом болон хувирах ба тэрээр эцэст нь ганцаараа амьд үлддэг. Харин хоёрдугаар анги нь энэ аймшигт үйл явдлаас хойш үргэлжлэх бөгөөд энэ удаагийн тоглоомд түүний төрсөн дүүг хүчээр оруулжээ. Грэйс дүүгээ хамгаалж чадах болов уу?

11. Michael 

Нээлтээ хийх огноо: 04/24
Найруулагч: Антуан Фукуа
Гол дүрүүдэд: Жаафар Жексон, Жулиано Круе Валди, Тони фон Халле
Хаанаас үзэх: Netflix, Apple TV

АНУ-ын алдарт дуучин, “Попын хаан” гэгдэх Майкл Жексоны намтрыг өгүүлэх тус бүтээлд түүний зээ дүү Жаафар Жексон тоглосон нь онцлууштай. Антуан Фукуа найруулагч саяхан “Энэ кино Майклын авьяас, уран бүтээл, хүн чанарыг бүхэлд нь харуулах болно. Бид зөвхөн алдартан биш, хувь хүн талаас нь харуулахыг хүссэн” хэмээн ярилцлага өгсөн байна. Үүнээс нь харвал бид “Попын хаан” Майкл Жексон гэхээс илүүтэй Майкл Жексон гэж хэн байсан, хүүхэд насандаа ямар хүн байж, хэрхэн нэр алдарт хүрсэн талаар үзэж, сонирхох нь ээ.


V САР 

12.  The Devil Wears Prada 2

Нээлтээ хийх огноо: 05/01
Найруулагч: Дэвид Франкел
Гол дүрүүдэд: Мерил Стрип, Сидней Суини, Анна Хэтэуэй
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Загварын ертөнцийн хатан болон залуу ажилтан хоёрын харилцааны талаар өгүүлдэг Холливудын алдарт "The Devil Wears Prada" киноны хоёрдугаар анги энэ оны эхний хагаст багтан нээлтээ хийх гэж байна. Энэ удаад гол дүрийн бүсгүйн найз залуугийн дүрд тоглосон Адриан Гренье шинэ ангид тоглохгүй гэнэ. Харин Патрик Браммэлл гэх цоо шинэ нэгэн дүр жүжигчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

13. Mortal Kombat II

Нээлтээ хийх огноо: 05/08
Найруулагч: Саймон МакКуоид
Гол дүрүүдэд: Карл Урбан, Луди Лин, Жессика МакНэми
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Видео тоглоомоос санаа аван бүтээгдсэн эл цувралын хоёрдугаар ангид үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээсэн Шао Кан, Китана, Хаш, Куан Чи, Барака, Хатан Синдел, хаан Жеррод зэрэг дүрүүд шинээр нэмэгдэнэ. Өмнөх ангид тулаанч Коул Янг гарал үүслээ олж мэдэн дэлхийг аврах хувь тавилантай гэдгээ ойлгож, бусад тэмцэгчдийн хамт Outworld-ын дайснуудтай тэмцэн, дэлхийг хамгаалах даалгаврыг биелүүлж буй тухай гардаг. Тэгвэл энэ удаа Коул Янг болон түүний холбоотнууд хүн төрөлхтний хувь заяаг шийдэх үхлийн аюултай тэмцээнд оролцохоор болжээ.

14. Star Wars: The Mandalorian and Grogu

Нээлтээ хийх огноо: 05/22
Найруулагч: Жон Фаврау
Гол дүрүүдэд: Педро Паскаль, Сигурни Уивер, Жереми Аллен Уайт
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Долоон жилийн дараа “Оддын дайн” эргэн ирлээ. Алдарт франчайзын шинэ анги бүр гарсан даруйдаа дэлхий даяар асар их ашиг орлого олж, бокс оффисын жагсаалтын дээгүүрт бичигдэж ирсэн түүхтэй. Энэ уламжлалын дараагийн залгамж халаа болох “The Mandalorian and Grogu” анги ч мөн адил үзэгчдийн дунд хүлээлт өндөр байгаа юм.


VI САР 

15.  Toy Story 5 

Нээлтээ хийх огноо: 06/19
Найруулагч: МакКенна Харрис, Эндрю Стэнтон
Гол дүрүүдэд: Том Хэнкс, Тим Аллен, Грета Ли
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Уг бүтээлийн трейлэр нь цацагдсанаас хойш бүхий л насны үзэгчдийн дунд 2026 оны заавал үзэх киноны нэгд тооцогдох болсон гэхэд хилсдэхгүй. Toy Story-гийн анхны анги цацагдсаны 30 жилийн ой нь энэ онд тохиож байгаа бөгөөд цувралын шинэ ангид “Lily Pad” нэртэй ухаалаг таблет эсрэг талын дүрээр нэмэгдэх юм. Тоглоомууд түүнтэй хэрхэн тэмцэх бол?


VII САР

16.  Minions 3: Mega Minions

Нээлтээ хийх огноо: 07/01
Найруулагч: Пьер Коффин
Гол дүрүүдэд: Эми Седарис, Ромеш Ранганатан, Пьер Коффин
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Байнгын инээд хөөртэй, алиа зантай, утгагүй яриатай жижигхэн шар минионуудтай бид 2010 онд цацагдсан “Despicable Me” киногоор дамжуулан танилцаж байсан билээ. Анх туслах дүрээр гарч ирсэн тэд асар богино хугацаанд алдаршиж, аль хэдийнээ бие даасан хоёр бүрэн хэмжээний киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй. Одоогоор гурав дахь ангийн өрнөл тодорхой бус байгаа ч тэд аварга биет болох бололтой.

17.  Moana

Нээлтээ хийх огноо: 07/10
Найруулагч: Томас Кайл
Гол дүрүүдэд: Кэтрин Лага’ая, Дуэйн Жонсон, Жон Туй
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Disney-ийн бас нэгэн live-action энэ онд нээлтээ хийхээр товлогджээ. Моана охины дүрд Австралийн жүжигчин Кэтрин Лага’ая тоглож байгаа бөгөөд энэ түүний гол дүр бүтээж буй анхны кино аж. Харин Мауигийн дүрд анимэйшн дээр нь дуу оруулсан, холливудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон тоглож байгаа юм. Moana-ийн хувьд өмнөх live-action бүтээлүүдээс ялгарч, үзэгчдийн хүлээлтээс давж чадах болов уу?

18.  The Odyssey

Нээлтээ хийх огноо: 07/17
Найруулагч: Кристофер Нолан
Гол дүрүүдэд: Мэтт Дэймон, Том Холланд, Анна Хэтэуэй,
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Алдарт найруулагч ээлжит бүтээлээ Хомерын эртний Грекийн сонгодог тууль Одиссейгоос сэдэвлэн бүтээжээ. Ойролцоогоор 250 сая ам долларын өртгөөр бүтэж буй эл бүтээлийн зураг авалт нь IMAX-ийн 70 мм хэмжээтэй тусгай камераар авсан анхны бүтээл болж байгаа аж. Мэтт Дэймон, Анна Хэтэуэй, Том Холланд, Роберт Паттинсон, Лупита Нионго, Зендая, Шарлиз Терон зэрэг шилдэг жүжигчдээс бүрдсэн тус кинонд тавьж буй үзэгчдийн найдвар талаар болохгүй гэдэгт шүүмжлэгчид ч итгэлтэй байгаа.

19. Spider-Man: Brand New Day

Нээлтээ хийх огноо: 07/31
Найруулагч: Дестин Даниел Креттон
Гол дүрүүдэд: Сэди Синк, Том Холланд, Зендая
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

XXI зуунд нээлтээ хийсэн шилдэг киноны нэгд зүй ёсоор багтдаг “Spider-Man” цувралын дөрөв дөх анги нээлтээ хийхэд бэлэн болжээ. Өмнөх ангиудад киногоо зөвхөн студид, тайзан дээр CGI технологи ашиглан бүтээж байсан бол энэ удаа бодит орчин, байршлуудад зураг авалтаа хийж буй гэдгээрээ онцлогтой. Цувралын шинэ ангид авга эгчээ алдаж, хайртай бүсгүй, найз гээд дэлхий дээрх бүх хүн түүнийг мартсанаас хойших Хүн аалзын түүхийг өгүүлнэ.


VIII САР 

20.  Mutiny

Нээлтээ хийх огноо: 08/21
Найруулагч: Жан-Франсуа Ришет
Гол дүрүүдэд: Жэйсон Стэтхэм, Аннабелл Уоллис, Рамон Тикарам
Хаанаас үзэх: Netflix, Apple TV

“The Transporter”, “The Beekeeper”, “Crank” зэрэг адал явдалт, тулаантай төрлийн кинонд үзэгчдийн хүлээлтээс давж, чадварлаг тоглодог жүжигчин Жэйсон Стэтхэм энэ онд “Mutiny” гэх шинэхэн уран бүтээлээрээ эргэн ирж байна. Тэрээр гол дүрд тоглоод зогсохгүй, киноныхоо продюсероор ч ажиллажээ. Киноны үйл явдалд хилс хэргээр гүтгэгдэж буй Коул Рийд гэх цагдаагийн түүхийг өгүүлэх ба урвалт, хуйвалдаан, амьд үлдэхийн төлөөх тэмцлийг харуулах аж.


IX САР 

21. Clayface

Нээлтээ хийх огноо: 09/11
Найруулагч: Жеймс Уоткинс
Гол дүрүүдэд: Наоми Акки, Эдди Марсан, Макс Мингелла
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

“Batman” киноны аварга биет дайсан болох “Clayface”-ийн түүхийг өгүүлэх тус бүтээл энэ онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Энэ нь DC Universe-ийн гурав дахь кино бөгөөд анхны аймшгийн төрлөөр хийгдэж буй гэдгээрээ онцлог. Үйл явдлыг хураангуйлбал, алдартай жүжигчин залуу санамсаргүй ослоор нүүрээ гэмтээж, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж буйгаар өрнөнө. Аврал хайсан тэрээр нэгэн эрдэмтний туршилтад оролцсоноор шаварлаг аварга биет болон хувирч, биеэ хүссэнээрээ өөрчлөх чадвартай аймшигт Clayface болж хувирдаг.


X САР 

22. The Legend of Aang: The Last Airbender 

Нээлтээ хийх огноо: 10/09
Найруулагч: Стив Ан, Уильям Мата, Лорен Монтгомери
Гол дүрүүдэд: Ке Хуй Куан, Дэйв Баутиста, Тайка Вайтити
Хаанаас үзэх: Paramount+

Дэлхийн сүүлчийн агаарын шидтэн Аватар Аангийн түүхийг өгүүлэх шинэ бүтээл энэ сард нээлтээ хийх гэж байна. Мэдээжийн хэрэг үзэгчдийн хайртай дүрүүд болох Топ, Сокка, Катара, Зуко нар байхаас гадна Marvel-ийн Дэйв Баутиста жүжигчдийн эгнээнд нэгдсэн нь хүлээлтийг улам нэмэгдүүлж буй. Харин насанд хүрсэн Аангийн дүрийг Эрик Нэйм дахин бүтээх аж. Үйл явдалд, Аанг өөрийн соёлыг мөхлөөс аврах эртний хүчний тухай олж мэднэ. Тэрээр найз нөхдийнхөө тусламжтайгаар уг хүчийг буруу хүмүүсийн гарт орохоос нь өмнө олохын тулд дэлхийгээр аялсан томоохон эрэлд гарна.


XI САР 

23. The Hunger Games: Sunrise on the Reaping

Нээлтээ хийх огноо: 11/20
Найруулагч: Фрэнсис Лоуренс
Гол дүрүүдэд: Жозеф Зада, Майя Хоке, Маккенна Грейс
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

“Өлсгөлөн тоглоом” цувралын зургаа дахь анги энэ оны дөрөвдүгээр улиралд нээлтээ хийхээр товлогджээ. Сонирхолтой нь уг цуврал 2023 онд нээлтээ хийсэн “The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes”-ийн үргэлжлэлийг харуулахын сацуу хамгийн анхны өлсгөлөн тоглоомоос 24 жилийн өмнөх түүхийг дүрслэх ажээ.


XII САР 

24. Jumanji 3

Нээлтээ хийх огноо: 12/11
Найруулагч: Жэйк Касдан
Гол дүрүүдэд: Дуэйн Жонсон, Жек Блэк, Карен Гиллан
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Видео тоглоомын ертөнцөд алхам бүрдээ шинэ адал явдалтай учрах залуусын түүхийг өгүүлэх “Jumanji 3” нь кино сонирхогчдын дунд хамгийн хүлээлт өндөртэй бүтээлийн нэг байх нь гарцаагүй биз ээ. Тэгвэл цувралын шинэ ангид тэрхүү видео тоглоом хэрхэн үүсэж хөгжиж, тэдний гарт ирсэн бодит түүхийг сөхөх ажээ. “Jumanji 3” нь уг цувралын төгсгөлийн анги байх бөгөөд найруулагч нь дахиж үргэлжлүүлэх бодолгүй байгаа талаараа “Variety” сэтгүүлийн 2023 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ.

25. Avengers: Doomsday 

Нээлтээ хийх огноо: 12/18
Найруулагч: Энтони Руссо, Жо Руссо
Гол дүрүүдэд: Роберт Дауни Жуниор, Педро Паскаль, Крис Хемсворт
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Супер баатруудын түүхийг шимтэн үзэх дуртай хэн бүхэн үүнийг хүлээж буй. Учир нь “Avengers: Doomsday”-ийн энэ ангид Wakanda-гийн дайчид, Fantastic Four, New Avengers болон “анхны” X-Men баг хамтран Доктор Думын эсрэг тулалдаж буйг өгүүлэх юм. Онцолж сонирхуулахад, Роберт Дауни Жуниор жүжигчин энэ удаа эргэн ирнэ. Гэхдээ төмөр хүний дүрээр бус Доктор Дум гэх эсрэг талын дүрээр үнэнч үзэгчидтэйгээ уулзахаар болжээ.

26. Dune: Messiah

Нээлтээ хийх огноо: 12/18
Найруулагч: Денис Вильнев
Гол дүрүүдэд: Тимоти Шаламет, Флоренс Пью, Ребекка Фергюсон
Хаанаас үзэх: Кино театруудын дэлгэцнээ

Оны сүүлийн сард нээлтээ хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээлийг 1969 оны Фрэнк Херберт зохиолчийн “Dune Messiah” романаас сэдэвлэн бүтээжээ. Цувралын үндсэн жүжигчдээс гадна Роберт Паттинсон, Айда Брук, Накоа-Чоно Момоа гэх шинэ дүрүүд нэмэгдэж байгаа аж. Үйл явдалд Паул Атрейдесийн хаан ширээнд гарсны дараах түүхийг өгүүлнэ.

Ирэх он биднийг инээлгэж, уйлуулж, гайхшруулж, урамшуулсан олон бүтээлээр дүүрэн байх нь ойлгомжтой биз ээ. Ингээд дараа жилийн эхэнд дахин эл нийтлэлээрээ уулзацгаая.