2026 оны анхны тоймдоо тавтай морил.

Жил бүрийн эхний энэ өдөр бид ирэх жилийг тодорхойлох гол үйл явдлуудыг тодорхойлж, түүнтэй холбоотой нийгмийн амьдралыг өөрчлөх, хамгийн их анхаарал татах таамаглалуудыг дэвшүүлдэг билээ. Энэ удаад бид нийт 6 чиглэлд тус бүр гурван үндсэн таамаг дээр үндэслэн гол үйл явдлуудаа тодорхойллоо.

Ирэх жил дайн дуусаж, AI өрсөлдөөн улам ширүүсэж, спортын хорхойтнуудын магнай тэнийсэн, бокс оффисын сэргэн мандалт үргэлжилсэн жил болох нь гарцаагүй. Гэхдээ үргэлжид л бидний таамаглаагүй, төсөөлөөгүй үйл явдлууд өрнөж, гайхмаар нөлөө, тооцоолоогүй үр дүнг дагуулдаг нь нууц биш. Амьдрал гэдэг тааварлашгүй байдгаараа гайхамшигтай байдаггүй гэж үү?

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн бидний дэвшүүлсэн 18 таамгаас 8 нь биелжээ. Энэ жил амжилтаа ахиулна гэж найдаж байна. Ирэх жил дүнгээ шалгацгаая.

Дэлхий

Таамаг 1. Украйнд сонгууль явагдана

2025 он тэр чигтээ дайныг зогсоох хэлэлцээр эхэлсэн, үргэлжилсэн, бас дунд нь завсардсан, хойш ухарсан, гэхдээ чамгүй ахиц гарсан жил байлаа. Д.Трамп амалж байсан шигээ 24 цагийн дотор дайныг дуусгаж чадаагүй ч В.Путин, В.Зеленскитэй нүүр тулан уулзаж, энхийн хэлэлцээрийн эхний заалтуудыг санал болгож чадлаа. Төлөвлөгөөнд заасан ёсоор АНУ Украйнд аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа гаргаж, Европын холбоонд элсэх үүд хаалгыг нээхээ амласан. Харин В.Зеленскигийн хувьд газар нутгаа "алдаж" байж дайн дуусгах нь цорын ганц гарц болсон мэт санагдаж буй нь тодорхой. Тиймдээ ч сонгууль явуулж, бүх нийтийн санал асуулга зохион байгуулах нь "бууж өгөөгүй" гэдгээ харуулах маневр болж мэдэх юм. Бүх дэлхийг ядрааж буй дайн 2026 онд дуусах найдвар өндөр байна.


Таамаг 2: Д.Трамп Нобелийн шагнал хүртэнэ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан нь л Д.Трампад мөрөөдлийн шагналыг нь хүртээх хангалттай шалтаг мөн. Израйл-Иран, Египт-Этиоп, Тайланд-Камбож, Руанда-Конго гээд найман дайныг зогсоосон гэх Трамп 2026 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр. Мэдээж түүнд олон сул тал бий. Худалдааны дайныг өдөөж, дүрвэгсдийг үргээж, уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэж буйд нь олон нийт тийм ч таатай биш. Гэхдээ тэр үүрэгт ажилдаа ороод ганцхан жилийн дотор даян дэлхийг тэр чигт нь үймүүлж орхив. 2026 онд түүнийг болон Бүгд найрамдахчуудыг маш хүнд завсрын сонгууль хүлээж байгаа ч эрс шийдэмгий, гэнэтийн шийдвэрүүд нь зах зээлийг тодорхойлох гол хүчин зүйлс байсаар байх нь тодорхой.


Таамаг 3: Н.Мадуро Венесуэлийг орхино

Ирэх жил дэлхий нийтийн анхаарлыг татаж буй олон сонгууль явагдана. Бразил, Израйл, Унгарт одоогийн эрх баригчид нэр хүнд тийм ч сайнгүй байгаа нь шинэ салхи эргэх цаг ойртсоныг сануулсаар. Залуучуудын тэргүүлсэн жагсаалаар нийгмийн дэг жаягийг эвдэж буй Бангладеш, Индонез, Мексикт ардчилал, эрх чөлөөний дуу улам хүчтэй цуурайтах нь тодорхой. Гэхдээ энэ удаад 2013 оноос хойш Венесуэлийг удирдаж буй Н.Мадурогийн цаг дууссан мэт сэтгэгдэл төрж байна. Америк цэргийн хүч ашиглаад хэдийнээ эхэлсэн, сөрөг хүчний удирдагчид нь энх тайвны шагнал олгочихсон үед Мадурод сонголт тийм ч их биш. Харин хэр их хохирол, золиос гарах вэ гэдэг нь л гол асуулт болов уу.


Анзаарч анхаарах бусад үйл явдлууд

- Газад энх тайван үнэхээр тогтох уу?

Израйлын сонгуулийн үр дүн үүнд хэрхэн нөлөөлөх бол? Иран, Ойрх Дорнодын улсууд "томоотой байж" чадах уу?

- 2 газарт явагдах COP31 үр дүнтэй байж чадах уу?

Турк, Австралийн хөшигний ард булаацалдсан маргаан уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том хуралд хэр нөлөө үзүүлэх бол?

- Ахиад хэдэн улсад Gen Z жагсаал өрнөх бол?

Нийгмийн шударга бус байдал, үнэ цэнийн ялгаатай байдлын төлөөх тулаан хэдэн улсад өрнөх бол?

Монгол

Таамаг 1. Монгол Улс анх удаа 1 сая жуулчин хүлээн авна

2025 онд Монгол улс анх удаа 850 мянган жуулчин хүлээн авч, гурав дахь жилдээ дараалан рекордоо шинэчлэв. Энэ тоо 2026 онд ахин өсөж 1 саяын зорилгодоо хүрэх боломж өндөр. Үүнд Physical: Asia-ийн нөлөө үлэмж их байх учиртай. Поп соёлын нөлөө улс орны эдийн засагт хэрхэн эерэг нөлөөлж байгааг бид олон улсын жишээгээр харсан. Монголд хэрхэхийг бид ирэх жил харна.

Таамаг 2: COP17-оос 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт татна.

Ирэх жил Монгол улсад явагдах хамгийн том арга хэмжээ бол COP17. Цөлжилтийн эсрэг бүх оролцогч талууд цуглах уг арга хэмжээ Монгол улсад явагдах АСЕМ-аас хойшхи хамгийн том арга хэмжээ. 5000 гаруй албан ёсны оролцогчтой уг арга хэмжээний үеэр манай улс өөрсдийн зорьж буй байгаль орчны зорилтуудтай уялдуулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн амлалтыг авах нь чухал. 1 тэрбум долларын дэмжлэг авах нь бидний хувьд гэрийн даалгавар байх ёстой.


Таамаг 3: Засгийн газар огцрохгүй.

Энэ бол эрх баригч МАН-ын хамгийн их хүсэн хичээх зүйл. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил тэд арайхийн олж авсан эв нэгдлээ "хиймлээр ч" хамаагүй хамгаалах гэж оролдоно. Харин АН-ын хувьд 42 гишүүнтэй "том сөрөг хүчин" гэдэг давуу талаа ашиглаж, огцруулах бичгийг хэд хэдэн удаа өргөх барихыг оролдох нь гарцаагүй.


Алдалгүй анзаарах бусад үйл явдлууд

- Аль улсын эзэн хаан наадмаар зочлох вэ?

Бутан, Японы эзэн хаадын араас хэн наадмаар зочлох бол? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн сүүлийн жилээ топ сюрприз бэлдэж байж мэднэ.

- Метроны төсөл эхэлж чадах уу?

Улаанбаатар метро бол нийт монголчуудын хамгийн хүсэмжит төсөл. Х.Нямбаатар ба түүний баг энэ төслийг үнэхээр эхлүүлж чадах уу? Тийм бол тэд бүтэн үеийн баатрууд болно.

- Хэдэн компани дуал

Технологи

Таамаг 1: ChatGPT 1 тэрбум хэрэглэгчтэй болно.

2025 онд AI салбарт бүрт төгс нэвтэрч, бидний өдөр тутмын ажил амьдрал хиймэл оюунгүй байсан үеэ мартах хэмжээнд хүртлээ шингэжээ. Хэдхэн жилийн өмнө топ корпорациудад л байсан нөөц, чадавх одоо утасны апп-аар хүн бүрд хүрч, AI-ийн моделиуд хүнийг орлох хэмжээнд очив. AI моделиос AI агентууд нийгмийн амьдралын давхарга бүрд байр сууриа эзэлж буй энэ цаг үед ChatGPT-ийн нөлөө улам бүр өсөх нь тодорхой. Gemini, DeepSeek-ийг март. ChatGPT хамгийн түрүүнд тэрбум хэрэглэгчтэй AI апп болох болно.


Таамаг 2: Ямар ч AI төхөөрөмж хит болохгүй

Өнгөрсөн жилийн таамагтаа бид маш өөдрөгөөр анхны хит AI төхөөрөмж гарна хэмээн бичиж байлаа. Бүтэн нэг жилийн дараа энэ таамгаа огцом өөрчилж, "Яагаад бидэнд AI төхөөрөмж хэрэгтэй гэж?" хэмээн өөрчилж байна. iPhone-ийг бүтээгч, алдарт Ж.Айвийн OpenAI-тай хамтрах эхний төхөөрөмж гарч магадгүй ч бестселлер болж чадахгүй л болов уу. Эсрэгээрээ Siri эрс сайжирч, Gemini Google-ийг цэнэглэж, бусад AI туслахууд илүү төгсрөх цаг айсуй. Amazon-оор шоппинг хийхдээ AI-аар яагаад хийж болохгүй гэж?


Таамаг 3: Apple ухаалаг шил гаргана.

2026 он бол Apple-ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой. 50 жилийн ойгоороо тэд 20 шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж гаргана гэсэн цуу яриа бий. Үүн дунд шинэ iPhone, iPad, Mac гээд масс хэрэглээний төхөөрөмжүүд жин дарна. Гэхдээ зах зээлийг тодорхойлох шинэ төхөөрөмж нь ухаалаг нүдний шил байх магадлал өндөр. 1000 долларын үнэтэй ухаалаг шилээ тэд Apple Glass нэрийн дор хөгжүүлж буй гэх мэдээ бий. Meta-ийн тэргүүлж буй энэ зах зээлд Alibaba хүч түрэн орж ирээд удаагүй байна. Vision Pro-ийн "бүтэлгүйтлийн" дараа тэдэнд алдах эрх бараг байхгүй. Ирэх жилийн онцлох төхөөрөмж "Жонни Айвийн шинэ төхөөрөмж", өө биш ээ, Apple-ийн ойдоо зориулсан төхөөрөмж байх учиртай.


Алдалгүй анзаарах бусад үйл явдлууд

- AI компаниудын хэд нь зарагдах бол?

Хөөс задрах болоогүй. ScaleAI, Wiz, Manus-ийн араас ямар AI стартап томчуудтай нэгдэх бол гэдэг асуулт супер хиймэл оюуныг хэн бүтээх вэ уралдаанд онцгой нөлөө үзүүлнэ.

- Жолоочгүй такси өргөн хэрэглээнд нэвтрэх үү?

Waymo, Uber, Baidu-ийн эхлүүлсэн жолоочгүй машины өрсөлдөөн туршилтаас бодит хэрэглээнд орох цаг дөхсөөр. Tesla-ийн Robotaxi ч энэ өрсөлдөөнийг хурдасгана.

- Роботууд хэрэглээнд хэр нэвтрэх бол?

Роботын эрин нэгэнт эхэлсэн. Харин тэд хэзээ бидний өдөр тутмын амьдралд орж ирэх бол? 2026 онд яагаад байж болохгүй гэж?

Бизнес

Таамаг 1: Nvidia 5 их наядын үнэлгээтэй эхний компани болно

AI-ийн эрин үеийг тодорхойлж буй Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ улам бүр өссөөр байх төлөвтэй байна. 2025 онд 4 их наядын үнэлгээтэй анхны компани болсон тэд 5 их наядын клубыг ч шинээр үүсгэх магадлал хамгийн өндөр. Хятад руу чипээ нийлүүлэх болсон, OpenAI-тай аварга түншлэл үүсгэсэн тэд хүн төрөлхтний "дижитал бурхан" бүтээх их үйлсэд хамгийн нөлөөтэй компани нь байх учиртай. Илүү сонирхолтой уралдаан нь харин хэн 2-рт орох вэ гэдэг асуулт. Microsoft, Apple, Amazon, Alphabet бүгдэд биднийг гайхшруулах хангалттай зүйлс байгаа нь гарцаагүй.


Таамаг 2: SpaceX түүхэн дэх хамгийн том IPO-г хийнэ.

Домогт энтрепренер Илон Маскийн 2026 оны зорилго дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийх байх болно. Өөр өөрсдийн цаг үедээ зах зээлийг доргиож, эдийн засагт нөлөөлж байсан Saudi Aramco, Visa, Alibaba, Softbank-ийн тоонууд "өчүүхэн" мэт сэтгэгдэл төрүүлэх IPO-г олон нийт хүлээж байна. 1 их наядаар үнэлэгдэж буй SpaceX нэгэнт NASA-ийн гол түншийн хувиар хүн төрөлхтнийг сар, ангараг луу илгээх, дэлхийг хэрсэн хиймэл дагуулын сүлжээгээрээ интернет, утасны зах зээлийг орвонгоор нь эргүүлэх амбицтай байгаа билээ. Тэднээс гадна Reddit, Stripe, Kraken зэрэг стартапууд, мөн Antrophic, Perplexity зэрэг AI одууд нээлттэй компани болох магадлалтай байна.


Таамаг: Төрийн өмчит компаниудын хувьчлал жинхэнэ утгаар эхлэнэ

Засгийн газраас оны төгсгөлд зарласан хамгийн онцох үйл явдлуудын нэг нь төрийн өмчит компаниудыг хувьчлах, бүтцийг нь өөрчлөх тухай байв. Эрдэнэт, Эрдэнэс Монголоос эхлээд МИАТ, Монгол шуудан хүртэлх төрийн хамгийн гол, том компаниудын засаглалын өөрчлөлт Монголын эдийн засгийн дараагийн арваныг шууд тодорхойлно. Олон нийтийн хүлээлт ч өндөр байгаа учраас энэ жил дор хаяж 3 топ компани хувьчлагдана хэмээн таамаглая.


Алдалгүй анзаарах бусад үйл явдлууд

- Хэдэн Монгол компани гадаадад гарах вэ?

Банк, санхүүгийн компаниуд түүчээлж, Лондон, Сингапур, Хонгконгод дуал-лист хийгдэх компаниудын сураг хэдийнээ гарчээ. Харин хэн, хэдэн компани байх бол?

- Хятад автомашины зах зээлд тэргүүлэгч болж чадах уу?

Тэд хэдийнээ цахилгаан машины экспортоор №1 болж чадсан. Харин одоо нийт зах зээлд Япон, АНУ-г гүйцэж чадах уу?

- Дараагийн аварга нэгдэл аль салбарт үүсэх вэ?

Huggies + Tylenol, Kinder + Kellogg, Prada + Versace-ийн араас хэн хэн нэгдэх бол? LVMH Armani-г авах арван жилийн зорилгоо гүйцэлдүүлж чадах болов уу?

Спорт

Таамаг 1: Норвег өвлийн олимпыг багийн дүнгээр тэргүүлнэ.

Энэ оны хамгийн эхний том тэмцээн өвлийн олимпын наадам байх болно. Италийн Милан-Кортинад явагдах уг тэмцээнд NHL-ийн мэргэжлийн хоккейчид 2 наадмыг өнжсөний эцэст эргэн ирж буй. Манай улсаас уулын цанын төрлөөр анх удаа эрхээ авч, А.Ариунбат слалом төрөлд өрсөлдөх болсоныг мөн тодотгоё. Тэрчлэн А.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар гүйлтийн цанын төрөлд топ 60 чансаатай оролцож, скиатлоны төрөлд анх удаа мөрөө гаргах болжээ. Өвлийн наадамд АНУ, ОХУ, БНХАУ биш Норвег, Герман зэрэг улсууд давамгайлдаг онцлогтой. Тиймдээ ч бид цана, биатлоны төрөлд давамгайлдаг Норвегийн багийг алтан медалийн тоогоор тэргүүлнэ хэмээн таамаглалаа.


Таамаг 2: Хөлбөмбөгийн ДАШТ-д Европоос аварга төрнө.

Харин зун биднийг хөлбөмбөгийн ДАШТ хүлээж буй. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсыг дамнан явагдах уг тэмцээн анх удаа 48 багтай явагдана. Тиймээс хэсгийн шатанд сенсац гарах магадлал тийм ч их биш. Гэхдээ түүнээс хойш жинхэнэ "холион бантан" болно. Ихэнх шинжээчид Испани, Аргентин, Францын фаворитад тооцож байгаа ч олон тоглолт, хол аяллаас хамаарч таамаглаагүй аварга төрөх магадлал их. Нэгэнт 2014 онд өөр тивд түрүүлж чаддаггүй "хараал"-ыг Герман эвдчихсэн учраас хөгшин тивээс аварга төрнө хэмээн таамаглав. 1994 онд ДАШТ-ийг зохиохдоо жинхэнэ утгаар нь "шоу" болгож чадсан нөхөд энэ удаад ч дэлхийн хамгийн их үзэгчтэй тэмцээнийг шинэ шатанд авчрах нь дамжиггүй. Нээлт, хаалтын шоу супер боулаас дутахгүй болох төлөвтэй.


Таамаг 3: Азийн наадмаас Монголчууд 30 медаль хүртэнэ.

Намар нь биднийг Азийн наадам хүлээж буй. Японы Айчи-Нагояад явагдах уг наадамд Монгол улсаас 500 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Ханжоуд явагдсан өмнөх наадамд манай баг 3 алтан медаль хүртсэн нь өмнөх 2 наадамтай харьцуулахад чамлахаар амжилт байв. Тиймээс Лос Анжелесийн олимпын өмнөх хамгийн том сорилго тэмцээн гэдэг утгаараа манай бүх топ тамирчид энд зодоглоно. Монголчууд 2018 онд Жакартагаас 5 алт, 25 медальтай ирж байсан нь рекордод тооцогддог. Бидэнд ээлтэйд тооцогддог наран улсын дэвжээнээ Монголын баг дээрх тоонуудыг нэмж, түүхэн амжилтын төлөө зүтгэнэ.


Анзаарч анхаарах бусад үйл явдлууд

- Леброн Жэймс зодог тайлах уу?

Жил бүр ярьдаг л "уйтгартай" сэдэв. Гэхдээ NBA-ийн хамгийн агуу тамирчдын нэг эцсийн шийдвэрээ гаргах улам дөхсөөр. Бид энэ жил Н.Жокович, А.Овечкин зэрэг бусад үеийг тодорхойлсон тамирчдыг үдэж мэднэ.

- Арсенал Премьер лигт түрүүлж чадах уу?

Энэ жил тэд ажлаа гүйцээж чадах болов уу? Эсвэл дахиад л азгүйтэж, эцсийн мөчид гүйцэгдэх үү? Одоо биш бол хэзээ ч үгүй мэт сэтгэгдэл төрж байна шүү.

- F1-д дахин шинэ аварга төрөх үү?

Л.Норрисын дараа хэн F1-ийн аварга болох вэ? Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй супер лигт шинэ од төрж, өрсөлдөөн улам ширүүсэх үү? Эсвэл Л.Хэмилтон, М.Верстаппен зэрэг архагууд эргэн эзэгнэх үү?

Энтертэйнмент

Таамаг 1: Бокс оффисын орлого рекорд тогтооно

2026 онд нээлтээ хийх киноны жагсаалт ямар ч төрлийн фенүүдийг сэргээх нь тодорхой. "Avengers: Doomsday", "Spider Man: Brand New Day" л гэхэд бүх цаг үеийн топ 5-д бичигдэх потенциалтай. К.Ноланы оддын цуглуулга "Odyssey" энэ зуны гол хит болох зорилготой. Toy Story 5, Minions 3 ч баярын өдрүүдээр гэр бүлүүдийн номер нэг сонголт байх нь тодорхой. Үүнээс гадна "Super Mario", "Mortal Kombat" болон С.Спилбергийн "Disclosure Day" зэрэг кинонууд чарт тэргүүлэх амбицтай. 2019 онд бокс оффисын нийт орлого 39 тэрбум байсан нь рекорд болж байсан. 2025 онд үүнийг эвдэхгүй юм аа гэхэд цар тахлын өмнөх үеийн амжилтад хүрэх нь магадлал өндөр байна.


Таамаг 2: "GTA VI" бүх рекордыг эвдэнэ.

2025 онд гарах учиртай байсан GTA VI хойшилсон нь сая сая тоглоомчдыг гонсойлгосон. Гэхдээ хүлээлт буруудах учиргүй. 12 жилийн өмнө гарсан сүүлийн анги нь орлого, таталтаараа бүх рекордыг эвдсэнтэй адил шинэ анги ч видео тоглоомын зах зээлийг донсолгох нь гарцаагүй. Тэднээс гадна "007", "Tomb Raider", "Pokemon" зэрэг легаси тоглоомуудын шинэ анги гарна.


Таамаг 3: Дахиад шинэ медиа эзэнт гүрэн үүснэ.

2025 онд Paramount Skydance нэгдэж, Warner Bros.Discovery-ийн үнийн дайн эхэллээ. 2026 онд ч энэ бүхэн үргэлжилнэ. NBCUniversal хоёр сална гэдгээ зарласан нь аль нэг талаа зарахад бэлэн байна гэдгийн илэрхийлэл. Disney ч кабелийн телевизээсээ салах, эсвэл бүр шинэ CEO-оо зарлахаас өмнө шинэ эзэнтэй болж мэднэ. Lionsgate, A24 эсвэл Starz зэрэг дунд зэрэглэлийн тоглогчдыг анхааралтай ажиглаарай. Apple, Amazon, Google бүгд медиа компани хэдийнээ болчихсон шүү дээ.


Алдалгүй анзаарах бусад үйл явдлууд:

- Микродрама, контент бүтээгчид Холливүүдийг давах уу?

Дараагийн үеийнхэн, TikTok-чид, IG influencer-үүдийн эрин үе эхэлсэн үү?

- Анхны AI супер од төрөх үү?

Ямар ч драма, скандал байхгүй. Ямар ч арчилгаа, нэмэлт зардалгүй. AI аватарууд кино ертөнц, поп хөгжмийг эзэгнэх цаг ойрхон мэт.

- Испортын клубүүд юникорн болох уу?

Цахим спортын нөлөө оргилдоо хүрэх болоогүй байна. Түүнтэй адил тэдний үнэ цэн, үнэлгээ ч пуужиндах цаг айсуй. Харин хэн анхны тэрбумын үнэлгээтэй баг болох бол?

Өмнөх оны нийтлэлүүд:

2016 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2018 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2021 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2022 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2023 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Unread