“Bloomberg Awards”-ийн 2025 оны эзэд өчигдөр буюу 20-ны тодорлоо. Шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх "Catalyst"-уудыг “Bloomberg TV Mongolia"-ийн зүгээс ийнхүү хоёр дахь жилдээ тодруулж буй. 

Шагналт эздийн дундаас онцлох нэгэн дотоодын үйлдвэрлэгч байсан нь АПУ ХК бөгөөд тэд “Innovation Catalyst” шагналыг хүртжээ. Ингээд илүү дэлгэрэнгүйг уг нийтлэлээс хүлээн авна уу.

“Bloomberg Awards”-ийн тухай

Монголын бизнес, эдийн засгийн салбарт тохиодог онцлох үйл явдлуудын нэг бол “Bloomberg Awards” билээ. 2013 оноос хойш жил бүр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчид, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн шилдгүүдийг алдаршуулж, сурталчлан таниулсан "Bloomberg Awards"-ийн дараагийн хуудас нь "Catalyst"-уудаар үргэлжилж буй нь энэ.

2024 оны "Catalyst"-уудыг “Economics”, “M&A”, “Digital”, “ESG”, “Net-Zero”, “Innovation”, “Investment”, “Impact “Smart Solution” гэсэн есөн төрөлд нэр дэвшүүлж, шилдгүүдийг тодруулж байв. Энэхүү санаачилга нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Bloomberg TV Mongolia”-ийн үндсэн зорилтын нэг хэсэг болж буй.

Тэдний хэлж буйгаар "Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гарган, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрийг олон нийтэд таниулахыг зорьдог аж.



“Innovation Catalyst”-ийн эзэд АПУ ХК

Энэ жилийн хувьд шилжилтийн эдийн засгийн нөхцөлд хурдацтай өөрчлөлт, бүтээмж, инновац, чадварлаг удирдлага гэсэн бизнесийн үндсэн шалгуурын дагуу тодруулсан байна. Гагцхүү эл үед “Catalyst” буюу салбартаа шинэ хандлага, шинэ хөдөлгөөн авчирч чадсан байгууллага хэмээн тодорхойлогдох “Innovation Catalyst” шагналыг АПУ ХК хүртжээ. Тус компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээр бус, харин Монголын хүнсний үйлдвэрлэлд шинэ соёл, шинэ стандарт, шинэ хурдасгуур нэвтрүүлж буйг үнэлсний илрэл энэ шагнал байлаа.

АПУ ХК-ийн амжилтын үндэс нь зөвхөн бүтээгдэхүүний тоо хэмжээнд бус, харин дэлхийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв, технологийн дэвшилтэй уялдсан бодлоготой хөгжүүлэлт юм. 100 жилийн турш хуримтлуулсан туршлагад тулгуурлан тэд олон улсын зөвлөх, технологийн компаниудтай хамтран ажиллаж, монгол амтыг гадаад зах зээлийн стандарттай уялдуулах том зорилтыг тавин ажиллаж буй. Ингэснээр нэгэн цагт зөвхөн дотоодын брэндээр үлдэх магадлалтай байсан бүтээгдэхүүнүүд өнөөдөр олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна.



АПУ ХК-ИЙН АМЖИЛТААС ЦУХАС ДУРДВАЛ

Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурдтай тэлэлт хийж, 66 бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэн, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн төдийгүй шинэ тренд бүрийг цаг тухай бүрд нь нэвтрүүлсээр иржээ.

АПУ ХК зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдаагүй юм. Тэд 10 гаруй улс руу экспортоо тэлж, Монголын хүнсний үйлдвэрлэлийн чанар олон улсын шалгуурыг давж чаддаг гэдгийг нотлон харуулав. Энэхүү экспортын өсөлт нь монгол бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн брэндүүдтэй нэг тавцанд зогсох боломжтойг баталж буй хэрэг.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд АПУ ХК олон улсын түншүүдтэй хамтарч, монгол хүний ур ухаан, судалгаанд суурилсан шийдлийг дэлхийн технологитой хослуулан үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр байна. Энэ нь зөвхөн компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бус, салбарын хөгжил, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг “Bloomberg Awards 2025” үнэлсэн нь энэ ажээ.


Гэрэл зургийг: iKon.mn

Сонирхуулахад манай редакц 2024 онд тэдний 100 жилийн ойг тохиолдуулан, цаашдын стратеги, алсын харааных нь тухай нийтлэл хүргэж байсан билээ.

Зуун жилийн түүхт АПУ ХК юунд анхаарч байна вэ?