Өнөө цагт хөгжим сонсох гэдэг аливаа өөр нэгэн үйлдлийн дагавар үйл болон хувирсан билээ. Алхангаа, гэрээ цэвэрлэнгээ, ажлаа, хоолоо, хичээлээ хийнгээ, автобус, машинд явахдаа гэхчлэн бид хөгжмийг дан хөгжмөөр нь л сонсохоо бараг больсон гэхэд хилсдэхгүй болов уу. Түүнчлэн дэлгүүр, ресторанаас эхлээд бүхий л үйлчилгээний байгууллага аливаа хөгжмийг “дэвсгэр чимээ” болгон ашиглах нь олонтоо. Японы алдарт хөгжмийн зохиолч Р.Сакамотод л гэхэд өөрийнх нь дуртай рестораны хөгжим (playlist) огт таалагдаагүй тул зөвхөн тэнд “тайван” хооллох гэж бүхэл бүтэн цомгийн хэмжээтэй хөгжмийг үнэгүй зохиож өгсөн байдаг. Тэгвэл хөгжмийг таашаана гэж чухам юу гэсэн үг вэ? 


Эл асуултын хариулт нэгэн нийтлэл байтугай бүтэн судалгааны ажил ч шаардаж мэдэх тул өнөөдөр тохиож буй алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын 270 насны ойг тохиолдуулан гагц сонгодог хөгжмийн тухай өгүүлье. Тэгэхдээ сонгодог хөгжмийг таашаахад тань туслах 5 бяцхан зөвлөмжийг дагуулан хүргэж байна.

Холбоотой нийтлэл: Үзвэр үзэхээсээ өмнө таны зайлшгүй мэдэх ёстой 10 соёл

Мөн мэдээж В.А.Моцартын шүтэн бишрэгчдэд давхар баярын мэнд хүргэе!

Үггүй бол яаж утгыг нь ойлгох вэ? 

Английн инээдмийн цуврал нэвтрүүлгийн “Philomena” гэх дүр “University of Westminster” сургуулийн профессор, доктор Ш.Ж.Томпсоноос Л.В.Бетховены алдарт V симфонийн “Дам Дам Дам Дааам… Дам Дам Дам Дааам” гэж германаар юу гэсэн үг юм? хэмээн асуугаад ямар ч үггүй, гагц найрал хөгжмийн мотиф гэдгийг нь мэдээд “Үггүй бол яаж утгыг нь ойлгох юм бэ?” гэсэн асуултыг тавьдаг. Уг асуулт анх сонсоход тун хөгжилтэй санагдаж болох ч сонгодог хөгжмийг огт сонсож үзээгүй хүний хувьд “байж болмоор” асуулт гэж үзэх үндэслэл бий.



Сонгодог хөгжмийг сонсоход хамгийн түрүүнд аялгуу, хэмнэлд анхаарлаа хандуулах учиртай. Өрнийн хөгжмийн уламжлалд сонат, баллад, фуга, скерцо зэрэг аялгууны олон янзын бүтэц, дүрэм, онолыг боловсруулсан бөгөөд хэмнэлийн хувьд вальс, менуэт гэхчлэн мөн хэд хэдэн төрлийг хөгжүүлсэн байдаг. Хөгжмийн зохиолчид эдгээр бүтцүүдээ ашиглан концерт, симфони, симфони уран сэтгэмж, найраглал, оратори зэрэг том жижиг хэмжээний бүтээлүүдээ бичдэг гэсэн үг. Үүнд ганцхан уламжлалт, сонгодог симфонийн жишээг авч үзье. В.А.Моцартын дотнын нөхөр Й.Гайдны боловсруулсан симфонийн бүтцэд аливаа симфони дөрвөн ангитай агаад ихэвчлэн эхний анги нь сонат байхаар тогтоосон байдаг билээ.



Харин сонат нь туйлын энгийндээ гол аялгуу, өрнөл, хоёр дахь аялгуу, давталт, хөгжүүлэлт, давталт, төгсгөл гэсэн аялгууны бүтцийг хэлдэг. Товчдоо, сонгодог хөгжмийн аялгууны бүхий л бүтэц нь “аялгуу баатар”-ын адал явдлыг өгүүлдэг бөгөөд тэрхүү баатар явсаар явсаар гэртээ буцаж ирэхдээ тэс өөр болон “хөгжсөн” байх учиртай гэж ойлгож болно.

Жишээ болгон В.А.Моцартын алдарт XXV симфонийн эхний ангийг сонсоод үзээрэй. Тэгэхдээ эхний аялгуу (соль минор) хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж, мөн хамгийн гол нь өнгийн нийцэл, хэмнэлийн хувьд хөгжиж буйд анхаарлаа хандуулаарай.



Мөн бараг хүн бүрийн ярьдаг хэр нь ээ төдийлөн мэддэггүй Л.В.Бетховены “Сарны сонат” бүтээлийн III ангийг сонсохыг зөвлөе.



Нэг бүтээлийн өөр өөр хувилбарыг сонсох

Бид ямар ч уран бүтээлчийн дуу хөгжмийг ковер, лайв, студийн, ремикс зэрэг өөр өөр хувилбараар сонсдог. Тэгвэл сонгодог хөгжмийн хувьд аливаа бүтээлийг өөр өөр хөгжимчин, эсвэл оркестрын тоглосноор, эсвэл ялгаатай удирдаачийн удирдсанаар сонсох нь карбонара пастаг Улаанбаатарт, Наполид, Венецид, Лионд, Нью-Йоркод идэхэд тус бүр адилгүй байхтай агаар нэг билээ. Учир нь нэгдүгээр Венийн сонгодог дэг буюу В.А.Моцарт, Й.Гайдн, Л.В.Бетховены үед, мөн тэднээс өмнө хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлийнхээ хурд, хэмнэлийг тогтсон метрономын тоогоор бус үгээр бичдэг байсан тул бүдүүн тоймдоо өдгөө хэн ч яаж ч тоглож болдог гэсэн үг.

Жишээ нь Л.В.Бетховен V симфонио “Allegro con brio” хурдаар тоглохоор бичиж үлдээсэн байдаг ч энэ нь энгийндээ зүгээр л “урам зориг, цог жавхаатай” гэсэн утгатай үг юм. Иймд хөгжимчин, удирдаач бүр эл үеийн бүтээлүүдийг тус тусынхаа темп, хурдаар тоглодог гэж ойлгож болно.



Үүнээс гадна дээрх хөгжмийн зохиолчид ба тэднээс өмнөх үеийн Й.С.Бах, А.Вивалди зэрэг суутнуудын гар бичмэлээс легатогоос эхлээд чанга сулын тэмдэглэгээ хүртэл тун ховор тохиолддогийг дурдууштай. Энэ нь мөн л хөгжимчний чөлөөт “интерпретац” гэсэн үг. Тиймээс сонгодог хөгжим сонсож эхлэхэд нэг хөгжмөө олон янзын хувилбараар харьцуулж үзэх нь онцгой ач холбогдолтой. Хэрэв та Й.С.Бахын төгөлдөр хуурын бүтээлүүдийг Марта Аргеричийн тоглосноор сонсож үзсэн бол одоо Гленн Гоулдынхоор сонсохыг зөвлөе.



Сонгодог хөгжим уйтгартай биш 

Бидэнд нийтээр тархсан нэгэн өрөөсгөл ойлголт нь сонгодог хөгжмийг уйтгартай, нуршуу, удаан, уйлсан, хайлсан, тэнгэрээр нэг хөвөлзсөн аялгуунууд гэсэн эндүүрэл юм. Хэрэв та ч мөн тэгж боддог бол доорх хөгжмүүдийг сонсоод үзээрэй.



Жишээ нь дээрх бүтээлийг ЗХУ-ын хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович Сталины үеийн хяналт, шахалт, хаагдал, боолтын тухай өгүүлсэн хэмээн өөрийн хувийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Яг л манай яруу найрагч Р.Чойном агсан хуучин нийгмийн хаалттай бодлогын эсрэг урлагийн хүчээр дуу хоолойгоо өргөж, түүнээсээ үүдэн буруутаж явсантай адил амьдралыг Д.Шостакович бээр туулснаа хөгжмөөр буулгасан нь энэхүү алдарт X симфони нь юм.

Ташрамд хөгжмийн зохиолчдын X симфонитой холбоотой нэгэн сонирхолтой цуу яриа, мухар сүсгээс хуваалцахад “IX симфонийн хараал” гэж байсан гэдэг. Энэ нь аливаа хөгжмийн зохиолч IX симфонио бичсэн л бол X дахиа дуусгаж чадалгүй насан эцэслэдэг гэсэн мухар итгэл үнэмшил байжээ. Гэвч үнэхээр л Л.В.Бетховеноос эхлээд Ф.Шуберт, А.Л.Дворжак, Г.Малер хүртэл хэд хэдэн хөгжмийн зохиолч арав дахь симфонио гүйцээж чадалгүй буцацгаасан байдгийг дурдууштай.

Харин доорх хоёр хөгжмийг В.А.Моцарт ээжийгээ алдаад удаагүй байхдаа бичсэн байдаг бөгөөд түүний минор хөгт бичсэн цөөн бүтээлүүдийн нэг гэдгээрээ онцлогтой.



Доорх бүтээлийн хувьд нэрт хөгжмийн зохиолч С.Рахманинов I симфониороо шүүмжлэгчид болон бусад хөгжмийн зохиолчдоос ширүүн шүүмж сонсоод бүтэн хоёр жил ганц ч бүтээл туурвилгүй өнгөрснийхөө дараа бичсэн байдаг. Улмаар тэрээр уг бүтээлээ тэрхүү хоёр жилийн хугацаанд өөрийг нь эмчилсэн сэтгэл зүйчдээ зориулан туурвиснаараа онцлогтой.



Сүүлийн бүтээлийн хувьд Л.В.Бетховен Европ дахь Наполионы нөлөөг, дайныг эсэргүүцэн бичсэн гэж судлаачид үздэг. Тус бүтээл нь хөгжмийн зохиолчийн VII симфонийн II анги бөгөөд анх тоглогдсон даруйдаа сонсогчдын хүсэлтээр ахин дахиулсан байдаг бөгөөд түүнээс хойш өдийг хүртэл Л.В.Бетховены хамгийн алдартай аялгууны нэг хэвээр буй.



Харин доор дээрх бүтээлийн тухай Харвардын Их сургуулийн профессор, хөгжмийн зохиолч, удирдаач Леонард Бернстайны яриаг орууллаа.



Сонгодог хөгжмийн нэрийг нь уншиж сурах

Сонгодог хөгжим анхлан сонирхож эхлэхэд өөрийн дуртай нэгэн бүтээлтэй болоод түүнийгээ хүнд хэлэх гэхээр нэрийг нь юу гэж уншихаа мэдэхгүй байх үе бишгүй тохиолдоно. Би ч хувьдаа анх В.А.Моцартын “Eine Kleine nachtmusik” гэдгийг юу ч гэж уншихаа мэддэггүй байж билээ. Гэхдээ энэ нь герман хэл мэдэхгүйтэй л холбоотойгоос бус тус бүтээлийн “жинхэнэ” нэрийг нь уншиж чаддаг үгүйтэй огт хамаагүй.

Уг хөгжмийн жинхэнэ нэр гэдэг нь “Serenade No. 13 for strings in G major, K. 525” юм. Хөгжмийн зохиолч бүр өөр өөрийн каталогтой бөгөөд Моцартын хувьд тэр нь K. бөгөөд дээрх бүтээл нь түүний бичсэн 525 дахь хөгжим тул K. 525 гэж бичжээ. Харин “Serenade No. 13 for strings” гэдэг нь чавхдаст хөгжимд зориулсан серенад (бүтэц нь) дугаар 13 л гэсэн үг. “G major” буюу соль мажор гэдгийн тухайд эхэндээ огт ойлгохгүй хэвээр нь үлдээсэн ч болно. Энэ тухай энд өгүүлбэл тун нуршсан хэрэг болох тул товчдоо мажор, минор хэмээн хуваагддаг нийт 24 хөгийн соль мажорт нь л бичигджээ хэмээн ойлгоход хангалттай.



Тэгвэл, жишээ нь бид нарын мэддэг “Сарны сонат” гэх нэрийг хэн “Piano Sonata No. 14 in C-sharp minor, Quasi una fantasia, Op. 27, No. 2” гэгч хөгжимд өгсөн юм бэ гэж бодож болох юм. Товчхондоо шүтэн бишрэгч нь л өгсөн хэрэг. Учир нь эдгээр хөгжмийн зохиолчдын үед бүтээлдээ тодорхой нэг нэр өгөх нь төдийлөн түгээмэл бус байсан билээ. Харин өдгөө хөгжмийн зохиолчид бүтээлдээ нэр өгөх нь түгээмэл болжээ. Жишээ нь Ludovico Einaudi-гийн “Nuvole bianche”, Joe Hisaishi-гийн “The End of the World” зэрэг бүтээлийг дурдаж болно.



Цаг хугацааны товьёгийг ойлгох

Нийтлэлийнхээ дундуур “эдгээр хөгжмийн зохиолчдын үед” гэх үгийг хэд хэдэн удаа ашигласныг минь уншигч та хэдийн анзаарсан биз ээ. Энэ маань ч санаандгүй хэрэг биш. Тодруулбал, өнөөгийн бидний сонсдог ихэнх хөгжмийн урсгалууд 100 жилээс бага настай бол сонгодог хөгжим дор хаяж 300 гаруй жилийн түүхтэй. Иймд хоорондоо эрс гэмээр ялгаатай хөгжмийн үеүд бүгд “Сонгодог хөгжим” гэдэг нэгэн том дээвэр дор багтдаг билээ. Яг л XX зууны бүх дүрслэх урлагийг ерөнхийд нь “Модерн урлаг” гэдэгтэй агаар нэг ойлголт юм. Гэхдээ нэгэнт сонгодог хөгжмийг сонсож үзэхээр шийдсэн бол ерөнхий тоймд нь өөр өөр үеүдийг ялгаж мэддэг байх нь ашигтай.

Сонгодог хөгжмийг (мөн бусад төрлийн урлагт хамаардаг) ерөнхийд нь Дундад зуун, Барокко, Классик, Романтик, Модерн гэсэн таван үед хуваан авч үздэг. Дундад зууны үеийн хөгжим нь тун өргөн хүрээний ухагдахуун тул энд эс өгүүлэн алгасъя.



Баракко үеийн хөгжмийн зохиолчдын тоонд агуу суут Й.С.Бах, А.Вивалди, Г.Ф.Хендел, Д.Скарлатти зэрэг нэрсийг дурдаж болно. Классик үеэс харин нэгдүгээр Венийн сонгодог дэг буюу Й.Гайдн, В.А.Моцарт, Л.В.Бетховен болон А.Сальери зэрэг бусад олон зохиолчдыг нэрлэж боломжтой.

Романтик үеийн хувьд П.И.Чайковский, Н.Римский-Корсаков, С.Рахманинов, Ж.Верди, Р.Вагнер (философич Ф.Ницшегийн найз), Ф.Шуберт, Ф.Лист, Ф.Шопен, И.Брамс, Я.Сибелиус гэхчлэн нэрсийн цуваа дуусашгүй.

Харин модерн хөгжмийн хувьд бид хоёрдугаар Венийн сонгодог дэг буюу А.Шёнберг, А.Берг, А.Вебернээс эхлээд Г.Лигети, Филип Гласс хүртэл дээр дурдсан мажор, минорын системээс татгалзсан атонал болон уламжлалт тонал хөгжмийн хэдэн арван уран бүтээлчийг энд дурдаж болно. Сонгодог хөгжмийг бусад бүхий л урлагийн адил уран бүтээлчийнх нь амьдарч, туурвиж асан цаг хугацаа, урсгал, онцлогтой нь тулган сонирхож эхлэх нь цэгцтэй бөгөөд ойлгомжтой, баримжаатай мэдлэг, мөнхүү өөрийн гэсэн шилэлт (taste)-ийг олоход нэн их хэрэг болох билээ.

Ингээд эцэст нь таны сонгодог хөгжмөөр аялах аялалд амжилт хүсье!