Америкийн телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулдаг томоохон шагнал болох 77 дахь удаагийн Эмми-2025 шагнал гардуулах ёслол энэ сарын 14-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдлаа. Энэ жил шинэ цувралуудын хооронд багагүй өрсөлдөөн өрнөөд амжсны дунд “The Pitt”, “Adolescence”, “The Studio” цувралууд үзэгчдийн анхаарлыг ихэд татаад байсан юм. Мөн энэ жил түүхэн дэх хамгийн залуу Эммигийн эзэн тодорсон нь наадмын хамгийн онцлох мөч байв.
Өмнө нь бид 76 дахь удаагийн Эммигээс онцлох 10 үйл явдлыг сорчлон хүргэж байсан бол энэ жил Эммигээс хамгийн анхаарал татам 10 үйл явдлыг нь тоймлон бэлтгэснийг хүлээн авна уу.
Дэлгэрүүлж унших: Emmy 2024: Онцлох 10 мөч
1. 30 жилийн карьерын анхны Эмми
Урьд нь Ноа Вайл “ER” цувралаараа “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин”-ий төрөлд нэр дэвшиж байсан ч ялалт байгуулаагүй юм. Харин энэ удаад HBO-ийн “The Pitt” цувралын гол дүрээрээ анхны Эммигийн шагналаа хүртлээ.
Тус цуврал нь эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийнхны өдөр тутмын ажлыг 15 цагийн үйл явдлаар 15 ангид хуваан харуулдаг байна. Тэрээр 30 жилийн карьерынхаа хамгийн том шагналыг хүртээд байгаа нь энэ боллоо. Тэрээр шагнал гардан авахдаа хамтран ажилласан баг хамт олон, найруулагч болон гэр бүл болон онцгойлон эмнэлгийн яаралтай тусламжийн ажилчдад талархал илэрхийлсэн байна.
2. 15 настай Эммигийн эзэн
Британи гаралтай жүжигчин Овэн Күүпэр 15 насандаа Эммигийн шагнал хүртэж тус шагналыг хүртсэн түүхэн дэх хамгийн залуу нэгэн боллоо. Сэтгэл зүйн драм жанрын “Adolescence” цувралын Жэйми Миллерийн дүр нь түүний бүтээсэн хамгийн анхны гол дүр бөгөөд өсвөр насны хүүхдийн эрэл хайгуул, найз нөхөд, гэр бүл, сэтгэл зүйг харуулдаг билээ. Тус цуврал нь “Outstanding limited or anthology” буюу антологи цувралын төрөлд шилдэг цувралаас гадна шилдэг зохиол, шилдэг найруулагч зэрэг нийт 8 Эммигийн шагналыг хүртлээ.
3. “Намайг явуул”
Энэ удаагийн Эммигийн үеэр “Severance” цувралын жүжигчин Бритт Ловер шагнал хүлээн авах үеэрээ тайзан дээр “Let me Out” буюу “Намайг явуул” гэсэн үг барьсан байсан нь дэлхий дахины анхаарлыг татаад амжлаа. Түүний бүтээсэн Хелли.Р-ийн дүр цувралын нэг, хоёрдугаар улирлын турш ажлаасаа зугатаах, амиа хорлох гэж оролддог бөгөөд олон нийт түүнийг эл үгээрээ дүрээ төлөөлүүлж, үзэгчдэд далд санаа хүргэж буй хэмээн үзэв.
Ташрамд дурдахад, уг цуврал нь энэ жилийн хамгийн олон буюу 27 төрөлд нэр дэвшсэн цуврал болоод байсан ч ердөө шилдэг хөгжим, болон “Outstanding Narrative” гэсэн гурван төрөлд л ялсан юм.
4. палестиныг чөлөөл!
“Hacks” цувралын жүжигчин Ханна Айнбиндер шагнал гардан авахдаа тайзан дээрээс өөрийн улс төрийн үзэл бодлыг илэрхийлж, AНУ-ын Цагаачлал, гаалийн албыг буруутган “Free Palestine” буюу “Палестиныг чөлөөл!” хэмээн чангаар хэлж дуу хоолойгоо өргөв. Газын зурвастай холбоотой тайзны арын яриандаа тэрээр “Еврей хүний хувьд жүүдүүдийг Израйл улсаас ялган салгаж харуулах нь миний үүрэг” хэмээн тайлбарлажээ.
Харин Paramount буюу CBS-ийн эх компани уг уриалгыг эсэргүүцэж, маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлсэн Холливүүдийн анхны томоохон студи болсон нь энэ жилийн Эммигийн онцлох үйл явдал байлаа.
Жүжигчин Ханнатай “Netflix”-ийн “Monsters: The Lyle and Erik Menendez Story” цувралд Хосе Менендезийн дүрээрээ нэр дэвшсэн Оскарын шагналт жүжигчин Хавьер Бардем нэгдсэн бөгөөд тэрээр улаан хивсний ёслолд Палестины уламжлалт кеффие алчуур зүүж иржээ.
Мөн “Hacks” болон “Too Much” цувралд тоглосон жүжигчин Меган Сталтер улаан хивсэн дээр “Гал зогсоо!” гэсэн бичигтэй цаас цүнхэндээ наан оролцсон байна.
5. Барак Обама 3 дахь Эммигээ атгав
Дугаар тус бүр нь дэлхийн таван далайн амьдрал руу нэг бүрчлэн өнгийсөн “Оur Oceans” цувралын өгүүлэгч, гүйцэтгэх продюсероор АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама ажиллаж, түүгээрээ энэ жил гурав дахь Эммигээ гардан авлаа. Тэрээр өмнө нь 2022 онд “Our Great National Parks,” 2023 онд “Working: What We Do All Day” баримтат цувралуудаар ялалт байгуулаад байсан юм.
Барак Обама 2017 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад удаах жил нь буюу 2018 онд эхнэр Мишель Обамагийн хамт “Higher Ground Productions”-ийг үүсгэн байгуулж, энтертайнмент, медиа салбарт хүч үзээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Тэд Мишель Обамагийн намтраас сэдэвлэсэн баримтат кино болох “Becoming” болон цагаачлал, хүний эрх зэрэг өргөн хүрээт сэдвийг хамарсан “We the People” анимейшн цувралыг мөн бүтээж байв.
6. Дөрвөн жил, дөрвөн ижил шагнал
“Watchmen”, “Mare of Easttown” цувралын жүжигчин Жийн Смарт сүүлийн жилүүдэд Америкийн инээдмийн драм цуврал болох “Hacks” бүтээлийн гол дүрээр олонд танигдаад буй. Тэрээр тус цуврал 2021 онд нээлтээ хийснээс хойш тэрээр Дебора Ванс гэх комедиан эмэгтэй дүрээр дөрөв дэх жилдээ “Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” төрөлд ялалт байгууллаа.
7. Гэнэтийн зочин
Үнсгэлжингийн хойд эхээс эхлээд “Ocean’s 8” бүлгэмийн гарамгай залилагч, хатан хаан I Элизабет зэрэг жүжигчин хүний шандас сорьсон олон дүрийг дэлгэцнээ чадварлаг гэгч нь амилуулж олны хүндэтгэлийг хэдийн хүртсэн, жүжигчин Кейт Бланшеттийн тухай сонсоогүй хүн цөөхөн биз ээ. Тэгвэл тэрээр кино урлагийн салбар дахь 30 орчим жилийн карьертаа анх удаа Эмми шагнал гардуулах ёслолд биечлэн оролцсон нь энэ онд л тохиов.
Дэлгэцийн урлагийн сор бүтээлүүдээс төрсөн жүжигчид өөрсдийн чадвар чансаагаа сорьдог уламжлалтай уг наадамд тэрээр гэнэтхэн биечлэн оролцсон нь дан ганц үзэгчдийн төдийгүй, томоохон уран бүтээлчдийн анхаарлыг ч нэлээдгүй татлаа. Алдарт жүжигчин энэхүү наадамд “Disclaimer” киноны дүрээрээ “Outstanding limited or anthology” буюу “Шилдэг антологи бүтээл”-ийн “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд нэр дэвшсэн ч “The Penguin” цувралын жүжигчин Кристин Милиотид ялагджээ.
8. Түүх бүтээлцэв
Эммигийн “Шилдэг драм цувралын туслах дүр” төрөлд өнгөрсөн жилүүдэд Зак Черри, Сэм Рокуэлл, Жон Туртурро зэрэг жүжигчид ээлж дараалан ялалт байгуулжээ. Харин энэ жил тус төрөлд “Severance” цувралын Сэт Милчикийн дүрийг бүтээсэн жүжигчин Трамелл Тиллман буюу анхны өнгөт арьст жүжигчин ялалт байгуулсан нь Эмми шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.
9. 90-ээд оны загвар эргэж ирэв
Алдарт “The Addams Family” бүтээлд Wednesday дүрээр 2022 оны зургаадугаар сард дэбютээ хийсэн жүжигчин Женна Ортега энэ удаагийн Эмми шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Тэр дундаа түүний улаан хивсний зоримог хувцаслалт нь олны нүдэнд хэдийнээ тусаад амжив.
Givenchy брэндийн 2025 оны намрын коллекцод танилцуулагдаад буй эрдэнийн чулуун хийцтэй гоёлоор өнгө төрхөө бүрдүүлсэн нь 90-ээд оны “Death Becomes Her” киноны Изабелла Росселлинигийн содон загварыг санагдуулам байв.
10. BLACKPINK-ийн Лисагийн дебют
Сүүлийн жилүүдэд соло уран бүтээлчийн карьераар хүчтэй эргэн ирж буй BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса энэ удаагийн Эммигийн ёслолд “The White Lotus” цувралд туслах дүр бүтээсэнтэйгээ холбогдуулан хүрэлцэн иржээ. Тэрээр соло карьераа албан ёсоор эхлүүлснээс хойш VMA, Victoria’s Secret, Met Gala гэх мэт томоохон арга хэмжээнд оролцсон ба энэ онд “The White Lotus” цувралын гурав дахь улиралд туслах дүр бүтээж, дэлгэцийн уран бүтээлд дебютээ хийгээд амжсаныг нь онцлууштай.
Түүний улаан хивсний ёслолд өмссөн даашинз нь дизайнер Лессиа Верлинжерийн тусгайлан урласан кутюр бүтээл ба цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлж чадсаныг VOGUE, Red Carpet Fashion Awards, W Magazine зэрэг олон алдартай хэвлэл мэдээллийн компаниуд онцоллоо.