Жил бүрийн нэгдүгээр сарын эхээр дэлхий дахины кино, телевиз, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчид нэгэн дор чуулж, кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Алтан Бөмбөрцөг” наадамд оролцож, шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай билээ. 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотод амжилттай болж өндөрлөлөө. 

2026 оны “Алтан Бөмбөрцөг” наадамд шилдэг бүтээлүүдээ тодруулаад зогсохгүй, шинэ төрөл нэмсэн, түүхэн амжилтууд тогтоосон, алдартнууд нийгмийн асуудалд дуу хоолойгоо нэгтгэсэн зэрэг онцгой мөчүүдээр дүүрэн байв. Үүнээс гадна улаан хивсний дэгжин дүр төрхөөс эхлээд шагнал гардуулах торгон мөчүүд дэлхий нийтийн анхаарлыг татаж, цахим орчин, хэвлэл мэдээллийн гол ярианы сэдэв болоод байгаа юм.  

Ингээд энэ жилийн шагнал гардуулах ёслолын онцлох 10 мөчийг түүвэрлэн хүргэж байна. 

Алтан Бөмбөрцөг 2024-өөс онцлох 10 мөч

1. ТИМОТИ ШАЛАМЕТ АНХНЫ АЛТАН БӨМБӨРЦГӨӨ АТГАВ

Залуу үеийн хамгийн авьяаслаг жүжигчдийн нэгээр нэрлэгддэг Тимоти Шаламет энэ жил “Marty Supreme” кинонд бүтээсэн дүрээрээ анх удаа Алтан Бөмбөрцөг хүртсэн нь онцлох мөчүүдийн нэг байлаа. Тэрээр өмнө нь “Call Me By Your Name”, “Beautiful Boy”, “Wonka”, “A Complete Unknown” зэрэг бүтээлүүдээр дөрвөн удаа нэр дэвшиж байсан ч ялж байгаагүй юм.

2. ПОДКАСТУУД ЭЦЭСТ НЬ ҮНЭЛЭГДЭВ

2026 оны Алтан Бөмбөрцөг наадам урьд өмнө байгаагүй шинэчлэл хийж, анх удаа “Шилдэг Подкаст” хэмээх төрөлтэй болсон билээ. Өмнө нь тус наадамд кино, телевизийн бүтээлүүд л голчлон үнэлэгддэг байсан бол энэ жилээс подкаст ч урлаг, соёлын салбарын чухал хэсэг хэмээн үнэлэгдэж эхэлжээ.

Ийнхүү Алтан Бөмбөрцөг наадмын түүхэн дэх хамгийн анхны “Шилдэг подкаст”-ын эзнээр Эми Пойлерийн “Good Hang” шалгарсан юм. Энэхүү подкаст нь төрөл бүрийн салбарын оролцогчидтой хувийн амьдрал, туршлага, ажил карьер, замналын тухай найзтайгаа хөөрөлдөж буй мэт дотно яриаг хуваалцдаг аж.

Подкастыг сонсох бол энд дараарай.

3. ХАМГИЙН ЗАЛУУ ШАГНАЛТАН ОУЭН КУПЕР 

Алтан Бөмбөрцөг наадмаас бага залуу насандаа шагнал хүртэнэ гэдэг авьяас чадварынх нь баталгаа болох төдийгүй, цаашдаа илүү хичээх урам зориг нь болдог биз ээ. 2011 онд жүжигчин Крис Колфер 20 настайдаа “Glee” цувралын Курт Хаммел дүрээрээ “Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин” шагналыг хүртэж, тухайн үедээ хамгийн залуу шагналтан болж байв.

Харин энэ жил Netflix-ийн “Adolescence” мини цувралын авьяаслаг жүжигчин Оуэн Купер ердөө 16 настайдаа уг шагналыг хүртэж, Крис Колферын тогтоосон амжилтыг шинэчлэн тогтоолоо.

4. BILLBOARD-ИЙГ ЭЗЭГНЭГЧ “KPOP DEMON HUNTERS”

Энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадмын хамгийн их анхаарал татсан бүтээлүүдийн нэг бол Netflix болон Sony Pictures Animation-ийн хамтын бүтээл “KPop Demon Hunters” байлаа. Өнгөрсөн жил цацагдсан даруйдаа тэсрэлт хийж, дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан эл бүтээл зөвхөн бокс оффисыг тэргүүлээд зогсохгүй, алдарт Billboard-ийн жагсаалтын эхний байруудад хэд хэдэн дуугаа жагсаагаад амжсан юм. Ийнхүү тэд 2026 оны Алтан Бөмбөрцөгт “Шилдэг анимэйшн кино” болон “Шилдэг киноны дуу” гэсэн хоёр төрөлд ялалт байгууллаа.

Тус анимэйшны дуу зохиогч Эжае шагналаа авах үеэрээ “Гэрэлтэхэд хэзээ ч оройтдоггүй юм байна, тэгэхээр хэзээ ч битгий бууж өгөөрэй” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлэв. Тэрээр Өмнөд Солонгосын SM энтертайнментад 12 жил бэлтгэгдсэн хэдий ч дуучин болж чадаагүй бөгөөд өнгөрсөн жил “KPop Demon Hunters” анимэйшны “Golden” дуугаа зохиосноор дэлхий дахинаа алдаршиж, нэрээ цуурайтуулж чадсан билээ.

5. ХАМГИЙН ХАМГИЙН “ONE BATTLE AFTER ANOTHER”

Найруулагч Паул Томас Андерсоны “One Battle After Another” бүтээл энэ жилийн Алтан Бөмбөрцөгийн хамгийн их анхаарал татсан кинонуудын нэг байлаа. Уг бүтээл нийт есөн төрөлд нэр дэвшсэнээрээ наадмын түүхэнд хамгийн олон төрөлд өрсөлдсөн бүтээлүүдийн тоонд багтсан юм. Ийнхүү “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” гэсэн дөрвөн чухал төрөлд ялалт байгуулж, бусдыгаа илт манлайллаа.

6. АЛДАРТНУУД “ICE”-ИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ТЭМДЭГ ЗҮҮВ

Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр олон алдартнууд “Be Good", "ICE OUT" гэсэн бичиг бүхий хар цагаан өнгийн тэмдэг зүүн оролцсоныг уншигч та анзаарсан болов уу. Энэ нь Цагаачлал, гаалийн албыг (ICE) эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тэмдэг байсан аж. Долоохон хоногийн өмнө Миннеаполис хотод 37 настай иргэн Рене Маклин Гуд автомашиндаа сууж байхдаа, ICE-ийн агентын галт зэвсгийн халдлагад өртөн амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Алдартнууд тэрхүү эмэгтэйн дурсгалын хүндэтгэхийн сацуу (ICE)-ийн цагаач иргэдэд хандаж буй хандлага, гаргаж буй үйлдлийн эсрэг байр сууриа илэрхийлж буй нь энэ.

7. АНХНЫ НААДАМ АНХНЫ ЯЛАЛТ 


15 настайдаа Бейонсегийн дууны клипийн бүжгийг дэглэснээр уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин, жүжигчин Тейана Тэйлор энэ жил анх удаа Алтан Бөмбөрцөг наадамд оролцож, анхны ялалтаа байгууллаа. Тэрээр “One Battle After Another” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн юм.

8. МАКОЛЕЙ КАЛКИН 35 ЖИЛИЙН ДАРАА 

“Гэртээ ганцаараа” цувралын хэрсүү Кевин хүүгийн дүрийг бүтээсэн Маколей Калкин 35 жилийн дараа уг наадамд ахин оролцож буй нь бас нэгэн онцлох мөчүүдийн нэг болов. Тэрээр нэр дэвшээгүй бөгөөд шагнал гардуулах зочны хувиар хүрэлцэн ирсэн нь энэ байв. Сүүлийн жилүүдэд урлагийн амьдралаасаа хөндийрсөн түүнийг тун удахгүй дэлгэцийн уран бүтээлээр харах биз ээ.

9. АНХНЫ К-ПОП АЛДАРТАН ЛИСА 

Дэлхийн алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лиса энэ жил Алтан Бөмбөрцөг наадамд шагнал гардуулсан анхны к-поп уран бүтээлч болсноос гадна Тайландаас оролцож буй анхны уран бүтээлч болжээ. Лиса уг наадмын тайзнаа Приянка Чопратай хамт “Телевизийн драмын шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг гардуулсан юм. Түүнчлэн Лисагийн тоглосон HBO-ийн алдарт “The White Lotus” цувралын гуравдугаар анги нийт зургаан төрөлд нэр дэвшиж, “Шилдэг телевизийн цуврал” шагналыг хүртсэн нь түүний карьерын бас нэгэн амжилттай үе болов.

10. НИККИ ГЛЕЙЗЕР-ийн ТОхиромжгүй ТОХУУРХАЛ 

2026 оны Алтан Бөмбөрцөг наадмыг хошин урлагийн од Никки Глейзер энэ жил дахин хөтөллөө. Тэрээр уран бүтээлч, найруулагчдыг хөнгөнөөр шоглож, уур амьсгалыг халуун дулаан болгож байсан хэдий ч түүний зарим тохуурхал цагаа олоогүй байсан тухай үзэгчдийн дунд маргаан дэгджээ.

Тухайлбал, CBS News-ийг шууд эфир дээр “See BS News” хэмээн егөөдөж, өөрийн хөтөлж буй сувгаа шоглов. Мөн Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприог 30 наснаас доош бүсгүйчүүдтэй болздог гэх хувийн асуудлаар нь дооглож, “Ди Каприо бол Холливудын хамгийн том цаг хугацааны машин” хэмээгээд амжжээ.

83 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам ийнхүү онцлох мөчүүдээр дүүрэн өндөрлөж байна. Харин гуравдугаар сард кино ертөнцийн хамгийн том шагнал Оскар биднийг хүлээж буй.