Өнгөрөгч даваа гарагт Лос-Анжелес хотноо 81 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, Оскар, BAFTA, SAG зэрэг топ наадмуудын салхийг албан ёсоор хагаллаа.

Энэ жилийн хувьд Холливүүдийн хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтын дараах томоохон хэмжээний анхны шагнал гардуулах ёслол төдийгүй 80 жилийн турш тасралтгүй уг наадмын ялагчдыг тодруулсан Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлаг татан буугдсаны дараа (HFPA) шинэ бүтцийн дор зохион байгуулагдсан анхны наадам гээд хэд хэдэн онцлогтой байв.

Ялагчдын хувьд энэ зуны хамгийн халуун сэдэв болж, нээлтээ хийсэн даруйдаа хагас тэрбумын орлогыг бокс-оффисоос цуглуулсан Oppenheimer, Barbie бүтээлүүд нийтдээ 18 төрөлд өрсөлдсөнөөс Oppenheimer голлох таван төрөлд шилдгээр шалгарав. Харин телевизийн салбараас Netflix хамгийн олон буюу 28 төрөлд бүтээлээ сойсон боловч HBO-ийн домогт Succession цувралын сүүлийн бүлэг дийлэнх шагналыг хамж, дөрвөн цомтойгоор гэртээ харьсан юм.

Энэ удаагийн нийтлэлдээ бид энэ удаагийн Алтан Бөмбөрцөг наадмаас онцлох 10 мөчийг түүвэрлэн хүргэж байна.

1. КРИСТОФЕР НОЛАН АНХНЫ АЛТАН БӨМБӨРЦГӨӨ АТГАВ 


Кристофер Нолан найруулагчаар ажилласан 26 жилийн карьерын түүхэндээ анх удаа Oppenheimer бүтээлээрээ шилдэг найруулагч төрөлд ялалт байгуулсан нь яахын аргагүй энэ жилийн онцлох мөч байв.

Тэрээр шагналаа гардан авахдаа Dark Knight кинонд хамтран ажилласан Хит Лежерийг дурссан явдалд олон үзэгчийн сэтгэл хөдөлсөн билээ. 13 жилийн өмнө Хит Лежер Dark Knight кинонд бүтээсэн Жокерийн дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрээр нэрлэгдэж байсан бөгөөд түүний шагналыг Кристофер Нолан өмнөөс нь гардан авч, хүндэтгэл үзүүлж байсан түүхтэй.

 2. ЛИЛИ ГЛАДСТОН ТҮҮХИЙН ХУУДАСНАА НЭРЭЭ СИЙЛЭВ 


Мартин Скорсезийн найруулсан Killers of the Flower Moon-д бүтээсэн дүрээрээ Лили Гладстон шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь энэ жилийн өөр нэгэн чухал мөч байв. Тэрээр Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн түүхэн дэх анхны Индиан гаралтай уугуул иргэн болж, түүхэнд бичигдэж буй нь энэ.

Шагнал гардан авах үедээ тэрээр сэтгэгдлээ уугуул Индиан Blackfeet хэл дээр эхлүүлж, өөрийн гарал үүслээрээ хэчнээн их бахархдаг хийгээд энэхүү шагнал нь өөртэй нь адил гарал угсаатай олон мянган хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлэх нь лавтай хэмээсэн юм.

3. КИЛИАН МЕРФИ АНХНЫ АЛТАН БӨМБӨРЦГӨӨ ГАРДАВ


Тэрээр 2006 онд анх Breakfast on Pluto киногоор мюзикл /инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж байсан бол 18 жилийн дараа Oppenheimer бүтээлээр анхны Алтан Бөмбөрцөгийн шагналаа гардан авлаа.

Oppenheimer кино Килиан Мерфи, Кристофер Нолан хоёрын зургаа дахь хамтрал бөгөөд тэд Batman Begins бүтээлд анх хамтран ажиллаж байсан юм.

4. BARBENHEIMER-ИЙН ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСЭВ 


Mattel-ийн домогт хүүхэлдэй, атомын бөмбөгийн загалмайлсан эцгийн намтар бүтээлүүд өнгөрөгч зуны турш бокс оффисыг бүхэлд нь байлдан дагуулж, Barbie гэхэд л дангаараа 1.4 тэрбум долларын орлого олсон билээ.

Харин Алтан Бөмбөрцөг наадамд Barbie нийт 10 төрөлд нэр дэвшсэн нь бүх цаг үеийн түүхэнд хоёрт бичигдэх үзүүлэлт болж, ардаас нь дөрөө харшуулан Oppenheimer найман төрөлд нэр дэвшсэн юм. Энэхүү тулаанд эцэст нь К.Ноланы бүтээл шилдэг драмын кино, шилдэг кино найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг ая зохиогч зэрэг таван шагнал хүртэж, ялалт байгууллаа.

Barbie-ийн хувьд кино урлаг ба бокс оффисын шилдэг амжилт, шилдэг дуу төрөлд тэргүүлсэн. Гэсэн ч тулаан хараахан дуусаагүйг сануулъя, ирэх гуравдугаар сарын 11-нд биднийг Академийн шагнал гардуулах ёслол хүлээж буй.

 5. ЖО КОЙ ЯДМАГХАН ХОШИГНОВ 


Алтан бөмбөрцөг наадмын хөтлөгчөөр ажиллаж буй хоёр дахь Ази гаралтай комедиан Жо Койн хувьд (2019 онд Сандра О анх удаа хөтөлж байсан) эл өдөр хар дарсан зүүд мэт өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Мордохын хазгайн үлгэрээр эхнээсээ л Барбины тухай хошигнол нь газар аваагүй. Төд удалгүй тэрээр “Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг, Алтан Бөмбөрцөг хоёрын хамгийн том ялгаа нь юу гээч? Алтан Бөмбөрцгийн үеэр бид Тэйлор Свифтийг арай цөөхөн удаа дэлгэцнээ харах болно” хэмээн хошигносон боловч зааланд сууж байсан алдартнууд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй билээ. Хошигнолын дараа Тэйлор Свифт рүү камер чиглэхэд тэрээр үнэхээр дургүйцсэн байдалтай, уруулаа жимийж, хөмсгөө зангидаж буй нь хэн бүхний нүдэнд туссан нь лавтай.

Тэйлор Свифт энэ жилийн сүүлийн хагаст, аялан тоглолтынхоо завсраар найз залуу Травис Келсигээ дэмжихээр Kansas City Chiefs багийн тоглолтод олон удаа очсон нь үнэн боловч түүний хувийн амьдралын талаар олны өмнө хошигносон нь үнэхээр цагаа олоогүй, бүдүүлэг үйл явдал болон хувирсан нь энэ.

 6. ЦАР ТАХЛААС ХОЙШ ҮЗЭГЧДИЙН ТОО ӨСӨВ. ГЭХДЭЭ? 

Энэ удаагийн шууд дамжуулалтыг дэлхий даяар 9.4 сая үзэгч үзсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар өссөн дүн. Гэвч цар тахлаас өмнө буюу 2019 онд л гэхэд Алтан Бөмбөрцөг жил бүр 17-20 сая үзэгчийг дэлгэцийн өмнө уядаг байсныг санууштай.

2022 онд Алтан Бөмбөрцөг наадмын гол зохион байгуулагч болох Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлаг татан буугдаж, улмаар NBC тус оны ёслолыг дамжуулахаас татгалзахад хүрж байсан билээ. Энэ жилийн хувьд Netflix эсвэл Amazon зэрэг стриминг үйлчилгээ анх удаа тус ёслолыг шууд дамжуулах болно хэмээх цуурхал байсан боловч эцэст нь зохион байгуулагчид CBS-ийг сонгосон.

Харамсалтай нь, зохион байгуулагч солигдсон ч Алтан Бөмбөрцөг үзэгчдийн дунд унаад байсан нэр хүндээ сэргээж чадсангүй. Vanity Fair сэтгүүл энэ удаагийн наадмыг “Тэр чигтээ гамшиг” хэмээн нэрлэсэн бол The Hollywood Reporter сэтгүүлийн шүүмжлэгч “Урьд хожид үзэж байгаагүй хамгийн уйтгартай шагнал гардуулах ёслол” хэмээжээ.

Магадгүй зохиолч, жүжигчидтэй байгуулсан шударга бус гэрээнүүд, Холливүүдийг бүхэлд нь хамарсан ажил хаялт зэрэг үйл явдлуудаас үүдэн үзэгчдэд тансаг улаан хивсний ёслол тийм ч онц гойд санагдахаа больсон ч байж мэдэх.

7. SUCCESSION ДЭЭД АМЖИЛТ ЭВДЭВ


HBO-ийн Succession телевизийн драма цуврал төрөлд Алтан Бөмбөрцөг наадмаас нийтдээ есөн шагнал (энэ жилийн хувьд шилдэг телевизийн драма, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг төрөлд ялалт байгуулсан) хүртсэнээр Mad Men, The X-Files-ийн амжилттай зэрэгцэж, дөрвөн улирал цацагдсан гэдэг үзүүлэлтээр дээд амжилт эвдлээ.

8. SUITS ЦУВРАЛЫН ЖҮЖИГЧИД  ЭРГЭН ЦУГЛАРАВ


81 дэх “Алтан Бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг телевизийн драмын цуврал төрлийн шагналыг гардуулахаар Америкийн алдарт Suits цувралын жүжигчид тайзнаа цугларсан нь онцлох мөчүүдийн нэг байлаа.

Гэвч Suits-ийн фенүүдийн зүгээс шагнал гардуулахаар гарч ирсэн жүжигчдийн дунд Suits цувралын Рэйчел Зейнийн дүрийг бүтээсэн жүжигчин Меган Маркл (Сассексийн гүнгийн авхай) байгаагүйд багахан сэтгэл дундуур байв.

9. BEEF, THE BEAR ШУУГИАН ТАРИВ


1980-аад онд төрсөн миллениал үеийн төлөөлөл, цагаач гэр бүлээс гаралтай ази залуусын сэтгэлзүйн зөрчлийг өгүүлэх Beef бүтээл телевизийн богино/антологи цуврал төрөлд дуулиан дэгдээж, Стивен Юн, Али Вонг нар Алтан Бөмбөрцгийн түүхэнд анх удаа Ази-Америк жүжигчид хамтдаа ялалт байгуулсан амжилтын эзэд болцгоов.

Хэдхэн хоногийн өмнө албан ёсоор Marvel-ийн Thunderbolts бүтээлээс нэрээ татсан Стивен Юний шагнал гардан авахдаа хэлсэн Frozen хүүхэлдэйн киноны тухай алиа үгс хүмүүсийн сэтгэлд Жо Койн хошигнолоос хэд дахин илүү хүрснийг дурсах нь зүйтэй.

Түүнчлэн Hulu-ийн The Bear бүтээл шилдэг телевизийн мюзикл / комеди цуврал төрөлд гурван шагнал хүртсэн юм.

10. ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ ТӨРӨЛД ФРАНЦ КИНО ТЭРГҮҮЛЭВ


Зохиолч, найруулагч Жастин Триетийн бүтээл Anatomy of a Fall энэ удаагийн 81 дэх шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг эх зохиол, шилдэг гадаад хэл дээрх бүтээлд ялалт байгууллаа.

Ялангуяа эх зохиол төрөлд Past Lives, Oppenheimer, Killers of the Flower Moon, Poor Things зэрэг бүтээлийг ардаа орхисон нь дийлэнх шүүмжлэгчдийн таамаглаагүй үйл явдал байв.

Нийтлэлийнхээ төгсгөлд бид голлох төрлүүдэд ялалт байгуулсан онцлох шагналын эздийг дурдаж байна.

Unread