Монголын шар айргийн зах зээлд тэргүүлэгч брэнд болох Алтан Говь шар айраг БНСУ-ын худалдааны томоохон сүлжээ болох E-Mart 24-т худалдаалагдаж эхэллээ!
2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АПУ ХК-ийн үндэсний дээд зэрэглэлийн энэхүү брэнд нь БНСУ-ын E-Mart 24 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдэд албан ёсоор худалдаанд гарчээ. Уг үйл явдал нь монгол шар айргийн гадаад зах зээлд нэвтрэх дараагийн том алхам болоод буй. Энэ нь зөвхөн нэг бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гарсан тухай бус, харин монгол амтыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэл экспортын шинэ шатанд гарч буйг харуулах чухал түүхэн алхам болсон юм.
E-Mart 24 ба GS25
БНСУ даяар 8,000 гаруй салбартай E-Mart 24 сүлжээ дэлгүүр бол тус улсын хамгийн өргөн цар хүрээг хамарсан, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг хангах 24 цагийн дэлгүүр (convenience store)-үүдийн нэг билээ. Ийнхүү Алтан Говь шар айраг E-Mart 24 сүлжээгээр албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн нь Монголын дээд зэрэглэлийн ундааны брэндүүдээс уг түвшний дэлгүүрт хүрсэн анхны тохиолдлуудын нэг болов.
Гэхдээ Алтан Говь брэндийн Солонгос улс дахь замнал одоо л эхэлж буй хэрэг бус. Харин тус замнал 2022 оны 6-р сарын 1-нд эхэлж байжээ. Тухайн үед нийт 18,000 гаруй салбар бүхий тус улс дахь хамгийн том сүлжээ болох GS25-д Алтан Говь шар айраг худалдаанд гарсан нь брэндийн анхны томоохон экспортын алхам болсон байна. Өнөөдрийн байдлаар Алтан Говь шар айраг GS25-ийн 13,000 гаруй салбарт тогтмол худалдаалагдаж байгаа аж. Энэ нь зөвхөн борлуулалт бус, харин бүтээгдэхүүний амт, чанар хэрэглэгчдэд хэрхэн хүрч, үнэлэгдэж буйг илэрхийлэх чухал үзүүлэлт билээ.
Монгол амтыг дэлхийд
АПУ ХК нь 100 гаруй жилийн түүхтэй, Монголын хамгийн том шингэн хүнсний компаниудын нэг. Тус компани нь сүүлийн жилүүдэд зөвхөн дотоодын зах зээлд бус, дэлхийд танигдсан Монгол брэндүүдийг бий болгох зорилтыг эрчимтэй хэрэгжүүлж буй. Мөн түүнчлэн дэлхийн томоохон брэнд болох Нидерландын Хайнекен шар айргийг ч Монголдоо үйлдвэрлэж эхэлснийг дурдууштай.
Дэлгэрүүлж унших: Эх орондоо үйлдвэрлэсэн шар айраг сонгох 3 шалтгаан
Алтан Говь шар айраг нь тус зорилтын бас нэгэн том алхам боллоо. Монгол орны уур амьсгалын онцлог, байгалийн гаралтай түүхий эд, орчин үеийн технологийн үр дүнд бүтсэн энэхүү шар айраг нь өөрийн амт чанараараа дэлхийн зах зээлд ялгарч чадсан байна.
Брэндийн Алтан Говь нэр нь Монголын "Торгоны зам"-ын түүхэн өвийг бэлгэдсэн гүн утгыг шингээдэг бөгөөд энэ нь тус брэндийг дэлхийн тавцанд Монгол улсыг төлөөлөх нэгэн томоохон нүүр царай болж буйг харуулна.
Дэлхий рүү чиглэсэн дараагийн алхам
E-Mart 24 болон GS25 сүлжээнд амжилттай нэвтрэн орсноор АПУ ХК нь олон улсын зах зээлд эргэлт буцалтгүй хөл тавиад байна. Уг туршлага нь тус компанийн зөвхөн борлуулалт өсгөхөд бус, харин маркетинг, хэрэглэгчтэй холбогдох хэлбэр, соёлын илэрхийлэл, брэндийн стратегийг нарийн тодорхойлоход тусалж, олон улсын жишигт нийцүүлэх боломжийг бүрдүүлснийг онцлууштай.
Ийнхүү Солонгосын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлснээр, АПУ ХК нь брэндийн нэр хүндээ улам бататгаж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өөрийн байр сууриа эрчимтэй тэлсээр буй.
Өнөөдөр дэлхийн хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгохдоо зөвхөн амт, үнэ, чанар бус харин брэндийн түүх, үнэ цэнийг чухалчлах болоод байгаа билээ.
Алтан Говь шар айраг Солонгосын зах зээлд амжилттай нэвтэрч, олон улсын хэрэглэгчдийн өдөр бүрийн амьдралд орж ирж байгаа нь Монголын хүнсний үйлдвэрлэл, экспорт, брэнд бүтээх ур ухааны том амжилт болохын зэрэгцээ хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг мэдрүүлж, цаашид ч улам том зах зээлд хүрэх замналын томоохон гарц, хөшүүрэг боллоо.