Монгол түмний их баяр наадам хаяанд ирлээ. Эх орондоо, хилийн чанадад ажиллаж амьдарч буй бүхий л монголчууд маань үндэснийхээ өв соёл, уламжлалаар бахархан баярладаг энэ баяр бидний хамгийн чухал хоёр баярын нэгийн сацуу дэлхийд цор ганц онцлог бүхий тэмдэглэлт өдрүүд билээ.
Өмнө нь манай редакц Үндэсний их баяр наадамтай холбогдуулан Монгол ахуйг сэргээн сануулах XX зууны 10 роман нийтлэлийг уншигч танд хүргэж байсан бол энэ удаа манай улсын тухай өгүүлсэн гадаадын уран бүтээлчдийн туурвисан 10 киног сорчлон танилцуулж байна. Уншигч та дэнж хотойтол сайхан наадаарай.
Холбоотой нийтлэл: Монгол ахуйг сэргээн сануулах XX зууны 10 роман
1. Urga (1991)
Найруулагч: Никита Михалков
Улс: Франц, ЗХУ
Өвөр Монголын тал нутагт уламжлалаа даган аж төрж ирсэн малчин Гомбогийн гэр бүл хот суурин газрын соёл иргэншил хэрхэн мөргөлдөж буйг өгүүлдэг энэхүү бүтээл Венецийн кино наадмын Алтан арслан шагналыг хүртэж байв.
Орос жолооч Сергейтэй нөхөрлөсөн малчин Гомбогийн амьдралаар дамжуулан орчин үеийн хөгжил, байгальтайгаа зохицон орших нүүдэлчдийн үнэт зүйлсийг зэрэгцүүлэн харуулдаг уг бүтээлийг энэ наадмаар танд санал болгоё.
2. Mongolian Ping Pong (2005)
Найруулагч: Нин Хао
Улс: БНХАУ
Өвөр Монголын алслагдсан хөдөө нутгийн хүүхдүүд голоос цагаан бөмбөг олж, түүнийгээ юу болохыг мэдэх аялалд гарснаар киноны үйл явдал эхэлнэ. Тэд тэрхүү нууцлаг зүйлийг тэнгэрээс бууж ирсэн эрдэнэс мэт үзэн, учрыг олохоор лам хувраг, бүр цагдаа нараас хүртэл асууж үзнэ. Ингээд хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү адал явдлынхаа үр дүнд хүүхдүүд зурагтын нэвтрүүлгээс ширээний теннисний бөмбөг гэдгийг нь мэдээд Бээжинд буцааж өгөх аянд мордоно.
3. Marco Polo (2014)
Бүтээгч: Жон Фуско
Улс: АНУ
Netflix-ийн анхны томоохон түүхэн цувралуудын нэг болох Marco Polo нь XIII зууны Монголын эзэнт гүрэн, Хубилай хааны ордон дахь эрх мэдлийн тэмцлийг өргөн цар хүрээтэйгээр харуулдаг билээ. Хэдийгээр түүхэн баримтаас зөрсөн хэсэг бас бус бий ч хувцас хэрэглэл, адууны соёл, тал нутгийн уур амьсгалыг тун чиг уран нарийн дүрсэлснээрээ онцлогтой. Түүнчлэн дотоодын жүжигчдээс ч цөөнгүй оролцсон байдаг. Уг цуврал нийт 90 сая доллароор бүтсэн бөгөөд Netflix-ийн тухайн үеийн хамгийн үнэтэй бүтээлүүдийн нэг болж байв.
4. A Little Bit Mongolian (2011)
Найруулагч: Майкл Диллон
Улс: Австрали (баримтат)
Австралийн 12 настай хүү Ангус Парадайс Монголд гэр бүлээрээ аялж байхдаа хүүхдүүд хээр талаар адуугаар хурдан давхихыг хараад, эх орондоо буцсан даруйдаа өдөр бүр сургуулиасаа гэр хүртэлх 25 км замыг мориор туулдаг болжээ. Тэрээр Наадмын их баярын морин уралдаанд оролцох анхны гадаадын хүү болохын төлөө дахин Монголд ирнэ.
Уг баримтат кино нь Ангус хүүгийн зорилгодоо хүрэхийн төлөөх зориг, тэвчээрийг харуулахын зэрэгцээ Монголын морин соёл, Наадмын ач холбогдлыг олон улсын үзэгчдэд танилцуулсан бөгөөд Канадын Банфийн Уулын Соёлын кино наадмаар шилдэг кино шагнал хүртжээ.
5. All the Wild Horses
Найруулагч: Айво Марло
Улс: Их Британи (баримтат)
Их Монгол Улсын үеийн өртөөн системийн загварыг дагасан дэлхийн хамгийн урт бөгөөд хүндэд тооцогддог морин уралдаан Монгол Улсад явагддаг гэдгийг та мэдэх үү? Уг уралдааныг "Монгол Дерби" хэмээдэг бөгөөд уралдааны оролцогчид эртний монгол элчдийн адил 35 километр бүрд байршсан өртөөгөөр дамжин морио сэлгэн явсаар нийт 1000 километр талбайг туулдаг байна.
Энэхүү уралдааныг найруулагч Айво Марло уг бүтээлээрээ баримтжуулжээ. Уг бүтээлд Канад, АНУ, Өмнөд Африк, Ирланд зэрэг орны оролцогчдын уралдааныг харуулна. Найруулагч Айво Марло өөрөө уг уралдаанд хоёр удаа оролцож байжээ. Түүний тус бүтээл Голуэйн кино наадмаар шилдэг олон улсын баримтат кино шагнал хүртэж байв.
6. Joan of Arc of Mongolia (1989)
Найруулагч: Ульрике Оттингер
Улс: Герман
Европоос Бээжин рүү чиглэсэн галт тэргэнд явж байсан хэсэг эмэгтэй санамсаргүйгээр Монголын тал нутагт ирснээр үйл явдал өрнөнө. Найруулагч Ульрике Оттингер баримтат болон уран сайхны киноны хэлбэрийг хослуулж, монгол эмэгтэйчүүдийн амьдрал, зан заншил, бөө мөргөл, хөгжим, ахуйг чадварлаг дүрсэлсэн байдаг.
Найруулагч Улрике Оттингер Өвөр Монголд зураг авалт хийх зөвшөөрөл авсан анхны өрнийн найруулагч байсан бөгөөд антропологийн баримтжуулалт, феминист уран сайхны хослолоор энэхүү өвөрмөц бүтээлээ туурвижээ. Делфин Сейриг тоглосон энэ кино Берлиний олон улсын кино наадамд оролцож, Германы кино шагналыг хүртсэн юм.
7. Molom: A Legend of Mongolia
Найруулагч: Мари-Жауль де Понсвиль
Улс: Франц
Чоно дунд өссөн, эцэг эхээ алдсан найман настай хүү Ёндоныг бөө Молом өөрийн ивээлдээ авч, хамтдаа Монголын хээр талыг туулна. Замын явцад Ёндон айдас, шившлэг, байгалийн нууцлаг сорилтуудтай тулгарч, өөрийн доторх "сувдыг" олоход суралцдаг.
Бурхны шашны сургаал, нүүдэлчний ахуй амьдралыг өвөрмөц дүрслэлээр харуулсан энэхүү кино нь өвгөн ба хүүгийн харилцаа, хүндэтгэлийг уран яруу өгүүлнэ. Тус бүтээл Парисын кино наадамд шалгарч байжээ.
8. Il canto del respiro (Song of Breath) (2025)
Найруулагч: Симона Каноника
Улс: Швейцар, Итали (баримтат)
Амьсгалын тухай гурван соёлын түүхийг хөндсөн энэхүү баримтат кино Австралийн уугуул иргэдийн диджериду хөгжмийн эртний уламжлал, Итали дахь модны нууцлаг хөгжмийг, харин Монголд залуусын хөөмийн урлаг, дотоод дуу хоолойгоо олох эрэл хайгуулыг зэрэгцүүлэн өгүүлнэ.
Найруулагч Симона Каноника өөрийн амьдралын туршлагаас санаа авч бүтээсэн уг кино дэлхийн ард түмний хоорондын ижил төстэй байдлыг амьсгал гэдэг нэгдмэл гүн ойлголтоор холбож өгүүлснээрээ онцлогтой. Тус бүтээл өмнөх оны Улаанбаатарын олон улсын кино наадмын нээлтийн кино болсон бөгөөд хэд хэдэн олон улсын наадамд шагнал хүртсэн юм. Сонирхуулахад, миний бие уг бүтээлийн Монгол Улс дахь зураг авалтын үеэрх орчуулагчаар ажиллаж байсан билээ.
9. Mongolian Bling
Найруулагч: Бенж Бинкс
Улс: Австрали (баримтат)
Хип хоп хөгжмийн урсгал Монголд хэрхэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосныг харуулсан энэхүү баримтат кино нь уламжлал, үндэсний бахархал, орчин үеийн залуусын дуу хоолойн талаар өгүүлнэ. Кино нь орчин үеийн хип хоп урлагийг монгол ардын дуу, туульч, бөө нарын өв уламжлалтай холбож, хип хопын үндэс угтаа Монголд эрт дээр үеэс байсан гэдгийг зарим ахмад хөгжимчид өгүүлдгийг ч харуулна. Уг бүтээл Австралийн ABC сувгаар цацагдаж, олон улсын кино наадмуудад гарч байжээ.
10. The Cord of Life (Хүй)
Найруулагч: Цяо Сысюэ
Улс: БНХАУ, ӨМӨЗО (Монгол хэлээр)
Бээжинд ажилладаг хөгжимчин Алус ээж Наранзугаа Альцхаймерийн өвчтэй болсныг мэдээд ахынхаа хотын байрнаас нүүлгэн өөрийн төрсөн нутаг болох Өвөр Монголын хээр талдаа авчирснаар киноны үйл явдал эхэлнэ. Найруулагч Циао Сишүэгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Cord of Life” буюу “Хүй” бүтээл 35 дахь удаагийн Токиогийн олон улсын кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд сонирхуулахад, энэхүү жагсаалтад багтсан “Урга” кинонд тоглосон жүжигчин мөн уг бүтээлд дүр бүтээсэн байдаг. Тус бүтээлийг та энэ жилийн Наадмаар хайртай дотнын хүн, гэр бүл, найз нөхөдтэйгөө үзэж сонирхоорой.

Сэтгэгдэл бичих

