Уншигч та сүүлийн хэдэн өдөр Инстаграм стори, Viber групп чатаасаа “Үглэ, Сүлбээ” гэх үгтэй холбоотой, өнгө өнгийн эможитой тоглоомуудыг олж харсан байж магад. Хэрэв тийм бол тэдгээр нь манай редакцын хөгжүүлж буй unread.games-ийн эхний тоглоомууд юм.
Харин тийм стори, чат хараахан олж хараагүй байгаа бол unread.games хаягаар ороод сүүлийн үед ялангуяа оффист ажилладаг залуусын зуу зуугаараа тоглоод буй дээрх үгэн тоглоомуудыг туршаад үзээрэй. Таван минутад тархийг тань “амраана” гэдэгт итгэлтэй байна.
Үглэ-г хэрхэн тоглох тухай энэ нийтлэлээс уншаарай. Харин уг нийтлэлээр нийт тоглогчдын дийлэнх олонх нь сүлбэж барахгүй, бүдэрч байгаа “Сүлбээ” тоглоомд туслах шифи-нүүдийг тоглоом бүтээгчдийн зүгээс хүргэж байна.
Сүлбээ тоглох - unread.games/sulbee
Сүлбээ гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд эрчээ авсаар буй тархиа амраангаа, онгодоо хүлээнгээ тоглох боломжтой жижиг хэмжээний үгэн тоглоомуудын нэгэн том жанрыг монгол хэлнээ буулгасан нь “Сүлбээ”.
Уг тоглоомыг бид долоо хоног тутмын Unread Today сонины Цайны цаг буланд хэвлэсээр өдгөө хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Сонины уншигчдын дунд алдартай, уг хит тоглоомоо unread.games/sulbee хаягт байршуулаад хэдхэн хонож буй.

Тоглоомын дүрэм нь ийм: Өдөр бүр 16 үг өгөгдөх бөгөөд тоглогч тэдгээр үгсийг ижил төстэй шинж чанараар нь 4, 4 үгтэй нийт дөрвөн бүлэгт хуваах даалгавартай.
Тоглох зарчмын хувьд ижил бүлэг гэж бодсон үгсээ сонгож/идэвхжүүлж байгаад “сүлбэх” товчийг дарснаар зөв, буруу гэдгээ шалгана. Гэхдээ нийт 4 амь буюу 4 удаа л амжилтгүй сүлбэх боломж бий. Сонирхуулахад, ихэнх амжилттай давагчид сүүлийн хоёр амь дээрээ тулж байж, бүх үгийг хуваарилж байна билээ.

Амжилттай сүлбэхэд туслах шифи-нүүд
Амжилттай сүлбэхэд туслах шифи-нүүд
4-р сарын 14-ний өдөр нийтлэгдсэн, @majigaa-гийн зохиосон Сүлбээ #9 дээр тулгуурлан дараа дараагийн сүлбээнд туслах шифинүүд өгье. Ахин сонирхуулахад, уг сүлбээг нийт тоглогчдын 80 хувь нь давж чадаагүй байна.
Урд, хойно нь үг залгах: Монгол хэл холбоо үгээр тун баялаг бөгөөд тэс хөндлөн хоёр үгийг холбоход илүү нарийн эсвэл цоо шинэ утга үүсдэг маш олон тохиолдол бий. Энэ бол бидний ашиглах дуртай нууц арга.
Энэ тохиолдолд “ус, хүн, цай, шөнө” гэдэг үсгийг нэг бүлэг болгон амжилттай сүлбэж байгаа нь эдгээр үгсийн урд “хар” гэдэг үг нэмэхэд бүгд хоршоо үг үүсгэж байгаад оршино.

Үгийг бүтэн болгож бодох: Хэрэв Архангай, Сүхбаатар, Завхан, Баян-Өлгий гээд шууд л биччихсэн байвал бол хэтэрхий амархан шүү дээ. Тиймээс бид тоглогчдыг “бодуулах”, тархийг нь “амраах” зорилгоор эдгээр ойлгомжтой үгсийн нэг үеүдийг оруулж, тоглогчдыг төөрөгдүүлдэг гэсэн үг.
Иймд тоглогч та зөвхөн тухайн өгөгдсөн үгийг бус тэдгээр үгс ямар тохиолдолд ашиглагддаг, юуны хэсэг байж болох вэ гэдгийг бодож хэвшээрэй.

Сүлбээний гогцоог олох: Энэ хүртэл уншсан уншигч/тоглогч танд нэгэн нууц задалъя. Сүлбээ бүтэх үе шат төөрөгдүүлэх хамгийн өндөр боломжтой буюу аль ч бүлэг рүү орчхож болох нэг үгээс эхэлдэг гэсэн үг. Тэр л гогцоог олбол Сүлбээ маш амархан харагдах болно.
Энэ тохиолдолд жишээ нь, цүнх, дэвтэр, шаар гэсэн үгс Хичээлийн шинэ жилийн баяртай холбоотой харагдана. Гэсэн ч энэ сэдэвт хамаарах дөрөв дэх үг олдохгүй байгаа биз? Яагаад гэвэл та тоглоом бүтээгчийн бэлдсэн урхинд орж, гогцоонд тээглэн унажээ.
Өөрөөр хэлбэл, “Цүнх” гэх үг болон уг үгний шууд төрүүлэх "хичээл, сургууль" гэсэн агуулга сүлбээний гогцоо буюу хамаг хэргийн эзэн юм.

Үгийн үсгүүдийг анзаарах: “Хичээлийн шинэ жил”-ийн сэдвээр сүлбэх оролдлого мухардсан тул арай өөрөөр харъя. Тунаж үлдсэн 8 үг дотор ижил үсгээр эхэлсэн эсвэл төгссөн үгс байна уу? Энэ бол тоглоом бүтээгдчийн ашигладаг хамгийн залхуу атлаа хамгийн "заваан" арга юм.
“дэвтэР, шааР, өдөР, вааР” гэсэн дөрвөн үг дөрвүүлээ “Р” үсгээр төгссөн байгаа нь тэдний ижил шинж чанар тул нийлж, нэгэн амжилттай сүлбээг үүсгэнэ.

Үгийг нь биш утгыг нь бодох: Ингээд сүүлд үлдсэн дөрвөн үг болох “шанага, аяга, цүнх, сав” нь бүгд дээшээ харсан сав буюу аливааг багтаах зориулалттай эд хэрэгсэл тул нэгэн бүлэг болох нь ойлгомжтой.


Энэ хүртэл уншсан уншигч/тоглогч танд талархлаа илэрхийлж, ирэх гурван өдрийн Сүлбээг амжилттай давж, найз нөхдөдөө гайхуулахад туслах нэг, нэг шифи задалъя.
4.15: Marvel-ийн баатруудыг санаарай
4.16: Энэ нийтлэл дээрх логикуудыг дагаарай
4.17: Төрийн дууллаа дуулаарай
СУРСАН ШИФИНҮҮДЭЭ ЯГ ОДОО хэрэглээд үз







Сэтгэгдэл бичих

