Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай юм. Бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг "Тогтвортой хөгжил 2030" цахим товхимлын хүрээнд энэхүү тусгай дугаарыг бэлтгэлээ.
Агаарын температур ердөө нэг хүрэхгүй хувь нэмэгдэж, Арктикийн мөс хайлах төдийд хүн төрөлхтөн чухам яагаад ингэж сандрах болсныг өдгөө хүн бүр зах зухаас нь ойлгож мэддэг болсон. Гэхдээ таны өдөр тутмын амьдрал, эргэн тойрон, эдэлж хэрэглэж буй бүхэн хэрхэн дэлхийн дулаарлын шалтгаан болж буйг нэг задлаад үзэх үү? Энэ бүхнийг тойрсон олон ээдрээтэй асуудлыг цэгцтэй буулгах амаргүй ч мэдвэл зохих бүхнийг сорчлон тайлбарлаж, шинэ технологи, инновацын шийдлүүдийг шигтгэн хүргэж байна.

Хүлэмжийн хийг хүлцэх нь
Өдгөө дэлхий дээр Нью-Йорк хотын дайтай шинэ хот суурин сар бүр бий болж, хүн бүр хотжилт, хотын амьдралд тэмүүлсээр байна. Тэрхүү үйлдвэржилт, даяарчлалын нөлөөгөөр хүлэмжийн хийн ялгаруулалт 1850 оноос хойш эрчимтэй нэмэгдэж, сүүлийн 160 жилд тасралтгүй өссөөр буй нь хэдийнэ гайхах зүйл биш болжээ.
Хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгохоос нааш агаарын температур нэмэгдсээр байх болно. Зарим судлаачид. 2030 он гэхэд хүлэмжийн хий багасах нь бүү хэл хоёр дахин өснө хэмээн тооцоолж буй. Нүүрсний төслүүдийг дэмжихгүй гэдгээ амласан Хятад, Япон, АНУ зэрэг том гүрнүүд одоог хүртэл хилийн чанад дахь нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулсаар байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг харуулж байна.
Үнэндээ хүлэмжийн хийн ялгарлын 40 хувийг хүн амын ердөө 16 хувь буюу дэлхийн хамгийн баян хүмүүс “үйлдвэрлэж” байгаа нь шударга бус мэт. Гэхдээ тэд 0 болгосон ч үлдсэн хүмүүс нь бохирдлыг бий болгосоор л, ирээдүйд бүр нэмэгдэх магадлалтай тул бид энэ бүхнийг учирлаж ойлгуулах хэрэгтэй юм.

тооны хэлээр
10 мянган жил: Нэгэнт ялгарсан нүүрсхүчлийн хий агаар мандалд маш удаан хугацааны турш байдаг. Одоогоор агаар мандалд байгаа нийт хүлэмжийн хийн тавны нэг нь ирэх 10 мянган жилд арилахгүй.
5.1 тэрбум: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад жилд багадаа 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ бол дэлхийн эдийн засгийн 6 хувьтай тэнцэх тоо.
106: Монгол Улс тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж буй ажлууд болон ахиц дэвшлээр дэлхийн 165 орноос 106 дугаарт жагсаж буй. Энэ нь бүс нутгийн дунджаас 1.9 пунктээр бага байна.
60-80 хувь: Дэлхийн хотууд нийт газар нутгийн ердөө гуравхан хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний хэрэглээний 60-80 хувийг зарцуулж, нийт хүлэмжийн хийн 75 хувийг бүрдүүлж байна.
Сая долларын эргэлзээ
Манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалтад аль салбар хамгийн түлхүү холбогдох вэ?
Товчхондоо, хүлэмжийн хий нь эрчим хүчний салбар дахь нүүрсний хэрэглээ, хөдөө аж ахуйн салбарын малын тооноос шууд хамааралтай.
Мал аж ахуйн салбар нь метан, азотын исэл ихээр ялгаруулдаг тул хүлэмжийн хий нэмэгдэхэд томоохон нөлөө үзүүлж байна. Иймдээ ч Монгол орны хүлэмжийн хийн ялгаруулалтын 50 гаруй хувь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй.
Учир нь, үхрийн гэдсэнд байх бактери идсэн өвс тэжээлийг нь задалж, царцааж орхидог тул хэхрэх, унгах үед метан болж ялгардаг байна. Мал аж ахуйгаас ялгарч буй метаны 85 хувь нь мал хивэх үед ялгардаг бол үлдсэн 15 хувь нь малын ялгадсаас үүсдэг аж. Малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах, журамлах, малын өтөг бууцны менежментийг сайжруулах арга хэмжээ авснаар тус салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 5283.4 мянган тонн CO2-экв-ээр буюу 23.4 хувиар бууруулах боломжтой.
Харин үлдсэн хувийг нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбар бүрдүүлж буй. Манай улсын нийт хүн амын 50 хувь нь хоол ундаа боловсруулахдаа аргал хөрзөн, түүхий нүүрс ашигласан хэвээр байна. Түүхий нүүрс хэрэглэснээс болж ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн нийт хэмжээ 2010 оныхоос хоёр дахин нэмэгдэж, 2019 онд 35.9 сая тонн болжээ.

Эрчим хүчний тухай эргэн лавшруулахад
Сэргээгдэх эрчим хүчний гайхамшиг, ач тусыг бид хангалттай ярьж байгаа. Гэхдээ нөгөө талаас гарах сөрөг үр дагаврууд, зарцуулах хөрөнгө мөнгийг ч дурдах ёстой юм.
Нүүрсний цахилгаан станц гэдэг тасралтгүй 24 цаг ажиллах боломжтой бол нар, салхины хувьд тун хязгаарлагдмал. Үргэлж салхи үлээж, өдөр шөнөгүй нар тусах боломжгүй учраас нийт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал одоогоор ердөө 30 болон түүнээс доош хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нэг хотод шаардлагатай нийт эрчим хүчний 30 хувийг л үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Өөр ямар асуудлууд байна гээч?
Сэргээгдэх эрчим хүчний сул талууд:
Усан цахилгаан станц: Газрыг усаар бүрхэх үед хөрсөнд маш их нүүрстөрөгч бий болж агаарт метан болж ууршдаг. Хаана баригдсанаасаа шалтгаалж нүүрсний уурхайгаас ч их хүлэмжийн хий ялгаруулах эрсдэлтэй.
Нарны эрчим хүчний цахилгаан станц: Нүүрсний цахилгаан станцтай харьцуулахад 5-50 дахин том газар хэрэгтэй. Салхины хувьд нарныхаас 10 дахин том байх шаардлагатай.
Салхин цахилгаан станц: Барих үйл явц тун төвөгтэй. Төрөл бүрийн тусгай зөвшөөрлөөс эхлээд орон нутагтай гэрээ байгуулах бичиг цаасны олон ажил хөвөрдөг.
Цөмийн цахилгаан станц: Бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамгийн бага материал шаарддаг боловч хүн болоод байгаль орчинд эрсдэл, аюул ихтэй хэмээн дэлхий даяар олноор байгуулахыг дэмжихгүй байгаа.
Санал болгох:
Тогтвортой хөгжлийн талаарх таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд
Тогтвортой хөгжил 2030 цахим товхимлууд
2030

Цахилгааны шийдлүүд
Тэгвэл тээврийн салбарт юу болж байна вэ?
Ихэнх өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслээс ялгарах хүлэмжийн хий оргилдоо хүрч, одоо эргэн бага багаар буурч байна. Харин хөгжиж буй орны хувьд эрчтэй өссөөр буй.
БНХАУ бол хамгийн сонгодог жишээ. Тэд улам олуулаа, орлоготой болохын хэрээр хэрэглээ нь өссөөр байгаа. Тус улсын хувьд сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслээс ялгарах хүлэмжийн хий хоёр дахин өссөн. Тээврийн салбарт одоогоор цахилгаан автомашиныг өргөн хэрэглээнд оруулах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзэж буй.
Гэхдээ хамгийн гол нь цахилгаан автомашиныг цэнэглэж буй эрчим хүч нь өөрөө хүлэмжийн хий ялгаруулдаггүй эх сурвалж байх ёстой. Хэрэв тийм биш бол бид өөрсдийгөө хуурч байгаагаас нэг их ялгаагүй юм.

Цахилгаан автомашины цаадах өртөг
Шатахууныг нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эх үүсвэрээр солихын тулд өртөг нь 106 хувь нэмэгдэнэ. АНУ-д нэг өрх жилд 2000 ам.доллар шатахуун авахад зарцуулдаг гэж үзвэл энэ зардал 4000 ам.доллар болно гэсэн үг. Автобус, ачааны том автомашин унах тусам зардал чирэгдэл их, өөр эх сурвалжаар солиход улам л сорилт болно.
Гэхдээ автобусыг цахилгаанаар явдаг болгох нь тун тохиромжтой. Олон цагаар нэг газраа зогсдог учраас тухайн хугацаандаа цэнэглэж болно. Харин том ачааны автомашинууд илүү олон баттерей солих, замдаа олон удаа зогсож цэнэглэх шаардлага гарах учраас цахилгааны шийдэл тохиромжгүй хэмээн үздэг. Онгоцны нийт жингийн 20-40 хувийг зөвхөн шатахуун эзэлдэг гээд төсөөлөөд үз. Цахилгаан хөдөлгүүртэй болгохын тулд 35 дахин хүнд жинтэй болно гэсэн үг.
Эцэст нь, боломжтой бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгох, үлдсэнийг нь хямд түлшээр хангах нь одоогоор хамгийн зөв шийдэл болно. Бид нүүрс, шатахуунтай хол явахгүй гэдэгтээ эвлэрч, удаан ч гэсэн яаж өөр зүйлээр солих, шилжүүлэх тухай эртнээс бодож төлөвлөх хэрэгтэй билээ.

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn
Unread Media & Khan Bank

Сэтгэгдэл бичих

