Та 2030 онд дүнгээ авах "гэрийн даалгавар"-аа хэр гүйцэтгэж байна даа? 

Тогтвортой хөгжлийн тухай асуудал энэ зууны хамгийн “халуун” сэдэв болж, дэлхийн иргэн бүрийн санаа тавих учиртай чухал даалгавар болжээ. Даалгаврыг биелүүлэх хугацаа урт биш, амархан ч биш.

Тиймээс бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг 2019 оноос хойш тогтмол бэлтгэн хүргэж буй цор ганц медиа баг билээ. 

Бид ийнхүү дөрөв дэх жилдээ тогтвортой хөгжлийн талаарх цогц мэдээллийг бэлтгэн хүргэхээр эргэн уулзаж байгаа билээ. Энэ жил бид контентын хэлбэр, агуулгыг дахин шинэчилж, текст суурьтай дижитал контентыг хүргэхээс гадна уншигчидтайгаа өргөн нэвтрүүлгийн телевизээр тун удахгүй уулзах гэж буйг дуулгахад таатай байна. 

Энэ хүрээнд бид шинэ дугаартаа өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн товхимлуудын агуулгыг нэгтгэн базаж, цэгцтэй ойлголт өгөхөөр сонирхолтой контент бэлтгэлээ. Үсэг бүрийн дор холбогдох нийтлэлүүдийн холбоосыг хийсэн тул уншсан бүхнээ эргэн бататгаж, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө хамтдаа хичээцгээе!

а бол амлалт

2015 оны есдүгээр сарын 25 - 27. Одоогоос долоон жилийн өмнө НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн төлөөх арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх амлалт өгсөн. Энэ хүрээнд дэлхийн хаана ч очсон тулгардаг нийгэм, эдийн засаг, байгаль орчны түгээмэл асуудал, бэрхшээлүүдийг багцлан, 17 зорилгын хүрээнд шийдэхээр хичээж буй.

Мянганы Хөгжлийн Зорилтын (MDGs) амжилт дээр суурилж, дэлхий дахины хөгжлийн шинэ хөтөлбөрийг бий болгосон нь энэ юм. Үүний дагуу эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн хөгжлийн гурван хэмжүүрийг нэгтгэж, 2030 он гэхэд дэлхий нийтээрээ дагаж мөрдөх замын зураглал болгосон билээ. Бид өдгөө тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэх замынхаа талд нь хүрээд буй. Бидэнд алдаж ухарсан болон ахиц дэвшсэн олон туршлага бий.

б бол бие сэтгэлээ хайрлах 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамгийн чухал сэдэв бол эрүүл мэнд. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш шинжлэх ухааны гайхам нээлтүүд хийсээр ирсэн ч өдгөө 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй хэвээр байгаа нь харамсалтай. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь бууруулах зорилт тавьсан билээ.

Дэлхийн түүхэнд XX зууны эхэн үе хүртэл гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдал, эсвэл халдварт өвчний улмаас насанд хүрэхээсээ өмнө эндсэн гашуун сургамж бий. Харин өдгөө анагаах ухааны салбарын ололт, амжилтын үр дүнд халдварын улмаас нас барах хүүхдийн тоо түүхэн дэх хамгийн доод үедээ байгааг онцлох учиртай. Мөн олон улсад ХДХВ-ийн халдвар 2010 онтой харьцуулахад 22 хувиар буурч, хөгжингүй орнуудад сүүлийн 25 жилд уушги, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, төмсөгний хавдрын нас баралт 25-90 хувь болж буураад байна. Хиймэл оюун ухаан, нано технологийн тусламжтайгаар төрөл бүрийн хорт хавдрыг урьдчилан оношлох боломжтой болсон тул цаашид хүн төрөлхтний тэргүүлэх өвчлөлийг бууруулах олон шийдэл гарч ирэх биз ээ.

В бол вирустэй тэмцэх

Дэлхийн түүхэнд хүн төрөлхтнийг хамарсан томоохон халдварт өвчнүүд олон тохиосон. Одоог хүртэл жил бүр дэгдэх томуу, томуу төст өвчний тархалтын улмаас 3-5 сая хүн хүндээр өвчлөх, 290-650 мянган хүн амьсгалын замын хүндрэлээр нас барах эрсдэлтэй хэмээх тооцоо бий.

Сүүлийн хоёр арванд гарсан халдварт өвчний хувьд 2002 онд SARS буюу амьсгалын замын цочмог хам шинж, 2005 онд шувууны ханиад, 2009 онд гахайн ханиад, 2014 онд Эбола вирус дэгдсэн. Мөн 2020 онд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 6.1 сая хүн амиа алдаад байна. Орчин цагт цар тахлыг даван туулах хамгийн сайн шийдэл бол вакцин хэвээр. Одоогоор дэлхий дээр 4.5 тэрбум хүн буюу нийт хүн амын 64.3 хувь нь Ковид-19 халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ.

г бол гамшгаас сэргийлэх 

Дэлхийд 1970 оноос хойш гал түймрийн тоо тав дахин өсөж, Сири улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэж, Европ тивийг дайрсан хэт халалт болсон. Энэ зууны сүүл гэхэд Европ тивд жил бүр 150 мянган хүн хэт халалтаас болж нас барах магадлалтай гэх тооцоо хэдийн гарсан нь уур амьсгалын өөрчлөлтийн “улаан гэрэл” хэчнээн удаан асаж буйг тодорхой харуулна.

Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл XXI зууны дунд үед гэхэд агаарын дундаж температур 1.5 - 3 хэмээр нэмэгдэх магадлалтай. Уур амьсгалын өөрчлөлт нь энэ зууны дунд үед гэхэд Европын буудай, үр тарианы хагасыг нь үгүй хийж, Төв болон Өмнөд Африкийн газар тариалангийн 20 гаруй хувь нь хуурайшиж хатах эрсдэлтэй гэдгийг Билл Гэйтс "How to Avoid a Climate Disaster" номдоо тун дэлгэрэнгүй өгүүлсэн.

Энэ бүхний шалтгаан нь мэдээж уур амьсгалын өөрчлөлт. Гэхдээ бид зарим эрсдэлээс зугтах боломж бага гэдгийг хүлээн зөвшөөрч, юун түрүүнд буурай улс орнуудын эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэх, ядуурлын эсрэг бодлогууд зэрэг нь нэн тэргүүний ажил болж байна.

д бол Дэргэдэх эрдэнэ

"Дэлхийн түүхэнд дайн дажинд үрэгдсэн нийт хүмүүсийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг усны хомсдол учруулах аюултай" хэмээн Дэлхийн усны консулын ерөнхийлөгч Луй Фашон хэлсэн.

Дэлхийн бүх усыг 100 литр хэмээн үзвэл ундны усанд ашиглах боломжтой нь ердөө жижиг халбага ус гээд төсөөлөөд үзээрэй. Өдгөө хоёр тэрбум гаруй хүн цэвэр усны тулгамдсан асуудалтай оронд амьдарч байна. Ундны усны хомсдолын улмаас олон сая хүн бохир ус хэрэглэж, булчин задрах тахал, цусан суулга, хижиг, халдварт саа өвчнөөр хэдэн зуун мянгаараа өвчилж буй нь харамсалтай. Дээр нь хаягдал бохир ус нь цэвэршүүлсэн бохир устай харьцуулахад гурав дахин их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг тул хаягдал усыг зөв ашиглах нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.

Энэ хүрээнд усны зохистой хэрэглээг бий болгохоор усны үр ашиг, зарцуулалтыг хэмжих, тооцоолох апп, програм хөгжүүлж, хиймэл оюунд суурилсан технологиудыг хөгжүүлсээр байна. Гэхдээ хамгийн гол нь бид эргэн тойрондоо ухамсарт усыг хэмнэх, хайрлах хандлага, сэтгэлгээг суулгах учиртай юм шүү.

Е бол ердийн илчлэг, тэжээл

Өдгөө дэлхий дээр 820 сая хүн хоолоо хаанаас олж идэх вэ гэх асуулттай өдөр бүр тулгарч бaйна. Мөн өөр нэг асуудал нь 2.1 тэрбум хүнд тулгараад буй илүүдэл жин юм. Өлсгөлөн гэдэг зөвхөн хоол хүнсний хомсдолыг хэлэхгүй. Энэ бол хэрэгцээт шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан хангалттай авч чадахгүй байгаа тухай юм.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудаас хамгийн өндөр ахиц дэвшил гаргаж буй нь "Өлсгөлөн" - г зогсоох юм. Тухайлбал, 2007 онд хоол тэжээлийн дутагдалтай тав хүртэлх насны хүүхдийн тоог 27.5 хувиас 2016 он гэхэд 10 хувьд болгон бууруулжээ. Хэдийгээр өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо жил ирэх тусам цөөрч байгаа ч бичил тэжээл буюу амин дэм, эрдэс бодисын дутагдал нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай байна.

Энэ хүрээнд хөгжиж буй орнууд хөдөө аж ахуйн салбарынхаа хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь чухал үр дүнтэй гэдгийг НҮБ-аас онцолсон. Ингэхдээ хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, иргэдийг ажлын байраар хангах нь хүн амын өлсгөлөнг бууруулахад чухал нөлөөтэй ажээ.

Ё бол ёс зүйтэй бизнесүүд

Өдгөө бүх салбар ногоон бизнес рүү шилжвэл ирээдүйд ашиг орлого олох боломж тэнд л бий. Олон улсад аливаа санхүүжилт босгоход тухайн бизнес нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашигладаг эсэх нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болсоор байна.

Тиймээс аливаа бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахдаа ашиг орлого дээр төвлөрөхөөс илүүтэй хэрэглэгч төдийгүй нийгэмд өгөх үнэ цэнд анхаарснаар урт хугацаандаа уг бизнес ашигтай, амжилттай байх магадлал өндөр болсон.

Мөн нөгөө талаас хүн бүрийг хариуцлагатай худалдан авалтад уриалж, үйлдвэрлэгчид эко бүтээгдэхүүнд улам их ач холбогдол өгөх болжээ. Тухайлбал, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг илэрхийлэх ногоон шошго бүхий тухайн бараа нь хэрэглэгчийн гарт очих хүртлээ ёс зүйн ямар нэгэн буруу үйлдэл гаргаагүйг батлах "Fair trade", амьтан дээр туршилт хийгээгүйг илтгэх "Cruelty free" зэрэг төрөл бүрээр баталгаажуулж байна.

Ж бол жорлонгоо өөрчлөх 

Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулах боломжтой. Гэхдээ энэ бол зөвхөн суулгалт өвчнөөс сэргийлэх бус хүний эрх, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, ядуурал зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц юм. Жорлондоо нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5.5-8 ам.доллароор хэмнэх билээ.

Өдгөө дэлхийд 1.1 тэрбум хүн найдвартай усан хангамжаар дутагддаг бол 2.4 тэрбум хүн шаардлага хангасан жорлонгүй байна. Монгол Улсын хувьд нийт хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж буй нь энэ асуудал ямар чухал болохыг харуулна.

З бол засгийн газрууд 

"Climate Action 100+" тайланд дурдсанаар өнгөрсөн онд дэлхий даяар 89 тэрбум долларыг ногоон төсөл, хөтөлбөрийг шинээр төсөвлөн эхлүүлжээ. Гэхдээ улс орон бүрийн дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Зөвхөн АНУ гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудаа биелүүлэхэд 5-7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоод буй юм.

Европын орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд ХБНГУ 26 хэмжүүр бүхий тогтвортой санхүүжилтийн стратеги гаргасан. Дэлхийн улс орнуудын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлт болон бага хүүтэй зээл олгох зэрэг урт хугацаанд үргэлжлэх олон арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Гэвч зарим орон хойш сууж, хойшлуулж, аливаа хэлэлцээрт хүрэхгүй явсаар байгааг анхааралдаа авах учиртай.

И бол инновацыг өрдөх 

Техник технологийн дэвшлүүд хүний ажиллагааг хялбарчлах, ая тухыг хангахаас илүүтэй нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжлийг дэмжих инновацуудыг бий болгох нь дэлхий нийтэд хамгийн чухал ач холбогдолтой тренд болж байна.

XXI зуунд улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, бүх салбарт инновац шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болсон.

К бол кОп26

2021 онд өрнөсөн хамгийн онцлох уулзалт бол дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн нарыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн COP26 чуулган юм. Дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго дор Парисын хэлэлцээрээс хойших гаргасан ахиц дэвшлээ анх удаа тайлагнаж, цаашид хэрхэх тухай шинэ хэлэлцээрийг байгуулсан.

Дэлхийн 200 гаруй орон нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах тохиролцоонд хүрч, 100 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах амлалт өгсөн. Гэхдээ нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид уулзалтын сүүлийн өдөр нүүрсний хэрэглээг халах бусад орны байр суурийг эргүүлж, эцсийн мөчид үе шаттай бууруулах хэлэлцээрт хүргэсэн юм. Зарим шинжээчид дээрх хэлэлцээрийн үр дүнг чамлаж буй ч том гүрнүүд нүүрсний асуудалтай холбоотой асуудлаар анх удаа тохиролцоонд хүрсэн нь энэ байлаа.

Л бол логиктой төлөвлөх 

Улс орнууд энэ бүх зорилгод хүрэхийн тулд сайтар боловсруулж төлөвлөсөн гэвэл үгүй юм. Дэлхийн аль ч оронд тогтвортой хөгжлийн тухай сэдэв шинэ хэвээр, сорилт дүүрэн байна. Одоогоор ихэнх улсад байгаль орчны тухай хууль тогтоомж, зохицуулалтуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой бодлого тусгаагүйгаас гадна асуудал гарч ирвэл шийдэхээс биш урьтаж бууруулах шийдэл дутмаг аж. Яг л 1960 оны компьютер дээр хиймэл оюуныг бүтээх гэж буйтай адил хэмээн Билл Гэйтс "How to avoid climate disaster" номдоо харьцуулжээ. АНУ-ын алдартай "Clean Air Act" хэмээх агаарын бохирдлын эсрэг хуульд хүртэл хүлэмжийн хийн тухай дорвитой дурдаагүйг онцолсон юм.

М бол мал аж ахуй

Мал аж ахуйн салбар нь метан, азотын исэл ихээр ялгаруулдаг учир хүлэмжийн хий нэмэгдэхэд их хэмжээний нөлөө үзүүлдэг. Иймдээ ч монгол орны хүлэмжийн хийн ялгарлын 40 хувь нь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй байна.

Тиймээс манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юун түрүүнд малын тооны өсөлтийг бууруулах, малын өтөг бууц, тэжээлийн менежментийг боловсронгуй болгох, бэлчээр, хөрс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Учир нь, мал аж ахуйгаас ялгарч буй метаны 85 хувь нь мал хивэх үед ялгардаг бол үлдсэн 15 хувь нь малын ялгадсаас үүсдэг. Үүний дагуу хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол стратеги нь мал аж ахуйн менежмент, технологийг сайжруулж, малын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

н бол ногоон санхүүжилт

Ногоон санхүүжилт гэдэг байгальд ээлтэй, тогтвортой бизнес, төслийг дэмжих, хөрөнгө оруулах тухай ойлголтыг хэлдэг. Манай улсын хувьд ДНБ-ий 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ноогдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан. Хэрэв наад зах нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг сайжруулахад бодлого, хөрөнгө оруулалтын хувьд дорвитой алхам хийхгүй бол дараагийн 13 жилд одоогийн нөхцөл байдал бараг өөрчлөгдөхгүй юм.

Иргэн бүрийн хувьд хувийн санхүү, өрхийн санхүүгийн шийдвэр гаргах үйл явцаар дамжуулан ногоон эдийн засгийг бүтээхэд хувь нэмэр оруулах боломжтой. Тухайлбал, гэрийнхээ эрчим хүчийг байгальд ээлтэйгээр шийдэх, байгальд ээлтэй бизнесүүдийн хэрэглэгч байх зэргээр том зорилгод “дусал” нэмж чадна.

о бол оролцоог дэмжих 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэлхийн дундаж түвшин өдгөө 44 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн тэн хагас нь хөдөлмөрийн зах зээлд оролцдоггүй гэсэн үг юм. Тэд нийгмийн харилцаанд оролцож идэвхтэй амьдрах бүрэн боломжтой. Харамсалтай нь, хөгжлийн ялгаатай хүмүүсийн 40 хувь нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй тусламж, үйлчилгээг авч чадахгүй хэвээр байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гол зарчим нь "Хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй" учир хөгжлийн ялгаатай иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох нь зүйтэй билээ.

ө бол өнгө өнгийн ертөнц

Дэлхийн хүн амын 0.3-0.5 хувь буюу 25 сая нь бэлгийн цөөнхөд багтдаг гэх тооцоо бий. ДЭМБ-аас 1990 оноос ижил хүйсийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассанаар олон улсад ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөн нээлттэй өрнөх болж, нийгэм, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт бэлгийн цөөнхийн асуудлыг зохицуулж эхэлсэн.

Өдгөө дэлхийн 50 гаруй улсад бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомж хэрэгжиж буй. Гэвч нөгөө талд 72 оронд ижил хүйстний харилцааг хуулийн дагуу хүлээн зөвшөөрдөггүй.

Мөн бэлгийн болон хүйсийн цөөнхийг ялгаварлан гадуурхахтай холбоотой нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын олон асуудал гарсаар байна. Тухайлбал, ажлын байран дээр дарамтлуулах, дээрэлхүүлэх, гадуурхагдах, тодорхой шалтгаангүй ажлаас халагдах зэрэг янз бүрийн хэлбэрээр ЛГБТИК хүмүүсийн эрх зөрчигдсөөр буй. Тухайлбал, "Хүний эрхийн үндэсний комисс" - оос хийсэн судалгаагаар, бэлгийн цөөнхүүд ажлын байрандаа гадуурхагдахгүйн тулд 81.7 хувь нь бодит байдлаа нууцалж явдаг гэжээ. Иймд тэдэнд чөлөөтэй амьдрах нийгэм, эрх зүйн орчин бүрдүүлэх нь улс орны хувьд хүний эрхийг хамгаалах чиглэлд хийх нэн чухал алхам юм гэж үзэх бүрэн боломжтой.

П бол парисын хэлэлцээр

Дэлхийн улс орон Парисын хэлэлцээрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд нүүрс болон бусад шатах түлшний хэрэглээнийхээ гуравны хоёрыг бууруулсан байх шаардлагатай. Энэ хүрээнд “Их 20”-ийн орнууд нүүрснээс татгалзах санаачилга гарган, 50 орныг эгнээндээ нэгтгэсэн эвсэл байгуулаад байгаа билээ.

Тухайлбал, 2038 он гэхэд Берлин хот нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаа бол Германы Засгийн газрын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийгээ 55 хувиар бууруулах зорилт тавиад буй. Үүнийг даган олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больж байгаа юм.

Р бол рекорд эвдэх 

Хүн төрөлхтний амьдралын хэв маяг тэр чигтээ түүхийн рекордыг эвдсээр байна. Хамгийн наад зах нь, бөмбөрцгийн хүн ам сүүлийн 500 жилийн дотор 14 дахин өсөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 240 дахин нэмэгдэн, энергийн хэрэглээ 115 дахин нугарсан үзүүлэлттэй буй.

Нийгэм, эдийн засаг талаас харвал өнгөрсөн 25 жилийн хугацаанд нэг тэрбум хүн ядуурлаас гарснаар 2019 он гэхэд ядуурлын үзүүлэлт дэлхийн түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрсэн нь сайн рекорд байв. Өлсгөлөнд нэрвэгдэх орнуудын тоо багасаж, эдийн засгийн өсөлт хаа сайгүй тэлсээр байгаа. Гэвч цар тахлын улмаас 71 сая хүн нэн ядуурлын түвшинд унаж, 1998 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай гэсэн тооцоо бий.

Хүрээлэн буй орчны хувьд хэт халах эсвэл огцом хүйтрэх зэрэг цаг уурын өөрчлөлтүүд рекорд эвдэх болов. Тухайлбал, 2020 он Европ тивд хамгийн халуун жил тохиож, зарим улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэлээ.

С бол сэргээгдэх эрчим хүч 

Тогтвортой хөгжлийн зорилгуудад хамгийн хамаатай бөгөөд хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардсан асуудал бол эрчим хүч юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд дэлхийн 50 орчим улс 2050 он гэхэд бүрэн сэргээгдэх эрчим хүчинд шилжих зорилт дэвшүүлээд байгаа. Одоогоор Дани улс гэхэд нийт хэрэглээнийхээ 46 хувийг салхины эрчим хүчээр хангаж буй бол Хятад улс ногоон эрчим хүчний төслүүдээрээ дэлхийд тэргүүлж байна.

Бидний одоогийн эрчим хүчний хэрэглээ хэвээр байвал 2050 он гэхэд дэлхий нийтийн хэрэглээг хангахын тулд одоо байгаа эрчим хүчний нийлүүлэлтийг 75 хувиар нэмэх шаардлагатай. Ердөө 100 жилийн дараа гэхэд эрчим хүчний үндсэн түүхий эд болох нүүрсний нөөц шавхагдах тооцоо бий. Нөгөө талаас маш их нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хий ялгарах тул улс орон бүр сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулахаар зорьж буйг онцлох учиртай.

Билл Гэйтсийн "How to Avoid a Climate Disaster" номд "Дэлхийд 1955 онд гарсан анхны богино долгионы зуух одоогийнхоор 12 мянган долларын үнэтэй байсан. Удалгүй зах зээлийн жамаар үнэ хямдарч ердөө 50-100 долларт авах боломжтой болсон. Харин цахилгаан бол чанар гэж өрсөлдөх зүйлгүй. Цахилгаан бол цахилгаанаараа л байна. Сэргээгдэх эсвэл нүүрснийх нь байх эсэхийг иргэд бид тэгтлээ ялгаж хэрэглэдэггүй учраас энэ салбарт төрийн бодлого зохицуулалт, стандарт хэрэгтэй юм" хэмээсэн.

Тиймээс Засгийн газар хүлэмжийн хий бага ялгаруулах эрчим хүчний технологийн судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулж, үлдсэн бүтээн байгуулах ажлыг хувийн секторууд хийх нь зүйтэйг онцолсон.

Т бол тэгш бусыг тэгшитгэх

Дэлхийн түүхэнд баян, ядуугийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал арилшгүй толбо мэт байсаар ирсэн билээ. Энэ хорвоод мэндэлсэн хүн бүр харилцан адилгүй орчинд төрж өсөж, янз бүрийн соёл, хэв маягаар амьдардаг тул бүгдээрээ адил тэгш байх боломж хомс. Гэвч хүн бүр ямар ч тохиолдолд тэгш эрхээр хангагдаж, боловсрол, эрүүл мэнд тэргүүт нийгмийн олон салбарын боломжийг алагчлалгүй хүртэх учиртай байдаг.

Өдгөө дэлхийн нийтэд 10 хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байна. Мөн тэдний 50 хувь нь хүүхэд байгаа нь харамсалтай. Цар тахлын улмаас олон сая хүн ажилгүй болж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа нь тэгш бус байдлын ялгаа улам тодорч буйг илтгэнэ. Түүнчлэн Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтын хүртээмжийн хувьд орлого багатай орнуудад хангалтгүй байгааг анхаарах нь зүйтэй.

У бол Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын тухай таны мэдэх ёстой хоёр тоо бий. Нэг нь 50 тэрбум, нөгөөх нь тэг. 50 тэрбум тонн бол хүн төрөлхтний агаар мандалд нэг жилд ялгаруулж буй хүлэмжийн хийн үзүүлэлт. Харин тэг бол бидний зорьж буй тоо.

Дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгал, үйлдвэржилтийн эрин үе эхэлснээр агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хийг нэмэгдүүлж, хийн мандлын бүтэц өөрчлөгдөж эхэлсэн. Түүнээс улбаалан нарны цацрагийн хорт туяа дэлхий рүү ямар нэг шүүлтүүргүй тусах үзэгдэл бий болж, уур амьсгал өөрчлөгдсөөр буй. Энэ хэвээр үргэлжилбэл XXI зууны дунд үед гэхэд агаарын дундаж температур 1.5-3 хэмээр нэмэгдэх магадлалтай.

Ингэснээр энэ цаг үед хөдөө аж ахуйн эрхэлдэг буурай орны иргэд орлогынхоо тал хувийг алдаж, цаашлаад хоол хүнсний үнэ ханш 20 гаруй хувиар өсөх, ган гачиг, хуурайшилтаас болж халуун орны хорт шумуулууд хэзээ ч очиж байгаагүй чийгтэй газрууд руу нүүдэллэх зэрэг төсөөлөхөд ч бэрх үр дагаврууд шил дараалан гарч магадгүй байна. Энэ бүхнийг зөвхөн Арктикийн мөс хайлах төдийхнөөр алсуур төсөөлөх аргагүй юм.

Ү бол үнэхээр ховор амьтад 

Дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 1970 оноос хойш 68 хувиар буурсан тухай статистик баримт энэ асуудалд "улаан гэрэл" тодоор асаж буйг бэлхнээ харуулна. Манай дэлхий цельсийн хоёр хэмээр дулаарахад л сээр нуруутай амьтдын найман хувь, ургамлын 16 хувь, шавьжийн 18 хувь нь амьдрах аргагүйд хүрч устах аюултайг төсөөлөхөд ч бэрх.

Ан амьтад байгаль дэлхийн экосистемийн нэгэн чухал хэсэг, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын салшгүй хэмжүүр юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас амьтдын тархац, тоо толгой буурч, амьдрах орчин нь улам бүр доройтсоор байна. Тиймээс улс орнууд ховор амьтдыг хамгаалах зорилгоор маш олон төрлийн хууль тогтоомж, зохицуулалт гаргаж, төрийн бус байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрд компанит ажил өрнүүлсээр байна.

Ф бол форумууд

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай холбоотой сэдвийг тойрсон хэд хэдэн олон улсын томоохон форум бий. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форум бол дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс буюу олон улс орны төрийн тэргүүн, топ компаниудын удирдах ажилтнууд хуран чуулж, манай гарагт тулгамдаад буй гол асуудлуудыг хэлэлцдэг. Өнгөрсөн онд 51 дэх удаагийн Давосын чуулган түүхэндээ анх удаа цар тахлын улмаас цахимаар болсон билээ.

Мөн өнгөрөгч онд Шотландын Глазго хотноо уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том цугларалт болж өнгөрсөн. Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын COP 26 чуулганд дэлхийн 200 гаруй орны лидерүүд оролцож, нүүрсний асуудлаар амлалтууд өгсөн юм.

Х бол хаягдлаа боловсруулах 

Бид уул овоо шиг хэдэн тэрбум тонн хог хаягдлынхаа 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулдаг. Нэг хүн гэхэд дунджаар жилд 1.5 тонн хог хаягдал гаргадаг. Хүнсний хог хаягдлын тухайд жил бүр 21.5 сая тонн бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгах боломжтой.

Манай улсад сүүлийн жилүүдэд хуванцар болон хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч түүхий эд болох хаягдал хуванцар, цаасны олдоц, хангамж нь хүрдэггүй болохыг албаны эх сурвалжууд онцолдог. Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эдийн хомсдолтой байхад бид тэдгээр хаягдлыг бүгдийг нь нийлүүлж ачаад байгальд булшилж устгах нь үнэхээр харамсалтай хэрэг биш гэж үү?

Ц бол цөлжилтийг бууруулах 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Өдгөө манай орны нутаг дэвсгэрийн 41 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагддаг тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэгхэн юм. Талхлагдаж доройтохдоо хялбар төдийгүй нөхөн сэргээхэд маш төвөгтэй учраас хөрс бидний хайрлан хамгаалах учиртай хамгийн чухал нөөц болоод байна.

Цөлжсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан. Малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаас бэлчээрийн даац хэтэрч газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдах гол шалтгаан болж буйг бид анхаарах учиртай.

ш бол шинэ эгэл

Цар тахлын нөхцөл байдлын улмаас олон салбарт ажлын байраа хадгалж үлдэхийн тулд дижитал шилжилт хийж, зайнаас ажиллах шаардлагатайг сануулсаар байна. Хөл хорионы улмаас зөвхөн ажлын байр гэлтгүй бидний өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ урьд урьдаас ч нэмэгдэв. Хүүхдүүд, оюутнууд хичээлээ цахимаар үзэж, насанд хүрэгчид цахимаар зайнаас ажиллаж, хөгшин, залуугүй апп-аар дамжуулан хэрэгцээтэй зүйлсээ авахаас гадна төрөл бүрийн хүргэлтийн апп ашиглах боллоо. Зайнаас ажиллагсад 2019 оны байдлаар 4,8 саяд хүрч байсан бол энэ тоо 2035 он гэхэд нэг тэрбумд хүрнэ гэх тооцоо бий.

Бид зөвхөн зайнаас ажиллах тухайд гэхэд сэтгэлгээ, арга барилын зөрүүтэй байдал гарсаар байгаа тул ажилчдаа шинэ арга барилаар бэлтгэх, технологитой харьцах ур чадварыг сайжруулахад төвлөрөх нь чухал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

э бол эдийн засгаа тэтгэх

Цар тахал, хөл хорионы улмаас дэлхийн эдийн засаг 2009 оноос хойш анх удаа агшиж, 2020 онд 3.6 хувиар уналаа. Хөдөө аж ахуй, мэдээлэл холбооноос бусад бүх салбарууд агшиж, тээвэр логистикийн доголдол, гацаанууд хаа сайгүй бий болов. Инфляц хэдийн хоёр оронтой тоонд хүрлээ.

Олон улсад ч инфляц нэмэгдсээр байгаа нь гайхах зүйл биш. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн, олон улс, дотоодын тээврийн хүндрэл, түүнийг дагасан тээврийн үнэ, зардал өсөх зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай өсөлтүүд бий болсоор байна.

Дэлхийн дахинд энэхүү цар тахалтай адил эдийн засгийн хямралыг хамгийн сүүлд 2008 онд туулсан түүхтэй. Гэхдээ энэ удаа гадаад худалдаа богино хугацаанд хурдан сэргэж буй нь өмнөх хямралаас ялгаатай байв. Тиймээс цаашид тогтвортойгоор өсөх өөдрөг төсөөллийг эдийн засагчид онцолж байна.

ю бол юу өөрчлөгдөх вэ? 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд өлсгөлөн, хүнс, тэжээл, боловсролтой холбоотой зорилтуудын хүрээнд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Тогтвортой хөгжлийн төлөв байдлын тайланд дурдсан. Тухайлбал, 2007 онд хоол тэжээлийн дутагдалтай тав хүртэлх насны хүүхдийн тохиолдлыг 27.5 хувиас 2016 он гэхэд 10 хувьд хүргэжээ. Энэ тоо жил ирэх бүр буурсаар байгаа юм.

Харин огцом ухралт хийсэн, анхаарах шаардлагатай зорилт бол ядуурлыг бууруулах асуудал юм. 2014-өөс 2018 онд Монгол Улсын ядуурлын төвшин 21.6 хувиас 28 хувь болтлоо өсжээ. Энэ үзүүлэлтийг доошлуулахгүйгээр ТХЗ-ын бусад зорилтыг биелүүлэхэд бэрхшээлтэй.

Энэ бүхнийг хийж чадвал юу өөрчлөгдөх вэ гэвэл бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ бол бидний хайртай бүхэндээ ирээдүйг үлдээхийн төлөө хийж буй өнөөдрийн үйлдэл, үүрэг даалгавар билээ.

Я бол ядуурлыг устгах 

Манай улсын хувьд гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр, Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд огцом ухралт хийсэн, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод байна.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 8.6 хувь нь туйлын ядуу амьдарч байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд дээрх үзүүлэлтийг 6 хувьд хүртэл бууруулах зорилт тавьсан. Сүүлийн 25 жилд гэхэд нэг тэрбум хүн ядуурлаас ангижраад байна. Монгол Улс хүн амынхаа 80 хувийг дундаж болон чинээлэг ангилалд хүргэж, ядуурлын түвшинг 0 хувьд хүргэх зорилготой. Энэ нь 10 жилийн дараа биеллээ олох учиртай ч Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос хамгийн ахиц тааруу байгаа нь ядуурлыг бууруулах юм.

Хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг.