XXI-р зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, чихрийн шижинтэй хүмүүсийг ойлгох, урьдчилан сэргийлэхэд уриалах зорилготой дэлхийн чихрийн шижингийн өдөр өчигдөр болж өнгөрлөө.
Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны 1000 хүн амд 99.3 буюу тухайн насны нийт хүн амын 5 хувь нь чихрийн шижингээр өвчлөх магадлалтайг тогтоосон байна. Мөн чихрийн шижинтэй 20-79 насны 1000 хүн амд 71.3 чихрийн шижингийн оношлогдоогүй тохиолдол ноогдожбайна.
Чихрийн шижин чихэр их идээд байвал үүсдэг өвчин биш. Удамшил, булчин, өөхний тархалт, дархлааны систем гээд биеийн олон түвшний нарийн механизм доголдсоноор бий болдог олон талт эмгэг. Тиймээс бидний өдөр тутамдаа хийж буй жижиг үйлдэл бүр, жишээ нь дасгал хөдөлгөөн, унтах хэв маяг, хооллолт, стресс менежмент гээд бүгд үүнд хамаатай гэсэн үг.
Тиймээс энэ удаагийн нийтлэлээ чихрийн шижинтэй холбоотой эргэлзээтэй асуултуудад шинжлэх ухаанчаар хариулахаар бэлдлээ.
Нэр томьёоны лавлах
Глюкоз - Бие махбодын энергийн гол эх үүсвэр. Харин чихрийн шижингийн үед глюкоз эсүүдэд зохих ёсоор ашиглагдаж чадалгүй цусанд хуримтлагдсанаар цусан дахь сахрын түвшин хэт өндөр болдог.
Инсулин - Нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд глюкозыг эсүүд ашиглаж эхлэхэд шаардлагатай дохиог өгдөг
Инсулиний дөжрөл - Эсүүд инсулин дааврын өгч буй дохиог хүлээн авах чадвараа алдаж, глюкозыг ашиглах үйл явц удаашрах үзэгдэл. Үүний улмаас глюкоз цусанд удаан хадгалагдаж, цусан дахь сахрын түвшин тогтмол өндөр байх нөхцөл бүрддэг
I-р хэлбэрийн чихрийн шижин - Автоиммуний өвчин бөгөөд дархлааны систем нойр булчирхайн инсулин ялгаруулдаг β-эсийг устгаснаас болж үүсдэг. Ингэснээр инсулиний ялгаруулалт огцом багасаж, цусан дахь сахрын түвшин зохицуулагдах боломжгүй болдог.
II-р хэлбэрийн чихрийн шижин - дээрх төрлөөс ялгаатай нь нойр булчирхай инсулин ялгаруулсаар байдаг, гэсэн ч ялгарсан инсулин нь биед шаардлагатай хэмжээнд ялгардаггүй. Улмаар глюкоз эсүүдэд ашиглагдалгүй цусанд хуримлагддаг.
Цаг хугацааны товьёг

Оземпикийн тухай дэлгэрэнгүй энд дарж уншина уу.
Түгээмэл асуулт хариулт
Чихрийн шижин хэрхэн үүсдэг вэ?
Хүний биеийг онлайн захиалгын платформ харин эс бүрийг бараа хүлээн авдаг агуулах гэж төсөөлье л дөө. Глюкоз бол агуулах руу очих ёстой захиалга, инсулин барааг баталгаажуулах код, харин инсулин рецептор нь агуулахын код уншигч гэсэн үг. Эдгээрийн зөв зохистой шат дамжлагын тусламжтай бараа амжилттай захиалагчийнхаа гарт очно.
Яг эл замаар II-р хэлбэрийн чихрийн шижинг тайлбарлая. Биед инсулин ялгарахад IRS-1 (инсулины дохиог эхний шатанд хүлээн авч дамжуулдаг уураг) идэвхжиж, дараа нь PI3K/AKT зам (эсэд глюкоз нэвтрэхэд шаардлагатай дараалсан дохиоллын процесс) ажиллаж эхэлдэг. Энэ дохионы үр дүнд GLUT4 (глюкозыг эс рүү оруулдаг тээвэрлэгч уураг) эсийн гадаргуу дээр гарч ирж, глюкозыг эс рүү нэвтрүүлдэг хэрэг.

II-р хэлбэрийн чихрийн шижингийн үед IRS-1 дохиог таних чадвараа алдахад PI3K/AKT ажиллахгүй, GLUT4 гадаргуу руу гарч ирэхээ байна гэсэн үг. Ингээд бидний авч буй жишээгээр бол код унших хэсэг доголдоход л бүх хүргэлт зогсож, захиалга овоорч глюкоз эсэд нэвтрэлгүй цусанд хуримтлагдаж, цусан дахь сахрын түвшин ихэснэ.
Харин I-р хэлбэрийн чихрийн шижингийн үед код уншигч биш, харин код бүтээдэг сервер унадаг гэж ойлгож болно. Нойр булчирхайн β-эсүүд бол инсулин буюу баталгаажуулах кодыг үүсгэдэг төв сервер бөгөөд автоиммуний өвчний нөлөөгөөр дархлааны эсүүд энэ серверийг эвдэж устгадаг. Ингэснээр эсүүд глюкоз хүлээн авдаггүй хаалттай агуулах болж хувирдаг гэсэн үг.
Чихэр их идээд байвал чихрийн шижинтэй болох уу?
Чихэр их идсэнээр чихрийн шижин шууд үүсэхгүй ч, олон жилийн турш сахрын агууламж, илчлэг өндөртэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл II-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг.
Судалгаагаар 35 наснаас хойш биеийн идэвх буурах үед таргалалт 59.9%-иар, инсулиний эсэргүүцэл 47%-иар, чихрийн шижин 13.2%-иар нэмэгддэг нь илүүдэл илчлэг болон сахрын хэрэглээ бодисын солилцоонд хэрхэн нөлөөлдгийг тодорхой харуулсан юм. Энэ судалгаа нь 1995 оноос эхэлсэн АНУ-ын MIDUS (Midlife in the United States) урт хугацааны өгөгдлийн санг ашиглан, нийт 1,395 оролцогчийн мэдээлэлд үндэслэн 2025 онд хийгдсэн шинжилгээгээр үнэлсэн байна.

Их хэмжээгээр сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх үед бие инсулинийг илүү их ялгаруулж илүү ажиллах шаардлагатай болдог бөгөөд энэ удаан үргэлжилбэл эсүүд инсулиний сигналыг таних чадвараа алдаж, инсулиний дөжрөл үүсдэг. Инсулиний дөжрөл бол II-р хэлбэрийн чихрийн шижин рүү хүргэдэг бөгөөд одоогоор дэлхий даяар чихрийн шижинтэй 589 сая хүний ихэнхэд энэ шинж тэмдэг илэрдэг.
Өөрөөр хэлбэл, чихэр их идэх нь чихрийн шижинг шууд үүсгэхгүй, эрсдэлийг нь нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын мэдээллээр 1990 оноос хойш дэлхий дээрх чихрийн шижинтэй хүмүүсийн тоо дөрөв дахин өссөн бөгөөд энэ өсөлтийн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин гэж үздэг.
Чихрийн шижин эмчлэгдэх үү?
Чихрийн шижин бүрэн эдгэрдэг өвчин биш, харин насан туршийн хяналт шаардлагатай бодисын солилцооны эмгэг билээ. Үүний шалтгаан нь нойр булчирхайн β-эсүүдийг бие дахин сэргээх боломжгүй явдал юм. Тиймээс л чихрийн шижинд инсулинийг гаднаас өгч эмчилдэг. Тэгвэл яагаад β-эсийг биед бий болгох боломжгүй вэ?
Эл эсийг бүтээдэг эх эсүүд буюу Ngn3-positive progenitor эс нь зөвхөн ургийн хөгжлийн үед болон бага насанд “ажлаа хийдэг” бөгөөд насанд хүрмэгц үйл ажиллагаа нь зогсчихдог гэсэн үг. Яг л барилгын ажил дуусмагц талбайгаас бүх машин, төхөөрөмжөө буцааж авсан барилгын компани шиг. Үлдсэн β-эсүүд өөрсдөө хуваагдаж ялгаран хөгжих хэрэгтэй ч p16INK4a, p27Kip1 зэрэг уургууд эсийн хуваагдлын мөчлөг рүү нэвтрэх боломжгүй болгож буюу эс өөрийн ДНХ-г хуулж шинэ эс үүсгэх боломжгүй болчихдог хэрэг.

Тиймээс β-эсүүд зөвхөн биед байгаа тухайн тоогоороо л ажиллахаас өөр аргагүй болдог. Үндсэндээ, шинэ β-эс бий болгох бүх зөвшөөрөл, хэрэгслүүдийг бие өөрөө сейфэнд хийж түгжээд, сейфний кодыг мартаж орхисонтой адил.
Нэмж хэлэхэд β-эс нь инсулинийг үйлдвэрлэх, зөв мөчид ялгаруулах гээд маш олон үе шаттай, нарийн үйл ажиллагаа бүхий үүрэгтэй эс бөгөөд энэ цогц процессыг шинжлэх ухаанд GSIS (glucose-stimulated insulin secretion) гэж нэрлэдэг. Үүний шат бүрд олон уураг, фермент, дохиоллын систем оролцдог тул өөр төрлийн энгийн эсийг β-эс болгон хувиргах нь нэлээд төвөгтэй.
тооны хэлээр

Сая долларын эргэлзээ
Чихрийн шижин удамшдаг уу?
Чихрийн шижин удамшилтай холбоотой эсэх нь тодорхой генүүд эсүүдийн үйл ажиллагааг хэр “жигд” эсвэл “эмзэг” байхаар кодолдогтой холбоотой. I-р хэлбэрийн чихрийн шижингийн үед зарим хүмүүс дархлааны системийн “таних тохиргоог” өвлөж авдаг. HLA-DR3, DR4, DQ8 зэрэг гений хувилбаруудыг удамшиж авсан бол дархлааны систем гаднын дайсантай тэмцэхдээ илүү эмзэг “алдаа гаргахад бэлэн” байдаг. Энэ нь β-эсийн гадаргуу дээр байдаг уургуудыг өөрийн биед байдаг энгийн уураг гэж танилгүй, зарим нөхцөлд дайсан гэж андуурах магадлал өндөр гэсэн үг.
Гэхдээ эдгээр генүүд мэдээж дангаараа өвчин үүсгэдэггүй зүгээр л алдаа гаргах магадлалыг нэмэгдүүлснээр чихрийн шижин үүсэх суурь нөхцөл бий болгодог хэрэг. Вирусийн халдвар, стресс, дархлааг идэвхжүүлэх бусад өдөөгч хүчин зүйл биед нэвтрэхэд дархлааны системийн энэ эмзэг тохиргоо идэвхжиж, β-эс рүүгээ дайрч алдаа гаргаж эхэлдэг аж. Ингэж л автоиммуний өвчин бий болж, улмаар I-р хэлбэрийн чихрийн шижин бий болно.

II-р хэлбэрийн чихрийн шижинд удамшил илүү нөлөөлдөг нь хоёр үндсэн биологийн замтай холбоотой:
1. эсүүд инсулиний дохиог хэр сайн хүлээж авах вэ
2. β-эс глюкоз нэмэгдэхэд инсулин ялгаруулахдаа хэр тогтвортой ажиллах вэ
Эхний механизмын хувьд IRS1, PPARG, TCF7L2 зэрэг гений зарим хувилбаруудтай хүн төрөхдөө эс доторх PI3K/AKT дохиоллын зам илүү бага үр ашигтай ажиллах суурьтай байдаг. Энэ нь инсулиний илгээсэн дохио эсүүдэд “сигнал султай интернэт кабелаар интернэт орохтой адил, мэдээлэл удаан дамжина, заримдаа бүр дамжихгүй. Ийм өгөгдөлтэй хүн жин нэмэх, булчингаа бага ажиллуулсаар байвал инсулиний дөжрөл үүсдэг.
Хоёр дахь механизм нь β-эсийн тогтвортой ажиллагаатай холбоотой. KCNJ11, ABCC8, HNF1A зэрэг генүүд β-эсийн кальцийн сувгууд, уураг нийлэгжил зэрэг нь инсулин ялгаруулах хариу үйлдлийг зохицуулдаг. Эдгээр гений тодорхой хувилбарууд удамшсан хүмүүсийн β-эс инсулин ялгаруулахдаа илүү “эмзэг”, ачаалал бий болоход амархан стресст ордог, яг л богино хугацаанд хэт халдаг жижиг хөдөлгүүр шиг. Иймд цусан дахь сахрын огцом өсөлт ба өдөр тутмын ачаалал β-эсийг хурдан ядрааж, инсулин ялгаруулах тогтвортой байдал алдагдах нь амархан.
Яагаад зарим хүмүүс тарган биш хэр нь чихрийн шижинтэй байдаг вэ?
Чихрийн шижин зөвхөн таргалалттай холбоотой биш. TOFI (Thin Outside, Fat Inside) нэртэй үзэгдэл бий, өөрөөр хэлбэл гаднаас харахад хэвийн жинтэй боловч дотор өөхлөлт (visceral fat) ихтэй хүмүүс байдаг. Тэдний элэг болон нойр булчирхайн эргэн тойронд өөх хуримтлагдаж, үрэвслийн эс ялгаруулж, инсулиний үйлдлийг нь сулруулдаг аж. MRI судалгаагаар ийм хүмүүсийн дотор өөхлөлтийн хэмжээ таргалалттай хүмүүсийнхтэй ойролцоо байдаг нь тогтоогдсон.
Мөн гаднаасаа туранхай харагдавч булчингийн хэмжээ бага, идэвх муу, стресс өндөр, нойргүйдэлтэй байх нь чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Булчин бол глюкозод хамгийн чухал эрхтэн, учир нь нийт глюкозын 70-80%-ийг булчинд шингэдэг. Тиймээс булчин багатай, огт хөдөлгөөн хийдэггүй хүний бие глюкозыг шингээж чадалгүй, цусан дахь сахрын түвшин өсөхдөө амархан гэсэн үг.

Чихрийн шижин зөвхөн таргалалттай холбоотой биш. TOFI (Thin Outside, Fat Inside) нэртэй үзэгдэл бий, өөрөөр хэлбэл гаднаас харахад хэвийн жинтэй боловч дотор өөхлөлт (visceral fat) ихтэй хүмүүс байдаг. Тэдний элэг болон нойр булчирхайн эргэн тойронд өөх хуримтлагдаж, үрэвслийн эс ялгаруулж, инсулиний үйлдлийг нь сулруулдаг аж. MRI судалгаагаар ийм хүмүүсийн дотор өөхлөлтийн хэмжээ таргалалттай хүмүүсийнхтэй ойролцоо байдаг нь тогтоогдсон. Үүнийг батлах нэгэн судалгаа бол 14,528 насанд хүрэгчдийг хамарсан 2010 оны судалгаагаа. Уг судалгааны үр дүнд хэвийн жинтэй боловч булчингийн массын дутагдалтай хүмүүсийн инсулиний дөжрөл хэвийн жин, булчингийн масcтай хүмүүсийнхээс ойролцоогоор 39%-иар өндөр болох нь тогтоогдсон юм. Нөгөөтээгүүр, гений хувилбараас шалтгаалан β-эсийн GSIS механизм нь төрөлхийн эмзэг хүн байдаг. Ийм β-эсүүд багахан сахрын огцом өсөлтөд ч хурдан ядарч инсулин ялгаруулах чадвар нь буурдаг.
Ирээдүйгээс илгээсэн захидал
Лабораторид ургуулсан нойр булчирхай
Үүдэл эсээс гарган авсан β-эсийн технологи чихрийн шижинг эмчлэх боломжийг хамгийн бодитоор эрэлхийлсэн технологи юм. Үндсэн санаа нь нойр булчирхайд байхгүй болсон эсийг лабораторид шинээр ургуулж, хүний биед буцаан суулга. Энэ технологийг бодит эмчилгээний хэлбэрт оруулсан анхны алхам нь 2019 онд Vertex Pharmaceuticals компанийн эхлүүлсэн VX-880 клиник туршилт байжээ. Хамгийн сонирхолтой нь зарим өвчтөнд туршихад тэдний инсулиний хэрэглээ 60-90% буурсан ба зарим нь бүр өдөр дараалан инсулин хэрэглэх шаардлагагүй болсон кейс ч байна. Гэхдээ эл бүтээгдэхүүн одоогоор зах зээлд гараагүй, клиник туршилтын шатандаа явж байгаа, учир нь хамгийн том сорилт болох дархлааны эсүүд өөрөө өөрийг довтлох үед гаднаас оруулсан тус β-эсийг хэрхэн хамгаалах нь бүрэн шийдэгдээгүй байгаа юм. Өдгөө судлаачид “дархлаанд үл үзэгддэг β-эс” буюу HLA-knockout хувилбарууд, мөн бидний гаднаас оруулах гээд буй эсэд хамгаалалтын капсул нэмэхээр туршиж байна.

Инсулин ялгаруулдаг наалт
Энэхүү наалт нь бичил зүү, глюкоз мэдрэгч ферментүүд (GOx), инсулин агуулсан полимер мөхлөгүүдээс бүрдэнэ. Цусан дахь сахрын түвшин өсөхөд эдгээр мөхлөгүүд химийн урвалж орж автоматаар инсулин ялгаруулдаг, яг л “өөрөө унтрааж, өөрөө асдаг” ухаалаг төхөөрөмж шиг гэсэн үг. Энэ технологийг анх 2015 онд UCLA-ийн судлаачид олон нийтэд танилцуулсан бөгөөд амьтдад хийсэн туршилтаар 24 цагийн турш тогтвортой сахрын түвшин барьж, гипогликеми бараг үүсээгүй нь томоохон дэвшил байв. Гэвч энэхүү наалт одоогоор зах зээлд гараагүй ба судалгааны шатандаа байна. Гэхдээ хамгийн сонирхолтой хөгжүүлэлт нь хиймэл оюуныг наалтын мэдрэгчтэй интеграц хийх оролдлого. Ингэснээр наалт зөвхөн глюкозыг мэдрэх биш, сахрын өөрчлөлтийг таамаглаж инсулинийг “урьдчилан” ялгаруулж чадах нь ээ.
Таны мэдээгүй сонирхолтой баримтууд
Хүн бүрийн цусан дахь сахарын өсөлт өөр өөр үү?
Сүүлийн 10 жилийн судалгаанууд хүн бүрийн хоолны дараах цусан дахь сахрын өсөлт ялгаатай байдгийг нотлоод буй. 2015 онд Израилийн Weizmann Institute 800 оролцогчийг 46,898 удаа хооллож дараа нь сахрыг нь хэмжжээ. Нэг хүн бялуу идэхэд цусан дахь сахар огцом өсөж байхад, зарим нь бараг өөрчлөгдөхгүй байв. Үүнийг индивидуал метаболизм гэж нэрлэдэг ба үүнд удамшил, гэдэсний микробиом, нойр, стресс, булчингийн хэмжээ, өөхний тархалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг тул хооллолтын зөвлөгөөг хүн бүрд тохируулан гаргах нь чухал ажээ.

Хүйтний улиралд цусан дахь сахрын хэмжээ ихэсдэг уу?
2018 оны судалгаанд оролцсон 3,075 хүний найман жилийн туршийн судалгааны үр дүнгээс харахад хүйтний улирал тодорхой хэмжээнд сахрыг ихэсгэдэг байна. Өвлийн саруудад инсулиний мэдрэмтгий байдал буурч, глюкозын түвшин өсдөг ба үүний гол физиологийн шалтгаан нь хүйтний өдөөлтөөр бор өөхний эд (brown fat, BAT) идэвхжиж дулаан үйлдвэрлэх явц юм. Хүйтэнд хүний бие дулаанаа хадгалахын тулд бор өөхний UCP1 уургийг идэвхжүүлж, энерги хурдтай үйлдвэрлэгдэж байх үед адреналин, норадреналин зэрэг стрессийн гормон нэмэгддэг бөгөөд эдгээр нь элгийг илүү их глюкоз ялгаруулахад хүргэж, инсулиний мэдрэмтгий байдлыг бууруулдаг. Үүн дээр нэмээд өвөл хүмүүсийн хөдөлгөөн хийх нь багасаж, Д-витамины дутагдалд орох нь нэмэгдэж, нойрны мөчлөгч өөрчлөлт ордог нь давхар үүнд нөлөөлж, цусан дахь сахрын түвшин хүйтний улиралд тогтмол өсөх хандлагыг бий болгодог байна.

Сэтгэгдэл бичих

