Бид өнөөдрөөс яг есөн хоногийн дараа буюу ирэх баасан гарагт Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиа зохион байгуулж, төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөллөө сонгох болно. Энэ удаагийн сонгуульд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Сонгуулийн тухай хууль" шинэчлэгдсэнтэй холбоотой олон өөрчлөлт гараад буй. Тиймээс ч сонгогчдын боловсролд зориулан бид "А-Я" цувралынхаа ээлжит дугаарыг 2024 оны Улсын Их хурлын сонгуульд зориулан бэлтгэлээ.

Хэрэв та ирэх зургаадугаар сарын 28-ний өдөр сонгуулиа өгөх бол яг одоо энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.



а бол ардчилал

2024 он бол ардчилсан тогтолцооны оргил үе гэхэд хилсдэхгүй. Энэ онд дэлхийн түүхэн дэх хамгийн олон сонгууль буюу 64 улс+Европын холбоонд сонгууль зохиогдож, дэлхийн хүн амын тал нь төрийн эрх барих дээд түвшний байгууллагад өөрсдийн төлөөллөө сонгох юм.

Харин Монгол улсын хувьд засаглалын тогтолцоогоо өөрчилж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрч, өдгөө УИХ-ын ес дэх сонгуулиа яг есөн хоногийн дараа зохиох гэж байна.

Сонгох, сонгогдох эрх бол бидэнд Үндсэн хуулиар олгогдсон, ардчилсан тогтолцооны тулгын чулуу төдийгүй хүн бүрийн эдэлбэл зохих онцгой эрх ямба мөнөөс мөн.

б бол бүртгэл 

Жил бүрийн сонгуулиар уламжлал болон хамгийн их яригддаг асуудал бол бүртгэлтэй хаяган дээр ид шидийн гэмээр бичигдчихсэн, зүс барааг нь ганц ч удаа хараагүй гэр бүлийн гишүүд юм.

Бүртгэлтэй холбоотой энэхүү хууль бус асуудлыг цэгцлэх зорилгоор УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өөрсдийн сайт дээр байршуулжээ. Өөрсдийн төлөөллөө сонгоно гэдэг нэг талдаа бидний эрх, нөгөө талдаа үүрэг тул та яг одоо өөрийн бүртгэлээ ЭНД дарж шалгаарай.

Уг холбоосоор регистрийн дугаараа бичээд нэвтэрвэл эцэг /эх/, өөрийн нэр, хаяг болон сонгуулийн тойргийн дугаар, хэсэг, санал өгөх байрны хаягийн мэдээлэл тань гарч ирнэ. Тэрчлэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн өөрийнхөө мэдээллээс гадна хаяг дээрээ байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй ч танилцах боломжтой.

Хэрэвзээ уншиж танилцах явцад зөрүүтэй, буруу бүртгэгдсэн, эсвэл оршин суух хаягт тань үл таних иргэн бүртгэгдсэн зэрэг алдаатай мэдээлэл байвал “Мэдээлэл зөрүүтэй байна” гэх хэсгийг идэвхжүүлж, өргөдөл гаргах бүрэн боломжтой аж.

в бол вариант 

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн гол онцлог бол бид тоглоомын дүрмээ өөрчилсөн явдал. Тодруулбал, өнгөрсөн жил Үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгох болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл бид мажоритар, пропорционал хэмээх хоёр варианттай сонгууль зохиож буй.

Хэрэв та бүхэн санаж буй бол бид 2012 онд анх удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, 76 гишүүний 48-ыг томсгосон мажоритар, 28-ыг пропорционал хэлбэрээр сонгосон байдаг. Энэхүү сонгуулийн үр дүнд АН-34, МАН-26, Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, Бие даагч-3 хүн УИХ-д сонгогдож, жижиг намуудын оролцоо нэмэгдэж, бие даан нэр дэвшигчдийн тоо өссөн.



г бол гадаадаас сонгогчид 

Тэртээ 2012 оны УИХ-ын сонгуульд бид анх удаа гадаад улсад оршин суугаа иргэдээсээ санал авч байсан түүхтэй. Харин энэ жил сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр 12 жилийн дараа эдгээр иргэд маань ахин сонгох эрхээ эдлэх боломж бүрдээд байна. Сонирхуулахад, 2012 онд гадаад дахь 4279 иргэн сонгууль өгөхөөр бүртгүүлснээс 2779 иргэн саналаа өгсөн байдаг бол энэ жилийн хувьд уг тоо гурав дахин өссөн буюу дэлхий даяар оршин сууж буй 13095 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч нь 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд (орон нутгийн цагаар) саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх аж. Тэрчлэн гадаад улсад байгаа сонгогчид маань нэр дэвшигч бус зөвхөн нам, эвсэлд саналаа өгнө гэдгээ мартуузай.

д бол дөрвөн хувь 

Энэ удаагийн сонгууль бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон нам, эвсэл оролцож буй, хамгийн өргөн цар хүрээтэй сонгууль. Нийтдээ 21 нам, эвслийн 1336 нэр дэвшигч зургаадугаар сарын 28 хүртэл мөрийн хөтөлбөр, үзэл санаагаа бидэнд хуваалцаж байна. Тэгвэл эдгээр нам, эвслээс жагсаалтаар дэвшиж буй нэр дэвшигчид хэрхэн УИХ-ын 48 суудлыг хуваан авах вэ?
Сонгуулийн хуульд заасны дагуу дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд суудал хуваарилна.

  • Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.
  • Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.
  • Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.

Тэрчлэн таны саналын хуудас дээр дугуйлахаар шийдсэн нам нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байж гэмээнэ УИХ-д суудалтай болох эрх бүрдэнэ гэдгийг анхаарууштай.

е бол ердөө 17 хоног 

Манай улсад 18-40 насны залуучууд нийт сонгогчдын 62 хувийг эзэлдэг. Харамсалтай нь, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар 35 хүртэлх насны ердөө 1 хүн (1.33 хувь), 36-45 насны 17 хүн (22.7 хувь) гишүүнээр сонгогдсон юм. Хамгийн залуу гишүүдийн хувьд:

  • Н.Учрал, 34 нас
  • Г.Дамдинням, 39 нас
  • Ч.Ундрам, 39 нас
  • Х.Булгантуяа, 40 настайдаа өнгөрөгч УИХ-д сонгогджээ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж, татвар бүрдүүлж, ажиллах хүчний цөмийг бүрдүүлж буй залуусын тусгал, тэдний төлөөлөл УИХ-д хэтэрхий чамлалттай, хэтэрхий цөөхөн байгаа юм. "Сонгуулийн тухай хууль"-д зааснаар сонгуулийн сурталчилгаа хийхэд ердөө 17 хоног өгөгдсөн. Энэ хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагад залуусыг төлөөлөх нэр дэвшигчдийг нэгд нэгэнгүй судалж, ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох нь хэчнээн чухал болохыг санаарай.

Сонирхуулахад, 2020 оны сонгуулиар 18-40 насны залуусын ирц 65 хувь, 40-ээс дээш насныхны ирц ойролцоогоор 80 хувьтай байсан гэх судалгаа бий. Хэдий залуусын ирц бага байсан боловч 18-40 насны 750 мянга, 40-ээс дээш насныхны 725 мянга гаруй санал тоологджээ. Тиймээс “Залуусын санал хүчгүй, бид санал өгөх эсэхээс үл хамааран үр дүн нь ижил” гэх мэтийн ухуулгад итгэлгүйгээр мөрийн хөтөлбөртэй анхааралтай танилцан, саналаа заавал өгөөрэй хэмээн уриалъя.


ё бол ёс зүйтэй өрсөлдөөн 

Сонгууль болгоны үеэр сонгогчдын хүсэн хүлээдэг, итгэж найддаг зүйл бол ёс зүйтэй өрсөлдөөн. Өмнө нь хийсэн бүтээснээрээ, төлөвлөж тэмүүлж байгаагаараа бус харлуулж муулж, элдэв башир арга хэрэглэн давуу тал олсон олон тохиолдлыг бид нэрлэж чадна. Тиймдээ ч иргэд, залуус улс төрөөс халширч, холуур тойрох хандлагатай болсон биз.

Нэр дэвшигчдийн ёс зүй гэдэг цаасан дээр хараар буугаагүй ч ухамсар сэтгэлгээнд тодоор бичигдсэн байх учиртай дэг журам. Энэ жилийн сонгуулиар шинэ үеийнхэн, залуу нөлөөлөгчид нэр дэвшигчдийг өрсөлдөгчөө хүндлэх, хар ПиАр хийхгүй байх, шударга байхад хүчтэй уриалж, зарим талаар шаардаж байгааг онцлууштай. Энэ маягаараа ганц улс төр бус хаана ч, ямар ч сэдэв дээр яригддаг ёс зүйн асуудлыг бид ирээдүйд илүү их ярих, шаардах, хэвшүүлэх учиртай.

ж бол жагсаалт 

Энэ удаагийн сонгуульд намын жагсаалтаар 371 нэр дэвшигч 48 суудлын төлөө өрсөлдөж буй. Гишүүдийн 48-ийг жагсаалтаар сонгох болсон "Сонгуулийн тухай хууль"-ийн өөрчлөлт нь намуудыг мэргэжлийн эксперт, технократуудыг жагсаалтдаа багтаах суурь болсон юм.

Ээлжит сонгуульд 21 нам нэр дэвшиж буйгаас МАН, АН, Иргэний хөдөлгөөний намууд тус бүр жагсаалтдаа 48 хүн багтаасан бол араас нь ХҮН нам 47, Шинэ нэгдсэн эвсэл 37, Ард түмний олонхын засаглал нам 27, Үндэсний эвсэл 24 нэр дэвшигчтэйгээр удаалж байна.

з бол зуу

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа орж, худал хуурмаг олон янзын агуулга тархаж, нийгмээрээ сонгуулийн шуурганд автаж буйтай зэрэгцэн залуу мэргэжилтнүүдэд зориулсан цогц мэдээлэл, хүртээмжтэй-чанартай контентын хэрэгцээ тун өндөр байгаа юм. Тиймээс ч манай редакцын зүгээс энэ цаг үед өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлж, өөр өөрсдийн салбараа өнгөлж, тоглоомын дүрмийг эвдэн мөс зүсэж буй залуусаа танилцуулж, тэдний үйл хэргийг алдаршуулж, улам урагшлах эрч хүчээр цэнэглэхийг хүсэж, "Өөрчлөлтийг бүтээгчид-Unread 100: Changemakers" контентыг уншигч танд хүргэж байна.


"Unread 100" контентыг бид олон мэргэжилтэн, экспертүүдтэй уулзаж ярилцан, санаа сэтгэгдлийг нь сонсон, хараат бусаар хамгийн чанартайгаар бүтээснээ бахархалтайгаар мэдэгдье.

Та бүхэн өөрчлөлтийг бүтээгч 100 эрхэмтэй танилцахдаа нам болон салбараар нь ангилах боломжтойгоос гадна тус бүрийн хуудас руу нэвтрэн товч танилцуулгыг уншиж, сошиал сүлжээ болон дэлгэрүүлэх нийтлэлүүдийн холбоосыг аваарай. Нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ: UNREAD 100: CHANGEMAKERS

unread.media


и бол инфлюнсер 

"Сонгуулийн тухай хууль"-ийн сурталчилгааны заалтын хүрээнд хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэвч анхаарууштай нь бусдыг уриалахыг хориглосон заалт бий. Энгийнээр тайлбарлавал "Энэ хүнд саналаа өгөөрэй, энэ хүнийг багаар нь дэмжээрэй" гэх сурталчилгааг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан л ашиглах эрхтэй.

Хэрвээ нэр дэвшигчийг цахим орчинд дэмжих бол тухайн сошиал хэрэглэгч Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-нд сурталчилгаа хийх тухай бүртгүүлэх ёстой. Ийм нөхцөлийг хангаагүй бол цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахгүй хэмээн СЕХ-ийн зүгээс тайлбарлажээ.

Базаад хэлэх юм бол, цахим орчинд олон дагагчтай нөлөөлөгчид буюу инфлюнсерүүд маань нэр дэвшигчийн штабт албан ёсоор ажиллаагүй л бол олон нийтийг тухайлсан нэг нэр дэвшигчийг сонгоорой хэмээн уриалах нь эрх зүйн хувьд хориотой гэсэн үг.

к бол квот 

Шинээр баталсан "Сонгуулийн тухай хууль"-ийн онцлох заалтуудын нэг бол яахын аргагүй эмэгтэйчүүдийн квотыг эцэслэсэн явдал билээ. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл, 2028 оноос 40 хувиар тогтоох заалтыг баталсан юм.

Энэхүү хуулийн үр дүнд 2024 оны сонгуульд нийт нэр дэвшигчдийн 39 хувь (38.8 хувь) нь эмэгтэй нэр дэвшигч байгаагаараа түүхэн үйл явдал тохиож байна. Нам, эвслийн хувьд жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлж буйгаараа мөн энэ сонгууль онцлогтой. Танд сануулахад, өнгөрөгч сонгуулиар 606 хүн нэр дэвшиж байсны 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсан аж.

л бол лөөлөө

Уулын мод урттай богинотой. Энэ олон нэр дэвшигчид дунд сайхан сайхан юм ярьж амласан хэрнээ ачир дээрээ хэлсэн ярьсан зүйлсээ ултай бодож боловсруулаагүй, эсвэл хэлсэн ярьсандаа хүрэх чадамжгүй хүмүүс олон бий. Тийм нэр дэвшигчид шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ажиллана гэдэг бол жинхэнэ “лөөлөө“. Тэгэхээр сонгогч та бидний ажил бол жаахан идэвх чармайлт гаргаад нэр дэвшигчдийг судалж ялган таних л юм. Харин “лай лай” гээд өнгөрвөл “лөөлөө” болох магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн үг.


м бол мандат 

Улаанбаатар хотод Монгол Улсын иргэдийн тал хувь нь амьдардаг боловч энэ удаагийн сонгуульд нийт мандатын ердөө 30 хувь нь л хуваарилагджээ. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг бүсчлэн нэгтгэсэн Долоодугаар тойргийн хувьд долоон мандаттай. Энэ тойрогт нийт сонгогчдын тоотой харьцуулахад хамгийн олон мандат буюу нэг мандатад ногдох сонгогчийн тоо 19,405 байна.

Гэтэл эсрэгээрээ УИХ-ын сонгуулийн 12-р тойрог болох Хан-Уул дүүрэг нь нийт 175,462 сонгогчтой ба ердөө гурван мандаттай юм. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 58,487 байгаа нь долоодугаар тойрогтой харьцуулахад даруй гурав дахин их тоо юм. Энэ нь Хан-Уул дүүргийн иргэд Дундговь, Өмнөговь аймгийн сонгогчдоос гурав дахин бага нөлөөтэй буюу иргэн бүрийн саналын хүч ижил тэгш хэмжээнд биш болохыг илтгэж байгаа юм.

н бол нүд хийе 

Мөрийн хөтөлбөр бол сонгогч бидний сонголтоо хийхдээ анхаарах гол хүчин зүйлсийн нэг. Чухам энд биднийг төлөөлөн дараагийн дөрвөн жилд эрх барих нам, эвсэл, гишүүдийн хийх ажил, гэрийн даалгавар тодорхой бий. Тэдний мөрийн хөтөлбөрийг цаг гарган шалгаж, таны санааг хамгийн их зовоож, анхаарлыг тань татаж буй сэдвийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдвэрлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг харах нь хариуцлагатай сонголт хийх үндэс болно.

Яг л өөрт таалагдаж буй эсрэг хүйстнээ сонжихын тулд дээрээс нь доош нь “нүд хийдэгтэй” адил ирэх дөрвөн жилд улс орны бодлогыг тодорхойлох эрхмүүдийг сонгохдоо хайр дурлалаасаа ч илүү нухацтай хандахыг хүсэж байна.

Намуудын мөрийн хөтөлбөртөй танилцах

о бол орлогын мэдүүлэг 

Өнгөрөгч сонгуулиас эхлэн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн хөрөнгө, орлогын үзүүлэлтийг нээлттэйгээр мэдүүлдэг болсон нь том дэвшил юм. Өөрийн тойрог дахь нэр дэвшигчдийн мэдээллийг ил тодоор үзэх боломжтой болсон нь тухайн хүнийг илүү бодитой үнэлж дүгнэхэд тустай. Энэ бол цаашид ч улстөрчдөд тогтмол хяналт тавьж, ил тод байлгахад хөшүүрэг болох баримт юм.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ээс харахад нийт нэр дэвшиж буй 1,336 хүний 30 хувь нь буюу 415 нь тэрбум төгрөгөөр тоологдох хөрөнгөтэй бөгөөд (Нийт хөрөнгийн хэмжээг харуулахдаа зээлийн хэмжээг оруулан тооцсон) 100-999 сая төгрөгийн хөрөнгөтэй 651, 100 саяас бага хөрөнгөтэй 269 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Нэр дэвшигчдийн ХОМ-тэй танилцах


ө бол өөрчлөлт 

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Сонгуулийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ.

Энэ хуульд холимог тогтолцоот сонгуулийг зохион байгуулах тухай нарийвчилсан зохицуулалтууд, гадаадад оршин суугаа сонгогчдын бүртгэл, оролцоог сайжруулах, сонгогчдын бүртгэлд тавих хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн сурталчилгааг илүү хямд, үр дүнтэй явуулахад чиглэсэн цөөнгүй өөрчлөлт, нэмэлтүүд багтсанаараа тун онцлогтой.

Нэмэлт өөрчлөлт орж батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-тай танилцах

п бол пропорционал 

“Ардчилал бол хамгийн муу засаглал. Гэвч бид үүнээс илүүг олж чадаагүй л байна” хэмээн Уинстон Черчилль нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан засаглал бидэнд сонгох эрхийг маань нээлттэй болгож өгснөөрөө давуу ч тэр сонголтыг нь улс төрийн намууд бий болгодгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн одоог хүртэл сонгуулийг үр дүнтэй зохион байгуулах хамгийн шилдэг, шалгарсан, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн арга барилыг нээж амжаагүй л байгаа.

Тиймдээ ч зарим улс орнууд мажоритар, зарим нь пропорционал гэх мэт тус бүрийн сонгосон арга барилаараа өөр өөрсдийн сонгуулийг хийж буй. Харин манай улсын хувьд пропорционал буюу хувь тэнцүүлэх зарчим цоо шинэ биш ч гэлээ харьцангуй шинэдээ орох бөгөөд энэ оноос эхлэн хуулийн дагуу хоёр системийг хослуулсан хэлбэрээр хийх гэж байна. Тиймээ, энэ жилээс бид үгсийн сан, сонгуулийн тухай нийтлэг ойлголтдоо “пропорционал” хэмээх үгийг угтан авсан.

р бол реклам

2023 оны нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааг илүү цэгцтэй, ойлгомжтой болгох цөөнгүй нэмэлт орсон байсан нь хэдийн бодит ажил болсныг та эрхгүй мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хаа сайгүй байрлуулсан сурталчилгааны самбар, хэн нь гэдгийг ялгахаа больтол ирдэг хэдэн арван хэвлэмэл материалын дунд төөрдөг байсан нь энэ өөрчлөлтөөр цэгцрэх замдаа орсон бололтой.

Зарим онцлох өөрчлөлтүүдээс дурдвал:

  • Тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбараа байршуулахыг хориглосон
  • Зурагт хуудсаа сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарт байрлуулах ба дарааллыг нь нам бол Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь, эвсэл бол тухайн эвсэлдээ бүртгүүлсэн дарааллаар нь, нэр дэвшигч бол тойрогт ирүүлсэн дарааллаар нь, бие даан нэр дэвшиж буй бол СЕХ-нд бүртгэгдсэн дарааллаар нь тогтоох
  • Ухуулагчийн тоог хүн амын нягтралаас хамааран өөр болгосон буюу нийслэл, аймгийн төвийн хэмжээнд хоёр дахин багасгасан
  • Бизнесийн зорилгоор ашигладаг самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон
  • Сонгуулийн байр, ухуулах байраас бусад байшин барилгад сурталчилгааны самбар байршуулахгүй гэх мэт олон заалтууд багтжээ.


с бол саналын хуудас

Дээр хэлсэнчлэн уг сонгууль мажоритар болон пропорционал гэсэн холимог тогтолцоогоор явагдана. Тиймд сонгогчид хоёр саналын хуудас бөглөх ба тэр нь дараах байдлаар хуваагдана.

1. Нэр дэвшигчдэд санал өгөх хуудас: Амьдарч буй тойрогт тань өгөгдсөн мандатын тоогоор нэр дэвшигчдэд саналаа өгнө. Жишээ нь, танай тойрог гурван мандаттай бол та гурван хүнд санал өгөх ёстой. Ингэхдээ хүссэн гурван нэр дэвшигчээ сонгож болох ба тэр нь заавал нэг намын хүмүүс байх шаардлагагүй.
2. Намд санал өгөх хуудас: Дэмжиж буй нэг намдаа санал өгнө. Ингэснээр намууд сонгуульд санал авсан хувь хэмжээтэйгээ дүйцэх УИХ-ын суудал авах ба үүнд жагсаалтаар нэр дэвшигчид дарааллын дагуу хуваарилагдах юм.

т бол томсгосон тойрог 

1992 оноос хойш бид сонгуулийн олон системийг туршсанаас дөрвийг нь жижиг буюу 76 тойрогтой хийж байв. Ингэснээр сонгогч маш цөөн хувилбар дундаас ердөө нэг л хүнийг сонгож байснаас үүдэн нэр дэвшигчид жижиг тойрогтоо нэр олохын тулд асуудлыг явцуу байдлаар харж, “аминчхан” гэмээр шийдвэрүүд гаргах нөхцөл болсон гэж үзэх нь бий.

Тиймдээ ч 2020 оны сонгуулиар 76 жижиг тойргоос татгалзаж, томсгосон буюу 26 тойрогтой сонгууль хийснийг санаж байгаа байх. Ингэж тойргуудыг бүсчлэн томсгосноор нэр дэвшигчид асуудлыг илүү бүрэн зургаар, бүс нутгийн түвшинд харж, бодлогын түвшинд буюу үндсэн үүргийнхээ хүрээнд ажиллах нөхцөл бүрддэг аж. Энэ нь ч 2024 оны сонгуулийг 13 тойрогтой явуулах үндэс болсон (Бүр цаашлаад пропорционал тогтолцооны хүрээнд нийт монголчууд нэг тойрог болж нэг намд санал өгч байгаа нь ч үүний нэг жишээ).

Тойрог томссоны дүнд ижил тойрогт, нэг намаас дэвшиж буй нэр дэвшигчид хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөр, намын уриа зэргээ илүү өргөн хүрээнд таниулан сурталчлах, сонгогчид илүү өргөн хувилбараас сонголт хийх боломжтой болдог давуу талтай ч гэлээ сул тал нь нэр дэвшигчид нэг намынх гэлтгүй шууд өрсөлдөгчид болсноор улс төрийн тоглолт явуулах суурь ч болдог байна.

у бол уриа

Сонгуульд оролцож буй 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөртөө тусгасан сонгуулийн уриаг танилцуулж байна.
1. Монгол ардын нам: Ард түмний ялалт
2. Ардчилсан нам: Бүтэн Монгол бүрэн ардчилал
3. Үндэсний эвсэл: Үндэстнээрээ баяжъя
4. Иргэний зориг ногоон нам: Зоригтой бай!
5. “ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ” (МУНН-ШН) : Шинэ сонголт, шинэ Монгол
6. Эх орон нам: Эх орноо монголчууд хөгжүүлнэ!
7. Бүгд найрамдах нам: Ухаалаг сонголт
8. Монголын Социал Демократ нам: Тэвчээр хязгаар бий, одоо л шийд, биднийг зоригтой сонго!
9. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: Хүчирхэг Монголыг бүтээхийн тулд ард түмнээрээ шийдүүлнэ
10. Иргэний хөдөлгөөний нам: Ялагдал үгүй мөнх орших ирээдүйн төлөө!
11. ХҮН нам: Өөрчилнө! Цаг нь болсон
12. Монгол Консерватив нам: Төрийн эрхийг ард түмэнд
13. Ард түмний хүч нам: Ард түмэн хүчтэй
14. Монголын хүний төлөө нам: Шүүхийг шүүнэ
15. Үнэн ба зөв нам: Хүчтэй сөрөг хүчин
16. Эрх чөлөөний эвсэл нам: Хувь хүний эрх чөлөө-Хязгаарлагдмал төр
17. Иргэдийн оролцооны нэгдсэн нам: Бүхнийг хүүхдийн төлөө
18. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: Сайн сонголт


ү бол үр дүн

2016 оны сонгуулиас хойш бид сонгуулийн үр дүнгээ санал авах хугацаа дууссан даруйд нэгэн зэрэг буюу тэр дор нь дэлгэцээр хүлээн авах боломжтой болсон билээ. Энэ бол сонгуулийн автоматжуулсан систем, бидний хэлж заншсанаар "хар хайрцгийн" ач тус. Шуурхай, ил тод үр дүнг зарласнаар хүмүүсийн эргэлзээ, үл итгэлцлийг арилгаж, шударга сонгууль явах гол баталгаа нь болох учиртай.

Санал хураалт 22:00 цагт хаагдах учраас та дараагийн 2-3 цагт урьдчилсан дүнг хүлээж авах хүлээлттэй байхад болно гэсэн үг. Харин албан ёсны дүнг СЕХ-оос бүх хэсгийн хороодын дүнг нэгтгэсний эцэст эмхлэн, гараар тоолж баталгаажуулсны дүнд олон нийтэд албан ёсоор танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг журамтай.

ф бол факт

Мэдээж хэрэг ардчилсан сонгуулийн гол тоглолт сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хүрээнд хийгддэг телевиз, радио, сонин хэвлэл, сошиал медиа, биечилсэн уулзалт бүхий сурталчилгаа, идэвхжүүлэлтэд оршдог. Үүнийг хэн цар хүрээтэй, ухаалаг, төлөвлөгөөтэй хийж чадна, тэр л олон нийтийн анхаарлыг татаж, өөрийн үгээ түгээн, дүр төрхөө таниулж чадна.

Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд сонгогчдын санал, олон нийтийн анхаарал маш чухал байдаг тул иргэдийн зүгээс энэ үед маш хэрсүү байж, аливаа мэдээллийг зөвөөр шүүн тунгаах нь тун чухал. Иймд сонгуультай холбоотой аливаа сурталчилгаа, суртал, ухуулгыг хүлээн авахдаа баталгаатай-баримттай эсэхийг нь нягталж үзээрэй. Баримтыг нягтлах нь цахим эрин үед улам амархан болсныг мөн санах хэрэгтэй. Хэрвээ та хүсвэл нэр дэвшигчдийн хийж буй уулзалтад биечлэн оролцож, эргэлзээтэй асуултаа асууж, хийх зүйлсээс нь тодруулга ч авах боломжтой шүү.

х бол хандив 

Хандив өгөхөөр төлөвлөж буй иргэний хувьд гүйлгээ хийхдээ хэдэн зүйлийг заавал санах ёстой. Эс бөгөөс хандив тань хүчингүйд тооцогдож, дэмжиж буй нэр дэвшигч тань таны хандивыг эргүүлэн өгөх нэмэлт ажилтай болдог. Тэгэхээр ийм зүйл болгохгүйн тулд та:

1. Гүйлгээний утга дээр ebarimt дээр харагддаг 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа, овог, нэр, хандивын эх үүсвэрийн (цалин, хадгаламж гэх мэт) талаарх мэдээлэл, утасны дугаарын хамтаар бичих ёстой.
2. Хэрвээ та 18 насанд хүрээгүй, эсвэл гадаад улсын иргэн, монгол улсын харьяалалгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын ямар нэг өртэй, эсхүл дампуурсан хуулийн этгээд, мөн үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага зэрэг ашгийн бус байгууллагын өмнөөс хандив өгөх гэж байгаа бол хандив өгөх боломжгүй шүү. Аан бас, бизнесийн ч гэлээ хуулийн этгээд тань байгуулагдаад нэг жил заавал болсон байх ёстой.


ц бол цээ л бол цээ

Олон нийтийн дунд “Улстөрчид бүгд адилхан”, “Эд бүгд ялгаагүй хүмүүс” гэх нийтлэг, явцуу хандлага зонхилох нь элбэг. Ардчилсан улсад амьдарч, сонгох мөн сонгогдох эрх чөлөөг тогтмол эдэлж буй иргэдийн хувьд ийм хандлагатай хэрхэвч эвлэрч, улс төрд бууж өгч, энэ мэт хандлагыг өөгшүүлэн дэврээж болохгүй.

Харин ч эсрэгээрээ сонгогчийн боловсролоо дээшлүүлж, өгөх саналдаа хариуцлага хүлээн, хэн нь хэн бэ гэдгийг, бид цаашид яавал зохих вэ гэдэгт үргэлж нээлттэй хандаж, уян хатан байж, болж өгвөл энэ бүхэнд идэвхтэй оролцон, эрэл хайгуул хийж байхыг уриалъя. Цээ л бол цээ биш, улс төрч бүр адил биш.

ч бол чухал өдөр 

6 сарын 28! Энэ бол гарцаагүй монголчуудын бидний хувьд ирэх дөрвөн жилээ, цаашлаад ирээдүйгээ сонгох, шийдэх чухал өдөр.Монголын улсын хэтийн дүр зураг ямар байх эсэхэд өөрийн хувь нэмрийг хамгийн бодитоор үзүүлэх боломжтой өдөр бол 2024 оны 6 сарын 28 юм.

Санал авах энэ өдрийг хуулиар бүтэн амралтын өдөр болгодог болохоор та сонгууль өгөхдөө хэсэгхэн хугацааг зарцуулаад бусад цагаа хийх дуртай зүйлсдээ зарцуулсан ч болох юм. Хөдөө сумдад саналаа өгөх гэж нэлээд хол замыг туулдаг бол хот суурин газар санал өгөх байр тун ойрхон байдгийг санаарай.

ш бол шинэ апп 

Энэ удаагийн сонгуулийн нэгдсэн мэдээллийг election2024.mn сайт болон Сонголт аппаас авах боломжтой. Сонгогчийн боловсролд зориулан мэдээ, контентууд бэлтгэж буй тус платформ, апп нь хэн, хаана нэр дэвших талаар болон тухайн хүний намтар түүхийг нэг дороос, цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлж буй. Түүнчлэн Үндэсний аудитын газраас улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт өгсөн аудитын дүгнэлт, тойргуудын статистик зэрэг олон мэдээлэл энд бий. Хариуцлагатай сонгогч байхад тань гарцаагүй тусалж чадна.

Сонголт апп татах: iOS | Android


э бол элч

Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч гэгдэх УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүний дагуу төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, биелэлтийг хянаж шалгах зэрэг олон чиг үүрэг бий.

Тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа Төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог билээ. Өмнөх сонгуулийн үеийг хүртэл УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө тангаргийн үгээ хамт уншиж, тангаргаа зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу одоо гишүүд нэг нэгээрээ тангараг өргөж, түүнээсээ няцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болсон.

ю бол юуг харах вэ? 

Нэр дэвшигчдийн юу юуг харж, ямар ямар шалгуур тавьж сонгох вэ гэдэг хамгийн чухал. Энэ сонголт, судалгаанд тань 2024 оны зургаадугаар сарын 10-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өдөр бүр 21:00 шууд дамжуулагдаж буй ТэнГэр ТВ-ийн бодлогын мэтгэлцээн ихэд дэм болох болов уу.

Сонгогдсон сэдвийн хүрээнд сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдээс зургаан нэр дэвшигч оролцож, намынхаа мөрийн хөтөлбөр, ирээдүйн дөрвөн жилд баримтлах бодлогоо танилцуулан, өөр хоорондоо мэтгэлцэж буй энэ контентоос та нэр дэвшигчдийн туршлага, үзэл бодол, мөрийн хөтөлбөр, туршлага хийгээд хувь хүний төлөвшил, зан байдлыг үнэлж дүгнэх боломжтой.


я бол ялгаа

Эцэст нь 2024 оны сонгууль бидний хувьд бүхэлдээ шинэ туршлага, шинэ сонголт, шинэ тогтолцоо, шинэ соёл болж байна. Ардчилсан улс болоод ердөө 30 жилийн нүүрийг үзэж буй манай ард түмэн өнгөрсөн хугацаанд төрийг хүчитгэж, нийтээр хүлээн зөвшөөрсөн улс төрчдийг сонгож, эрх барих үүргийг өндөр хариуцлага болгохын тулд олон өөр оролдлого, туршилтыг уйгагүй хийж ирсэн.

Харин 2024 оны сонгууль, түүний дараа бүрдэх шинэ парламентын гишүүд бол ажлын байрны чиг үүргээсээ гадна 2023 онд баталсан энэ систем өмнөх өмнөхөөсөө ялгаатай байж, эерэг үр дүн үзүүлж чадна гэдгийг батлах маш хариуцлагатай бүрэлдэхүүн байх болно. Бид ч тэднийг анхааралтай харж, хянах учиртай.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.

Алдалгүй сонго