Unread Media айсуй арваны хөгжлийг түүчээлж, өнгийг тодорхойлох шинэ цагийн улс төрчид, шилдэг өөрчлөлт бүтээгчдийг танилцуулах “Unread 100: Changemakers”-ийг толилуулж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ: UNREAD 100: CHANGEMAKERS
Unread
ЯАГААД?
Unread-ийн редакц үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш уншигчдынхаа урмыг хугалж, итгэлийг алдалгүй дөрвөн сонгуулийг давсан гэдгээрээ бахархдаг. Бид сонгууль бүрээр үргэлж уншигчдаа эхэнд тавьж, тэдний мэдэх эрхийг хангаж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх агуулга бүтээхийг эрмэлздэг. Мөн нийгмийн амьдралд шинэлэг уур амьсгал, шинэ арга барилыг дагуулсан олон, олон залуусыг алдаршуулж, тэдний цаашдын улс төрийн карьерт дэмжлэг, түшиг болно гэсэн чин итгэл үнэмшлээр хамтран ажилласаар ирсэн юм.
Тиймдээ ч сүүлийн саруудад 2024 оны УИХ-ын сонгуульд ямар бодлого баримталж, хэрхэн ажиллах талаар нухацтай хэлэлцэж, эрэл хайгуул хийсэн билээ. Худал хуурмаг олон янзын агуулга тархаж, нийгмээрээ сонгуулийн шуурганд автаж буйтай зэрэгцэн залуу мэргэжилтнүүдэд зориулсан цогц мэдээлэл, хүртээмжтэй-чанартай контентын хэрэгцээ ч өндөр байгааг анзаарсан.
Энэ эрэл хайгуул биднийг "Өөрчлөлтийг бүтээгчид" рүү хөтөлсөн юм.
Бид улс орон, нийгэм маань өдрөөс өдөрт өсөн дэвжиж, үсрэнгүй хөгжлийн ирмэг дээр ирж байгаа гэдэгт итгэдэг. Бид залуусын оролцоо улам нэмэгдэж, хүртдэг бус хувь нэмрээ оруулдаг үеийнхэн үй олноороо шийдвэр гаргах, бодлого боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх үе шатанд орох ёстой гэдэгт итгэдэг. Бид шинэ үеийн залуус асуудлыг хараад шалтаг тоочоод хойшоо суудаг бус, шийдлийг хайж урагшаа зүтгэдэг гэдэгт, хамтдаа хэлэлцээд биесээ түшээд улам өөд тэмүүлнэ гэдэгт, ажиллаж амьдрахыг мөрөөддөг нийгмээ өөрсдийн гараар бүтээх чин эрмэлзэлтэй гэдэгт итгэдэг.
Тиймээс эдгээр өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлж, өөр өөрсдийн салбараа өнгөлж, тоглоомын дүрмийг эвдэн мөс зүсэж буй залуусаа танилцуулж, тэдний үйл хэргийг алдаршуулж, улам урагшлах эрч хүчээр цэнэглэхийг хүссэн юм. "Unread 100"-г бид олон мэргэжилтэн, экспертүүдтэй уулзаж ярилцан, санаа сэтгэгдлийг нь сонсон, хараат бусаар хамгийн чанартайгаар бүтээхийг зорилоо.
ХЭН БАГТАВ?
Энд багтсан 100 эрхэм бүгд өөр өөрийн замналаар өөрчлөлтийг бүтээж буйг хамгийн эхэнд онцлохыг хүсэж байна. Тэд зөвхөн маргаашийн манлайлагчид бус өнөөдрийн өвийг бүтээгчид. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч МАН-ыг тэргүүлсэн бол сөрөг хүчин АН-ыг Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Үндэсний эвслийг Н.Номтойбаяр, ХҮН намыг Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг нар өнгөлөв. Н.Учрал, Ч.Номин, М.Тулгат, Б.Мөнхдөл зэрэг хэдийнээ олон нийтэд танигдсан залуу улс төрчид ч багтсан. Тэд бүгд ирэх арван жилд Монгол Улсын хөгжлийн чигийг тодорхойлогчид мөн.
Улс төрд хүч үзнэ гэдэг асар их эр зориг. Ялангуяа залуусын хувьд энэ бол том шийдвэр. Тиймдээ ч АН-ын Боловсролын зөвлөлийн гишүүн Э.Сүндарь, МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа зэрэг дараагийн үеийн залуу оддыг бид түлхүү онцоллоо. Улс төрийн амьдралд "шинэ тоглогч" ч гэсэн, үндсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн итгэлийг хүлээж буй Ч.Лодойсамбуу, Н.Амаржин, Ц.Алтансор, Г.Дашням зэрэг залуусыг мөн багтаалаа.
Улс төрчид ба олон нийт гэдэг зааг, ялгаа улам багасаж, асуудлаа хамтаараа хэлэлцэн шийдэх соёлд суралцаж буй энэ үед манай редакц “Unread 100”-даа нийгэм, бизнес, улс төр, хууль, боловсрол, технологи, эдийн засаг, шинжлэх ухаан гээд бүх л салбарын төлөөллүүдийг багтааж чадсан гэдгээ онцолъё. "Лантуун дохио"-г үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, "Хашаандаа сайхан амьдаръя" хөдөлгөөнийг үндэслэгч Ц.Түмэнбаяр, "Тасралтгүй боловсролын судалгааны институт"-ийн гүйцэтгэх захирал С.Өнөр бол тэдний төлөөлөл. Тэд салбартаа өнгө нэмж, шинэ санаачлагаараа нийгмийг дагуулж, өөрсдийн үйлээрээ жишиг тогтоож буй бүтээгчид.
ЯАЖ?
"Unread 100: Changemakers"-ийг гаргахдаа Unread Media-ийн редакц хараат бусаар, бие даан гаргасан бөгөөд дараах зарчмыг баримталсан болно:
- 45 наснаас доош буюу 1978 оны 6-р сарын 28-аас хойш төрсөн байх,
- Нам, эвслийн харьяалал хамаарахгүй,
- УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эсэх хамаарахгүй,
- Оршин суугаа болон амьдарч буй байршил хамаарахгүй
"45 наснаас доош буюу 1978 оны 6-р сарын 28-аас хойш төрсөн байх" гэдэг хязгаарлалтаас шалтгаалан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, АН-ын дарга Л.Гантөмөр зэрэг өнөөгийн улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй олон эрхэм хасагдсан гэдгийг дурдах нь зүйтэй. Айсуй арван жилд 70-аад оны улс төрчид бодлогын гол шийдвэрийг гаргаж, улс төрийн амьдралд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Та бүхэн 100 өөрчлөлтийг бүтээгчтэй танилцахдаа нам болон салбараар нь ангилах боломжтойгоос гадна тус бүрийн хуудас руу нэвтрэн товч танилцуулгыг уншиж, сошиал сүлжээ болон дэлгэрүүлэх нийтлэлүүдийн холбоосыг аваарай. Нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно.
Манай редакц сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдах хүртэл "Unread 100"-д багтсан өөрчлөлтийг бүтээгчдийг олон нийтэд таниулах, алдаршуулах чиглэлд анхааран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
“Unread 100”-тай холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 100@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.
Алдалгүй сонго