Сүүлийн жилүүдэд эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн дунд "гурил хүний биед хэрэггүй" гэх яриа түгээмэл болсон нь ямар учиртай вэ? Гэнэтхэн тийм олон хүн гурилын харшилтай болчихно гэж байх уу? Эсвэл шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд бидний ойлголт өөрчлөгдөж, урьд нь мэддэггүй байсан зүйлсээ таньж мэдэв үү? Ингэхэд глютений харшил гэхээр бид нэг зүйлийн тухай ярьж байгаа бил үү? Эсвэл өөр анагаахын нэршилтэй ч шинж тэмдгүүд нь төстэй өвчлөл, харшлуудын тухай яриад байна уу? гэх мэт түм буман асуулт дунд төөрч яваа танд энэ нийтлэлийг зориуллаа.
Юун түрүүнд өөртөө онош тавихаас өмнө глютен, целиак, глютенийг үл тэвчих хам шинж, буудайны харшил эсвэл цочромтгой гэдэсний хам шинж зэрэг ойролцоо мэт боловч сохроор тааж боломгүй өвчлөлийг ялгаж салгах нь туйлын чухал юм.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
Сүүлийн жилүүдэд кето дэглэм буюу аль болох бага хэмжээний нүүрс ус хэрэглэх, бүр огт нүүрс ус хэрэглэхгүй зөвхөн уургаар хооллох карнивор хоолны дэглэм зэрэг янз бүрийн дэглэмүүд шил дараалан гарч ирж байна. Эсвэл зүгээр л гурил идэхээр бие нь тавгүйрхдэгийг өөрсдөө анзаарч амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийсэн хүмүүс ч бий. Ийнхүү эрэлт ихсэхийн хэрээр "gluten free" шошготой хүнс зах зээлд гарч, глютений харшилгүй ч “илүү эрүүл” юм болов уу" гэх найдлагаар глютенгүй гурилан бүтээгдэхүүнийг хүмүүс сонгох болжээ.
Тухайлбал 2023 онд глютенгүй хүнсний зах зээл дэлхий даяар 6.74 тэрбум доллароор үнэлэгдэж, 2032 он гэхэд энэ тоо 13.81 тэрбум ам.долларт хүрч, жилд дунджаар 8.33 хувиийн өсөлттэй байх төлөвтэй байгаа юм. Тиймээс глютен нь маргаангүй ойрын жилүүдийн эрүүл мэндийн сонирхолтой, маргаантай, халуун сэдвүүдийн нэг.
Хэрэв та гурил хэрэглэсний дараа ядарч, тавгүйтдэг бол үүнийг зөвхөн глютений харшил гэж ерөнхийлөхөөс зайлсхийж, асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлох нь чухал. Энэ нийтлэл танд буудайн харшлын онош тодруулахын тулд харшлын сорил тавиулах, эсвэл ходоод гэдэсний бусад асуудлыг илрүүлэхийн тулд нарийн шинжилгээ хийлгэх сэдэл өгөхөд тусална гэж найдаж байна.
Глютен гэж юу вэ?
Улаан буудайд агуулагддаг химийн олон нэгдлийн дотроос глютен нь гурилын зуурамтгай, наалдамхай шинж чанарыг бүрдүүлж, бидний хэрэглэдэг гурилыг онцгой болгодог уураг юм. Глютен нь глиадин болон глютенин гэсэн хоёр үндсэн уургаас бүрддэг бөгөөд устай урвалд орсноор гурилыг уян хатан, зуурамтгай шинж чанар бий болгох үүрэгтэй. Эдгээр уургууд нь агаар дахь хийг барьж, гурилыг хөөлгөж, талхыг зөөлөн, хөвсгөр болгодог аж.
Глютен хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Глютен хоол боловсруулах замд орох үедээ ходоод болон нарийн гэдэсний ферментүүдийн тусламжтайгаар жижиг хэсгүүдэд буюу пептидэд задрах учиртай. Гэвч бусад уургуудтай харьцуулахад глютен нь амин хүчлийн өвөрмөц дараалалтай учраас тийм ч амархан задардаггүйд асуудал байгаа юм. Харин зарим хүний хувьд глютений глиадин уургийн тодорхой хэсэг нь дархлааны системтэй өвөрмөц харилцан үйлчлэлд орсноор өвчлөл үүсгэдэг аж.
Глютенийг үл тэвчих хам шинж болон улаан буудайн харшил хоёр өөр үү?
Глютенийг үл тэвчих хам шинж буюу NCGS
Энэхүү хам шинжийн яг нарийн механизм тодорхойгүй хэвээр байгаа тул анагаахын шинжлэх ухааны хувьд нэгэн төрлийн “ойлгомжгүй” төрлийн хам шинжийн нэг юм. Судлаачид энэ хам шинж нь зөвхөн глютенээс бус буудайн бусад нэгдлүүд болох амилаз-трипсиний дарангуйлагчид (ATI) эсвэл FODMAP нүүрс ус нь гэдсийг цочроосны улмаас үүсдэг гэж үзээд байна. Нүүрс устай хоол идсэнээс хойш тэдэн цаг эсвэл өдрийн дараа гэдэс өвдөх, цанхайх, ядрах, толгой тархи манантах зэрэг шинж тэмдгүүд энэ хам шинжийн үед илэрдэг.
Бусад глютентэй холбоотой хам шинжээс ялгаатай нь биед үрэвсэл үүсгэхдээ ямар нэг аутоиммун маркеруудын оролцоогүйгээр дархлааны системийн тодорхой идэвхжил бий болдог нь хачирхалтай. Нэг ёсондоо биеийн эд, эсэд ямар нэг оношлогдох гэмтэл үүсгэлгүйгээр үрэвсэл явагддаг учраас одоог хүртэл анагаахын салбарт уг өвчлөлийн яг таг шалтгааныг олж тогтоож чадаагүй байгаа юм.
Тиймээс NCGS-тэй хүнийг оношлохын тулд эхлээд целиак өвчин болон буудайн харшилтай эсэхийг тогтоож, дараа нь глютенгүй хоолны дэглэм барих үед шинж тэмдэг нь сайжирч байгаа эсэхийг ажиглах шаардлагатай байдаг аж. Уг хам шинж нь дэлхийн нийт хүн амын 0.6–6 хувьд тохиолддог бөгөөд IBS-тэй харьцуулахад харьцангуй ховор боловч целиак өвчнөөс илүү өргөн тархалттай.
Буудайн харшил
Буудайн харшил нь буудайн уураг болох альбумин, глобулин, глиадин, глютенин зэрэг бодисоор өдөөгдсөн дархлааны хариу урвалтай холбоотой. Буудайн харшилтай хүн буудай агуулсан хүнс хэрэглэсний дараа эсвэл буудайн тоосонцроор амьсгалах үед дархлааны систем буудайнд агуулагдах эдгээр уургийг дайсан хэмээн андуурч, иммуноглобулин Е (IgE) хэмээх эсрэг биет ялгаруулдаг.
Улмаар арьс загатнах, хамар битүүрэх, ходоод базлах зэрэг шинж тэмдэг үүсэхээс гадна ноцтой тохиолдолд амьсгал боогдох, хоолой хавдах бүр цаашлаад анафилаксийн шок буюу амь насанд хүртэл халтай нөлөө үзүүлэх тохиолдол бий. Ийнхүү хүчтэй хариу урвал үзүүлдэг нарийн механизмийг “Харшлын тухай таны мэдэх ёстой бүх зүйл” нийтлэлийг уншиж мэдээрэй.
Бусад глютентэй холбоотой өвчлөлтэй харьцуулахад буудайн тоосонцор буюу хүнсний бус замаар харшил өдөөх боломжтой тул илүү тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй. Буудайн харшил нь хүн амын ойролцоогоор 0.1–0.3 хувьд тохиолддог харьцангуй ховор өвчин бөгөөд хүүхдүүдийн дунд илүү түгээмэл. Хүүхэд том болох тусам буюу дархлаа нь харийн биетийг таних чадвар нь дээшилсэн үед буюу өсвөр насандаа буудайн харшилгүй болдог ч энэ нь хүн бүрийн нөхцөл, эрүүл мэндийн байдлаас хамаардаг тул эмчид юун түрүүнд үзүүлэх шаардлагатай.
Глютенгүй гурил хэрэглэвэл турах уу?
Глютен нь ямар нэг байдлаар өөх хуримтлуулах эсвэл бодисын солилцоонд шууд нөлөө үзүүлдэггүй. Судалгаагаар целиак өвчтэй хүмүүсийн 81 хувь нь глютенийг хоолноосоо хассанаар жин нэмсэн нь тогтоогдсон байдаг. Энэ нь тэдний нарийн гэдэс эдгэрч, шим тэжээлийг шингээх чадвар сайжирсантай холбоотойгоор жин нь тогтворжиж буй байдал.
Харин целиакгүй хүмүүсийн хувьд глютенгүй хоолны дэглэм барьснаар жин багасах үзэгдэл ажиглагддаг боловч энэ нь зөвхөн глютенгүй хоол руу шилжсэнээсилүүтэй бүхэлдээ хооллотын хэв маягт өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Глютен агуулсан талх, боов, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн боловсруулсан нүүрс ус, сахар ихтэй, илчлэг өндөртэй байдаг тул эдгээрийг хассанаар өдөрт авах илчлэгийн хэмжээ буурч, жин хасахад нөлөөлдөг.
Нөгөөтэйгүүр глютенгүй бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн боловсруулсан гурилаар хийгддэг бөгөөд амт, бүтцийг нь өөрчлөх гэж нэмэлт тос, сахар мөн ялгаагүй их хэмжээгээр агуулдаг. Судалгаагаар глютенгүй зарим бүтээгдэхүүнүүд нь ердийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү өндөр илчлэгтэй, бага уурагтай байдаг нь жин нэмэгдэхэд нөлөөлж болзошгүйг харуулж байгаа юм.
Иймд “gluten free” шошготой бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэдгээрийн илчлэг болон сахарын агууламжийг шалгаж, энгийн гурилан бүтээгдэхүүнтэй адил өндөр илчлэгтэй эсэхийг нь нягталж хараарай.
таны мэдээгүй сонирхолтой баримт
БУРУУ ОНОШЛОГДДОГ БУРУУТНУУД
Целиак
Целиак бол глютенээр өдөөгддөг аутоиммун эмгэг юм. Товчхондоо дархлааны систем глютений задарсан жижиг хэсгийг гадны биет гэж андуурч, хариу урвал үзүүлснээр үүсдэг өвчин. Глютен ходоодонд задарч, нарийн гэдсэнд "33-мер глиадин" гэх пептид үүсэхэд энэ эмгэг гол асуудал болдог.
Учир нь гэвээс 33-мер глиадин нь трансглутаминаза (tTG) хэмээх ферменттэй холбогддог бөгөөд TТG-г "молекулын оёдолчин" гэж төсөөлж болно. Энэ фермент глиадиний пептидийн бүтцэд өөрчлөлт оруулж, дархлааны системд илүү танигдахуйц болгож өгөх гол үүрэгтэй. Үүний дараа өөрчлөгдсөн пептидийг HLA-DQ2 эсвэл HLA-DQ8 хэмээх молекулаар дамжуулан дархлааны эсүүдэд хүргэдэг. Хэрэв тухайн хүн эдгээр гений идэвхтэй хувилбартай бол дархлааны систем уг пептидийг гадны биет гэж таньж, эсрэг биет үүсгэж эхэлдэг.
Целиакийн үр дагавар
Дархлааны системийн үүсгэсэн эсрэг биетүүд үрэвсэл үүсгэж, нарийн гэдэсний ворсин гэх шим тэжээлийг шингээхэд чухал үүрэгтэй товгор бүтэц гэмтдэг. Энэ нь яг л зүлгэн дээр байнга гишгэж, элэгдэлд оруулж байгаатай адил юм. Дэлхийн хүн амын 30–40 хувьд HLA-DQ2 болон HLA-DQ8 гений идэвхтэй хэлбэр байдаг ч тэдгээрийн зөвхөн 1 орчим хувь нь целиак өвчнөөр өвчилдөг. Энэ нь гений бүтэц нь өвчин үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг боловч шууд энэ өвчин үүсгэдэг гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, целиак өвчин нь генетик болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг билээ. Хэрэв дээрхи шинж тэмдгүүд танд илэрдэг бол цусны шинжилгээ өгч юун түрүүнд өөрийгөө целиактай эсэхээ оношлуулаарай.
Цочромтгой гэдэсний хам шинж (IBS)
IBS буюу цочромтгой гэдэсний хам шинж нь аутоиммун өвчин эсвэл харшлын шалтгаантай бус, харин биеийн дотоод үйл ажиллагаа хоорондоо алдаатай, эсвэл удааширсан дохио дамжуулалтаас үүдэлтэй гэж үздэг. Энэ өвчнөөс болж ходоод, гэдэс гэмтдэггүй ч целиак өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрдэг тул буруу оношлох магадлал өндөр.
IBS нь ихэвчлэн серотонин гэх дохио дамжуулах молекулын тэнцвэр алдагдсантай холбоотой. Серотонин нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны хэмнэлийг удирддаг бөгөөд хоол шингэх хурд, цадсан мэдрэмжийг илэрхийлэхэд гол үүрэгтэй. Үүнээс гадна гэдэсний микробиом буюу гэдэсний бактериудын тэнцвэр алдагдах нь гэдэсний хөдөлгөөн, хэмнэлийг эвдэж, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.
Целиак өвчин хүн амын 1 орчим хувьд тохиолддог бол IBS нь илүү өргөн буюу хүн амын 15 хувьд илэрдэг. Мөн энэ хам шинж эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү түгээмэл. IBS нь глютенээс үүдэлтэй биш болохыг тогтоосон ч IBS-тэй зарим хүмүүс глютенгүй хоолны дэглэм баримтлахад шинж тэмдэг нь багасдаг. Үүний шалтгаан нь FODMAP гэх хүнсний бүлэгтэй холбоотой байж болох юм.
FODMAP гэдэг нь хоол хүнсэнд агуулагдах богино хэлхээт нүүрс-ус болон чихрийн спиртүүдийн нэгдэл юм. Нарийн гэдэс эдгээрийг сайн шингээж чаддаггүй тул задралгүйгээр бүдүүн гэдэс рүү очдог. Гэдэсний бактериуд эдгээрийг задлах явцад хий, илүүдэл ус үүсгэж, гэдэс дүүрэх, базлах, гүйлгэх, эсвэл өтгөн хатах шинж тэмдгүүд үүсгэдэг.
FODMAP хүнсэнд дараах зүйлс багтана:
Фруктан: Буудайн бүтээгдэхүүн, сонгино, сармис
Лактоз: Сүүн бүтээгдэхүүн
Илүүдэл фруктоз: Алим, лийр зэрэг жимс
Сорбитол, маннитол: Чавга, интоор болон хатаасан жимс гэх мэт.
Тэгэхээр энэ хам шинж нь зөвхөн гурилнаас болж үүсээд буй биш бөгөөд зүйрлэж хэлбэл хүний махбодийн “цахилгааны утаснууд” нь гэмтчихсэн чийдэн шиг анивчаад буй хэрэг.
САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
Глютен хүн төрөлхтний хувьд шинэ хүнс үү?
Хүн төрөлхтөн хэдэн зуун мянган жилийн турш мах, хүнсний ногоо, жимс зэрэг олон төрлийн хүнс хэрэглэж байсан ч 10,000 орчим жилийн өмнө газар тариалангийн хувьсгал гарах үед л буудайн төрлийн ургамлуудыг тариалж хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаа нь энэхүү шинэ хүнсэнд хүний ходоод гэдэс дасахад харьцангуй богино хугацаа. Frontiers in Immunology сэтгүүлд 2018 онд нийтлэгдсэн судалгаагаар, глютен хэрэглэж сурах генетикийн дасан зохицол бидэнд харьцангуй удаан явагдаж байгаа хэмээн тэмдэглэжээ.
Түүхэн явцад хүн төрөлхтөн хэрэглэж буй хоол хүнсэндээ генетикийн хувьд дасан зохицдог. Жишээ нь, бид сүүнд агуулагдах лактозыг боловсруулдаг болсон нь 7,500 жилийн хугацаанд явагдсан өөрчлөлт бөгөөд анхандаа хүмүүс сүүний лактозыг задлах чадваргүй байсан юм. Махыг задалж боловсруулахад ч мөн адил махны амин хүчлүүдийг сайн боловсруулахад тропсин тэргүүтэй төрөл бүрийн хоол боловсруулах энзимүүдийг түүхэн явцад хүн төрөлхтөн бий болгосон байдаг. Яг л үүний адилаар бид глютенд ч бас дасан зохицож буй нь энэ хэмээн ойлгож болно.
2015 оны PLOS Genetics сэтгүүлд гарсан судалгаагаар Европт амьдарч буй хүн амын дунд глютенийг боловсруулах генетик адаптаци илүү өндөр үзүүлэлттэй байгаа нь байгалийн селекцийн үйл явцтай холбоотой байж болохыг харуулсан. Харин Ази тивийн хүн амын хувьд улаан буудайны газар тариалан харьцангуй сүүлд орж ирсэн учраас тухайлбал, 2019 онд гарсан судалгаагаар, Азийн хүн амын глютен мэдрэмтгий байдал Европын хүн амтай харьцуулахад гурван дахин их байх жишээтэй.
Глютений мэдрэг байдал тархи, сэтгэлзүйд хүртэл нөлөөлдөг гэж үү?
Постбиотик гэдэг нь гэдэсний бактериуд исэлдэлтийн процесст оролцсоны үр дүнд үүссэн бодисыг хэлдэг. Үүссэн бодис нь богино гинжит өөхний хүчил (SCFA) тухайлбал, бутерат, пропионат, ацетат зэргийг ялгаруулдаг. Эдгээр бодис нь тархи болон төв мэдрэлийн систем болон тархины үйл ажиллагаанд нөлөөлж сэтгэл санаа, сэтгэл хөдлөл, ой санамжид нөлөөлдөг болохыг тогтоосон юм.
Харин NCGS-тэй хүмүүсийн гэдэсний микробын тогтолцоо нь алдагдсан буюу гэдэсний үрэвслийн хариу урвалыг өдөөдөг учраас ялгарах ёстой постбиотикийн хэмжээг багасдаг. Түүнчлэн NCGS нь “leaky gut” хэмээх өвчлөлийг мөн үүсгэдэг. Энэ нь липополиосахарид (LPS) гэж нэрлэгдэх гэдэсний ашиггүй бактерийг цусны урсгалд оруулж, биеийн дааврын үйл ажиллагаанд нөлөөлтөл өөрчлөлт оруулдаг байх жишээтэй.
Улмаар серотонин дааврын ялгаруулалтыг багасгаж улмаар толгой өвдөх, сэтгэл санаагаар амархан унах эсвэл мартамхай болох, толгой дүүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Учир нь серотонин даавар нь нойр, сэтгэл санаа, тархины үйл ажиллагаанд чухал оролцоотой. Мөн NCGS-ээс болж үүссэн үрэвслийн дааврууд нь тархины эд эсийн хамгаалалтын систем болох микроглиаль эсүүдийг идэвхжүүлж, тархины үрэвслийг улам нэмэгдүүлдэг. Эдгээр эсүүд идэвхэжсэн үед тархи, мэдрэлийн системд саад учруулдаг. Эдгээр судалгаанаас харахад тархи гэдэс хоёр бидний бодсоноос ч илүү хоорондоо холбоотой аж.
ИРЭЭДҮЙГЭЭС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
Шинж тэмдэг илрэхээс нь өмнө мэдээлэх төхөөрөмж ий?
Зонулин гэдэг нь гэдэсний хана дахь эд эсийн хоорондох холбоосыг хариуцдаг уураг. NCGS-тэй хүний зонулины түвшин нэмэгдэх нь гэдэсний ханын бүтцийг алдагдуулж, хорт бодис, бичил биетүүдийг цусны урсгалд нэвтрүүлдэг. Тиймээс зонулины түвшнийг илрүүлэх нь NCGS-ийн хурц шинж тэмдгүүдийг хянах боломж олгоно гэсэн үг. Ингэснээр уламжлалт оношилгооны аргуудаас (жишээ нь, глютенийг хасах эсвэл лабораторийн шинжилгээ хийлгэх) шууд өөрчлөлтөө өөрөө ажиглаж болохуйц биосенсор төхөөрөмж зохион бүтээх боломжтой юм байна. Одоогийн байдлаар зах зээл дээр ийм төхөөрөмж байхгүй ч лабораторийн шинжилгээнд (жишээ нь, IDK® Zonulin ELISA) ашиглагдаж байгаа.
Уг технологийг харамсалтай нь хөгжүүлэхийн тулд судлаачид зонулины түвшнийг ялгаж, үнэн зөв хэмжих дэвшилтэт илрүүлэх механизмыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв ийм биосенсор амжилттай хөгжвөл энэ нь зөвхөн NCGS-ийн эмчилгээнд төдийгүй зонулиний зохицуулалт алдагдсантай холбоотой бусад гэдэсний эмгэгүүд (жишээ нь, целиак, IBS)-ийг мөн эмчлэх боломж нээгдэнэ.
Н Номии 2025.04.03 103.212.163.195
Сайхан нийтлэл болсон. Шинэ шинэ олон зүйл мэдэж авлаа баярлалаа. Дараагийн нийтлэлийг хүлээж байя. Амжилт
амир 2025.01.24 122.201.25.99
Баахан гадаад үгсийг тэр чигээр нь оруулж ирсэн ойлгомжгүй өгүүлэл байна. Жишээ нь адаптаци гэдгийн дасан зохицох гэж оруулж ирч болно. Уншихад төвөгтэй, сонирхолтой ч ойлгомжгүй нийтлэл болжээ.
z zochin 2025.01.24 122.201.31.202
????баялаг агуулгатай шинэлэг нийтлэл болжээ. Өөрөө анагаахын хүн болохоор ойлгомжтой байсан ч энгийн хүмүүсд бол найруулга болон бичиглэл нь жаахан ойлгоход амаргүй санагдлаа.