Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 15 дахь дугаарын 11-р нүүрт анхлан нийтлэгдсэн.

Хүн бүрийн хүүхэд насны дурсамжид бидний хэлж заншсанаар Өвлийн өвгөн тод мөртэй нэгэн билээ. Зүрх сэтгэлд маань мөнхөрсөн Өвлийн өвгөн бол урт цагаан сахалтай, нүдэндээ гэрэлтэй, хөгжилтэй нь аргагүй инээд алдсан, том гэдэстэй, уут дүүрэн бэлэгтэй хэмээн дүрслэгддэг. Басхүү цас мөсний орноос цаа бугаа хөлөглөн цан хүүргээ савсуулсаар шөнийн тэнгэрт дүүлж дэлхийн хүүхэд бүрд бэлэг тараадаг нэгэн гэж өгүүлэгддэг. Гэхдээ хүн бүхний мэддэг, хамгийн сайн танил болсон Өвлийн өвгөн гэгч чухамхүү хэн байсан бэ?  
 
Эртний Ромын эзэнт гүрэн, өнөөгөөс 1700 жилийн тэртээх өвлийн үдэш. Нэгэн өндөр нуруутай, асар туранхай, уртаас урт цагаан сахалтай ламтан олон арван бэлэг зэхэн өргөөндөө тун завгүй сууж байлаа. Түүний хичээнгүйлэн бэлдэх бэлэг сэлт дунд янз бүрийн амттанаас эхлээд хувцас, хоол унд хүртэл харагдах бөгөөд эд бүгд маргааш өглөө нь хотын ядуу хүүхдүүдэд хүргэгдэх аж. Энэ хүнийг Мира хотын Николас гэдэг. Хожим Гэгээн Николас гэгдэх болсон бол бүр түүнээс ч хожмоо Санта Клаус хэмээх алдрыг хүртжээ. Хэрхэн энгийн л нэг шашны номлогч ламын амьдралаас өнөөгийн бидний мэдэх гартаа Кока Кола атгасан Санта төрсөн юм бол?  

Синтерклаасаас Санта Клаус


Зуухны дэргэд өлгөсөн урт оймсонд янз бүрийн бэлэг үлдээдэг хэмээх Гэгээн Николасын түүх, домог Өрнийн улс орнуудын өнцөг булан бүрд тархжээ. Газар орон бүр түүний түүх, домгийг өөр өөрсдийн соёл, шашин, домог, үлгэрээр баяжуулсаар ирсэн бөгөөд тэдний хамгийн алдартай жишээ бол Дани улсын Синтерклаас (Sinterklaas)-ын дүр юм.

Синтерклаас хэмээх нэр нь Синт буюу Гэгээн, Клаас буюу Николас хэмээх үгсээс үүдэлтэй бөгөөд Скандинавын орны домогт өгүүлснээр найман хөлтэй хүлэг морь унасан ид шидийн өвгөн арванхоёрдугаар сарын 5, 6-ны шөнө айл бүрээр зочлон хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг гэнэ.

Уг домгийн эзэн Синтерклаасаас Санта Клаус хэмээх нэр үүссэнээр барахгүй Сантагийн нэрийн хуудас болсон улаан өнгийн хувцас ч эндээс эхлэлтэй.

Бүх ид шид нэгэн шүлгээс эхтэй 

Хүн бүхний мэдэх Санта Клаусын тухай ярихын тулд цаг хугацаагаар аялах хэрэгтэй. Тодруулбал, өнөөдрөөс хоёр зууны өмнөх Нью Йорк хотыг зорих юм.

1823 оны арванхоёрдугаар сарын 23. АНУ-ын хагас долоо хоног тутмын “Troy Sentinel” сонинд нэгэн сонирхолтой найраглал хэвлэгдсэн байлаа. Уг найраглалыг нэрээ нууцалсан нэгэн зохиолч сонинд хүргүүлсэн ажээ. Найраглал ийн эхэлдэг байна:

“Зул сарын урьд орой байлаа, чимээ аниргүй
Манайх нам гүм, бүр хулгана ч дуулдахгүй байлаа
Зуухны дэргэд өнгө өнгийн оймс чамбай гэгч өлгөсөн нь
Мөдхөн манайд Гэгээн Николас айлчлахын ерөөл байлаа”

“'Twas the night before Christmas, when all through the house
Not a creature was stirring, not even a mouse;
The stockings were hung by the chimney with care,
In hopes that St. Nicholas soon would be there”

Найраглалд Сантаг дүрслэхдээ:

“...Түүний нүд хэчнээн гал цогтой!
Хонхгор хацар нь хэчнээн баяр баясалтай!
Хацар нь сарнай мэт улаан, хамар нь харин интоор мэт!
Инээд дүүрэн бяцхан ам нь эвшээсэн нум мэт,
Эрүүн доорх сахал нь харин цас мэт цагаан”

“…His eyes—how they twinkled! his dimples, how merry!
His cheeks were like roses, his nose like a cherry!
His droll little mouth was drawn up like a bow,
And the beard on his chin was as white as the snow;” хэмээжээ.

Дээрх найраглалаас АНУ-ын өнөөгийн Санта Клаусын төсөөлөл төрсөн гэдэг. Найраглалд Сантаг дүрслэхдээ хуучин гэгээнтэн, ламтны дүрийг давтсангүй. Харин хөлөөсөө толгой хүртэл үстэй улаан хүрэм өмссөн, амандаа гаанс зууж нүүр дүүрэн инээмсэглэсэн, басхүү нуруундаа уут дүүрэн тоглоом үүрсэн цоо шинэ төрхийг бүтээжээ. Түүнчлэн найман хөлт морь хөлөглөхийн оронд найман цаа бугатай чарга хөсөглөн тэнгэрт инээд цалгиулан нисдэг хэмээн дүрсэлсэн байна. Эл найраглалыг АНУ-ын Еврей хэлний багш Клемент Кларк Мур зохиосон гэдэг. Гэсэн ч түүний бүтээсэн Сантад хүүхдүүдээс ирсэн захидал, шидэт одой нар байгаагүй бөгөөд “Цас мөсний орон” буюу Хойд туйлаас ирдэг гэсэн тодотгол ч байсангүй. Тэдгээрийг Сантад нэмж зохион баяжуулсан хүн мөн л Нью Йорк хотоос гаралтай Томас Наст гэх ном, сонины зураач байв.

1860-аад онд түүнд тухайн үеийн АНУ-ын хамгийн том сэтгүүлүүдийн нэг “Harper’s weekly” Зул сарын баярын дугаарууддаа чимэг зураг зурах ажил санал болгосон бөгөөд уг сэтгүүлд зурсан бүтээлүүдээс л өнөөгийн Сантагийн төрх үүссэн ажээ. Тодруулбал, Т.Наст жил бүр К.К.Мурын дүрслэн бичсэн Сантад сайн, муу хүүхдүүдийн жагсаалтаас эхлээд үргэлж ямар нэгэн шинэ чимхлүүр хэсэг нэмсээр найраглалд дүрслэгдсэн нэгнээс илүү том, илүү бүдүүн нэгнийг шинээр бүтээсэн аж.

Кока-Кола атгасан Санта  

Өнөөдрийн поп соёлд Санта Клаусыг Кока-Колагүй төсөөлөх нь тун бэрх. Учир нь шинэ жил, Зул сарын баяр ойртох тусам энэ ундааг барьсан Сантагийн сурталчилгаа газар сайгүй тархдаг шүү дээ. Үүнээс үүдээд Санта Клаусыг Кока-Кола бүтээсэн, түүний улаан хүрэм, цагаан сахал чухам уг компаниас гаралтай хэмээх ташаа ойлголтууд ч бий болсон байдаг. Энэ бүхний эхлэл биднийг нэгэн зууны өмнөх рүү хөтөлнө.

Кока-Кола компани Санта Клаусыг сурталчилгаандаа авч хэрэглэсэн анхны компани байсангүй. Тэднээс өмнө 1868 онд АНУ-ын амттаны үйлдвэр Сантаг сурталчилгаандаа хэрэглэж байсан бөгөөд түүнээс 47 жилийн дараа буюу 1915 онд “White Rock” хэмээх компани түүнийг дүр болгон ашиглаж байжээ. Гэсэн ч тэдгээр компаниудын аль нь ч Кока-Кола шиг амжилт олоогүй байна.

1930-аад онд тус компани борлуулалтынхаа тайланг нямбайлан судалж байхдаа нэг зүйлийг анзаарсан нь хүмүүс өвлийн улиралд өөрсдийнх нь ундааг огт худалдан авахгүй байсан явдал байв. Учир нь уг ундааг зөвхөн зун цагийн унд хэмээх ойлголт хэрэглэгчдийн дунд байсан аж. Ингээд тэд хүмүүсийн бодлыг өөрчлөх нэгэн мэргэн санаа олсон нь Сантаг сурталчилгаандаа авч ашиглах байв. Ингэхдээ чадварлаг зураач Хэддон Сандбломд ажлын санал тавьж, хүн бүхний хайрыг татах шинэ Сантаг бүтээж өгөхийг хүссэн байна. Чухам энэ үйл явдал л бидний өнөөгийн мэдэх Сантагийн дүр төрхийг бүрэн бүтээсэн бөгөөд бүтэн зуун жилийн дараа ч огт өөрчлөгдөөгүй хэвээр буй.



Зураач Х.Сандбломын өмнөх үеийнхээ уран бүтээлч Т.Настын бүтээлүүдээс сэдэл авч бүтээсэн “My hat’s off” зураг нь үлэмж амжилт олжээ. Түүний бүтээлийг ашигласан Кока-Колагийн сурталчилгаа дэлхий дахиныг шуугиулж, зураач маань 33 өвлийн турш уг ажлаа идэвхийлэн үргэлжлүүлсэн гэдэг. Бүр түүний сурталчилгааны бүтээлүүдийн нөлөөгөөр нэг хэсэг дэлхийн олон оронд хүүхдүүд Зул сарын өмнөх орой Сантад зориулан Кока-Кола ундааг тусгайлан тавьж үлдээдэг уламжлал ч тогтсон гэдэг.

Түүнээс хойш 1700 жилийн тэртээ амьдарч асан, шинэ жилийн баяртай ямар ч холбоогүй нэгэн ламын дүр төрөл арилжин хөвсгөр том биетэй, уртаас урт цагаан сахалтай, томоос том гэдэстэй, улаан үслэг хүрэмтэй, баргил бүдүүн хоолойгоор инээд алдсан нэгний дүрээр шинэ жилтэй холбоотой кино, дуу, шүлэг, хүүхэлдэйн кино, зурагт ном гээд бүхий л соёлын талбарт ахин мэндэлсэн билээ. Харин уншигч та түүнтэй хэзээ танилцаж байв даа?