Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 14 дэх дугаарын 11-р нүүрт анхлан нийтлэгдсэн.
Шөнийн тэнгэр өөд ширтээд хязгааргүй уудамд үргэлжлэх од эрхэс, сансар огторгуйг ширтэх нь хэзээнээсээ хүн төрөлхтний хамгийн дуртай үйлдэл байсаар иржээ. Эртний Вавилоноос эхлээд Грек хүртэлх соёл иргэншил бүхэн одон орон, сансар огторгуйг ихэд сонирхон улмаар шинжлэн судалж, цаглавраас эхлээд зурхай, бүр одон орны ухаан хүртэл бүтээсэн байдаг. Харин тэнгэр өөд тийн ширтэхдээ холыг ойртуулж, тэдгээр хязгааргүй олон од эрхсийг алган дээрээ анхлан тавьсан эрхэм XVII зуунд төрсөн юм. Түүний нэрийг Галилео Галилей гэдэг байв.
1610 оны нэгдүгээр сарын 7, пүрэв гараг, 17 цагийн орчим. Флоренцийн Вант улсын математикч, физикч Г.Галилей хойд Италийн Падова хотоос өөрийн цоо шинэхэн бүтээсэн телескопоороо хүн төрөлхтний түүхэнд анх удаа Бархасбадь гараг руу дуранджээ. Чухам түүний энэ үйлдэл хүн төрөлхтний түүхийн хуудсанд үлэмж том нөлөөг авч ирсэн юм. Гэхдээ Г.Галилей хэрхэн энэхүү нээлтээ өнөөгөөс дөрвөн зууны тэртээ гүйцэтгэж чадсан юм бол? Түүний нээлтийн нууц юунд оршиж байсан бол?
Түүхийн хуудсыг сөхвөл
Г.Галилейгийн нээлтийн тухай ярихаасаа өмнө тухайн үед дэлхий дахинд ямар ямар үйл явдал өрнөж байсныг цухас дурдъя. Учир нь эдгээрийг мэдэж байж л бид түүний нээлт цаг үеэсээ хэдэн алхмаар урд байсныг мэдэх боломжтой.
- 1607 онд Анхны Англи иргэд Хойд Америкт ирж сууршин тухайн газар нутгаа “Jamestown” хэмээн нэрийдэв
- Өрнийн урлагт Барокко үе эхлэв
- 1636 онд Зүүнгарын хаант улс байгуулагдав
- 1601, 1604 онуудад Английн их зохиолч У.Шекспир өөрийн алдарт бүтээлүүд болох Гамлет, Отелло нараа бичив
- 1631 онд Могул улсын хаан Таж Махалын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
- 1613 онд Романовынхон Оросын засгийн эрхийг гартаа авч, түүнээс хойш 304 жилийн турш буюу 1917 оны В.И.Ленинээр удирдуулсан Октябрын хувьсгал хүртэл хаан ширээнд сууцгаав
- 1605 онд Испанийн нэрт зохиолч М. Де Сервантес утга зохиолын түүхэнд орчин үеийн анхны роман хэмээн тооцогддог өөрийн сод туурвил “Дон Кихот”-оо бичив
- Германы математикч, астрономич, астрологич И.Кеплер өөрийн гараг эрхсийн хөдөлгөөний III хуулиа нээсэн нь хожим Английн эрдэмтэн И.Ньютоны “Бүх ертөнцийн таталцлын хууль”-д чухал нөлөө үзүүлэв
Энэ дундаас 1581 онд Нидерланд улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж шинжлэх ухаан, харилцаа холбоо, худалдаа наймаагаа дэлхий дахинд тэлж шил, линз өргөн хүрээнд үйлдвэрлэж эхэлсэн нь Г.Галилейд тусаа өгсөн үйл явдал байв.
“Линз”-ийн эхлэл
1608 оны аравдугаар сарын 2-ны өдөр. Нидерландын эрэг дагуух хот Мидделбург хотын иргэн линз, шил урлагч Ханс Липперсгей гэгч эр анхлан “Холыг ойртуулагч шил” хэмээх тодотголтой, хожмоо “телескоп” нэрээр дэлхийд танигдсан эдийг анхлан бүтээсэн байна. Түүний нээлт шинжлэх ухааны түүхэнд жинхэнэ “хувьсгал” дэгдээсэн бөгөөд хэдхэн сарын хугацаанд уг хэрэгсэл Европын хаант, вант улсуудын дунд түгэн газар сайгүй тархсан аж. Тэгэхдээ эрин зууны сод сэтгэгч, эрдэмтдийн хараанд өртсөн бөгөөд тэдгээр эрхмүүдийн дунд Симон Мариус, Томас Харриот, И.Кеплер болон Г.Галилей багтаж байжээ.
Галилео Галилей ба Бархасбадь гараг
Нидерландын шил урлагч эрийн бүтээсэн хэрэгсэл тив даяар тархан нэр алдрыг хүртэж эхлэхэд Г.Галилей ижил төст хэрэгсэл бүтээхээр шаргуу ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ өөрийн физик, математикийн шинжлэх ухааны мэдлэг, чадварыг ашиглан Х.Липперсгейн бүтээсэн телескопоос илүү хүчирхэг хэрэгслийг бүтээхийг зорьжээ. Тийнхүү хөдөлмөрлөсний эцэст, хоёр сар гаруй хугацааны дараа буюу 1609 оны наймдугаар сарын 25-ны өдөр Венецийн Бүгд найрамдах улсын Сенатад өөрийн телескопоо бэлэг болгон барьж хариуд нь багагүй шан харамж авсан гэдэг. Харин эрх баригчид түүний бүтээлийг цэрэг, дайны зориулалтаар ашиглаж эхэлжээ.
Үүний дараа Г.Галилей өөрийн бүтээсэн телескопоо шөнийн тэнгэр өөд өргөн сансар огторгуйг анх удаа дурандсан бөгөөд эхлээд Сарыг анхааралтай ажжээ. Тэгээд үргэлж өөгүй толигор хэмээгддэг асан Сарыг дов толгод дүүрэн гадаргуутайг мэдэн тэмдэглэж, тэр ч байтугай үзэж харснаа зурсан байна. Түүнчлэн Сүүн зам, Галактикийг дурандаж үзээд хорвоо ертөнц тоо томшгүй олон оддоос бүрддэгийг таньж мэдсэн түүхтэй.
Энэ явдлаас хойш гурван сар орчмын дараа тэрээр анх удаа Бархасбадь гараг руу хараагаа шилжүүлсэн нь хожим түүний хамгийн чухал шийдвэр болсон билээ. Тодруулбал, 1610 оны нэгдүгээр сарын 7, пүрэв гараг, 17 цагийн орчимд тэрээр Бархасбадь гаргийн дэргэд гурван жижиг эрхэс буйг олж харсан байна. Улмаар удаах шөнүүдэд тэрээр тэдгээр эрхсүүд Бархасбадь гаргийг тойрон эргэлддэгийг олж нээсэн бөгөөд зургаан хоногийн дараа дөрөв дэх эрхсийг ч олж харжээ. Г.Галилей тэдгээрийг “Io, Europa, Ganymede, Callisto” хэмээн нэрийдэн Бархасбадь гарагийн дагуул эрхэс буюу “сар” болохыг тэмдэглэн авав. Ийнхүү тэрээр Бархасбадь гараг ч гэсэн манай дэлхий шиг өөрийн сартай бөгөөд тэдгээр нь яг л манай сар мэт Бархасбадь гаргийг тойрон эргэдэг болохыг олж нээсэн нь шинжлэх ухааны түүхэнд маш чухал ач холбогдолтой.
Учир нь, тэрээр энэхүү нээлтээрээ дэлхий хорвоо ертөнцийн төв, цөм бус болохыг батлан тунхагласан юм. Улмаар уг өдрөөс хойш гурав орчин сарын дараа Г.Галилей өөрийн ажиглалтын үр дүнгээ нэгтгэсэн “Sidereus Nuncius” хэмээх номоо 500 хувь хэвлэн нийтэлжээ. Тийнхүү Г.Галилей болон Шашин хоорондын дайн дэгдсэн гэдэг.
Г.Галилейн телескопын ажиллах зарчим
Түүний телескоп ерөнхийдөө тун энгийн зарчимд суурилсан байдаг. Г.Галилей аливаа биетийн гэрлийг цугларуулж төвлөрүүлэх (focus) үүрэгтэй линзийг телескопынхоо үзүүрт байрлуулж нүдэвч хэсэгт нь буюу нөгөө үзүүрт нь тухайн биетийн дүрсийг томруулах үүрэг бүхий шилийг байрлуулжээ. Уг телескоп нь нийт 20 метрийн урттай, 37 милиметрийн диаметртэй бөгөөд хүний нүднээс 20 дахин илүү харах чадал бүхий байсан нь тухайн цаг үедээ юутай ч зүйрлэхийн аргагүй хүчирхэг, шинэлэг, басхүү урьд хожид огт харагдаж, үзэгдэж байгаагүй зэвсэг байв. Чухам хүн төрөлхтний сансар огторгуйн аялал түүний энэ л бүтээлтэй хамт эхэлсэн.
Г.Галилейд сансар огторгуйг дурандан тольдохын хэрэг, утга учир чухам юу байв?
Энэ зөвхөн Г.Галилейд л утга учиртай зүйл байгаагүй бөгөөд хойчийн бүх хүн төрөлхтөнд утга учиртай үйлдэл байлаа. Үүнийг энгийнээр тайлбарлахын тулд од эрхэс, галактик, Сүүн зам зэрэг нь биднээс хэчнээн хол оршин байдгийг санах шаардлагатай. Нарнаас цацрах гэрэл бидэн рүү ирэхийн тулд 8 минут царцуулдаг. Тэгэхээр өглөө мандаж буй нар бол 8 минутын өмнөх нар гэж хэлж болно. Харин өнөө шөнийн Долоон бурхан од бол 80 жилийн өмнөх Долоон бурхан од. Биднээс хэдэн сая жилийн гэрлийн зайд орших гараг эрхсийн гэрэл бидэнд хүрэх гэж хэдэн сая жилийг зарцуулсан. Ингээд бодохоор хорвоо ертөнц гэдэг өөрөө яг одоо оршиж буй цаг хугацааны машин гэлтэй. Хорвоогийн гүн рүү илүү хол дурандах тусам ертөнцийн улам балчир насыг тольдох боломжтой. Астрофизикчид чухам үүнийг л судлан бид хаанаас, хэрхэн бий болсныг олж мэдэхийг эрмэлздэг бол хорвоо ертөнц бидэн рүү “гэрэл”-ийн хэлээр бүхий л нууцаа илгээсээр байдаг ажээ. Гагцхүү энэхүү нууцыг тайлах эхлэлийг Г.Галилейн телескоп дөрвөн зууны өмнө тавьсан түүхтэй.