Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдөр хаягдал ус дахин цэвэршүүлэх тухай мэдээлэл бэлтгэлээ.
Ус бол хүн төрөлхтний өнөөгийн амьдралын зайлшгүй хэрэгцээ, ирээдүйн үнэт баялаг учраас бидний хувьд хамгийн түрүүнд судалж ойлгох ёстой сэдэв юм. Ирээдүйд энэ баялгийн үнэ цэн улам өсөх учраас бидний үр хойчид учрах аюулаас сэргийлэхийн тулд үүнийг сайтар судалж ойлгох учиртай.
НҮБ-аас 1993 оноос жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ жилийн тухайд “Усны үнэ цэн, үнэлэмж” сэдвийн хүрээнд Дэлхийн усны форумыг цар тахлын үед цахимаар зохион байгуулж, энэ чиглэлд олон нийт анхаарал хандуулахыг уриалж буй юм.
Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг дээшлүүлж, олны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2007 оноос тэмдэглэн өнгөрүүлэх болсон “Эх дэлхийн цаг” арга хэмжээ өнөөдөр тохиож байна. Энэ жилийн Эх дэлхийн цагийг монголчууд бид "Ус, түүний зохист зөв хэрэглээ" сэдвийн дор цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлэх билээ.
Усны тухай хөөрөлдөх нь
Бид устай холбоотой төрөл бүрийн мэдээллийг өдөр тутам хүлээж авдаг ч нэг удаа ашиглаад хаяхаас өөрөөр усыг хэрхэн ашиглаж болох тухай цэгцтэй, зөв мэдээлэлтэй болж чадаж байгаа болов уу?
Байгалийн ихэнх баялаг өөрийн гэсэн үнэ цэн, мөнгөөр үнэлэгдэх зах зээлтэй бол усны тухайд тийм биш. Ус бол хүн төрөлхтний түүхэн дэх байгалийн хамгийн үнэт баялаг боловч хэзээ ч мөнгөн дүнгээр бодитоор үнэлэгдэж байгаагүй, хэн нэгэнд өмчлөгдөөгүй онцгой шинж чанартай "гайхал" аж.
Ийм өвөрмөц шинж чанартай ус нь улс орны эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн баялгийг бий болгох, хүний эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг тул бид усны асуудлыг өөрийгөө сайн мэддэг шигээ мэдэрдэг, хайрладаг байх нь чухал.
Ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны хэрэглээг хэмжин үзвэл манай улсын хүн ам өдгөө өдөрт 1.5 сая шоо метр ус ашиглаж байна. Тэрхүү усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авч, үлдсэнийг нь гадаргаас авдаг ч бид нийт ашиглаж болох усныхаа дөнгөж хоёрхон хувийг л хэрэглэдэг нь сонирхол татна. Түүгээр зогсохгүй хэрэглэсэн усныхаа дийлэнхийг суваг, шуудуу руу шууд урсган хаяж буй нь дэндүү үрэлгэн хэрэг.
Тиймээс алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг тогтоохын тулд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлэх тухай онцолж, мэдвэл зохих бүхнийг тайлбарлахаар бэлтгэлээ.
МАНАЙ УЛСАД ХАЯГДАЛ УСЫГ ХЭРХЭН "ХАЙРЛАЖ" БАЙНА ВЭ?
Манай улсын эдийн засгийг бүрдүүлдэг тэргүүлэх салбаруудаас усны менежментийг хамгийн сүүлийн үеийн технологи, шийдэлд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж буй жишээ цөөнгүй салбарт харагдах болсон. Ус нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг учраас усны менежментгүйгээр ямар ч үйлдвэр ажиллах боломжгүй юм. Тиймээс зарим компани хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлсний дараа тоосжилт дарах, зүлэг, мод услах, тоног төхөөрөмж хөргөх, угаалга цэвэрлэгээнд, гал түймэр унтраах зэрэгт өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, энэ чиглэлд сайн туршлага хуримтлуулж буй "М-Си-Эс Кока-Кола" компанийн хувьд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж, хүнсний үйлдвэрүүдээс анхдагч болжээ.
Тус байгууламж нь хоногт 2000 тонн хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлдэг байна. Загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлдэг учраас Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад бүрэн нийцжээ.

Тэд цэвэршүүлсэн усаа үйлдвэрийнхээ ногоон байгууламжийг услахад болон түгээлтийн машинуудаа угаахад ашигладаг байна. Мөн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-д нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд ашигладгаас гадна машин угаалгын газруудад гэрээгээр үнэ төлбөргүй нийлүүлж төдий хэмжээний цэвэр усны нөөцийг хэмнэж байна.

Тооны хэлээр
69%: Дэлхий дахинд хэрэглэж буй нийт усны 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын оршин суугчдын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна.
2 тэрбум: Өдгөө хоёр тэрбум гаруй хүн цэвэр усны тулгамдсан асуудалтай оронд амьдарч байна. 2025 он гэхэд дэлхийн хүн амын тэн хагас нь ундны усны хомстолд өртөх магадлалтай хэмээж тооцоолж буй.
1.5 сая: Монгол Улс өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Тэрхүү усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авч, үлдсэнийг нь гадаргаас авдаг бөгөөд нийт ашиглаж болох усныхаа дөнгөж хоёр хувийг хэрэглэдэг.
80%: Дэлхий дахинд хаягдал усны 80 хувийг дахин цэвэршүүлэхгүйгээр хаяж байна.
3 дахин: Хаягдал бохир ус нь цэвэршүүлсэн бохир уснаас ойролцоогоор гурав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг.

Нэр томьёоны лавлах
Хаягдал ус гэж юу вэ?
Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдан, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа алдаж бохирдсон усыг хэлнэ. Бохирдлын зэрэг нь физик, химийн шинж чанараараа ялгаатай байдаг.
Ахуйн бохир ус гэдэг нь?
Хүн амьтны ялгадас, ахуйн угаалга цэвэрлэгээ, усанд орох, хоол хүнс бэлтгэхэд хэрэглэсэн уснаас бүрдэнэ. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус бол, саарал ус нь бие угаасан, гар нүүр, хувцас, гал тогооны сав суулга угаахад ашигласан усыг хэлдэг.
Тэгвэл үйлдвэрийн бохир усны тухайд?
Үйлдвэрийн бохир ус нь үйлдвэрийн технологийн төрөл бүрийн үе шатанд хэрэглэсэн усыг хэлнэ.
Бохир усыг хэрхэн цэвэрлэдэг юм бол?
Бохир усыг бохирдолтын зэрэг, төрөл, бохир усны зарцуулалтаас хамааруулан цэвэрлэгээний механик, физик-хими, биологийн аргуудыг ашиглан цэвэрлэдэг байна. Бохир усыг цэвэрлэх явцад уснаас ялгасан хаягдал, лаг тунадсыг аюулгүй болгох, эргүүлэн ашиглах зорилгоор чанд боловсруулж, олон шат дамжлагаар цэвэрлэдэг аж.
Хаягдал ус хор хөнөөлтэй хэрэг үү?
Хаягдал ус дахин цэвэршүүлэх нь байгаль орчноо хайрлан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой. Тэр тусмаа нүүрсхүчлийн хий болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад гол үүрэгтэй юм.
Мөн хөгжиж буй орнууд цэвэр усны хангамж муугаас бохир усны эх үүсвэрийг ашиглаж, хэдэн зуун мянгаараа холер, цусан суулгалт, хижиг, полиомиелит өвчнөөр өвчилж буй нь харамсалтай. Тиймээс хаягдал усыг зөв ашиглах нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болно.

Цаг хугацааны товьёог
Бид ер нь хэзээнээс усыг дахин боловсруулж, шинж байдлыг нь өөрчилж цэвэршүүлэх болсон тухай сонирхож байв уу? Түүхийн хуудаснаас энэ тухай зарим сонирхолтой баримтыг онцолъё.
МЭӨ 3000 он: Грекийн Крит хотод ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглаж байжээ.
1500-1700 он: Герман, Их Британи улсад бохир ус зайлуулах систем ашиглаж эхлэв.
1800-1850 он: Ариун цэврийн байгууламж ашиглалтын тухай хуулийг Франц, Англи, АНУ, Их Британид анх удаа батлав.
1875-1900 он: Франц, Их Британи натрийн гипохлоритыг ус халдваргүйжүүлэхэд ашиглаж эхэлсэн.
Сая долларын эргэлзээ
Үйлдвэрүүд усаа цэвэршүүлдэг болбол юу өөрчөгдөх вэ?
Усыг дахин ашглах нь тогтвортой хөгжлийн зорилгод нийцэх төдийгүй эдийн засаг, санхүүгийн хувьд олон давуу талтай. Хөгжингүй орнуудад хэрэглэж буй усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлэх дэд бүтэц, санхүүгийн нөөц боломж байгаа бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт дөнгөж найман хувьтай байгаа юм.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах зорилт тавьж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан билээ. Хэрэв бид хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болбол хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулах боломжтой ажээ.
Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгал эхлэхээс өмнө усны эрэлт хэрэгцээ хүний ахуйн хэрэглээнд төвлөрч байв. Харин дэлхийн хүн ам сүүлийн 500 жилийн дотор 14 дахин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 240 дахин нэмэгдсэнээр усны хэрэглээ тэр хэрээр эрс өсөөд байна. Энэ хэвээр үргэлжилбэл 2050 гэхэд дэлхийн хүн амын тоо 9.8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэх тооцоо бий.

Тиймээс олон улсад 1970-аад оноос хаягдал усыг ашиглаж, өндөр чанартай технологиор цэвэршүүлсний эцэст дахин ашиглаж эхэлсэн түүхтэй. Тэрхүү цэвэршүүлсэн усыг ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэх зэрэгт өргөнөөр ашиглаж буй.
Харин хөгжиж буй орнуудад хаягдал бохир усаа дутуу цэвэрлэх эсвэл шууд гадаргын ус, зориулалтын бус суваг шуудуу руу урсгаж байна. Тэрхүү бохир ус нь иргэдийн амьдардаг хот суурин газарт хүрснээр хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх нэг шалтгаан болж буй нь харамсалтай.
Ирээдүйгээс ирсэн захидал
Монголд гэлтгүй дэлхий дахинд нийт усны хэрэглээний 70 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Тиймээс тус салбарын усны бодлогод улс бүр анхаарч, усны нөөцийг ариг гамтай ашиглах технологиудыг хөгжүүлсээр байна.
Хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс Израиль улс усны менежментээрээ дэлхийд тэргүүлдэг. Хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүж цэвэршүүлэх туршлагаараа олон улсад үлгэрлэж буй тус улсын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлдэг ажээ.
Мөн Канадын Тогтвортой хөгжлийн технологийг хөгжүүлэх газраас хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд 2.8 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буй. Усны зохистой хэрэглээг бий болгох зорилгын хүрээнд усны үр ашиг, зарцуулалтыг хэмжих, тооцоолох апп, программ хөгжүүлж, хиймэл оюунд суурилсан технологийг өргөн нэвтрүүлэх аж. Уг төсөл амжилттай хэрэгжвэл усыг нэн зохистой хэрэглэж дадахаар зогсохгүй 43 сая машинаас ялгарах хүлэмжийн хий бууруулсантай тэнцэх хэмжээний нөлөө үзүүлэх гэнэ. Энэ нь цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон алхам болно хэмээн үзэж байна.


Сэтгэгдэл бичих

