Бутаны вант улс өөрсдийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүн, хүний хөгжлийн индекс гэхчлэн уламжлалт хэмжүүрээс гадна “Үндэсний Аз Жаргалын Өсөлт" гэх цогц үзүүлэлтээр хэмждэг аж. Энэхүү хэмжүүрээ төрийн бодлогодоо шингээснээр тэд газар нутгийнхаа 60 хувийг ойжуулж, дэлхийн цор ганц "carbon negative" буюу нүүрстөрөгч ялгаруулах бус шингээдэг улс орон болохын сацуу иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролыг бүрэн үнэ төлбөргүй болгожээ.
Улс орны иргэдийн сайн сайхан байдал буюу амьдарч буй орчин, эрхэлж буй ажил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл гээд хувь хүн өөрийгөө болон нийгмээ хэрхэн үнэлж, мэдэрч буйг сайн сайхан байдлын тулгуур үзүүлэлтээр хэмждэг. Тэгвэл Монголд анх удаа Оптимал Эн Макс ХХК “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгааг” хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны үр дүн өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Үүнээс онцлох үр дүнг илүү сонирхолтой байдлаар манай редакц цагаан толгойн 35 үсгэнд задлан бичлээ.

А бол Арга зүй
А бол Арга зүй
Аливаа судалгааны үр дүн хэр бодитой, итгэж болохуйц вэ гэдгийг тодорхойлдог чухал хүчин зүйлийн нэг нь арга зүй байдаг. Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгааг "Оптимал Эн Макс" ХХК хоёр жилийн турш бэлтгэн хэрэгжүүлсэн бөгөөд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулсан холимог арга зүйгээр гүйцэтгэжээ. Судалгааны асуулгыг салбар бүрийн их сургуулийн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээр хянуулан боловсруулж, олон улсад түгээмэл хэрэглэгддэг аргачлалуудыг Монгол Улсын нөхцөлд тохируулан нутагшуулсан нийт 107 асуултаар хэмжсэн байна. Түүвэрт Улаанбаатар хот, орон нутгийн мөн гадаадад оршин суугаа нийт 5,001 иргэнийг хамруулсан нь үндэсний хэмжээний анхны томоохон суурь судалгаа болж чаджээ.
Б бол Бүс нутаг
Судалгааны түүвэрт Монгол Улсын хүн амын бүтцийн онцлогийг бүрэн төлөөлөхүйц байдлаар Улаанбаатар хот болон Баруун, Зүүн, Төв, Хангайн бүс, мөн гадаадад оршин суугаа 18-аас дээш насны иргэдийг тэгш хамруулсан байна. Бүс нутгийн харьцуулсан үр дүнгээс харахад иргэдийн сайн сайхан байдлын үнэлгээ болон амьдралын сэтгэл ханамжийн түвшин газар зүйн байршлаас хамааран өөр өөр гарчээ.
Тухайлбал, Төв болон Баруун бүсийн иргэдийн амьдралдаа сэтгэл ханамжтай байх үзүүлэлт Зүүн болон Хангайн бүсийн иргэдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн бүс нутаг бүрд иргэдийн сайн сайхан байдалд нөлөөлж буй тэргүүлэх хүчин зүйлийн жин ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотод эдийн засаг (39.1%) болон улс төр (26.6%) жин дарж байхад Төвийн бүсэд эдийн засгийн дарамт 43.3%-д хүрсэн байна.

В бол Велл-бийнг (Well-being)
Велл-бийнг буюу сайн сайхан байдал гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх эсвэл санхүүгийн боломжтой байхаар хязгаарлагддаггүй, хүний амьдралын олон талт эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ойлголт. ДЭМБ-аас сайн сайхан байдлыг "хувь хүн болон нийгэмд мэдрэгдэж буй эерэг төлөв байдал" гэж тодорхойлсон байдаг. Уг судалгаагаар монгол хүний сайн сайхан байдлыг сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн 8 үндсэн хүчин зүйлээр анх удаа цогцоор нь үнэлж тодорхойлжээ.

Г бол Гэр бүл, хайр халамж
Г бол Гэр бүл, хайр халамж
Судалгаанд оролцогчдоос "Сайн сайхан байдал гэж таны хувьд юу вэ?" хэмээн нээлттэй асуултаар тодруулахад эрүүл мэнд болон сэтгэл зүйн амар амгалан байдлын дараа хамгийн түгээмэл дурдагдсан ойлголтуудын нэг нь гэр бүл, хайр халамж байв.
Д бол Дундаж орлого
Амьдралын сэтгэл ханамж болон сайн сайхан байдлын түвшин нь сарын дундаж орлогоос тодорхой хэмжээнд хамаарч байв. Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлогын бүтцийг харвал 17.1% нь 1.5-2 сая ₮, 16.3% нь 2-2.5 сая ₮, 14% нь 2.5-3 сая ₮-ийн орлоготой байгаа бол 792 мянган төгрөг хүртэлх орлоготой өрх 12.3%-ийг эзэлж байна. Түүнчлэн иргэдийн орлогын түвшин нэмэгдэх тусам амьдралын сэтгэл ханамжийн "маш их сэтгэл хангалуун" болон "сэтгэл хангалуун" гэх эерэг хариултуудын хувь хэмжээ өсөх хандлага ажиглагджээ.

Е бол Ерөнхий дундаж
Е бол Ерөнхий дундаж

Судалгаагаар хэмжсэн сайн сайхан байдлын 8 хүчин зүйлийн нэгтгэсэн ерөнхий дундаж үр дүнг авч үзвэл нийт оролцогчдын 30.6% нь сайн, 45.7% нь дунд, 23.6% нь сул түвшинд үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь сайн сайхан байдлын иж бүрэн үзүүлэлтээр сайн түвшинд байгаа бол дөрөвний нэг орчим нь сул буюу анхаарал хандуулах шаардлагатай хэсэгт байна.
Хүчин зүйл тус бүрээр нь салбарлуулан харвал ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал хамгийн өндөр буюу 59.9% нь сайн түвшинд байсан бол санхүүгийн сайн сайхан байдлын хувьд энэ үзүүлэлт ердөө 13.5% байсан нь энэ чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.

Ё бол Ёс зүйн хороо
Ё бол Ёс зүйн хороо
Хүний сэтгэл зүй, хувийн мэдээлэл болон нийгмийн эмзэг сэдвүүдийг хамруулсан үндэсний хэмжээний судалгааг хийхэд судалгааны ёс зүй чухал. "Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа"-ны ажлын арга зүй, асуулгын бүтэц болон өгөгдөл цуглуулах үйл явц нь 2026 оны 4 сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн "Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо"-гоор иж бүрэн хянагдаж, албан ёсоор зөвшөөрөгджээ.
Ж бол Жирэмсний амралт
Судалгаанд оролцогчдыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь бүлэглэн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нь харьцуулан шинжилсэн бөгөөд эдгээр бүлгүүдийн нэг нь жирэмсний болон хүүхэд асрах амралттай байгаа ээжүүд байв. Цаашлаад жирэмсний амралттай байгаа оролцогчдын 23.7% нь сэтгэл зүйн сайн сайхан байдлын хувьд сайн, 51.1% нь дунд, 25.2% нь сул түвшинд үнэлэгджээ.
Энэ нь оюутнууд болон төрийн байгууллагын ажилтнуудын үзүүлэлттэй ойролцоо байгаа хэдий ч хүүхэд асрах хугацаандаа нийгмийн харилцаанаас тусгаарлагдах, санхүүгийн хамааралтай болох болон сэтгэл зүйн стресст өртөх эрсдэл өндөр байдгийг харуулж буй. Иймд бага насны хүүхэдтэй ээжүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжсэн бодлогыг байгууллага болон нийгмийн түвшинд авч хэрэгжүүлэх шаардлага байна.
З бол Зорилго
Сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бүрдүүлэгч олон талт хүчин зүйлсийн дотроос “амьдралын зорилго” буюу өөрийн амьдралыг утга учиртай, тодорхой чиглэл зорилготой гэж мэдрэх үзүүлэлт хамгийн бага буюу дундажаар 10.29 оноогоор үнэлэгджээ.
Эсрэгээрээ "хувь хүний хөгжил" буюу авьяас чадвар, боломжоо нээж хөгжүүлэх хүчин зүйл хамгийн өндөр буюу 11.79 оноотой гарсан байна. Энэ нь монголчууд өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх эрмэлзэл өндөртэй байгаа ч урт хугацааны амьдралын тодорхой зорилго, утга учиртай ирээдүйг харах тал дээр сэтгэл зүйн хувьд тодорхойгүй байдалтай байна.

И бол Итгэлцэл
И бол Итгэлцэл
Нийгмийн сайн сайхан байдлын дотоод үзүүлэлтүүдээс "нийгэмд нэгдэх" буюу өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэж мэдрэх мэдрэмж өндөр байгаа ч "нийгмийн хөгжилд итгэх итгэл" хамгийн сул түвшинд байжээ. Үүнийг насны үечлэлээр нь авч үзвэл 1964 он ба түүнээс өмнө төрсөн "их төрөлтийн үеийнхэн" түүврийн 5.7%-ийг эзэлж байгаа бөгөөд тэдний хувьд нийгмийн итгэлцэл ба харилцаа амьдралын чанарт нь чухал нөлөөтэй байлаа.
К бол Канад улсын стандарт
Монгол хүний сайн сайхан байдлыг олон улсын жишигт нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэхийн тулд "Оптимал Эн Макс" ХХК Канад улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канад улсын Үндэсний Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын стандарт болон Канадын сайн сайхан байдлын индексээс (Canadian Index of Wellbeing - CIW) туршлага судалж, судалгааны арга зүйдээ тусгажээ.
CIW индексэд зааснаар амьдралын чанарыг зөвхөн ДНБ-ээр бус эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, цагийн зохистой хэрэглээ, соёл болон чөлөөт цагийн хүртээмжээр цогцоор нь хэмжих зарчмыг баримталдаг. Ийнхүү олон улсын туршлагыг үндэсний онцлогтой хослуулан ажилласнаар манай улсад ажлын байрны сэтгэл зүйн аюулгүй байдал болон иргэдийн сайн сайхан байдлыг иж бүрэн, хэмжих боломж бүрдэж буй.
Л бол ЛүлүЛемон

Дэлхий дахинд иргэдийн сайн сайхан байдлын чанарыг жил бүр судлан олон нийтэд тайлагнадаг олон улсын байгууллага бол "Lululemon Athletica Inc." Тэдний 2024 оны дэлхийн сайн сайхан байдлын тайлангаас харахад дэлхийн нийт хүн амын 56% нь олон улсад болон мэдээллийн хэрэгслээр гарч буй сөрөг мэдээ мэдээллээс үүдэн өөрсдийн сайн сайхан байдалдаа санаа зовдог хэмээн хариулжээ.
Түүнчлэн судалгаанд оролцогчдын 42% нь уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтол нь сэтгэл түгшүүрийг нь шууд нэмэгдүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна. Энэхүү дэлхийн чиг хандлага нь манай улсын судалгааны үр дүнтэй ч мөн нийцэж байгаа бөгөөд монголчуудын хувьд ч мөн адил мэдээ мэдээлэл болон хүрээлэн буй орчны асуудал сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлдөг.

М бол Мэдээ мэдээлэл
Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин ирж буй мэдээ мэдээлэл нь иргэдийн сэтгэл зүйн амар амгалан байдалд шууд болон шууд бусаар нөлөөлсөөр буй. Судалгааны үр дүнгээс харахад цахим орчинд нийт хэдэн цаг өнгөрүүлж байгаагаас илүүтэй ямар зорилгоор, хэрхэн ашиглаж байгаа нь сайн сайхан байдалд чухал нөлөөтэй гэнэ. Тухайлбал, хувийн зорилгоор буюу сошиал медиагийн сөрөг мэдээлэл бүхий пост гүйлгэх, хэрэгцээгүй бичлэг үзэх зэрэгт зарцуулсан цаг нэмэгдэх тусам хүний сэтгэл зүйн сайн сайхан байдлын түвшин буурах хандлагатай байв.
Н бол Нийгмийн сайн сайхан байдал
Судалгааны 8 үндсэн хүчин зүйлийн нэг болох “нийгмийн сайн сайхан байдал” нь хувь хүн өөрийгөө нийгмийн нэг хэсэг хэмээн мэдрэх, харилцаа холбоотой байх, бусдад ба нийгмийн институтд итгэх итгэлийг илэрхийлдэг. Уг хүчин зүйлийн хүрээнд хийсэн дүн шинжилгээгээр монголчуудын "нийгэмд нэгдэх" буюу нийгмийн нэг хэсэг гэж мэдрэх мэдрэмж хамгийн өндөр үнэлэгдсэн эерэг үзүүлэлт байв.
Харин сайн сайхан байдлын 8 хүчин зүйл дотроос нийгмийн сайн сайхан байдлын дундаж оноо 1-ээс 0.62 буюу дундаж түвшинд үнэлэгдсэн байна. Ялангуяа нийгмийн шударга бус байдал, авлига болон нийгмийн хөгжилд итгэх итгэл сул байгаа нь иргэдийн нийгмийн сайн сайхан байдлыг хойш татах гол шалтгаан болж байна. Иймд нийгмийн баталгаат байдал болон шударга ёсыг бэхжүүлэх нь нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх гол хөшүүрэг гэхэд хилсдэхгүй биз ээ.
О бол Оптимал Эн Макс
"Оптимал Эн Макс" ХХК нь сайн сайхан байдлыг дээшлүүлэх шинэлэг шийдлүүдийг бойжуулагч компани бөгөөд 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. Тэдний гол зорилго бол инновацаар дамжуулан хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх бөгөөд одоогийн байдлаар сэтгэл судлал, технологи, санхүү, медиа салбарын огтлолцол дээрээс хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх 6 бүтээгдэхүүн, төслийг амжилттай хөгжүүлж, давхардсан тоогоор 1.6 сая хүнд хүрч ажиллажээ.

Ө бол Өр зээл
Иргэдийн санхүүгийн сайн сайхан байдалд хамгийн их дарамт учруулж буй бодит хүчин зүйлийн нэг бол өр зээлийн асуудал. Судалгааны дүнгээс харвал судалгаанд оролцогчдын 78.7% нь ямар нэг байдлаар өр зээлтэй ба 50.3% нь ямар ч хадгаламжгүй байв.

П бол Платформ
Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа "Оптимал Эн Макс" ХХК-ийн дотоодод хөгжүүлсэн сэтгэл зүйн шинжилгээ, үнэлгээний цогц платформ болох mindXplus-ийг ашигласан бөгөөд цахим болон цаасан асуулгыг хослуулан ажиллажээ.
Р бол Риффийн аргачлал
Сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хэмжихдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан хэмжихийн тулд олон улсын сэтгэл судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн Carol Ryff-ийн сэтгэл зүйн сайн сайхан байдлын аргачлалыг ашиглажээ. Уг аргачлал нь сэтгэл зүйн сайн сайхан байдлыг 6 хүчин зүйлээр хэмждэг.
Үүнд: өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусадтай эерэг харилцаатай байх, бие даасан байдал, хүрээлэн буй орчноо удирдах чадвар, амьдралын зорилго болон хувь хүний өсөлт хөгжил ордог. Монголчуудын хувьд хувь хүний хөгжил (11.79 оноо) ба өөрийгөө хүлээн зөвшөөрөх (11.33 оноо) үзүүлэлт хамгийн өндөр байсан бол амьдралын зорилго (10.29 оноо) ба хүрээлэн буй орчноо удирдах чадвар (10.36 оноо) хамгийн сул гарчээ.

С бол Сэтгэл зүйн сайн сайхан байдал
С бол Сэтгэл зүйн сайн сайхан байдал
Судалгаанд оролцогчдын 25.1% нь сэтгэл зүйн сайн сайхан байдлын хувьд сул, 50.6% нь дунд, 24.3% нь сайн түвшинд үнэлэгджээ. Тодруулбал, амьдралдаа ямар нэг шинэ зорилго тавих, өөрийн амьдралыг утга учир, зорилго чиглэлтэй гэж мэдрэх байдал нас нэмэгдэх тусам буурч байгаа бөгөөд үүнд эмэгтэй оролцогчид болон Улаанбаатар хотод оршин суугаа иргэд түлхүү нөлөөлж байна. Түүнчлэн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийн байдал нь сайн сайхан амьдралын гол цөм хэмээн оролцогчдын 41% нь тодорхойлжээ.

Т бол Түгшүүр
Гэвч ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдал нэлээд анхаарал татахуйц. Тухайлбал, Оптимал Эн Макс ХХК 2025 онд "Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдал" судалгааг хийсэн бөгөөд үүндээ сэтгэл зүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг авч үзжээ. Үр дүнд нь 5 ажилтан тутмын 2 нь ажлын байрны сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан гэж гарсан байна. Тодруулбал, 43% нь сэтгэл гутралын, 29% нь сэтгэл түгшүүрийн шинж тэмдэгтэй байсан бөгөөд 24%-д нь эдгээр шинж тэмдэг хавсарч илэрчээ.
У бол Улс төр
Монголчуудын сайн сайхан байдалд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлийг тодруулахад 37.9% нь эдийн засаг гэж хариулсан бол 26.1% нь улс төр хэмээн хариулжээ. Судалгаанд оролцогчид төрийн бодлогын тогтворгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх, авлига, албан тушаалын хэрэг болон шийдвэр гаргах түвшин дэх шударга бус байдал нь тэдний өдөр тутмын амьдралын чанар болон ирээдүйдээ итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.

Ү бол Үндэсний хэмжээний судалгаа
Ү бол Үндэсний хэмжээний судалгаа
Энэхүү "Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа" нь манай улсад анх удаа иргэдийн сайн сайхан байдлыг цогцоор нь үнэлсэн суурь судалгаа гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Уг судалгаа нь цаашид монгол хүний сайн сайхан байдалд гарч буй ахиц өөрчлөлтийг тогтмол хэмжих, харьцуулан үнэлэх суурь өгөгдөл болох юм.
Ф бол Форум (Well-Being Forum)
Судалгааны үр дүнг ингээд үлдээлгүй, бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд болон олон нийтийн хамтын ажиллагаа болгон нэгтгэх зорилгоор "Well-Being Mongolia Forum 2026" чуулга уулзалтыг 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумаар судалгааны гол үр дүнгүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэх салбар хоорондын хамтын ажиллагаа, практик шийдэл, ажлын байрны болон нийгмийн бодлогын хөтөлбөрүүдийг танилцуулах юм.
Ийнхүү форумаар дамжуулан сайн сайхан байдлыг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр бус хүний амьдралын олон талт нөхцөлтэй уялдуулан харах нийгмийн шинэ хандлагыг төлөвшүүлж, бодит өөрчлөлт рүү чиглэсэн яриа хэлэлцээг эхлүүлж буй.

Х бол Хүрээлэн буй орчны сайн сайхан байдал

Хүрээлэн буй орчны сайн сайхан байдал гэдэг нь аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг илэрхийлдэг хэдий ч судалгаагаар хамгийн анхаарал татсан салбаруудын нэг байв. Оролцогчдын 44.8% нь амьдарч буй орчин нөхцөл нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан бөгөөд 61.5% нь байгаль орчны асуудалд (агаарын бохирдол, утаа, хөрсний бохирдол, түгжрэл) ихээхэн санаа зовдог хэмээн тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч судалгаанд оролцогч 10 хүн тутмын 9 нь өөрсдийн амьдарч буй орчныг сайжруулахад ямар нэг байдлаар хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байсныг онцлууштай.

Ц бол Цахим аюулгүй байдал
Ц бол Цахим аюулгүй байдал
Судалгаанд оролцогсдын дийлэнх нь танихгүй хүнээс ирсэн холбоос дээр дарах (71.3%), "Та шагнал хожлоо" гэх мэт зар дээр дарах (59.6%), сэжигтэй вэбсайтад мэдээлэл оруулж дарах (50.3%) нь эрсдэлтэй үйлдэл гэдгийг таньж мэддэг байна. Гэсэн хэдий ч нууц үг болон нэг удаагийн кодоо бусдад дамжуулах (30.4%), ижил нууц үгийг олон хаягт ашиглах (30.0%)-ийг эрсдэлтэй үйлдэл гэж таних нь харьцангуй сул байжээ.
Ч бол Чөлөөт цаг, соёлд хүртээмжтэй байх
Канадын сайн сайхан байдлын индексэд (CIW) зааснаар чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх болон соёл урлагаас таашаал авах хүртээмжтэй байдал нь амьдралын чанарыг тодорхойлогч гол тулгуурын нэг ажээ. Судалгааны дүнд монголчуудын хувьд цагийн зохистой хэрэглээ болон чөлөөт цагаа өөртөө, гэр бүлдээ зориулах боломж хомс байгаа нь ажиглагдав.
Ялангуяа ажилтай, ачаалал өндөртэй иргэдийн хувьд ажил болон амьдралын тэнцвэрийг хадгалах, соёл урлаг, спорт, амралтад цаг заваа зориулах боломж хязгаарлагдмал байгаа нь сэтгэл зүйн ядаргаа, стресс үүсэхэд нөлөөлж байна. Иймд ажлын байрны соёлд ажил ба амьдралын тэнцвэрийг дэмжих, чөлөөт цаг болон соёлын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх нь иргэдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх чухал болоод байна.
Ш бол Шинжлэх ухаан
Сайн сайхан байдлыг таамгаар эсвэл хоосон уриа лозонгоор сайжруулах боломжгүй бөгөөд заавал шинжлэх ухаанч судалгаа, нотолгоонд суурилах шаардлагатай. Уг судалгааны хувьд бэлтгэл үе шатнаас эхлэн туршилт судалгаа хийж, найдвартай байдлыг шалган, SPSS болон MAXQDA математик статистикийн програм ашиглан шинжилжээ.

Э бол Эрүүл мэнд
Э бол Эрүүл мэнд
Судалгаанд оролцогчдоос сайн сайхан байдлыг тодорхойлохыг хүсэхэд хамгийн тэргүүлэх буюу 46.1% нь "Эрүүл мэнд" хэмээн хариулсан нь монгол хүн бүрийн хувьд биеийн эрүүл мэнд сайн сайхан амьдралын гол тулгуур гэдгийг харуулж байгаа юм. Мөн бие махбодын сайн сайхан байдлын үзүүлэлтийг авч үзвэл 24.2% нь сайн, 54.2% нь дунд, 21.6% нь сул түвшинд үнэлэгдсэн бөгөөд Эрүүл Мэндийн Яамны мэдээлж буйгаар нийтлэг тохиолдож буй өвчлөлийн шалтгаанд зүрх судасны өвчин, хорт хавдар, гэмтэл хордлого тэргүүлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд 45 наснаас хойш бие махбодын сайн сайхан байдал нь мэдэгдэхүйц буурах хандлагатай байна.
Ю бол Юуг ч даван туулах чадвар
Амьдралд тулгарч буй нийгэм, эдийн засгийн сорилт бэрхшээл, сэтгэл зүйн стрессийг сөрөн зогсож, юуг ч даван туулах чадвар (resilience) нь хувь хүний сайн сайхан байдлыг хадгалахад чухал ажээ. Судалгааны үр дүнгээс харахад ажил эрхэлдэггүй иргэдийн хувьд өдөр тутмын амьдралын шаардлага болон сорилт бэрхшээлийг даван туулах хүрээлэн буй орчноо удирдах чадвар хамгийн сул байсан. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд хувь хүний өсөлт хөгжил ба сорилтыг даван туулах чадамж хамгийн өндөр байсан юм.
Я бол Ядуурал
Монголчуудын сайн сайхан байдалд нөлөөлж буй гүн гүнзгий асуудлын нэг бол ядуурал. Үндэсний Статистикийн Хорооны 2022 оны тоо баримтаар манай улсад 914.2 мянган хүн буюу хүн амын 27.1% нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна. Орлогын түвшин доогуур иргэдийн хувьд сэтгэл зүйн стресс болон амьдралын сэтгэл ханамжгүй байдал өндөр байна. Иймээс цаашид бодлого боловсруулахдаа нийгмийн эмзэг бүлгүүдийн ялгаатай байдлыг харгалзан үзэж, тэдэнд чиглэсэн тэгш боломжийг бүрдүүлэх нь чухал ажээ.

Сэтгэгдэл бичих

