Өдрийг хэрхэн эрч хүчтэй эхлүүлэх вэ? Санхүүгээ яаж ухаалгаар удирдах вэ? Сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Гэхчлэн өдөр тутмын амьдралд тулгардаг эдгээр асуултын хариуг "HabiDo" аппын дадал, зөвлөгөө, "Positive Dadal"-ын контент болон "Zeely" аппын санхүүгийн үйлчилгээнээс төвөггүйхэн олж болдог. Тус бүрийн зах зээлдээ хэдийн танигдаж, тэргүүлэгчийн байр суурийг эзлэх болсон эдгээр платформуудын толгой компани бол Оптимал Эн Макс ХХК. 

Энэ удаагийн нийтлэлээрээ бид хүний зан төлөв, сэтгэл судлалын шинжлэх ухааныг технологи болон санхүүгийн салбартай хослуулан үйл ажиллагаа явуулж буй Оптимал Эн Макс ХХК-ийн хамт олныг онцолж байна. 

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Г.Мандухай - Оптимал Эн Макс ХХК-ийн Дэд захирал

Би Дорнод аймагт төрж, өссөн, 9, 10 дугаар анги хүртлээ аймагтаа суралцаж байгаад төгсөх ангидаа ОХУ-д сурсан юм. Сургуулиа төгсөөд ОХУ-ын Засгийн газрын буюу Путины нэрэмжит тэтгэлэгт тэнцэж Эрхүү хотод сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж байв. Анх гуравдугаар курстээ Сэтгэл судлалын үндэсний төвийн захирлын блогийг нь олж уншсанаар уг төвд дадлага хийх боломж олдсон юм. Тухайн үед шууд захирал руугаа и-мэйл бичиж эхлээд өөрийгөө танилцуулаад Сэтгэл судлалын үндэсний төвд ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн. Азаар “ирээд уулзаарай” гэсэн нааштай хариу хэлж гуравдугаар курсийнхээ зун Монголд ирээд уг төвд дадлагаа хийж цаашлаад төгсөж ирээд тус төвдөө ажилд орох завшаан олдсон юм.

Судлаачаар ажиллаад таван жил болж байх үед буюу 2019 онд Оптимал Эн Макс ХХК-ийн үүсгэн байгуулагчидтай танилцсан. Тухайн үед тэд хүний санхүүгийн шийдвэр гаргалт болон хариуцлагыг сэтгэл судлалын судалгаа, тестээр үнэлж болох эсэх талаар манайхтай ярилцахаар ирж байсан юм. Ер нь хүний шийдвэр гаргалт логик гэхээс илүү сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн дотоод хүчин зүйлээс хамаардаг гэдгийг судлаачид бүр аль эрт баталсан байдаг учраас бид энэ судалгааг хийх боломжтой гэж үзээд судалгааны ажлыг нь би ахлан ажиллахаар болж байлаа.

Тухайн үед миний карьерын хувьд нэг тийм шилжилтийн үе байж таарсан. Байгууллагатаа нэлээн удаан ажиллачихсан учраас арай өөр зүйл хийж үзэх хүсэл төрж 2019 онд ажлаасаа гарч байв. Тэгээд аль хэрэгтэй газар нь машиндаа сууж байгаад л компьютероороо онлайнаар сургалт орно, эсвэл бүр хөдөө очиж сургалт орох гэхчлэн нэг жил ийм freelancer амьдралаар амьдарсан. Яг энэ үед Optimal NMax компанийг үүсгэн байгуулагчид надтай “өмнө нь хариуцаж авч байсан судалгаагаа нэг арга хэмжээн дээр танилцуулаад өгөөч” гээд холбогдов. Одоо бодоход тэр илтгэл манай үүсгэн байгуулагч нарт нэлээн таалагдсан юм шиг байгаа юм. Учир нь тус арга хэмжээний дараахан өнөөх судалгаагаа үргэлжлүүлж хийхээс гадна Оптимал Эн Макс ХХК-д ажиллах санал тавьж байв.

Ингэж 2019 онд тус компанийн хэрэгжүүлж буй технологи, санхүү, сэтгэл судлалыг хослуулсан төслийн судалгааны мэргэжилтнээр албан ёсоор ажиллаж эхэлсэн дээ. Анх манайх 20 хүрэхгүй хүнтэй, хоёр өрөө оффисын нэг буланд ганцаараа судалгаагаа хийж эхэлж байлаа. Жил хагасын хугацаанд тасралтгүй ажлаа “нүдсэний” хүчинд 2021 онд судалгаа маань олон улсын MDPI сэтгүүлд хэвлэгдэж байсан юм.

Карьераа эхлүүлснээс хойш 10 жилийн дараа буюу 2023 онд мэргэжлийн хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр юу хүсэж, юу зорьж байгаагаа маш тодорхой мэддэг болсон. Салбартаа ажиллаж байгаа ч яг академик түвшинд өөрийгөө бүр илүү сайжруулмаар санагдсан тул ер нь сурах хэрэгтэй юм байна гэж шийдээд Их Британийн Засгийн газрын Чевенинг тэтгэлэгт өргөдлөө явуулж тэнцсэнээр Английн Нортхэмптон Их сургуульд өсвөр, залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар явсан. Магистраа төгсөөд 2024 оны 10 сард Монголдоо буцаж ирээд өнөөдрийг хүртэл Оптимал Эн Макс ХХК-даа ажиллаж байна. Компани маань одоо 160 орчим хүнтэй, 6 өөр төсөл, хэд хэдэн охин компанитай болон өргөжсөн.

Хүний сайн сайхан байдлын чиглэлд ажилладаг байгууллага гэхээр ихэвчлэн ТББ төсөөлөгддөг. Харин бидний хувьд бизнесийн байгууллага яагаад шинжлэх ухаан, инновацаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлж болохгүй гэсэн санаан дээр үндэслэн байгуулагдсан.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Э.Тайванбаяр - "Хатан Суудал Инвест ББСБ" ХХК-ийн Бизнес хариуцсан захирал

Миний үндсэн үүрэг бол маш их мэдээллийг олж аваад түүнийгээ багийнхандаа хуваалцаж төсөл хөтөлбөрүүдийнхээ хоорондын уялдаа холбоог хангах. Тиймээс өдрийн ихэнх цаг хурал уулзалт хийх, мэдээлэл солилцоход зарцуулагддаг учраас яг тогтсон хуваарь бараг байхгүй.

Манайх уян хатан цагийн хуваарьтай тул өглөө 08:00-10:00 цагийн хооронд ажил дээрээ ирнэ. Хамгийн түрүүнд кофегоо уугаад, и-мэйл болон Teams чатуудаа шалгаж, хариу өгч өдрийг эхлүүлнэ. Үүнийхээ дараа тухайн өдрийнхөө маршрут, ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, сул байгаа цагууддаа хурал, уулзалтуудаа товлож өдрөө багцалдаг.

3. Таны ажлын нөү-хау? 

Г.Ундрахжаргал - Сэтгэл зүйн үйлчилгээ, судалгааны хэлтсийн захирал

Миний хувьд 8-9 хүн удирдаж ажилладаг ч дарга, ажилтан гэсэн уламжлалт хөндий харилцаанаас аль болох татгалзаж, багийнхантайгаа нээлттэй харилцдаг. Ингэхдээ багийнхантайгаа сард нэг удаа ганцаарчилсан уулзалт хийж, зөвхөн ажлаас гадна хувийн амьдрал, сэтгэл санааны байдлыг нь асууж сонсдог. Мөн долоо хоногийн эхлэл болон төгсгөлд хийдэг тогтмол хурлуудын үеэр ажлаа ярьж эхлэхээсээ өмнө "Well-being share" буюу хүн бүрийн сэтгэл санаа ямар байгааг сонсдог.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Г.Доржбалам - “HabiDo” төслийн ахлах

Өдөр тутамдаа Whoop болон Amazfit гэх хоёр ухаалаг төхөөрөмжийг ашигладаг. Whoop мэдрэгч нь миний биомеханик үзүүлэлтүүд болох нойр, дасгал хөдөлгөөн, амьсгал, зүрхний цохилт зэргийг хэмжиж, биеийн сэргэлтийн (recovery) талаарх нарийвчилсан мэдээллийг апп руу илгээдэг. Жишээлбэл, 70 км гүйсэн өдрийн маргааш нь миний бие хэр зэрэг стрессдсэн байгааг тооцоолж, хэрхэн амрах талаар зөвлөгөө өгдөг.

Харин Amazfit гээд цаг нь миний гүйлтийн хурд, хэмнэлийг хэмждэг. Үүнээс гадна анхаарал төвлөрөлтөө сайжруулахын тулд ScreenZen аппыг ашиглаж, тодорхой цагуудад сошиал медиа болон вэбсайтуудыг блоклодог. Мөн Apple утсан дээрх Focus горимыг ашиглан ажлын байран дээрээ ирэх үед зөвхөн ажилтай холбоотой мэдэгдлүүд ирдэг байхаар тохируулж, өглөөний 7-12 цагийн хооронд бүрэн төвлөрч ажиллахыг зорьдог.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Ж.Даваахүү - “mindxplus” төслийн Технологи хариуцсан ахлах

Өглөө ажлаа эхлэхээсээ өмнө тухайн өдөр ямар ажлыг дуусгах, хэнтэй уулзаж ямар шийдвэр гаргахаа товч бичдэг. Ингэснээр нэг ажлаас нөгөөд шилжихдээ одоо юу хийх билээ гэж бодож цаг алдахгүй. Мөн ажлуудаа төрлөөр нь хуваарилдаг бөгөөд багийнхантайгаа хамтарч хийх ажлаа өдрийн эхэнд эсвэл долоо хоногийн эхээр хийдэг. Харин бие даан хийх ажлаа үдээс хойш эсвэл долоо хоногийн сүүлээр төлөвлөдөг. Шийдвэр эрт гарвал бусад хүмүүс намайг хүлээх шаардлагагүй болдог учраас ингэж хуваарилах нь цаг хэмнэх маш сайн арга.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Б.Үүрийнтуяа - “Positive Dadal” төслийн менежер


Миний хувьд 6-7 хүний бүрэлдэхүүнтэй контент бүтээгчдийн багийг удирдан ажилладаг бөгөөд долоо хоногийн эхэнд төсөл болон компанийн түвшний хурлуудаар ямар контент бэлтгэх, ямар үйл ажиллагаа хийхээ багийнхантайгаа ярилцаж төлөвлөдөг. Ажлын цагийнхаа 50 хувийг төсөл дээрээ, үлдсэн 50 хувийг компанийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг бусад ажилд зарцуулдаг тул өдөр тутмын ажлаа дэвтэр дээр бичиж тэмдэглэхгүй л бол олон өөр ажил дунд мартагдах гээд байдаг талтай. Мөн манай компани ажилтнууддаа хоёр сард нэг удаа "Burnout day" буюу өөрийн сэтгэл зүй, эрүүл мэнддээ зориулж чөлөө авах боломжийг олгодог. Тэр өдрөө тооцоолж байгаад эмнэлэгт үзүүлэх эсвэл хувийн ажлуудаа амжуулах боломжтой байдаг нь ажлаа төлөвлөхөд их дэмтэй байдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

М.Номингуа - “Psyfint” төслийн ахлах

Төслийн менежментийн ажил өдөржин олон хүнтэй харилцаж, асар их мэдээлэл дунд өнгөрдөг тул тархи маш их ядардаг. Тиймээс эрч хүчээ сэлбэх хамгийн сайн арга бол гэрийнхээ орчныг тайван, тав тухтай байлгах гэж бодож байна. Мөн зарим амралтын өдрөөр би өөрийгөө нийгмийн харилцаанаас бүрэн тусгаарлаж, сошиал сүлжээнд орохгүйгээр гэртээ зөвхөн кино үзэж, хэнтэй ч уулзахгүй амардаг. Би сүүлийн дөрвөн жил балетаар тогтмол хичээллэж байгаа. Дасгал хөдөлгөөн хийх нь биед чангарсан булчингуудыг суллахаас гадна ганцхан зүйлд төвлөрч хийж байгаа учраас тархийг сайн амраадаг юм шиг санагддаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
 

Г.Доржбалам - “HabiDo” төслийн ахлах

Чөлөөт цагаараа холын зайн гүйлтээр хичээллэдэг. Долоо хоногт гурван өдөр гүйлтийн бэлтгэл, гурван өдөр хүчний бэлтгэл хийдэг бөгөөд саяхан 100 км болон 70 км-ийн марафонд амжилттай оролцоод ирсэн. Оролцдог төсөл гэвэл би Global Shapers нийгэмлэгийн төслүүдэд оролцохын зэрэгцээ “Hunu Climate Tech” хэмээх стартап дээр сайн дураар ажиллаж байгаа. Уг төсөл дээр адууны байршил тогтоох GPS төхөөрөмж хөгжүүлэх, зарим тохиолдолд логистикийн ажилд нь оролцох, технологийн шийдлийн санал дэвшүүлэх гэх байдлаар хамтарч ажилладаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

М.Номингуа - “Psyfint” төслийн ахлах

Миний хариуцан ажиллаж буй төсөл нь зээлийн үнэлгээг уламжлалт аргаар бус, хүний сэтгэл зүйн онцлогт суурилан тооцдог систем. Би өөрөө маркетингийн мэргэжилтэй ч энэ төсөл дээр сэтгэл зүй, дата анализ, санхүү гээд маш олон өөр салбарын мэргэжилтнүүдтэй ажилладаг. Тийм ч учраас энэ олон эрдэмтэд, судлаачдаас маш олон шинэ зүйл суралцахаас гадна Солонгос, Финланд, Турк зэрэг олон улсын судлаач, докторуудтай хамтран ажиллаж, тэднээс туршлага судлах боломж гардаг нь сайхан.

Эсрэгээрээ хэцүү бэрхшээлтэй тал нь салбар бүрийн хүмүүсийн туршлага, үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэг цэгт нэгтгээд, бизнесийн эцсийн үр дүн рүү чиглүүлэх нь заримдаа хүндрэлтэй байдаг. Тиймээс тэр чинээгээрээ сайн харилцааны ур чадвартай, мэдээллийг зөв зохицуулах асар их мэдрэмжтэй байх шаардлагатай болдог.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Э.Тайванбаяр - "Хатан суудал инвест" компанийн Бизнес хариуцсан захирал

Манай Хатан суудал инвест компани нь Optimal NMax-ийн охин компани бөгөөд нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд хүмүүсийн санхүүгийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх micro lending буюу Zeely зээлийн аппыг хөгжүүлдэг.

Яг одоо бид шинээр төлбөр тооцооны цэс болох кредит дансны үйлчилгээг гаргаж, зах зээлд нэвтрүүлээд явж байна. Тиймээс ойрын хугацаанд энэхүү шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд илүү сайн байршуулахад гол анхаарлаа хандуулж байгаа. Мөн дээрээс нь сүүлийн үед хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгох контент, мэдээллээр хангах, үйлчилгээнийхээ үнэ цэнийг илүү нэмэгдүүлэхэд анхаарч байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Б.Үүрийнтуяа - “Positive Dadal” төслийн менежер

Би өөрөө сэтгэл зүйч мэргэжилтэй салбарынхаа шинэ судалгаа, арга зүйтэй ойрхон байхын тулд Sonder зэрэг байгууллагуудаас сар бүр явуулдаг сэтгэл судлалын вебинарт онлайнаар суудаг бөгөөд Америкийн Сэтгэл Судлалын Холбооны (APA) нийтлэлүүдийг тогтмол уншиж мэдлэгээ тэлдэг. Одоо хийж байгаа ажил маань ихэвчлэн сошиал медиа контент хариуцдаг тул байнга бүтээлч байх шаардлага гардаг. Тиймээс бүтээлч санаа олохын тулд Pinterest ашиглаж, бусад байгууллагуудын контентын чиг хандлагыг байнга судалдаг.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Ж.Даваахүү - “mindxplus” төслийн Технологи хариуцсан ахлах

Би нэг их хөгжим сонсоод байдаггүй. Хүмүүс ихэвчлэн чихэвч зүүгээд хөгжим сонсонгоо ажилладаг бол би харин эсрэгээрээ код хөгжүүлэлтийн ажил хийхдээ чимээгүй орчинд илүү сайн төвлөрдөг.

Номын хувьд “The Pragmatic Programmer” болон “Refactoring” номуудыг санал болгож байна. Код бичих болон системийн дизайн хийх чадвараа сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст хэрэг болох номууд гэж боддог. Энэ хоёр ном зөвхөн юу хийхийг нь заахаас гадна ямар асуудлаас үүдэж ийм шийдэл гарсныг нь тайлбарлаж өгдөг болохоор илүү ойлгомжтой, цэгцтэй.

Кино гэвэл хамгийн сүүлд хүүтэйгээ хамт “Spider-Man: Brand New Day” үзсэн, маш их таалагдсан.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
 

Г.Ундрахжаргал - Сэтгэл зүйн үйлчилгээ, судалгааны хэлтсийн захирал

Ажилд орсон эхний жилүүдэд би өөрийгөө бүр хаячихсан байсан, өвдөж байсан ч ажил дээрээ ирдэг, шөнө оройгүй сууж ажиллана гээд өөрийгөө нэг тийм зовоож ажил хийдэг байсан юм. Тухайн үед жирэмсний амралтаа авч байсан ажлын маань нэг эмэгтэй миний ширээн дээр гарахаасаа өмнө захиа үлдээчихсэн байсан. Тэр захиа дээр "Ажил бол чамд дахиад олдоно, харин эрүүл мэнд, өөртөө зарцуулах цаг хугацаа дахиж олдохгүй шүү, өөртөө хайртай байгаарай" гэж бичсэн байсан нь сэтгэл хөдөлгөж бас намайг яг ямархуу байдлаар амьдраад байгааг минь харуулчих шиг болсон. Үүнээс хойш өөртөө цаг гаргах, ажлаас гадуурх амьдралаа илүү баялаг, сонирхолтой болгох тал дээр анхаарч эхэлсэн.

Бас өөр нэг менежер маань “талархлын бясалгал хийгээд үзээрэй" гэж хэлж байсныг нь одоо хүртэл хэрэгжүүлдэг. Хүн чинь өөрийнхөө юу туулж, давсныг мартчихдаг тиймээс өөрөө өөртөө урам зориг өгч, зоригжуулахын тулд бясалгал хийж байгаа.

14. Бусдад шидэх санаа

Г.Мандухай - Оптимал Эн Макс ХХК-ийн Дэд захирал

Хүн зөвхөн эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хязгаарлаж болохгүй юм байна лээ. Хэрэв би өөрийгөө зөвхөн сэтгэл судлаач гээд хязгаарласан бол жилдээ 500 орчим хүнд л зөвлөгөө өгч тусалж чадах байсан байх. Харин технологи, санхүүгийн салбартай мэргэжлээ хослуулснаар өнөөдөр бидний ажил давхардсан тоогоор сая гаруй хүнд хүрч чадсан. Тиймээс аль болох бусад салбарынхантай хамтарч, аливаа асуудлыг олон өнцгөөс харж, хамтарч ажиллаж сураарай.

Дээрээс нь хүний карьерын эхний 1-3 жилд сэтгэл гутрах, түгших, өөртөө эргэлзэх, "Би чадахгүй юм биш үү" гэж бодож, шантрах үе хүн болгонд л тулгардаг. Энийг маш хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ үеийг даван туулах сэтгэл зүйн хаттай байж, жижиг асуудлуудад түүртэхгүйгээр зорьж буй том зорилго руугаа зоригтой алхаж нэг эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь үздэг байгаарай гэж зөвлөмөөр байна.