Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол цагаан гаа.

Монголчуудын хувьд цагаан гаа тийм ч танил нэр биш байж мэднэ. Азийн бусад орнуудтай харьцуулахад ч хэрэглээ харьцангуй бага. Ургуулж тариалах нөхцөл ч хангалттай биш. Хэдий тийм ч сүүлийн үед хүнсний болон эрүүл мэндийн хэрэглээнд "хүч" түрэн орж ирж буй цагаан гааны талаар таны мэдвэл зохих бүхнийг бид энд нэгтгэлээ. 

Хөрснөөс өндийсөн ид шид

Чийглэг дулаан уур амьсгалд ургадаг, сарнай шиг улаан, ягаан цэцэгтэй олон наст модлог энэ ургамлыг дорно зүгээс гаралтай, далайн тээврээр дамжин барууны ертөнцөд нэвтэрсэн гэж үздэг. Далайчид урт аяллын үеэрх тэнгисийн өвчин, толгой эргэх зовуурийг дардаг, дотор муухайрч гэдэс гүйлгэхийн эсрэг үйлчилгээтэй хэмээн хатаасан цагаан гааг өөрсдөө ч тогтмол хэрэглэж, өрөөлд ч "сурталчилсаар" дэлхий даяарх хэрэглээг өдөөж орхижээ. Хатааж хадгалсан цагаан гааг энгийн нүдээр хальтхан харахад яг л амьтны эвэр шиг харагддаг байсан учир "эвэр хэлбэрт" хэмээх санскрит үгнээс гаралтай "зингибер" хэмээх нэр оноосон нь 14 дүгээр зууны үеэс "ginger" болон хэрэглээнд хэвшсэн аж.

Хятад, Энэтхэгийн ард түмэн эртнээс нааш цагаан гааны гайхамшигт ид шидийг мэдэрч, өдөр тутмын хоол хүнсэндээ халуун ногоо, амтлагч болгон хэрэглэхийн зэрэгцээ тодорхой өвчин зовуурийн үед эмийн ургамлын зориулалтаар ашигласаар ирсэн нь түүхийн хуудаснаа хадгалагдан үлджээ. "Цагаан гаа зуун өвчнийг эмнэдэг" гэх Хятад ардын үг үүссэн нь ч санамсаргүй хэрэг биш. Тиймдээ ч цагаан гааг "хамгийн олон хэрэглээт ургамал" хэмээн тодорхойлох нь бий.

Гэхдээ цагаан гааны ид шидийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл шинээр танин мэдсээр, үр шим-ач тусад нь улам бүрээр татагдан дурласаар байна. Сэрүү татам анхилам үнэр, сэтгэл сэргээм өвөрмөц амт, эрч хүч нэмэх үр ашиг нь цагаан гааг "хөрснөөс өндийсөн ид шид" хэмээн өргөмжлөхөд хүргэжээ.

ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ 

Талх ба цагаан гаа: Азийн орнуудын хоолны соёлд, ялангуяа Хятад, Япон, Энэтхэгт цагаан гаа маш том байр суурьтай. Гэхдээ бүр Н.Т.Ө 2400 онд эртний Грекийн нэгэн талхчин худалдаачдаас олсон нунтаг амтлагчийн ашиглан дэлхийн хамгийн анхны цагаан гааны талхыг барьсан хэмээх домог ч бий.

Күнз ба цагаан гаа: Хятадын гүн ухаантан Күнз цагаан гааг ходоод гэдсэнд машид сайн нөлөөтэй, үрэвслийн эсрэг үйлчилгээтэйг тэмдэглэн үлдээсэн байдаг гэнэ. 3000 жилийн түүхт Аюурведийн ухаанд ч ижлээр бичигджээ.

Гэрлэлт ба цагаан гаа: Дундад зууны үед одоогийн Танзанийн газар нутагт амьдарч байсан зарим овог аймгийн соёлд цагаан гааг гэрлэлтийн үеэр инж болгон ашигладаг уламжлал тогтсон байжээ. Хүргэн хүүгийн тал бэл бэнчингээ гайхуулж байгаа нь тэр байж.

Хонь ба цагаан гаа: Сэргэн мандлын үед цагаан гаа Европт дэлгэрч, чухам л хит болоодохжээ. Тухайн үед хагас кг цагаан гаа нэг бүтэн хоньтой тэнцдэг байсан гэнэ шүү. Чухам энэ үеэс цагаан гааг зөвхөн амтлагчаар бус өөр хэрэглээнд боловсруулан ашиглаж эхэлсэн гэж үздэг.

ТООНЫ ХЭЛЭЭР

2: Цагаан гааны нийт жингийн 2 орчим хувийг тос нь эзэлдэг. Цагааны гааны сэнгэнэсэн, содон үнэр чухам энэ тосных нь үнэр байдаг.

3.27: Дэлхий даяар жилдээ нийт 3.27 тонн орчим цагаан гаа тариалдаг. Үүний 34 хувийг Энэтхэг улс дангаараа бүрдүүлдэг бөгөөд Нигери, Хятад, Индонези улсууд топ үйлдвэрлэгчдэд тооцогдоно.

992: Арменийн санваартан Грегори Никополис 992 онд цагаан гаа, синнамон, лиш, задь зэрэг орц бүхий талхны зуурмаг бэлтгэх аргыг француудад заасан гэдэг. Харин одоо Европчууд ихэвчлэн салат, хөнгөн зуушинд амт үнэр оруулах зорилгоор цагаан гааг хэрэглэдэг болсон.

НЭР ТОМьЁОНЫ ЛАВЛАХ

Шингэн, нунтаг, хатаасан хэлбэрээр тантай таарах "эвэр хэлбэрт"-ийн хэрэглээтэй та өдөр тутам төрөл бүрийн хэлбэрээр таарсаар л байдаг. Хэрхэн, юутай, яаж гэдгийг нь одоо дэлгэрүүлье.

Дарс: 1740 онд Лондоны Финсбуригийн нэрмэлийн үйлдвэр анхны цагаан гааны дарсыг гарган авчээ. Уг дарс нь тухайн үед холерын тахлаас урьдчилан сэргийлдэг гэдгээрээ тухайн үед ихэд алдаршжээ. Коронавирусээс харин хамгаалах болов уу? :)

Тос: Цагаан гаанд агуулагддаг тосыг цэврээр нь гаргаж авахад нэлээд төвөгтэй ч эмчийн зөвлөгөөгөөр бусад төрлийн бүтээгдэхүүнтэй хослуулан гоо сайхандаа ашиглаж болдог.

Уух юм: Цагаан гааг алкохолгүй коктейл хийхэд түгээмэл ашигладаг. 30-аад оны үед ид гялалзаж явсан шаргалт үст охин Шерли Темплийн нэрээр нэрлэгдсэн алкохолгүй коктэйлийн гол орц нь цагаан гааны эйл. Элдэв хүлээн авалтад уух юмсын сонголт багатай суудаг хүүхдүүдэд энэ коктэйл ихэд онцгой ундаа болдог. Мөн Англид одоо ч алкохол багатай цагааны гааны шар айраг их алдартай.

Чихэр: Ялангуяа Хятадад цагаан гааны амттай чихэр тун ч алдартай. Ам цэвэрлэх, сэрүүцэх зорилгоор хүлхэж идэхэд тохиромжтой байдаг гэнэ шүү.

Кофе: Индонези зэрэг зүүн Өмнөд Азийн оронд өглөө босоод хамгийн түрүүнд кофе, тэгэхдээ цагаан гаатай кофе уудаг соёл бий. Амт нь яаж төсөөлөгдөж байна даа?


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

1. ЦАГААН ГАА ЮУНД САЙН БЭ?

Зуун өвчнийг эдгээдэг гэгддэг цагаан гааны эрүүл мэндийн ач тусыг дараах байдлаар зураглаж болно.

2. ЦАГААН ГААНЫ ГОЛ ХЭРЭГЛЭЭ ЮУ ВЭ?

Хамгийн олон хэрэглээт гэж цагаан гааг бид зүгээр ч нэг магтаагүй шүү.

Хоолонд: Цагаан гааг гол төлөв Азиуд хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Энэ нь нэгдүгээрт хоолонд сайхан амт, үнэр оруулдаг, хоёрдугаарт шингэц сайтай, гуравдугаарт олон төрлийн орцтой хоолонд амтлах мэдрэмжийг сэргээж, амны хөндийг цэвэрлэж өгөх үйлчилгээтэй байдаг.

Гоо сайханд: Цагаан гааны тос нь үсний ургалтыг дэмжих, арьсны үрэвслийг намдаах үйлчилгээтэй байдаг. Мөн цагаан гааны тосноос ялгардаг өвөрмөц үнэрийг төрөл бүрийн үнэртэн, сүрчиг хийхэд хэрэглэдэг.

3. ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАРЬЖ, УРГУУЛЖ БОЛОХ УУ? 

Мэдээж болно! Бүр дэлгүүрт зарж байгаа үндэслэг цагаан гааг аваад үрслүүлсэн ч асуудалгүй ургана гэнэ. Гэхдээ цагаан гааг ургуулахад ус чийг, дулаан орчин, сийрэг хөрс шаардлагатай байдаг учир мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөхийг санал болгоё. Тогтмол 25 ба түүнээс дээш хэмийн орчинд байлгах хэрэгтэй бөгөөд 8-12 сарын турш, 1.5 метр хүртэл өндөртэй болтол нь ургуулаад, навчис нь шарлаж эхлэх үед хурааж авдаг юм байна.

САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

Хүүхдэд цагаан гаа өгөх дэмий байх аа
Буруу. Монголчуудын хувьд цагаан гаа одоо ч түгээмэл хэрэглээ болж амжаагүй тул ам дамжсан буруу ойлголтууд багагүй байдгийн нэг нь энэ. Хүүхдэд гэнэт бус, харин тогтмол, бага багаар хоолонд нь хийж хэвшүүлснээр элэгний үйл ажиллагааг нь дэмжиж, гэдсэнд хий хуралдахаас сэргийлдэг. Хүүхдээ багаас нь цагаан гаанд дурлуулж чадвал ирээдүйд хоол боловсруулах замын ямар нэг хямралд өртөх эрсдэлээс хамгаалах ач тустай гэнэ.

Лангуун дээрх цагаан гааг шууд хэрэглэж болохгүй
Буруу. Түүхий цагаан гааг хоол хүнсэнд арилгахгүйгээр ч шууд хэрэглэж болно. Харин маш нимгэн, жижиглэж нунтаглаж хэрэглэх хэрэгтэй шүү. Мөн амтлагч хэлбэрээр шууд хоолонд цацаж хэрэглэж болно. Төрөл бүрийн цуу, давсанд даршлахаас гадна элсэн чихэртэй хамт буцалган амттан болгож хэрэглэдэг жишиг бас бий.

Ташрамд дурдахад үндэсний үйлдвэрлэгч "Монос Хүнс" ХК-аас цагаан гааны амтат цай гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг тун ихээр хүлээж байгааг онцолъё. Нимбэгний хүчил, зөгийн бал, цагаан гааны ургамлын найрлагатай уг цайг бүх насныхан уухад нэн тохиромжтой, хялбараас гадна халуунаар нь ч, хүйтнээр нь ч хэрэглэж болох ажээ.

Ирээдүйгээс ирсэн захидал

УХААЛАГ УРГАЦ
Хүлэмжийн технологи жил ирэх тус бүр боловсронгуй болж, зарим нэр төрлийн нарийн ногоо, ургамлуудын гарцын хэмжээг үлэмж нэмэгдүүлж байгаа нь цагаан гаанд ч үйлчилнэ. Цагаан гааны ургацыг гэрэлтүүлэг, усалгаа, арчлалтын төгс зохицол бүхий ухаалаг фермийн системтэй нэгтгэж, тогтмол хянан хурдасгаснаар зах зээл дэх үнэ, нийлүүлэлтийг ч нэмэх боломжтой аж. Хэдий хамгийн том тариалагч ч гэсэн экспортын хэмжээгээрээ дөнгөж долоод бичигддэг Энэтхэгийн фермерүүдийн хувьд нийт зардлын 65 хувь нь болдог хөдөлмөрийн хөлс, үрсэлгээтэй холбоотой үрэгддэг асуудлыг инновац шийдэж, тоглоомын дүрмийг бүрэн өөрчлөх төлөвтэй байна.

ЦАГААНЫ ГААН ТАМХИ
Тун ч их хэл ам, дуулиан шуугиан дагуулсаар байгаа электрон тамхины хамгийн алдартай амтын нэг нь цагаан гаа болсон гэнэ. Бусад уламжлалт амт, үнэрээс илүү хэрэглэгчдийг сэргээж "өөр" мэдрэмж төрүүлдэг тул цагаан гаан амтат шингэний борлуулалт улам бүр нэмэгдсээр байгаа нь сонирхолтой.

САНАЛ БОЛГОХ: ТАЙЛБАРЛАХ НЬ: БӨӨР - ХАМГИЙН ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН ЭРХТЭН

Unread

ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ: Дулаан орнуудад цагаан гааны цэцгийг гоёл чимэглэлийн хэлбэрээр ашигладаг. Цагаан шар, ягаан өнгийн цагаан гааны цэцгүүд тун чиг үзэмжтэй шүү.

СЭРЭЛ ӨДӨӨГЧ: Олон зууны туршид цагаан гааг сэрэл өдөөхөд ашигладаг байжээ. Учир нь цагаан гаа биеийн дулааныг нэмэгдүүлж, цусны эргэлтийг дэмжиж, содон үнэрээрээ дамжуулан булчирхайг сэргээдэг гэж үздэг.

АМЬДАА АРАЛ: Карибын тэнгист "Ginger Island" нэртэй арал бий. Хамгийн сонирхолтой нь, Британийн Виржинийн Арлын харьяа энэ аралд хүн оршин суудаггүй бөгөөд цагаан гаа ч тариалдаггүй.

УЛБАР ҮСТЭНҮҮД:
Та бидний мэдэх дуучин Эд Шийран, Харри Поттерийн үнэнч анд Рон Уизли нарынх шиг улбар үсийг "ginger hair" хэмээн нэрийддэг.