Шинэхэн дугаартаа тавтай морил. Өнөөдрийн дугаарын маань зочин хувь хүн, дотоод мөн чанар, оршихуйгаа хүндлэх нь хэчнээн чухал болохыг үйл хөдлөл, үг хэлээрээ үлгэрлэн яваа чухал эмэгтэй. 

Багаасаа л piercing хийж, металл рок хөгжим сонирхож, өөрийн ертөнцдөө дураар оршиж буй хэдий ч хүүхдүүддээ үзэл бодлоо үл тулгахаас гадна тэднийхээ дотоод сэтгэл, ёс суртанхуун, хандлагаар нь цаг ямагт бахархаж байдаг нэгэн юм. АНУ-ын Сиэтл хотод аж төрж буй, үзэл бодлын бат бэх ханыг бий болгож чадсан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай танилцъя.

Нэр: А.Анужин
Байршил: АНУ, Сиэтл хот
Ажил: Deep Roots Tattoo and Piercing
Ам бүл: 4
Сошиал хуудсууд: Anji Anujin (Facebook), @st_mourning (Instagram)



Бидэнд гэр бүлээ товч танилцуулна уу? Гэр бүлийн үүргээ хэрхэн хуваарилдаг вэ?

Сайн байцгаана уу, намайг Анужин гэдэг. Гэр бүлийн маань хүнийг Фрай гэдэг. Аляскын уугуул иргэн. Том хүү Сэцэнбилэг есөн настай бол бага охин Үүлэнгоо зургаан настай. Мөн манайх нэг муур, нэг нохойтойгоо ам бүл зургуулаа АНУ-ын Сиэтл хотод аж төрдөг.

Гэр бүлийн үүргийн тухайд бид хоёул ажил хийдэг учир хэн боломжтой, цаг завтай нь ар гэрийн ажлаа нугалдаг. Тэр ч утгаараа манай гэр бүлд "Энэ нь миний үүрэг, тэр нь чиний үүрэг" гэсэн зүйл ер байдаггүй. Яг л энэ тэнцүү үүргээ ухамсарлан, нэгэндээ ачаалал өгөлгүйгээр ямар нэг саадгүй ойлголцоод явдаг. Тэгээд ч орчин үеийн эмэгтэйчүүдийн хувьд гэртээ хүүхдээ харж үлдэх ёстой гэсэн стандарт байхгүй болж байгаа шүү дээ. Харин бид хоёрыг ажилтай үед хүүхэд асрагч маань хүүхдүүдийг минь сургуулиас нь авч, хоол ундыг нь хийж өгч тусалдаг.

Танай гэрийнхний өглөө, оройны дадлууд гэвэл?

Гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан өглөө, оройны тогтсон дадал гэж байдаггүй юм байна. Учир нь Фрай маань хөгжим тоглохын зэрэгцээ баар менежер хийдэг тул ажил нь шөнийн гурван цагт тарахаас өгсүүлээд тогтмол бус өдрүүдэд тоглолтоор явах нь элбэг. Харин охин, хүү бид гурвын хувьд өглөө долоон цагт босож, цай ундаа уусныхаа дараагаар хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Тэднийгээ хүргэж өгчхөөд эргэж гэртээ ирээд Фрайтай нэг цагийг хамт өнгөрүүлэн, ажилдаа явдаг дадалтай.

Оройдоо би долоон цагийн үед ажлаасаа тарж ирээд бага ч болов цагийг хүүхдүүдтэйгээ чанартай өнгөрүүлэхийг эрмэлздэг. Энэ үедээ хүүхдүүдтэйгээ хамт тоглох, өдрийнх нь тухай ярилцах гээд аль болох тулж харилцахыг хичээнэ. Удалгүй охиноо найман цагт оронд нь оруулж, хүүгээ арай том гэдэг утгаар нь есөн цагт унтуулж хэвшсэн. Амралтын өдрүүдэд бид агаарт гарах дуртай. Мөн гэр бүлээрээ бямба гараг бүр Nintendo Switch гэх тоглоомоор тоглодог.

Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхдээ ашигладаг сонирхолтой арга, техникээсээ хуваалцвал?

Манай хүн бид хоёрын хамгийн нэгдүгээрт баримталдаг зарчим бол хүүхдүүдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндийг анхаарах. Биднийг бага байхад сэтгэлзүйг маань анхаардаг хүн гэж бараг л байгаагүй. Тэр ч утгаараа хүнд сэтгэлзүйгээ нээн ярилцаж, ойлголцдог нэгэн ямар хэрэгтэй болохыг мэддэг болохоор одоо хүүхдүүдийнхээ сэтгэл санааны байдлыг ямагт хүндэтгэдэг юм. Ер нь би анхнаасаа л хүүхдүүдтэйгээ "би чиний ээж, чи миний хүүхэд" гэсэн хэвшмэл байдлаар харилцахыг хүсээгүй. Хэдий ээж чинь ч гэсэн найз шиг нь байж, найзын зүгээс хүүхдүүддээ аливаа зүйлсийг тайлбарлаж, үзэл бодлыг нь сонсож, зөвлөж, ярилцаж, ойлголцохыг хичээдэг. Хүүхдүүдийнхээ үзэл бодол, сэтгэлзүйн байдлыг хэдий чинээ үл ойшооно, төдий чинээ өөрөөс тань хөндийрнө. Би ийм байдлыг хүсдэггүй. Сайн ч бай, муу ч бай бүхий л зүйлсийг нь хамтдаа туулахыг хүсдэг.

Түүнчлэн бид нэгнээ өөрчлөх гэж хичээлгүйгээр яг байгаагаар нь хайрлаж, нэгнийхээ хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Фрай бид хоёр металл хөгжимд дуртай ч гэсэн охин, хүү хоёрынхоо сонирхлыг машид хүндэлдэг. Охин маань л гэхэд биднээс тэс ондоо гүнжийн зүйлсэд дуртай байх жишээний.



Танай гэрийнхний дуртай хүүхдийн бүтээгдэхүүн, хүүхдийн / гэр бүлийн контент?

Бүтээгдэхүүн гэхээр хамгийн түрүүнд тоглоомууд санаанд бууж байна. Тухайлбал, дээр дурдсан Nintendo Switch, Mario Cart, Lego болон хөлөгт тоглоомуудыг дурдаж болно. Бас манай хүү ном шимтэн уншдаг болохоор хүүдээ Dog Man гэх мэт цуврал номыг авч өгдөг. Ер нь хүүхдүүдээ дэлгэцээс аль болох хол байлган, оюун санааг нь хөгжүүлэх зүйлд цагийг нь зарцуулахыг эрмэлздэг болохоор цөөн тооны контент л үзэж таардаг.

Манай хоёр "Дэлхийн хамгийн аварга амьтан" гэх мэт танин мэдэхүйн контент их үзнэ. Мөн PBS: Public Broadcasting Service гэх хүүхдийн сувгийг сонгон үздэг. Нэмээд гэр бүлээрээ Disney-н кинонуудыг үзэх дуртай.

Хүүхэдтэй болсноор таны ажлын арга барил, үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Би 14 настайгаасаа хойш "piercing" хийж эхэлсэн. Ийнхүү хүүгээ төрүүлээд нэг жилийн дараа өөрийн салоноо нээж байлаа. Ер нь хүүхэдтэй болсноос хойш амьдрал эрчимжиж эхэлсэн гэх үү дээ. Миний сайн явах хүүхдүүдийн минь сайн явахтай ямагт холбоотой учир хариуцлага маань ч нэмэгдэж, илүү чармайлттай болсон. Хүүхдийн сайн сайхны төлөө гэхээр үзэл бодол ч дагаад их өөрчлөгддөг юм билээ.

Миний хувьд гэр бүлийнхнээсээ тэс ондоо сонирхол, үзэл бодолтой хүн. Нийгмийг бүрдүүлж буй дийлэнх хэсгийн хүмүүсээс үзэл бодол, сонирхол маань зөрөөд ирэхээр нэгэн хэвэнд цутгасан мэт байлгахыг ихэнх хүмүүс шаарддаг байлаа. Харин би тийм байхыг хүсээгүй учир тэднийг сөрсөөр одоогийн амьдралдаа хүрсэн. Ирээдүйд хүүхдүүд маань ээжийнхээ амьдралаас өөрийн үзэл бодол, хүсэл сонирхол, аз жаргалынхаа төлөө явах нь ямар чухал болохыг олж хараасай гэж хүсдэг. Ерөөс би хүүхэдтэй болсноосоо хойш хүүхдүүд минь ямар байгаасай гэж хүсэж байна, яг түүгээрээ амьдрахыг хичээн, заахын оронд үлгэрлэх болсон. Учир нь энэ миний л амьдрал.

Та хэрхэн амардаг вэ? Эцэг эхийн хувиар бусдын туслалцааг хэр авдаг вэ?

Ердийн долоо хоногийн амралтын өдрүүдэд гэр орны ажил хийхээс өгсүүлээд, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг тул яг сайн амарч чаддаггүй. Харин сардаа нэг удаа Фрайтай аялах дуртай. Нэг сард бид хоёр Калифорни мужийн Пасифика хотын далай эрэг дээр хоёр хоночхоод ирсэн. Бид хоёрын хувьд орчноос тасарсан амралт л төгс амралт болж чаддаг. Ер нь эцэг эхчүүд өөрсдийгөө жаргалтай байлгах зүйлийг хийдэг байх нь тун чухал.

Бусдын туслалцааг авах тухайд гэвэл хоёр талын ээж, аавууд маань өөрсдийн нутагтаа байдаг учраас тэднийхээ тусыг хүртэж хүчирдэггүй. Харин дээр хэлсэнчлэн бид хүүхэд асрагчтай. Түүнийхээ туслалцаатайгаар л ажиллах нөхцөл бүрдэж байна даа.



Ажилладаг ээж байхын хэцүү нь юу вэ?

Хамгийн хэцүү нь ажиллахын хажуугаар үрсээ санах. Ажлаасаа тарж ирээд удаа ч үгүй байтал хүүхдүүдийн маань унтах цаг болчихдог гээд хүүхдүүдтэйгээ хангалттай цагийг өнгөрүүлж чаддаггүй. Тэр ч утгаараа би аль болох хурдан хугацаанд санхүүгийн эрх чөлөөнд хүрэн, хүссэн цагаараа хүүхдүүдтэйгээ хамт байхын төлөө ажиллаж байна. Угаас бид чинь дандаа ажиллах гэж төрөөгүй шүү дээ. Гэр бүлтэйгээ жаргалтай байж, дуртай зүйлээсээ кайф авч амьдрах л амьдрахын нэр байх.

Эцэг эхийн хувиар хамгийн их баярласан, бахархсан мөч?

Манай хоёр таван жил ээжээсээ тусдаа Монголд байж байгаад өнгөрсөн жил ээж дээрээ ирсэн юм. Багаасаа ээжээсээ хол байх тэр хатуу хөтүүг туулсныг нь бодохоор одоо ч хүүхдүүдээрээ баярлаж, бахархдаг. Мөн ирээдүйд яагаад ийм шийдвэр гаргасныг минь ойлгоно гэдэгт итгэдэг.

Түүнээс гадна шинэ улс руу нүүж ирнэ гэдэг хүүхдүүдийн маань сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болсон байж мэднэ. Учир нь гэр бүл, найз нөхдөө орхин өөрийн ойлгодоггүй, ярьдаггүй хэлээр харилцдаг орчинд ирнэ гэдэг хэцүү шүү дээ. Мөн энд нүүж ирснийхээ дараа хоёр ч сургуульд шилжиж суралцсан гээд сэтгэлзүйн өөрчлөлтүүд ихээхэн явагдсан байх гэж боддог. Гэхдээ хамгийн бахархмаар нь хүүхдүүд маань сольсон орчин бүрдээ найзуудтай болж байсны дээр ямар ч гомдол мэдүүлж байгаагүй. Нэмээд англи хэлээ хурдан сурч, хүү маань ном бичиж байгааг нь харахаар улам бүр л бахархах сэтгэл төрдөг. Дөнгөж л зургаа, есөн настай хэрнээ ийм хэрсүү байгааг нь хараад хүүхдүүдээрээ өдөр бүр л бахархдаг даа.

Хүүхэд өсгөхтэй холбоотой авсан хамгийн сайн зөвлөгөө юу байсан бэ?

Би хүнээс зорьж асуугаагүй л бол ямар нэгэн зөвлөгөө авахыг илүүд үздэггүй. Ер нь ямар нэгэн зөвлөгөөнөөс илүүтэй өөрийн амьдралын туршлагаас олж авсан зүйлсээ хүүхдүүддээ зааж зөвлөхийг зорьдог. Тухайлбал, дээр хэлсэнчлэн би бусдаас тэс ондоо үзэл баримтлалтай хүн болохоор гэрийнхэн маань намайг бусад шиг энгийн байлгах гэж хичээдэг байсан. Тэгвэл би одоо хүүхдүүдээ тийм байлгахгүй байхад нөлөөлсөн гэх жишээний. Хүүхдүүд маань заавал над шиг эсвээс хэн нэгэн шиг байх албагүй. Өөрийн үзэл бодол, дотоод мөн чанартай хувь хүн учраас би ямагт сонирхлыг нь хүндлэх хэрэгтэй гэдгийг л маш сайн ойлгосон.

Бас хүмүүс манай гэр бүлийн хэв маягийг төдийлөн ойлгодоггүй. Фрай бид хоёрыг хүүхдүүддээ муу үлгэр дуурайл үзүүллээ гэх шүүмжлэл их ирдэг л дээ. Угтаа ямар ч зүйлд зөв, буруу гэх ойлголт байхгүй. Тийм учраас бусдын амьдралыг авч хэлэлцэхээс илүүтэй өөрсдөө хаана жаргалтай, эрүүл энх байна, түүнээсээ кайф авч л амьдрах хэрэгтэй.

Хүүхдээ ямар хүн болоосой гэж, ямар чанарыг өөриймшүүлээсэй гэж хүсдэг вэ?

Өөрийгөө нэгдүгээрт тавьдаг хүмүүс болоосой. Яагаад гэвэл бид л өөрсдийнхөө аз жаргалын төлөө явахгүй бол өөр хэн ч бидний төлөө явахгүй. Хүүхдүүд маань өөрсдийн хүсэл сонирхлоо хүндэлж, үзэл бодлоо дагадаг байх нь хамгаас чухал. Мөн охин маань хэн нэгнээс хараат бус хүчирхэг нэгэн байгаасай гэж хүсэж байна.