Нэг л мэдэх нь ээ гуравдугаар сар харван өнгөрчээ. Энэ сард ч мөн хэвлэлийн газар, редакц, орчуулагч, редакторууд уншигч олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлэх олон сайхан бүтээлийг хүргэхээр шамдан ажилласныг шинэ сарын цувралаараа танилцуулахад бэлэн боллоо.
Агуу Стивен Кингийн “Бичихүй”, Ж.Р.Р.Толкинийн алдарт “Бөгжний барилдлага”, Анджей Сапковскийн “Вичер: Сүүлчийн хүсэл” зэрэг дэлхий дахинаа алдартай, уншигч олны шимтэн хүлээсэн бүтээлүүд шинэ орчуулга, уран найруулга, уншиж, сонсох олон хувилбартайгаар хүрч буй нь талархууштай.
Шинэ дугаартаа гуравдугаар сард мэндэлсэн бүтээлүүдийн тухай тоймлон, зарим бүтээлүүдийн тухай уншиж, танилцсан сэтгэгдлээ хуваалцъя.
Тагтаа хэвлэлийн газар
Бичихүйн тухай
Зохиолч: Стивен Кинг
Орчуулсан: Б. Баясгалан
Өдгөө 76 настай, аймшгийн зохиолын хаан гэгдэх Стивен Кингийн тухай дуулаагүй номын хорхойтон цөөхөн биз ээ. Зохиол бүтээлээс гадна “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс”, “Гялбаа” зэрэг кино урлагийн салбарыг доргиосон олон алдартай бүтээл туурвисан тэрээр амьдралынхаа туршид 65 роман, уран зохиолын бус таван роман, 200 гаруй өгүүллэг, тууж бичиж, зохиолуудаас нь сэдэвлэж 40 гаруй кино бүтээгдсэн байдаг. Ийм агуу нэгэн л бичихийн тухай бичихээс аргагүй гэлтэй.
Энэхүү ном нь түүний уран зохиолын бус таван номны нэг бөгөөд Writers Digest буюу зохиолчдод зориулсан сайн гарын авлага болох бүтээлд багтдаг учир монгол уншигч нартаа хүргэхээр сонгон орчуулсан тухай орчуулагч Б.Баясгалан өгүүлжээ.
Эл бүтээл бол сайн бичихийн тухай гарын авлагын зэрэгцээ агуу зохиолчийн амьдралыг өгүүлэх намтар бүтээл. С. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд наснаасаа эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном хэмээн Тагтаа хэвлэлийн газраас онцолсон байна.
Үнэ: 26,000₮
Онлайнаар захиалах
Мbook цахим, аудио ном
Эрүүлийн дээд
Зохиолч: Сүзүки Юү
Орчуулсан: ТОМё БОДё
Зохиогч Сүзүки Юү бол эрүүл мэнд, анагаах, биологи, сэтгэл судлал сэдвээр түлхүү бичдэг Японы алдартай бичээч. Тэрээр 100 мянга гаруй шинжлэх ухааны өгүүллэг уншиж, 600 гаруй дэлхийн алдартай судлаачидтай уулзаж ярилцлага хийсэн туршлага дээрээ үндэслээд өнөөгийн хүн төрөлхтөн ямар нийгэмд амьдарч байгаа, тэр нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухайг шимтэн ойлгож, нэгтэн цэгцэлснээр энэхүү номоо бичихээр шийджээ.
Ном товчхондоо хүн төрөлхтний хувьслын түүхийн өрнөл болон өнөөгийн бидний бүтээсэн нийгэм хоёр хоорондоо маш их зөрчилтэй буйн улмаас хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаагаараа байнга хохирч буй тухай тайлбарлаж, эдгээрээс хамгийн ноцтой, голлох асуудлуудад хэрхэн хариу арга хэмжээ авах талаар практик зөвлөгөөг бичсэн нь тун сонирхолтой. Түүнчлэн бүхэлдээ сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгааг өгүүлж, эшлэл зүүлтээр баримтжуулсан агуулгатай.
Жишээ нь, орчин цагийн бидний амьдралын ноцтой нэгэн асуудал түгшүүрын тухай тайлбарласан нь бий. Хэрвээ таны одоо ажиллаж буй компани цалингаа нэмэхгүй бол цаашдын аж амьдралаа бодоод эртхэн өөр зам хайх уу, ахиад жаахан тэвчээд карьер өсөхөө хүлээх үү гэдгээ шийдэхэд амаргүй. Ажлын бүтээмж жилээс жилд дээшлэх ёстой гэсэн учир битүүлэг ердийн ойлголт дарамт болон шахаж, ажлын түгшүүр урьд хожид байгаагүй өндөр түвшинд нэмэгдсээр л. Угтаа энэ түгшүүр нь ой тогтоолт, шийдвэр гаргах чадварт нөлөөлж, улмаар үхэлд ч хүргэх аюултай. Үүний тухай 2013 онд “Энэтхэгийн Үндэсний Биологийн Судалгааны төв”-д хийсэн судалгаагаар байнгын ямар нэг түгшүүртэй явдаг хүмүүсийн тархин дахь “Хиппокампус” жижгэрдэг үзэгдлийг олж тогтоожээ. Энэ нь тархины лимбийн системийн нэг хэсэг бөгөөд шинэ ой санамж, суралцах чадварт оролцдог эрхтэн аж.
Товчхондоо, хөгжил дэвшлийн тансаглал дундаа бид улам бүр бага инээж, бага унтаж, их стресстэж, өвчилж буй тухай онцолж, тайлбарласан тул хэн бүхэн уншвал зохилтой бүтээл болжээ. Хараахан цаасан хэвлэлээр гараагүй тул уншигч та монголын анхны дижитал номын апп Мbook-ээс цахим, адио хэлбэрээр хүлээн аваарай.
Үнэ: 15,000₮
Онлайнаар захиалах
Апп татах
Гэрэн редакц
Үр минь чамайг хүлээж байна
Зохиогч, зураач: Э.Мишээл
Энэхүү зурагт ном нь 0+ насныхан, ялангуяа дөнгөж төрсөн нярай, шинэ хүнээ хүлээж буй ээж аавуудад тун ч хэрэгтэй ном аж. Учир нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг байдаг.
Хүүхэд эхээс төрөөд олон янзын дуу авиа сонсдог бөгөөд тэр дундаас ээжийн дуу хоолой хамгийн дотноор хүүхдийн тархинд кодлогддог гэнэ. Тиймээс яг энэ үед нь хүүхэдтэйгээ ярих, зурагт ном уншиж өгснөөр тархи дуу авианы өнгө, эгшиг, гийгүүлэгчийг авианы долгионоор ялгаж, хэл ярианы хөгжил дэмждэг их тархинд хадгалан хүүхэд хэлд ордог байна.
Хүүхэд өсөж том болохын хэрээр үгсийн сан нь хөгжиж байдаг тул уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгс, амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөхөөр хар дэвсгэр дээр тод ялгарах өнгөт зурагтай, том дүрс, энгийн бичвэртэй бүтээсэн нь онцлог болжээ.
Үнэ: 22,000₮
Онлайнаар захиалах
Little Readers редакц
Миний Чиний Бидний гэр
Зохиолч:А.Даваасүрэн
Зураач: Э.Мишээл
Урц, тагз, мөсөн гэр, байр байшин ордон гээд л хорвоо ертөнцөд олон янзын гэр орон өөр өөрийн онцлог, өвөрмөц ахуй, үнэт оршихуйг өөртөө тээдэг. Уг зурагт номд гэр хороололд, орон сууцанд, хөдөө монгол гэрт, тайгын урцанд буюу дөрвөн өөр газар, өөр гэр сууцанд амьдардаг, өөр хүүхдээр дамжуулан амьдардаг орчны ялгаа, аж байдал, хэл аялга, ахуй соёлын өвөрмөц өөр байдал болон нийтлэг ижил төстэйг өнгөт зургаар өгүүлнэ. Түүнчлэн нүүдлийн соёл иргэншлээ тээн буй цаатан түмний аж байдал, соёлын тухай өгүүлсэн хүүхдэд зориулсан анхны зурагт ном гэдгээрээ онцлогтой.
Хотод л өссөн орчин цагийн хүүхдүүд тавын бидоноор ус зөөж, нидрүүл ашиглан ваннд хувцсаа угааж, нарны дэлгэцийг аккумлятортай холбож гэрэл гаргадаг тухай төдийлөн мэдэхгүй тул бага насны хүүхдүүддээ уншин өгч, тэдгээрийн тухай ярилцаж, тайлбарлан мэдүүлээрэй.
Үнэ: 24,900₮
Онлайнаар захиалах
Болжмор редакц
Сургуульд юу болдог вэ?
Зохиолч: Б.Энхжаргал
Зураач: Э.Мишээл
Эцэг эхчүүдийн хувьд бяцхан хүүхдүүд сургуульд орох нь амьдралд тохиох баярт үйл явдал. Харин хүүхдийн хувьд нийгмийн харилцаагаа улам тэлж, шинэ бүхэнтэй нүүр тулах амьдралын томоохон шилжилтийн үе. Тиймээс энэ үеийг эртнээс хамтдаа бэлдэснээр бие, сэтгэл зүйн хувьд сорилт багатай туулж, хурдан дасан зохицно.
Энэ номд 3– 5 настнуудыг сургуулийн амьдралд бэлтгэх, шинэхэн сурагчдын шилжилтийн үеийг даван туулахад туслахаар сургуулийн анги танхим, багш ажилчид, хичээлийн ширээ сандал зэрэг сургуульд юу болдог бүхнийг өхөөрдөм хөөрхөн амьтдаар дүрслэн үзүүлжээ. Хүүхдүүд сургуульд очоод юуг өөрөө хийдэг, гомдож баярлах сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа, замын хөдөлгөөний дүрэм, мөн чухал нь ангийн найзуудынхаа ялгаатай байдлыг ойлгох тухай хүртэл өгүүлсэн нь цэцэрлэгийн наснынхан болон бага ангийн сурагчдад ч олон ойлголт өгөх ажээ.
Үнэ: 16,500₮
Онлайнаар захиалах
Бльюнөүтс хэвлэлийн газар
Вичер:Сүүлчийн хүсэл
Зохиолч: Анджей Сапковский
Орчуулсан: Н.Энхнаран
Вичерийн тухай 2007 оноос гарсан видео тоглоомууд болон Netflix-н цувралаар нь үзэгч, уншигч, тоглоом сонирхогчид андахгүй мэдэх болов уу. Польшийн уран зөгнөлт, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Анджей Сапковскийн анхны богино өгүүллэг болох Вичер (Wiedźmin) нь 1986 онд Польшийн уран зөгнөлт зохиолын тэргүүлэх сэтгүүл "Fantastyka"-д хэвлэгдсэн даруйдаа уншигч, шүүмжлэгчдийн дунд алдаршиж, дэлхий даяар 37 хэлнээ орчуулагдаж, 15 сая гаруй хувь борлуулагдсан өндөр амжилттай бүтээл.
Анджей Сапковски нь энэхүү өгүүллэгээсээ сэдэвлэн цуврал зохиол гаргасны эхний дэвтэр нь "Сүүлчийн хүсэл" ном юм. Хар шид, гэнэтийн учрал, Цагаан чоно хочит Ривиагийн Гералтын өнгөрсөн амьдралын талаарх ээдрээт түүхийг өгүүлэх уг номыг Бльюнөүтс хэвлэлийн газраас орчуулан монгол уншигч нартаа хүргэжээ. Хэрэв уншигч та цаасан хувилбараас илүү адио ном сонсох дуртай бол автобус хүлээх, ажилдаа явах, амарч тухлах үедээ адал явдалт тулааны ээдрээт түүхийг Mbook-ээс сонсоорой.
Үнэ: 34,900₮
Аудио хувилбарын үнэ: 24,900₮
Онлайнаар захиалах
Монсудар хэвлэлийн газар
Агуу Гэтсби
Зохиолч: Ф.С.Фицжералд
Орчуулсан: Б.Чандмань
Агуу Гэтсби бол 1920-иод оны америк мөрөөдөл, жазз хөгжмийн эрин үе, хүссэнээ өөрийн болгох хүсэлдээ сохорсон залуу үе, цаг үе нийгмийн хандлагыг бүхэлд нь өгүүлсэн уран зохиолын агуу бүтээл. Анх 1925 онд хэвлэгдэн гарч, 30 гаруй хэлнээ орчуулагдан, 2013 онд дэлгэцийн бүтээл болон гарч байсан бөгөөд 2014 онд монгол хэлнээ орчуулагдаж байв. Шинэ сарын цувралдаа энэхүү бүтээлийг онцлохын учир нь Монсудар хэвлэлийн газраас шинэ орчуулгаар уншигчдадаа хүргэж буй юм.
Амьдралынхаа цор ганц жаргалтай өдрийн төлөө бүтэн таван жил бэлдсэн уужим сэтгэлт Гэтсбийн түүхээр эд мөнгө, хөрөнгө гэгч шунан дурлам боловч угтаа ямар ч үнэ цэнгүй хоосон эд гэдгийг уншигчид энгийн атлаа ийм тодорхой хүргэнэ гэдэг зохиолчийн чадвар биз. Эргүүлж, тойруулан ажиж суухад “Хэн нэгнийг буруушаах хүсэл гэнэт төрвөл орчлонгийн хүн болгон чам шиг давуу байдалтай байдаггүй гэдгийг санаарай” гэх хэсэг нүдэнд тод туссан юм. Бид бүгд өөр өөр, онхи ялгаатай гэдгийг санаж биенээ хүндлэн хайрлахын чухлыг дахин нэг санав.
Үнэ: 18,900₮
Онлайнаар захиалах
Монсудар хэвлэлийн газар
Бөгжний барилдлага
Зохиолч: Ж.Р.Р.Толкин
Орчуулсан: Б.Амарбаясгалан
Одоогоос яг 70 жилийн өмнө уран зөгнөлт зохиолын загалмайлсан эцэг гэгдэх Жон Рональд Реуэл Толкиен “Бөгжний эзэн” цувралын эхний хэсэг энэхүү номоо хэвлүүлж байв. Хоббит, элф, одой, гоблинууд гэх өөр өөрсдийн хэлээр ярьдаг, өвөрмөц соёл иргэншилтэй Дундад газар хэмээх үлгэр домгийн ертөнцийн тухай өгүүлэх алдарт цуврал дэлхий дахинаа сая сая хүмүүсийн үзэх дуртай бүтээл, унших дуртай зохиол болсон.
Ж.Р.Р.Толкины уран бүтээлийн замнал 1937 онд “Хоббит” бүтээлээр эхэлсэн бөгөөд намхан биетэй, том хөлтэй, буйдхан тосгонд амьдардаг сайхан сэтгэлт Бильбо Бэггинсийн адал явдал өдгөө дэлхий даяар 100 сая хувь борлогдсон. Олон сая уншигчдад таалагдсан тул тэрээр дахин ном бичихээр шийдэж, 15 гаруй жилийн дараа "Бөгжний эзэн" нэртэй үргэлжлэлээ гаргажээ. Уг бүтээл анх гарсан цагаасаа л дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон билээ.
Монсудар хэвлэлийн газраас алдарт зохиолч Ж.Р.Р.Толкины “Хоббит” зохиолыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байсан бол энэ удаа зохиолчийн хамгийн алдартай гурамсан бүтээл болох “Бөгжний барилдлага” номыг хүргэж байна. Энэхүү онцгой хэвлэл тун цөөн тоогоор хэвлэгдсэн тул уншигч та яараарай.
Үнэ: 34,900₮
Онлайнаар захиалах
Монсудар хэвлэлийн газар
Байр суурь
Зохиолч: Анни Эрно
Орчуулсан: Д. Болортуяа
Уран зохиолын төрлөөр хамгийн олон буюу 16 удаа Нобелийн шагнал хүртсэн орон бол Франц. Харин тэр дундах цор ганц эмэгтэй нь Анни Эрмон. Амьдралын археологич гэдгээрээ алдартай тэрээр “Он жилүүд” баримтат бүтээлээрээ 2022 онд Нобелийн шагнал хүртсэн. Алдарт зохиолчийн цуврал бүтээлүүдээс Монсудар хэвлэлийн газар монгол уншигчдадаа цувралаар танилцуулж буй бөгөөд түүний “Эмэгтэй”, “Байр суурь” номууд хэвлэгдэн гарсан.
Хагацаж одсон хайртай хүмүүсийнхээ тухай санан дурсах нь сэтгэлд амаргүй байдаг боловч хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч, тэдний тухай гэгээн дурсамжууд сэтгэл дулаацуулдаг. Энэхүү номд аав охин хоёрын харилцан яриагаар боловсрол, гэрлэлт, хувь хүний үнэт зүйл, хэл яриа, зан араншин, нийгмийн давхарга зэрэг амьдралын өнгө будгийг хайр хагацал, гуниг зовлон, үл ойлголцол гэх сэтгэлийн нарийн нандин мэдрэмжтэй хослуулан өгүүлнэ.
Угтаа эл бүтээл түүний аавын тухай аж. Зохиолчийн аав нь багшийн гэрчилгээ авах шалгалт өгснөөс хоёр сарын дараа нас баржээ. Бага насандаа сургуульд сурч чадаагүй аав нь гэр бүлээ тэжээхийн тулд хүнсний дэлгүүр, кафе ажиллуулж, амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн боловч хахир хатуу, зарчимч нэгэн байв. Хайр нь дотроо, хал нь гаднаа аавынхаа тухай санан дурсаж, бүтээл болгон халгална гэдэг зохиолч байхын сайхан тал. Үргэлж л яарч, туугдах их хотын давчуу амьдралд түр зуурхан амьсгал авч, тархи сэтгэлээ амраахыг хүсвэл энэхүү бүтээлийг санал болгоё.
Үнэ: 16,900₮
Онлайнаар захиалах
Нэпко хэвлэлийн газар
Тархи-гэдэсний холбоос
Зохиолч: Эмэран Майэр
Орчуулсан: Т.Ариунсанаа
Тархи гэдэс холбоотой юу? Үнэхээр ч сэтгэл тавгүйтэхэд ходоос гэдэс цанхайж, дотор муухайрах, гүйлгэх, хоолонд дургүй болох, эсвэл хэт ит идмээр санагддагийг хэн эс андах билээ. Энэхүү номд бидний иддэг бүхэн биднийг бүтээдэг тухай, гэдэс бол нүүрэнд харагддаг сэтгэл хөдлөлийн толь байх тухай, гэдэс өөрийн өвөрмөц мэдрэлийн тогтолцоотой байх тухай бүр сэтгэл хөдлөлөөс хамааран гэдэсний бичил биетийн ертөнц өөрчлөгддөг тухай хамгийн чухал нь тархи гэдэс хоорондоо хэрхэн харилцдаг тухай нарийн тодорхой өгүүлнэ.
Гэдэс бол бараг л тархитай дүйцэх эрхтэн аж. Гэдэс тархитай мэдрэлийн зузаан кабель утсаар холбогдсон бөгөөд тархи руу цадлаа, бөөлжис цутгаж байна, эвгүйрхэж байна, сайхан байна гэх мэдрэмжүүдийг мэдээлдэг бол тархи гэдэс рүү мөн янз бүрийн дохио илгээн элдэв урвалыг өдөөдөг байна. Мөн тархи гэдэсний холбоост чухал үүрэгтэй серотонин дааврын 95 хувь гэдсэнд агуулагддаг бөгөөд нойр хоолны дуршил, өвдөлт мэдрэх байдал, зан авир, биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөлдөг гэнэ.
Уур уцаар, уужим сайхан сэтгэл нь бидний идэж буй хүнс, боловсруулж буй гэдэс, зохицуулж буй тархитай хэрхэн холбогддог тухай өгүүлэх энэхүү сонирхолтой ном эрүүл мэнддээ анхаардаг уншигч танд таалагдах нь гарцаагүй.
Үнэ: 37,500₮
Онлайнаар захиалах
Нэпко хэвлэлийн газар
Буриад монгол ард түмний түүх
Зохиолч: Ф.А.Кудряфев
Орчуулсан: А.Алимаа
Хэнтийн Буриад, Дорнодын Буриад, Оросын буриад гэж ам дамжин ярьдгаас тархай бутархай энэ үндэстний тухай миний хувьд мэдэх нь үгүй байлаа. Буриад монголын түүх судлаач Феодор Кудрявцев уг номоо 1940 онд Ленинградад гаргаж, дахиж хаана ч хэзээ ч хэвлүүлээгүй гэнэ. Гэтэл яагаад ч юм 80 жилийн дараа Буриадын Үндэсний номын санд ганц хувь хадгалагдан үлджээ.
Эл бүтээл хэвлэгдэж байх үеийн Буриад монгол нь одоогийн Буриадаас тэс өөр байж. Буриад монголчууд өөрийн хэлтэй, уйгаржин монгол бичгээрээ уншиж бичдэг, монгол сургуульд хүүхдүүд нь явдаг, хөдөө тийшээ орос хэл мэддэггүй, өв соёл, зан заншлаа хадгалсан монгол үндэстэн байв. Харин Октябрийн социалист хувьсгалын үзэл суртлын нөлөөгөөр буриад монгол үндэстний өнгөрсөн түүхийг өнөөгийнхөөс шал өөрөөр тайлбарлан зааж, ном бүтээл болгон хэвлэж байсан бөгөөд 1625 оноос Буриад монголд оросууд түрэмгийлэн ирж, колончлол идэвхжин, буриад монголчууд үүнтэй хэрхэн тэмцэж байсан тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
Үнэ: 37,500₮
Онлайнаар захиалах
Нэпко хэвлэлийн газар
Системээр сэтгэх нь
Зохиолч: Питер М.Сэнгэ
Орчуулсан: Т.Ариунсанаа
Байгууллага бүрд хамтын үнэт зүйл, алсын хараа бий. Түүний төлөө л хамтдаа зүтгэж, нэгэн сэтгэлээр ажилладаг. Тэгвэл түүнд хүрэхэд юу хамгийн чухал нь юу вэ? гэдгийг энэ ном өгүүлнэ. Массачусетсийн Технологийн Институтын ахлах багш Питер М.Сэнге нь олон улсын корпораци судлаач, зөвлөхүүдийн хамтарсан “Байгууллагын сургалтын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ.
Товчхондоо энэ ном байгууллага бүрд тулгардаг, бүтээмж, амжилтад саад болж буй суралцахуйн хөгжлийн бэрхшээлийг, гүйцэтгэлд саад болдог "системийн архетипүүдийг" тайлбарлана. 1990 оны анхны номд нь өгүүлэх эдгээр үзэл санаа бизнесийн ертөнцөд хачин жигтэй санагдаж байсан ч өдгөө хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, менежментийн практикт гүн бат сууж эхэлж. Харин энэхүү шинэчилсэн хэвлэлийг BP, Unilever, Intel, Ford, HP, Saudi Aramco зэрэг компаниуд болон Roca, Oxfam, World Bank зэрэг байгууллагуудын олон арван удирдагч, практикч мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага бүхий 100 гаруй хуудас шинэ материалаар нэмэн баяжуулжээ.
Үнэ: 75,000₮
Онлайнаар захиалах
Хархорум дижитал
Хяналтын хуудасны ид шид
Зохиолч: Атул Гаванде
Орчуулсан: Н. Энхбаяр
Орчин цагт хүмүүс улам их суралцаж, мэргэшиж, улам бүр дээд зэрэглэлийн технологи ашиглаж байгаа ч бүтэлгүйтсээр л байна. Мэдээж хүн бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч биш. Бидний бие махбод, оюун ухааны боломж хязгаарлагдмал. Орчлон, дэлхийн ихэнх хэсэг бидний ойлголт, хяналтаас ангид байгаа, байсаар ч байх болно. Гэхдээ бидний хянаж чаддаг үлэмж тооны салбар бий. Бид тэнгэр баганадсан барилга барьж, цасан шуургыг таамаглаж, зүрхний шигдээстэй эсвэл мэсийн шархтай хүмүүсийн амийг аварч чадна. Гэхдээ ийм салбаруудад бидний алдаа гаргаж болох хоёрхон шалтгаан бий гэх бөгөөд эхнийх нь үл мэдэх. Хэрхэн барихыг нь хараахан мэдэхгүй тэнгэр баганадсан барилга, бидний таамаглаж чадахгүй цасан шуурга, яаж зогсоохыг нь мэдэхгүй зүрхний шигдээс бий. Харин хоёр дахь нь үл чадах гэнэ.
Жишээ нь, анагаахын салбарт 1950-аад он хүртэл эмч нар энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, эсвэл эмчлэх тухай тун тааруухан мэдлэгтэй байж. Цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх анхны эмийг дөнгөж 1960-аад онд бүтээж, туршсан. Харин өнөөдөр зүрхний шигдээс болох эрсдэлийг бууруулдаг багадаа 10 гаруй үр дүнтэй арга байдаг бөгөөд тэдгээрийн тоонд цусны даралтыг хянах, холестерины хэмжээг бууруулах, үрэвслийн эсрэг эм өгөх, цусан дах сахарын хэмжээг хязгаарлах, байнга дасгал хөдөлгөөн хийх, тамхи татахаа болих зэрэг орж буй бөгөөд олон төрлийн ноу хау бий болсон гэсэн үг.
Гэсэн атлаа л бид ямар нэгэн байдлаар алдаа гаргасаар байдаг бөгөөд үүнийг даван туулах стратеги буюу өөрөөр хэлбэл туршлага мэдлэгээ ашиглан хүний сул талыг нөхөж чадах стратеги хэрэгтэй. Сайн нь тийм стратеги ч бий бөгөөд “Хяналтын хуудас” гэх энгийн боловч чухал аргын тухай энэ ном өгүүлнэ.
Үнэ: 27,000₮
Онлайнаар захиалах
Сэтгэгдэл бичих