Шинэхэн ярилцлагын зочноор “HotTopics”-оос гаргадаг "Global CDO 100" буюу дэлхийн шилдэг 100 Chief Data Officer-ийн жагсаалтад багтсан дата эксперт Ч.Алтан-Өлзийг урьж оролцууллаа. Түүний хувьд багаасаа математикийн шинжлэх ухаанд шимтэн дурлаж, улмаар мэргэжлийнхээ суурь болгон эдийн засаг, өгөгдлийн ухааны чиглэлээр тууштай ажиллаж байгаа юм.
"Global CDO 100" гэдэг нь дэлхийн томоохон байгууллагуудаас дата хариуцсан шилдэг 100 манлайлагчийг жил бүр тодруулдаг хүндтэй жагсаалт бөгөөд өмнө нь CMO, CIO зэрэг бусад C-зэрэглэлийн шилдгүүдийг зарладаг байжээ. Тийнхүү Азиас тэр дундаа Монголоос анх удаа энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан нь тэр юм.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro M3
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Хүний амьдрал, ялангуяа карьерт нөлөөлөх хамгийн чухал суурь үе нь хүүхэд наснаас эхтэй гэж би боддог. Миний хувьд физикч аав, математикч ээжийн гэр бүлд төрж, өссөн, үүнийгээ их азтай хувь тохиол гэж боддог. Ээж маань математикийн багш болохоор намайг сургуульд орохоос өмнө л тооны ухаанд дуртай болгочихсон юм. Хүүхдүүд 8 настай сургуульд ордог байх тэр үед би нэг жилийн өмнө буюу 7 настайдаа сургуульд орж байлаа. Сургуульд орохоос өмнө, эгчийгээ шалгалтад бэлдэж байхыг хараад тоо нэмж хасах биш, язгуур гаргах аргыг нь хэдийн ойлгочихсон байснаа санадаг юм. Зүгээр нэг цээжлээгүй зүй тогтол, аргыг нь олчихсон байсан нь тэр.
Ингэж л математикийн гайхамшгийг аль эрт мэдэрсэн хүн чинь олимпиад алгасахгүй орж, тоо бодсоор сургуулиа төгссөн. Тэгээд их сургуулиа эдийн засагч мэргэжлээр дүүргэж, төгссөн даруйд мэргэжлээрээ ажиллахад хамгийн таатай сонголт болох Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагчаар ажилд орж байв. Азтай нь тэнд ажилласан зургаан жилийн хугацаанд салбартаа урдаа барьдаг шилдэг эдийн засагч, менторуудын гараар бэлтгэгдэж амжсан.
Ер нь эдийн засаг, дата анализ буюу өгөгдлийн шинжилгээ гэхээр математикаас өөр салбар шиг санагдах нь бий. Гэвч энэ салбарт ашиглагддаг үндсэн хэрэглэгдэхүүнүүд нь дандаа математикийн аргууд. Тиймдээ ч эдийн засагч байхдаа өөрийн давуу тал болох математик болон аналитик ур чадварыг илүү шаардсан, нарийн асуудлууд руу сонирхож ордог байв.
Монголбанкнаас гараад тухайн үед ид моодонд орж эхлээд байсан хиймэл оюун, өгөгдлийн ухааны чиглэл рүү өөрийгөө хөгжүүлэхээр М Банкны төслийн багт орж байлаа. Уг төслийн анхны багийн гишүүн болж, М Банк болон Simple-ийн автомат дижитал кредит скоринг буюу нэг товчлуур дарахад л зээлийн хариу гардаг тэрхүү системийг хөгжүүлэх багт ажилласан юм. Энэ үеэс эхлэн миний карьер өгөгдлийн ухаан буюу Data Science руу бүрэн чиглэсэн гэхэд болно.

Ажиглаад байхад би карьерынхаа эхэн үеэс л ганц зүйлд баригдалгүй, олон ажлыг зэрэг амжуулж ирсэн байдаг. Оюутан байхаас л янз бүрийн ажил хийдэг байсан бол Монголбанканд ажиллаж байхдаа цайны цагаараа мэдээний сайтуудад хөл бөмбөг, сагсан бөмбөгийн мэдээ бичиж өгдөг байлаа. Ер нь л чаддаг зүйлээ хийхээс илүүтэйгээр чадахгүй, мэдэхгүй зүйлд өөрийг сорих сонирхолтой.
Түүнчлэн багш аав, ээжтэй болохоороо ч тэр юм уу залууст мэдлэг олгох, багшлах сонирхол бүр багаас байсан шүү. МУИС-д хэсэг багшилж байгаад, одоо хувийн академид дата анализын чиглэлээр хичээл зааж байгаа. Хүмүүст мэдсэн сурснаа заах, шинэ боловсон хүчин бэлдэх, бусдыг сургаж хөгжүүлэхэд би үнэнхүү эрмэлзэлтэй.
Үүний зэрэгцээ сагсан бөмбөгийн спорттой сүүлийн дөрвөн жилийн хугацааг зарцуулж байна. Би спорт болон тоо хоёр салшгүй холбоотой гэдэгт гүнээ итгэдэг юм. Өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн спортын багууд ур чадвар, бэлтгэлжилтээс гадна дата анализыг ихээр ашигладаг. Энэ туршлагыг Монголын спортын салбарт, тэр дундаа сагсан бөмбөгийн салбарт нэвтрүүлэхийг хүсэж, зорьж яваа. Миний хувьд сүүлийн хоёр жил "Бишрэлт Металл" багтай ажиллаж, лигийн мөнгөн медаль, Холбооны цомын хүрэл медаль хүртээд байна. Ерөнхий хийдэг ажил маань өмнөх тоглолтын алдаа, амжилтыг дүгнэж, дараагийн тоглолтод эсрэг болон өөрийн багийн давуу, сул тал дээр үндэслэн тактик, стратегиа боловсруулахад шаардлагатай дата мэдээллийг дасгалжуулагчийн багт бэлтгэж өгдөг юм.
Карьерын маань хамгийн онцлох үе саяхан тохиосон. Тэр нь "Global CDO 100" буюу дэлхийн шилдэг 100 Chief Data Officer-ийн нэгээр шалгарсан явдал. Би 2024 оны нэгдүгээр сард Ард Санхүүгийн Нэгдэлд Chief Data Officer (CDO) буюу Дата судалгаа эрхэлсэн захирлаар томилогдож байлаа. Тухайн үед дата аналист, дата инженерийн албан тушаалууд байсан ч групп компанийн түвшинд дата засаглал, стратегийг нь тодорхойлдог CDO гэх албан тушаал Монголд бараг анхных байсан болов уу. "Global CDO 100" гэдэг нь дэлхийн томоохон байгууллагуудаас дата хариуцсан шилдэг 100 манлайлагчийг жил бүр тодруулдаг хүндтэй жагсаалт юм. Өмнө нь тус байгууллагаас CMO, CIO зэрэг бусад C-зэрэглэлийн шилдгүүдийг зарладаг байсан бол сүүлийн жилүүдэд CDO-г тусад нь онцолж эхэлсэн нь энэ.
Миний хувьд уг жагсаалтад багтана гэж огт төсөөлөөгүй. Яагаад гэвэл бусад компанийг нь харахаар Goldman Sachs, Mastercard, Visa, Coca-Cola гэх мэт дэлхийн шилдэг, үндэстэн дамнасан корпорацуудын CDO нар байгаа. Азиас, тэр дундаа Монголоос хүн сонгогдоно гэдэг маш сонин бас бахархалтай санагдсан. Миний бодлоор байгууллагад датаг ямар түвшинд ашиглаж байна, засаглалыг яаж тогтоож байна, дата буюу өгөгдлөөс хэрхэн үнэ цэн үүэсгэж байна гэх хэрэглээний түвшин, практик ахицыг нь үнэлж энэхүү шийдвэрийг гаргасан байх гэж харж байгаа.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өмнө нь дандаа бүтэн цагаар ажилладаг байсан бол саяхнаас өөр хэв маяг туршиж, олон төсөл рүү зэрэг орж ажиллахаар хагас цагийн ажилтан болоод байна. Өнөөх миний баримталдаг чадахгүй зүйлээ туршиж үзэх зарчмын л нэг хэсэг.
Сургууль, цэцэрлэгийн үеэр өглөө эртлэн босоод хүүхдүүдээ бэлдэж, хувцаслаад сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс өдрийн хамгийн чухал ажил эхэлнэ.
Олон төсөлд нэгэн зэрэг оролцож байгаа үед нэг ажил дээрээ удаан суух боломж хомс. Хуучин шиг нэг асуудлыг удаан бодож суух боломжгүй тул ажлын шаардлагаар шийдвэрүүдийг түргэн гаргаж, ажлуудаа ар араас нь шуурхай явуулах зарчмаар ажиллаж байна.
Миний хувьд өдрийн цагаар ажлын уулзалтууд хийж, хүмүүстэй харилцсаар таардаг. Харин төвлөрч суух, үр бүтээмжтэй ажиллах цаг маань ихэнхдээ орой. Хүүхдүүдээ унтуулчхаад гол дата төслүүд болон сагсан бөмбөгийн багийнхаа анализ дээр төвлөрдөг.

3. Таны ажлын нөү-хау?
Ажлын даалгавар маш тодорхой байх ёстой гэдэг зарчим. Ажил дээр үл ойлголцол үүсэж, үр дүнд сөргөөр нөлөөлдөг нийтлэг шалтгаан нь хүлээлт зөрөх буюу ажлын даалгавар тодорхой бус байх явдал. Ажлыг өгч байгаа болон хүлээж авч байгаа хүмүүсийн хүлээлт нэг цэгт уулзах ёстой. Юу хийх нь тодорхой, хүлээлт нэг байж чадвал тэдгээрийг төлөвлөөд, цаг хугацаанд нь зохицуулаад хийчхэж болно.
Нөгөөтээгүүр, математикийн шинжлэх ухаанаас надад суусан чадвар нь асуудал шийдвэрлэх юм. Жишээ нь, өгүүлбэртэй бодлогод 5 өөр өгөгдөл байлаа гэж бодоход, тэндээс нэгийг нь л анзаарахгүй орхих эсвэл буруу уншвал бодлогын хариу буруу гардаг. Хүнд цэгцтэй зөв сэтгэх, аливааг дэс дарааллын дагуу логиктой бодох суурийг өгүүлбэртэй бодлого суулгаж өгдөг юм билээ. Математикчид IT болон бусад салбар луу амархан хөрвөж чаддаг нь энэ дэс дарааллыг маш сайн логиктойгоор эрэмбэлж чаддагтай холбоотой болов уу.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Миний хувьд бусдын л адилаар өдөр тутамдаа ChatGPT, Gemini, Claude зэрэг үндсэн AI моделиудыг ашигладаг. Мөн ажиллаж байгаа төслүүд спорт, эдийн засаг, хиймэл оюун, дата гээд өөр салбаруудыг хамардаг болохоор салбар бүрийнхээ шинэ мэдээллийг цаг алдалгүй авч байх ёстой. Үүний тулд олон улсын хэвлэл мэдээллийн сайтууд, мэргэжлийн сэтгүүлүүд, сошиал медиаг сайтар ашиглаж, мэдээллээ авдаг. Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй асар хурдтай технологийн хөгжил явагдаж байгаа энэ цаг үед салбарын мэргэжилтэн, эксперт байж, хөгжлөөс хоцрохгүй байна гэдэг өөрөө асар их чармайлт шаардах болжээ.
Төхөөрөмжийн хувьд үндсэн оффис гэхээсээ илүү чөлөөт байдлаар ажилладаг тул гар утас, зөөврийн компьютер, чихэвчийг биеэсээ огт салгадаггүй. Мөн чөлөөт цагаараа Kindle ашигладаг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Үнэнийг хэлэхэд надад одоогоор ажлын 8 цагт бүгдийг хуваарилаад, яг таг амжуулчихдаг төгс менежмент байхгүй л байна. Гол шийдэл нь шаардлагатай үед орой эсвэл шөнийн цагаар сууж ажиллах. Туршлагаас харахад цаг хэмнэж, олон төсөл гацаахгүй явуулах гол арга барил нь нэгдүгээрт ажлуудаа жижиг саб-таскуудад хуваах, хоёрт зөв эрэмбэлж, хамгийн чухал болон яаралтай хэсгийг нь шуурхай хийж гүйцэтгэх юм.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Миний төлөвлөлт хамгийн эхэнд уулзалтуудаас эхэлдэг. Уулзалт гэдэг нөгөө талын боломжит цагаас шууд хамаардаг учраас миний хуваарьт хамгийн эхэнд уулзалтын цагууд тавигддаг юм. Тэгээд уулзалтаас урьтаж өмнөх явцаа дүгнэнэ, шаардлагатай асуудал, материалуудаа бэлдэнэ, дараагийн алхмуудыг тодорхойлно. Үлдсэн сул цагт бусад ажлаа амжуулдаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Хагас, бүтэн сайн өдрүүдэд академи дээрээ хичээл заадаг. Тийм болохоор цаг зав нэлээн шахуу, гэр бүлдээ зарцуулах цаг хомс болчхоод байгаа тал бий.
Гэхдээ боломж л гарвал амралтын өдрийн үдээс хойш ч юм уу, завтай цагаа аль болох гэр бүл, хүүхдүүддээ зарцуулахыг хичээдэг. Манай хоёр хүүхэд өсөж торниж байгаа хөөрхөн үе дээрээ явж байна. Яг энэ бяцхан байгаа үед нь цуг байж, хамтдаа цагийг чанартай өнгөрөөх нь надад сэтгэлийн амралт, эрч хүч болдог. Гэр бүлтэйгээ байхад аяндаа л бүх эрч хүч маань эргээд сэлбэгдчихдэг дээ. Том хүү маань сагсан бөмбөгийн ажил дээр маань ихэвчлэн хамт явдаг, манай багийн “тугчин” буюу “Chief Flag Officer” гэдэг албан тушаалтай. Энэ үед ажил дээрээ ч гэр бүлтэйгээ хамт байдаг нь сайхан.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Би нэлээн олон жилийн өмнө "Hub Innovation Center"-т "Math Matters" хэмээх цуврал уулзалтуудыг санаачлан зохион байгуулдаг байсан юм. Зорилго нь салбар бүрд математик ямар чухал, хэрэгцээтэй болохыг ойлгуулах байв. Ингэхдээ заавал математикчдыг бус, анагаах ухаан, эдийн засаг, дата гэх мэт өөр өөр салбарт математикийн суурь мэдлэг, сэтгэлгээнийхээ үр ашгийг хүртэж яваа мэргэжилтнүүдийг урьж ярилцдаг байлаа.
Математикийн энэ цэгцтэй, логик сэтгэлгээ салбар бүрд хэрэгтэйн сацуу үүнийг бид ойлгож, анхаарах ёстой. Энэ санаагаа одоо ч би үргэлжлүүлэн бусдад ойлгуулахыг хичээдэг.
Мөн олон нийтийн хиймэл оюуны боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа. Өнөөдөр залуучууд AI-ийг ажилдаа сайн ашиглаж байгаа ч алслагдсан бүс нутгийн хүүхдүүд, ахмад настнууд, энгийн иргэдэд хиймэл оюуны талаарх ойлголт, хэрэглээ, эрсдэлийн тухай мэдлэг дутмаг байна гэж хардаг. Тиймээс "Хиймэл оюун гэж юу юм бэ?", "Бид хэрхэн зөв хамтран ажиллах ёстой вэ?" гэдгийг асар энгийн үгээр тайлбарласан мэдлэг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө AI literacy гэдэг зүйлийг бүх шатандаа бий болгох нь зүйтэй байгаа юм.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Багшийн маань хэлсэн нэг үг байдаг юм. "Дата хэзээ ч худлаа ярьдаггүй" гэж. Дата гэдэг нь ерөөсөө л амьдрал дээр байгаа зүйлсийг тоон болон бусад хэлбэрт оруулаад, хэмжчихсэн бодит баримт. Тоо өөрөө хэзээ ч худал хэлдэггүй учраас датаг сайн шинжилж чадвал аль ч салбарт өнгөрсөн хугацаанд юу болсон, одоо яг ямар нөхцөл байдалтай байгааг бодитоор ойлгож чаддаг. Нөгөө талдаа ирээдүйд юу болох, ямар шийдвэр гаргавал зөв үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхойлох боломжтой. Тоо болон математиктай харилцаж ажиллахын хамгийн гол давуу тал нь салбар харгалзахгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж чаддагт бий.
Бэрхшээл гэхээс илүүтэй энэ салбарын мэргэжилтнүүдэд ирж буй гол сорилт нь хүмүүсийн хандлага, шийдвэр гаргах зарчим. Өнөөдөр бүх салбарын байгууллагууд дата болон хиймэл оюуны чухлыг ойлгож, ашиглахыг эрмэлздэг болсон ч зарим нь олон жил явж ирсэн хувийн туршлага, өөрийн зөн совиноо (intuition) урьтал болгох хандлагатай хэвээр. Мэдээж хүний туршлага, зөн совин амьдралаас хэзээ ч салахгүй. Гэхдээ тэр туршлага, зөн совинг дата шинжилгээтэй хэрхэн зөв хослуулж, тэнцвэртэй авч явах вэ гэдэг дээр л заримдаа ойлголцоход хэцүү байдаг юм. Тоонд шууд итгэхгүйгээр "Ер нь туршлагаар ингэж л хийдэг юм даа" гээд хуучин аргаараа явах тохиолдлууд гардаг нь гол сорилт болов уу.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Хиймэл оюуны салбар маш хурдтай хөгжиж байгаа энэ үед миний хувьд академи дээрээ танхимаар нэг ангид 20 гаруй оюутантай, 2 анги буюу 40-50 хүнд л мэдлэг олгож чадаж байна. Гэвч энэ мэдлэг, мэдээллийг нийгэмд арай өргөн хүрээнд, олон хүнд яаж хүргэх вэ гэдэг талаас нь бодох болсон. Тиймээс ойрын үед хиймэл оюуны суурь, энгийн ойлголтуудыг олон нийтэд ойлгомжтой тайлбарласан номын төсөл эхлүүлэхээр төлөвлөж байна. Номоор дамжуулаад илүү олон хүнд хүрч, нийгэмд тустай мэдлэг мэдээлэл түгээж болно шүү дээ.
Ер нь том зургаар харвал, IT-ийн салбарт хүн заавал механикаар код бичих шаардлагагүй болж байгаатай адил дата дээр ажиллахад ч AI ихээхэн тус болж байна. Гэвч хүний хяналт, оролцоо зайлшгүй шаардлагатай. Эндээс бидний сурах ёстой хамгийн гол зүйл бол “Хамтын оюун” буюу Co-Intelligence юм. AI дангаараа явахгүй, хүн ч бас AI-гүйгээр дангаараа явахгүй нь тодорхой болчихлоо. Ирээдүйд бид хиймэл оюунтай хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах вэ, энэ хоёр оюун ухааны хоршлыг хэрхэн зөв бүрдүүлэх вэ гэх асуултад хариулт олох ёстой болоод байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Би аливаа шинэ зүйлийг олон хоногоор уншиж, судалж суухаас илүүтэй шууд хийж, туршиж үзэх дуртай. Миний сурах арга барил бол ерөөсөө л практик туршилт. Мэдээж гаднын сайн практикууд юу байна, олон улсад хүмүүс үүнийг яаж хийдэг вэ гэдгийг уншиж судална. Гэхдээ үүнээс илүүтэй бодит ажил болгохыг эрмэлздэг. Эхний туршилтаар төгс зүйл гарахгүй байж болох ч олон дахин туршиж, алдаж, сайжруулсны дараа заавал сайн үр дүн гардаг. Яг ижил зарчмаар оюутнууддаа эхлээд заагаагүй, хэцүү бодлогыг даалгаварт нь өгчхөөд, оролдоод ирснийх нь дараа зөв аргыг нь зааж өгдөг юм.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Би яруу найрагт дуртай. Тиймээс найз С.Начингийнхаа бичсэн “Цаг хугацааны хээ” номыг санал болгомоор байна. Тэр бол маш дэврүүн, хүсэл мөрөөдөлтэй, бүх зүйлд тэмүүлж байдаг залуу. Түүний шүлгүүдээс тийм сайхан мэдрэмж авч болно.
Дууны тухайд сүүлийн үед давтан сонсож байгаа Pink Floyd-ийн "Shine On You Crazy Diamond"-ийг санал болгоё. Өглөөг энэ дуугаар эхлүүлэхэд тухайн өдөр бүхэлдээ таатай өнгөрдөг.
Санал болгох кино гэвэл "The Big Bang Theory". Яг манай талын нөхдүүдийн тухай гардаг ситком болохоор их дуртай.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Бага байхад хүүхэд л юм чинь дэвэргэн юм ярина шүү дээ. Тэр бүрд аав маань намайг "Энэ буруу, тэр зөв" гэж хайрцаглаж, хориглодоггүй байсан. Нэг тийм чөлөөтэй сэтгэлгээг надад суулгаж өгсөн юм шиг санагддаг. Заавал ямар нэг зүйлд баригдахгүйгээр "Яагаад ингэж бодож болохгүй гэж?", "Арай өөр өнцгөөс нь харвал яах вэ?" гэж сэтгэж чаддаг болсон маань аавын надад үгээрээ биш үйлдлээрээ өгсөн хамгийн том боловсрол, зөвлөгөө юм.
14. Бусдад шидэх санаа?
Би асар олон мөрөөдөлтэй. Стив Жобсын хэлдгээр “Stay hungry, stay foolish” гэдэг шиг байнга л элдэв зүйл сэдэж, мөрөөдөж явдаг. Тиймдээ ч залуу мэргэжилтнүүддээ зөвхөн чаддаг зүйлээ л хийгээд нэг газартаа хайрцаглагдаад байлгүй, шинэ зүйлд өөрийгөө дандаа сорьж, чадахгүй зүйл рүүгээ зоригтой тэмүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Миний итгэл үнэмшлээр амьдралд гэнэт азтай болчихсон хүн гэж байдаггүй. Зөвхөн тодорхой зорилготой, түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж, хичээсэн хүн л гэж бий. Мөрөөдөл заавал асар том байх албагүй, жижигхэн байсан ч түүнийхээ төлөө өдөр бүр хөдөлмөрлөөрэй гэж хэлье.

