Өнөөдрийн дугаартаа бид Монгол төдийгүй дэлхийн топ банк санхүүгийн байгууллагад удирдах албан тушаалуудыг хашиж, санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан нэгэн эрхмийг урилаа. Дэлхийн топ хөрөнгө оруулалтын банк гэгддэг "Дойче" банкинд Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Болормаа нь Ардын банк, Хөгжлийн банк, Голомт банк зэрэгт удирдах албан тушаал хашиж, банкны секторын өөрчлөлт шинэчлэлийн үед манлайлан ажиллаж байв. АНУ, Япон улсад эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр номын дуу сонссон тэрээр өдгөө гарааны бизнес, инновацыг дэмжих хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй “КITE Mongolia"-г санаачлан удирдаж байгаагаас гадна “Би.Эф.Эй.Эс” санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, гарааны бизнес, инновацид хөрөнгө оруулж буй түүний ажлын арга барилаас хуваалцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Би.Эф.Эй.Эс" ХХК, "DEM" ББСБ, "KITE Mongolia"-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Голомт банкны ТУЗ-ийн гишүүн
Сонгуульт ажил: МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн менторийн клуб ТББ-ын удирдах зөвлөлийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Dell, Sony Laptop
Сошиал хуудсууд: Bolormaa Luvsandorj (LinkedIn), Bolormaa Luvsandorj (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би МУИС-ийг банк санхүүгийн чиглэлээр төгсөөд, 1992 онд Ардын банканд валютын дилерээр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Тухайн үед хөгжиж буй орнуудын арилжааны банкны системийг чадавхжуулах зорилготой олон улсын хөтөлбөрт шалгарч, Хонконгийн HSBC банканд туршлага судлах, дадлага хийхээр явж байлаа. Уг туршлага үнэхээр нүд нээсэн, Монголын банк, санхүүгийн зах зээлд хийж хэрэгжүүлэх, цааш сурч боловсрох шаардлага маш их байгааг надад ухааруулсан юм. Ардын банканд Гадаад харилцааны газрын орлогч захирал, валютын хэлтсийн захирал хүртэл дөрвөн жил ажиллахдаа 20 гаруй залуу мэргэжилтнүүдийг ажилд мэргэшүүлж, Монголдоо тэргүүлэгч томоохон компаниудын анхны зээлийг олгон, баг хамт олноороо улс орны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсан.

Гэвч миний толгойд мөнхийн сурах ёстой гэх бодол байсаар ирсэн учраас 1996 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) магистрын хөтөлбөрт шалгарч, олон улсын эдийн засгийн чиглэлээр АНУ-ын Виржиниагийн Политехникийн институтэд магистр хамгаалсан юм. Үргэлжлүүлэн Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр Япон улсын Олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Хамт сурч буй гадаад оюутнууд маань "Wall Street"-д ажиллана, стартап эхлүүлнэ гэх том мөрөөдөлтэй байсан бол миний хувьд их сургуулиа төгсөөд ямартай ч олон улсын банканд орж туршлага хуримтлуулах нь чухал байлаа. Ямар ч асуудалд ном л миний үнэнч нөхөр болж ирсэн учраас уншсан номуудаасаа ажилд хэрхэн орох талаар судалж зургаан банканд захидал бичиж байв. Үүнээс "Chase", "Merrill Lynch", "Deutsche" банкнаас ажлын санал ирснээс "Deutsche" банкийг сонгон хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр есөн жил ажилласан туршлагатай. Токиод ажиллаж байхдаа Монголдоо анхны CFA буюу итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч болж байлаа.

Ингээд 2009 онд Монголдоо хөрөнгө оруулалтын хувийн сан байгуулах зорилго өвөртлөн ирсэн. 2011 онд Засгийн газраас санал тавьсны дагуу Хөгжлийн банкны анхны Тэргүүн дэд захирлаар томилогдож, яг л гарааны бизнесийг эхлүүлж байгаа мэт бүх зүйлийг тэгээс эхлүүлж байлаа. Энэ хугацаанд Хөгжлийн банкны анхны бонд болох “Өэлүн”-г олон улсын зах зээл дээрээс амжилттай босгож, АНУ, БНХАУ-ын “EXIM” банк, Хятадын хөгжлийн банк, Японы Сумитомо банк, Кувэйтын хөгжлийн сан болон Кувэйтын хөрөнгө оруулалтын сан зэрэг олон улсын байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байв. Гэхдээ энэ бүхнийг онцлохоос илүүтэй олон залуу мэргэжилтэн бэлтгэж, тэдгээрт олон улсын топ банкуудын менежментийн арга барил, ур чадварыг өвлүүлж чадсанаараа бахархдаг.

Голомт банкны хувьд 2014 оноос хөрөнгө оруулалтын банк хариуцсан тэргүүн дэд захирлаар, цаашид Голомт санхүүгийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус банкны өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллаж байв. Энэ хугацаанд Голомт Капитал, Мандал даатгал зэрэг охин компанийн ТУЗ-ийн гишүүн болон даргаар ажиллаж, кастодиан банк, хөрөнгө оруулалт болон худалдааны санхүүжилтийн хэлтсүүдийг байгуулсан. Мөн IFC, OPIC зэрэг олон улсын байгууллагуудаас санхүүжилт татан, Канад, Унгар, Итали, Япон зэрэг улсуудын олон банк санхүүгийн байгуллагуудтай хамтын ажиллагаа үүсгэж байв. Тухайн үед Голомт банк 2014 оны шилдэг банкаар шалгарч, 2015 онд Голомт санхүүгийн групп нь Дэлхийн форумаас шалгаруулдаг дэлхийн хурдацтай өсөж буй компаниудын тоонд багтсан удаатай. Ингээд 2020 оноос Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

2009 онд Монголдоо буцан ирснээс хойш санхүүгийн чиглэлээр гурван компани байгуулан хөгжүүлснээс хамгийн сүүлийн санаачилга маань "KITE Mongolia" ХХК буюу инноваци, гарааны бизнесийг дэмжигч хурдасгуур байгууллага юм. Бид 2020 онд АХБ-ны хөрөнгө оруулалтын сан болох "ADB Ventures" Монгол дахь түнш байгууллага болсон юм.

2. ТА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭлхийн ТОП БАНКИНД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙВ?

ХБНГУ-ын хамгийн том арилжааны банк болох "Дойче" банканд 2000 онд ажилд орохдоо Лондон, Нью Йоркийн салбарт шилжин ажиллах нөхцөлтэйгөөр Япон дахь салбараас нь ажлын гараагаа эхэлж байв. Гэрээний дагуу 2003 оноос Нью Йорк хот руу шилжиж, хамгийн сүүлд Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Тухайн үед "Goldman Sachs", "Barclays" банкнаас ажлын санал ирэхэд нь татгалзсан удаатай. АНУ-д ажилласан хугацаа маань дэлхийн 2008 оны санхүүгийн хямралын үетэй давхцаж, ид бужигнаж байлаа. Хямралын эхэн үеэр дарга маань эрүүл мэндийн асуудалтай болсон тул даргаа орлож, хэлтсээ удирдах хэрэг гарсан юм.

Санхүүгийн зах зээл хэт их хөөсрөх үед ийм л байдаг гэх сэтгэлгээ давамгайлж, асуудлууд нуугдмал, бага зэргийн уйтгартай болж эхэлдэг бол хямралын үеэр жинхэнэ биднийг сорьсон үйл явдлууд өрнөж, маш их дата мэдээлэл нээлттэй болсноор суралцах завшаан нэмэгддэг. Тухайлбал, АНУ-ын Төв банкнаас 1990 оны хямралын талаарх мэдээллийг цуглуулж, 2008 оны хямралтай харьцуулан судалж түүнд суурилсан эрсдэлийн бодлогыг "Дойче" банкны ТУЗ-аар батлуулж байлаа. Уг хямралаар томоохон банкнууд дампуурч, банкнуудын эрсдэл эрс нэмэгдэж, зээл, арилжаа, банк хоорондын тооцоо зэрэг банкны бүх эрсдэлүүд дээр төвлөрөн, олон цагаар ажиллаж байлаа. Гэхдээ тэрхүү уйтгартай гэж хэлж болох өсөлтийн үед дээр их зүйл суралцаж, шинжээчдийн төдийлөн олж хараагүй дата дээр шинжилгээ хийж, эрсдэлийн талаарх мэдлэгээ зузаатгаж явсандаа баярладаг. Үүнд, СFA болсон, Нью Йоркийн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн гишүүн байсан маань ихэд нөлөөлсөн.

3. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би амьдралдаа 13-аас доош цаг ажиллаж үзээгүй юм байна лээ. Миний үеийнхэн 1990-д оны шилжилтийн үед ажлын гараагаа эхлүүлж байсан тул бидэнд зааж өгөх хүн ховор өөрсдөө л хамаг юмаа сурч байсан. Энэ арга барил “муу” зуршил болж, үргэлж өөрийгөө сорихгүй бол амархан уйдчих мэт санагдах болсон учраас байнга шинэ санаа, шийдэл эргэцүүлэн, ажлаараа “донтдог" үеийнхнийг бий болгосон юм уу даа гэж боддог. Одоо ч энэ хэвээрээ. Шөнө 1-2 цагийн үед унтаж, өглөө 7-8 цагт босоод ажилдаа явна. Өдөр бүр олон хүмүүстэй уулзаж, олон бизнесийн төсөл, бичиг баримт дээр ажилладаг. Хажуугаар нь сайн дурын ажлууд маань нэлээдгүй цаг авна. Хүний ачаалал ихсэх тусам цэгцтэй, эрэмбэтэй, цаг хугацааг эрхэмлэхийн төлөө хичээж эхэлдэг юм билээ.

Гэвч тэр бүгдийг хийж амжихгүй учраас тархины үйл ажиллагаагаа хялбарчлахыг хичээдэг. Бодол санаагаа төвлөрүүлж, тогтуун, аз жаргалтай байхад чиглүүлэх арга барилыг олох нь чухал гэдгийг ойлгосон. Бидний ярих дуртай бясалгал бол мөн л ийм зорилготой. Гэвч үргэлж завгүй явдаг тул бясалгалын процессыг ч хурдасгах зам хайж, ямар бодол, юу надад нөлөөлж байгааг судалдаг юм. Тэгээд тархины үйл ажиллагаандаа нөлөөлж удирдахыг хичээдэг. Залууст ганц зүйл зөвлөхөд, тархи гэдэг эрхэм эртнээс маш сайн ойлгож, түүнтэй ажиллаж сураарай гэж хэлье. Тархины өөрийгөө тэтгэн сэргээх хөгжүүлэх боломж хязгааргүй. Залуус элдэв туйлширсан үзэл суртал, ухуулга, гаднын хэрэггүй нөлөөнд автахаас зайлсхийж, задгай, чөлөөтэй бүтээлчээр сэтгэж, гэгээлэг зүйлд хөтлөгдөж амьдрах ёстой юм шүү.

Энэ сэдлээр "KITE Mongolia"-г үүсгэн байгуулах санаа төрсөн гэж хэлж болно. Над дээр гарааны бизнес эрхлэгч залуус дэмжлэг хүсэж ирэх нь олон. Тэрхүү монгол залууст мөрөөдөл, сурах боломж, дэмжлэг нь байгаасай хэмээн бодож хоёр жилийн өмнө эхлүүлсэн. "KITE Mongolia" нийгэмд тулгарч буй асуудлыг инновацлаг шийдлээр шийдэхийг эрмэлзэж яваа залуусыг дэмжих зорилготой.

4. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Миний ажлын нөу-хау маш энгийн. Ерөөсөө л асуудлаа сайн судалж, системтэйгээр цэгцлэн, шийдлээ гаргаж хурдтай ажиллах. Би асуудалд хандахын өмнө маш их уншиж судалдаг. Энэ арга миний бүх амжилтын 100 хувьд нөлөөлсөн гэж боддог. Нэг хийсэн зүйлээ хоёр удаа давтах шаардлага гарвал аль болох “автоматжуулахыг” хичээнэ. Хувьдаа олон давтамжтай ажил хийх дургүй, амархан уйддаг тал даа гэж хэлж болно.

Гадаадад ажилладаг байхдаа ажлын цагийн 50-60 хувьд нь хийх ёстойгоо гүйцээж дуусгаад үлдсэн цагт нь бусад хэлтэс, газрын экспертүүдтэй уулзаж тэднээс мэдлэг, мэдээлэл хуримтлуулдаг байсан. Энэ нь эргээд хамтын ажиллагааг сайжруулж, хоорондоо ойлголцоход тус дэм болсон.

Олсон мэдлэгээ тухай бүрд нь системд оруулж, дахин ашиглахад амар хялбар болгохыг би “автоматжуулах” гэж хэлээд байгаа юм. Энгийн мэт боловч миний амжилтын чухал хүчин зүйл байсан. Үүнээс хэмнэсэн цагаа гэр бүл, хүүхдүүддээ зориулах, өөрийгөө хөгжүүлэх, дараагийн бизнес санаагаа боловсруулах зэрэг олон боломж бий болдог.

Удаах зарчим бол сонсох чадвараа хөгжүүлэх. Бусдыг эхлээд сонсож, асуудлын суурь шалтгааныг эрэлхийлж байж, эцэст нь зөв дүгнэлт гаргана гэж үздэг. Асуудлыг цэгцтэй ойлгож, оновчтой шийдлийг санал болгодог, хамтын ажиллагаа сайтай, хурдтай гүйцэтгэлтэй залуусыг нэг баг хамт олон болгож, дэмжин ажиллах нь чухал гэж боддог. Мөн ямар ч ажилд аль болох олон экспертийн саналыг авахыг хичээдэг дээ.

5. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Апп-ын хувьд голдуу өөрийн хувийн хэрэглээнд зориулж ашигладаг. Тухайлбал, “Babbel”-аас франц хэл сурахаар хичээж байна. Харин ажлын хэрэгцээнд Zoom, Meetup, Whatsapp зэрэг харилцааны хэрэгслийг онцолж болно. Гэхдээ апп-ын хэрэглээнд автсан гэж хэлэхгүй. Аливаа юмс энгийн байх тусмаа тархи толгойгоо задлах боломжтой учраас технологид хэт найдаж, уягдах хэрэггүй гэж боддог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Гар утас, тэмдэглэлийн дэвтэр гээд аль алиныг нь хэрэглэдэг. Ажлаа ач холбогдлоор эрэмбэлж, гүйцэтгээгүй ажлаа дараагийн өдөрт шилжүүлэн нөхөн төлөвлөх байдлаар ажилладаг. Тухайлбал, зам зуураа эсвэл хурал болон хэлэлцүүлэг дээр "Notes" дээр тэмдэглэл хөтөлнө. Мөн өөрийн гэлтгүй бусад хүмүүсийн имейл руу ажлын төлөвлөгөө, ноорог болгон явуулах нь хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй.

Хүн ер нь шинэ зүйл сурахад эсвэл ажлаа төлөвлөхдөө бичиж дадах нь хамгийн үр дүнтэй гэж боддог. “Бодлоо сонсох” гэж би хэлдэг л дээ. Бодлоо сонсож сурахгүй бол энд тэнд хэсээд л өгнө шүү дээ. Бодлоо цэгцлэх ганц сайн арга бол ерөөсөө л бичих. Хурал, уулзалтад дэвтэргүй орж ирдэг хүмүүсийг үнэхээр гайхдаг юм. Уулзалт болгон заавал “action point” буюу ажил хариуцах эздийн нэрсээр дуусах ёстой гэж үздэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хөгжим бол тархи толгой сэргээдэг цор ганц зүйл минь. Би одоог хүртэл халаасандаа жижиг iPod авч явдаг. Дуртай хөгжмөө тавиад, сайхан кофе ууж, ном, дэвтэр үзгээ бариад суух л сайхан. “Pink Floyd” бол намайг анх “жинхэнэ” хөгжимд дурлуулсан хамтлаг. Стресстэх үедээ Pink Floyd сонсож сэргэдэг. Харин янз бүрийн судалгаа хийх үедээ голдуу сонгодог хөгжим сонсдог бол аялах, алхах, сэтгэлийн хэмээ өөрчлөх үед хүнд, хөнгөн авахуулаад рок, бүх төрлийн хөгжмийн урсгалуудыг тохируулан сонсоно. Хөгжим сонсох нь тархины үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэйг эрдэмтэд баталсан. Энэ бүхэн хүнд үргэлж аз жаргал, амар тайван авчирдаг. Аз жаргал гэдэг ердөө өөрийн дотор чинь орших зүйл шүү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийг удирдахын сацуу “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” ТББ-ыг үүсгэн байгуулсан юм. Одоогоор клубийн хүрээнд менторын хөтөлбөрүүдээ эхлүүлснээс гадна эмэгтэйчүүдэд зориулсан шинэ апп гаргахаар туршиж байна. Түүнээс гадна монголын нийгэм, эдийн засгийн асуудалтай холбоотой бодлогын чиглэлээр ажиллахаар зорьж буй ТББ-ын ажлууд бий. Хараахан гар дүрж амжаагүй л явна. Энэ мэт ажлуудаас гадна Голомт банк тэргүүтэй хэд хэдэн банк, санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг учраас ерөнхийдөө маш завгүй ажилладаг гэж ойлгож болно.

Монгол хөгжих боломж, потенциал их байгаа гэдэгт итгэдэг учраас Монголдоо буцаж ирээд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын сан байгуулах зорилго тээсээр 2018 онд “Mongolian Sustainable Development Partners” компанийг байгуулж, олон хөрөнгө оруулагчидтай уулзаж байсан юм. Хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний дагуу дотооддоо ийм сан байгуулахаар зорьж байгаа. Гол нь, монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал болон гаднын хөрөнгө оруулагчдыг хэр дэмжихээс шалтгаалах учраас мөрөөдөл маань хэзээ биелэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ мөрөөдөл намайг олон сайхан замд хөтөлж, KITE Mongolia төслүүдийг эхлүүлэх сэдэл өгсөн учраас эхэлснээ дуусгахаар хичээнэ.

Харин “Developing Entrepreneurial Mongolia” институцийн хувьд Ардын банканд дилер хийж байсан мундаг залуутай 2010 оны үед таараад жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх чиглэлээр компани байгуулан хариуцуулж байсан юм. Ингээд 10 жилийн дараа Монголд ирэхэд олон харилцагчтай болж амжилттай ажилласан тул ББСБ болгон өргөжүүлсэн. Одоогоор нийт зээлийн 90 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгодог. Ногоон зээлийн бүтээгдэхүүнээс гадна зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл хүртэл өгч байна. Энэ жилийн хувьд гэвэл шинээр гарааны бизнесүүдэд олгохоор ажиллаж байгаа юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Банкны салбар гэдэг бусад салбарын үйл ажиллагаа тогтвортой байх эсэхийг шинжилж, таамаглан задлан шинжилдэг учраас нийгэм, эдийн засгийн зүрх болж, гол судсыг нь атгадаг. Чиг хандлагыг дагаж биш, түрүүлж мэддэг байх учиртай учраас энэ салбарт ажиллана гэдэг насаараа суралцаж, үхэн үхтлээ хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ технологи, шийдэл гарч ирдэг учраас хэн ч энэ салбарыг хангалттай мэддэг болчихлоо гэж хэлэх боломжгүй. Аливаад соргог, байнгын суралцах хүсэлтэй байж, хаана шинэ хүмүүс, ямар шинэ бүтээгдэхүүн байна, тэр бүхнийг сонирхдог, өөрөө бүтээдэг учиртай.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Би 10 гаруй жилийн өмнө “Bodhi” (B.F.A.S) санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниа байгуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчид, стартапуудыг дэмжих зорилготойгоор ажиллаж эхэлсэн юм. Тухайлбал, "Мовьёос", "Адуучин", "Хос Аз" гутлын үйлдвэр зэрэг өдгөө амжилттай яваа олон компани манайхаас стратегийн зөвлөх үйлчилгээ авч байсныг онцлох нь зүйтэй болов уу. Одоогоор бид Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран онлайнаар олон улсын зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн санхүүгийн талаас зээл авах боломж тааруу бүлэгт зориулсан шинэ апп гаргахаар хөгжүүлж байна.

“KITE Mongolia” компанийн хувьд өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сангийн Монгол дахь түнш болж, гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус сантай хамтран энэ сарын 22-ноос 26-нд “Social Innovation Week” арга хэмжээ зохион байгуулж, хөгжлийн асуудлыг хэрхэн инноваци, дэвшилтэт санаа, шийдлээр шийдэх тухай гарааны бизнесүүдтэй хэлэлцэх гэж байгаа.

Мөн энэ онд гурван спартапыг сонгон бойжуулахаар төлөвлөж байгаа юм. Манай улс инновацын олон үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиж байгаа учраас залууст сурах зүйл маш их байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Бид энэ чиглэлээр инновацийн хөтөлбөр хэрэгжүүлж, стартап байгуулж буй залууст бизнесийн салбарт туулах зам, сорилт, бэрхшээл зэргийг давахад туслахаар ажиллаж байгаа. Мөн их сургуулиа төгсөж буй залууст энтрепренер сэтгэлгээг олгох сургалтыг Өмнөд Солонгосын “Underdogs” компанийн маш сонирхолтой хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх гэж байна.

Ер нь миний эхлүүлсэн бизнес, ТББ-ууд үргэлж бусдын төлөөх сайн сайхны сэдлээр эхэлсэн учраас тэр бүхэндээ би тун идэвх зүтгэлтэй, урам зориг авч явдаг.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Байнгын өөрөө сурдаг. Болж өгвөл дэлхийн эдийн засаг, зах зээлийн мэдээлэл уншиж өдрөө эхлүүлнэ. Мөн ажилтай холбоотой мэргэжлийн сонин сэтгүүл захиалж уншиж, олон улсын хурал хэлэлцүүлэгт тогтмол оролцохыг хичээдэг.

Банк санхүүгийн салбарт хөл тавьж буй залууст зах зээл, эдийн засаг, улс төр нийгмийн талаарх мэдээлэлд ойр байх, түүндээ дүн шинжилгээ, судалгаа хийх, “critical thinking” буюу шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх нь тун чухал. Тухайлбал, “Дойче” банкны ТУЗ-д шийдвэрлүүлэхээр явуулж буй бичиг баримт маань ердөө ганц хуудсанд базаж, тоймлосон байхыг шаарддаг. Мэдээж дагалдах материал явна. Гэхдээ нэг хуудас мэдээллээс шийдвэр гаргах хэмжээний агуулгыг багтаана гэдэг өөрөө үнэлэшгүй ур чадвар болдог.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж буй энэ цаг үед залуус логик сэтгэлгээгээ хөгжүүлж, шинэ чадваруудыг эзэмших шаардлагатай болж байна. "LinkedIn"-ээс гаргасан 2020 оны топ таван чадвар нь бүгд IT-тай холбоотой байх жишээний. Наад зах нь, Microsoft Excel, Word, PowerPoint програмууд дээр “бүжиглэдэг” байх естой.

Мэдээж хэрэг, гадаад хэлтэй байх нь боломжуудыг нээх үүд хаалга. Гадаад хэл эзэмшээгүй хүний мэдээлэл авах боломж нь тэн хагасаар хасагддаг. Эзэмшсэн ур чадвар, мэдлэг, хичээл зүтгэл, сэтгэл бүхэн энэ нийгэмд таныг авч явах юм шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Би номд ухаангүй дуртай, багаасаа л шимтэн уншдаг байсан. Оюутан байхдаа номын санд их суудаг, цүнх дүүрэн номтой харьж ирдэг байв. Сонирхлын хувьд хүний тархи судлалтай холбоотой номуудыг түлхүү сонирхож уншдаг. Малкольм Гладвеллийн бүх номуудыг уншиж дуусгасан. Мөн түүхийн ном цуглуулах дуртай. Монгол гүрний түүх, их хаадын олон сайхан ном байгаа. Сонгодог бүтээлүүдэд дурладаг. Японы зохиогч Нацумэ Сосэкигийн “I Am а Cat” бол миний дуртай зохиол. “Зуун жилийн ганцаардал” шиг нууцлаг, сонирхолтой, толгой эргүүлсэн номуудыг их сонирхдог. Хамгийн сүүлд “Омон Ра” хэмээх сансарт нисэж буй тухай өгүүлэх Виктор Пелевиний зохиолыг уншаад маш их таалагдсан. Социализмын үед бидний тархийг хэрхэн угааж байсан талаарх бараан хошигнол юм даа.

Миний бүх цаг үеийн хамгийн дуртай бүтээл бол “The Master and Margarita”. Англи, орос хэл дээр хэчнээн ч олон удаа уншсан юм бүү мэд. Бас “The Little Prince” номыг ч дурдах нь зүйтэй. Хүн мөнхийн гэгээлэг сайхан зүйлсийг өөртөө болон бусдад сануулж байх нь зүйтэй гэж үздэг учир дахин дахин унших дуртай. Залуудаа номыг залгиж уншдаг байсан бол нас ахиад ирэхээр илүү эргэцүүлж уншдаг болдог юм билээ.

Киноны хувьд ч ялгаагүй, визуал гэхээс агуулга талдаа адал явдалтай, толгой эргүүлэм, хачин гэмээр бүтээлд дуртай. Жишээ нь “Vanilla Sky” үзэхээр бол анхны испани хувилбарыг Холливудын хувилбартай харьцуулж нэг дор үзэх. Хэрэв Күросава Акирагийн кинонуудыг үзэхээр бол бүгдийг нь бөөндөж үзээд, гэр бүлээрээ ярилцах дуртай. Мияазакигийн аниме кинонуудад маш хайртай. Холливуд гэхээс илүү бусад орнуудын кино бүтээлүүд сэтгэлд үлддэг дээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Токиод явж байхдаа нэг банкны захиралтай уулзахад надаас “Тэвчээртэй юу?” гэж чухалчилж асууж байсан юм. Би өөрийгөө тэвчээргүй гэж л боддог байсан юм. Дараа нь, уг асуултыг нухацтай бодоод үзэхэд өөрийгөө тэвчээртэй гэж хэлэхгүй ч тун гүргэр юм гэдгээ ойлгосон. Энэ эргэцүүлэл амьдралд минь чухал үүрэг гүйцэтгэж, "аливаа юмны ард чи гарна шүү дээ" гэх итгэлийг өгсөн.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Тархиа үргэлж гэгээлэг, бүтээлч байлгаарай. Бас жаахан гэнэн байхад амьдрал сайхан. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд түүртээд, юу чухал бас чухал биш гэдгийг мартчих гээд байдаг. Хүн хэзээ ч ямар ч орчинд байсан ажилсаг, тууштай л байх хэрэгтэй. Ямар ч ажилд шийдэл хайсан, бүтээлч хандлагатай байх хэрэгтэй. Чадвал мөрөөдөлдөө үнэнч байхыг хичээгээрэй.