Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын зочноор гадаад дотоодын нийгэм, шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, геополитикийн олон чансаатай бүтээлүүдийг сорчлон хэвлүүлж, үнэнч уншигчдын хүрээллийг хэдийнээ бий болгосон Нэпко хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Г.Буянбаатарыг урилаа.

Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн уул уурхайн салбараас ном, хэвлэлийн салбар руу “урвасан” тун сонирхолтой ажил, мэргэжлийн замналтай тэрээр өдгөө дөрөв дэх жилдээ Монголын тэргүүлэгч хэвлэлийн газрын нэгийг удирдаж буй. Ингээд орчин цагийн монголын нийгэмд соёлын үр түгээх үйлсэд үлэмж их хувь нэмэр оруулж буй түүний ажлын арга барил, амьдралын хэв маягтай танилцъя.

Байршил: Хан-Уул дүүрэг, Regis Place
Эрхэлдэг ажил: Нэпко хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Iphone
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Гантулгын Буянбаатар (Facebook), g_buyanbaatar (X)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Ажлын замнал гэхээр өөрийнхөө түүхийн нэг хэсгийг сөхөж таарна байх. Би 2010 онд ШУТИС-ийг хайгуулын өрөмдлөгийн инженер мэргэжлээр төгссөн. Геологи, уул уурхайн баялгийг илрүүлэх, түүний нөөцийг тогтооход чухал мэргэжлийн нэг. Би мэргэжлээрээ таван жил ажилласан. Геологи хайгуулын салбар гэдэг утгаараа зориг тэвчээр, хариуцлага шаардсан хүнд мэргэжил. Гэхдээ цалин, хангамж сайтай улс эх орны эдийн засгийн амин судас гэмээр чухал хүндтэй ч ажил алба. Одоогийн энэ ажлыг хийх хүртлээ мэргэжлээрээ тууштай ажиллаж, амьдралын гараагаа эхэлж байлаа.

Тэгэхээр таны асуултад бий товчхон хэлэхэд ажлаа сайн хийхийн тулд хүн хооронд эхлээд итгэлцэл үүсэх ёстой доо. Үүссэн итгэлцлийн суурь дээр л цаашдын замнал зурагддаг. Итгэлийг олсон хүнд боломж байнга нээгдэж байдаг гэж би боддог. Энэ ганц амжилттай гэдэг юм уу удирдлага дарга цэрэг хүмүүсийн хооронд яригддаг сэдэв биш. Анх ажилд орж байгаа хувь хүний ажлын карьер тэр өдрөөс нь эхэлдэг. Тийм ч учраас хувь хүний карьер ч хамт олон нийгмийн харилцаатай шүтэн барилдан байж үүсдэг. Мэдээж дотор нь мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүй хамт явна.

Мөн таныг ажлын хамт олон, гэр бүл бизнесийн хамтрагч, худалдан авагчтай холбон, тогтоож байдаг зүйл нь ч “итгэлцэл” байдаг. Нийгмийн итгэлцэл гэх энэ капитал нь дор бүрнээ хэлсэн ярьсандаа байх гэсэн тохироон дээр үүсдэг баялаг юм. Ажил амьдралынхаа замналд миний дадуулж баримталж ирсэн зүйл гэвэл энэ итгэлцлийг сулруулахгүйг л хичээж ирсэн. Сурч боловсроход ном мөнхийн нөхөр, бас багш байдаг. Энэ утгаар оюутан цагаас Нэпко-ийн номуудыг уншиж сонирхож ирсэн. Тэр үед Монголд Дэлхийн том нэвтэрхий толь Британика орчуулагдан гарлаа гээд л шуугиж байсан цаг үе. Энэ үеэс л номын компанид ойртох болсон. Ер нь хүн тодорхой цаг хугацааны дараа өөр мэргэжлээр ажиллаж үзэх түүндээ зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй санагддаг.

Одоо хэдийгээр өөр салбарт ажиллаж байгаа ч эзэмшсэн мэргэжил маань надад эр зориг, тэсвэр тэвчээр, өндөр хариуцлагатай байх дадлыг олгосон хэмээн боддог юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Бусад залуу гэр бүлийн адил хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөс л өглөө эхэлнэ дээ. Ажилдаа цагтаа ирж, цагтаа тарах гэдэг дүрмийг гол зарчмаа болгон явж ирсэн. Товчхондоо, би “Их ажиллахдаа биш, бүтээмжтэй ажиллах нь чухал” гэж боддог төрлийн хүн.

Ямар ч компани байгууллага явуулж буй бизнес үйл ажиллагааны хүрээнд өдөр тутам явагддаг ажил гэж байдаг. Жишээлбэл, долоо хоногийн шуурхай хурлаар төлөвлөсөн номын ажлын дарааллыг өдөр өдөрт нь явцын дүгнэх шаардлага тулгарна.

Дараагаар гүйцэтгэх захирлын хувьд бизнесийн уулзалт, хурал зэрэг үндсэн чиг үүргийн ажлуудаа төлөвлөөд хийнэ, шаардлагагүй уулзалтаас зайлсхийдэг. Ажлын хуваарийн хажуугаар гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь хамт цаана нь хэрэгжээд явна. Орой ажлаа тараад хүүхдээ хэн авах уу, яах уу ийхүү энэ тэр гээд л бужигнана шүү дээ. Үүний дараагаар өөртөө гаргасан цаг зав бол оюун санааны болон бие бялдрын маш сайхан амралт болдог.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?  

Давын өмнө хүн ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж гэмээнэ тэндээс бүтээмж, тууштай байдал, сахилга бат урган гарах байх. Дургүйд хүчгүйн үлгэрээр угаас тухайн ажлыг хийх хүсэл, сонирхолгүй хүнээс бүтээмж нэхэх нь утгагүй хэрэг. Мөнгө санхүү ч юм уу хүсэл сонирхлоос өөр хөшүүргээр хэсэг хугацаанд дургүй ажлаа хийж болох ч урт хугацаанд тогтмол бүтээмжтэй байж чадахгүй болов уу.

Эсрэгээрээ өөрт нь үнэ цэн, утга учир мэдрүүлдэг ажил байвал хэчнээн ачаалал өндөр, асуудлаар дүүрэн байсан ч нэг мэдэх нь ээ ард нь гарчихсан байдаг. Тиймээс хийж буй зүйлдээ дур сонирхолтой хүмүүсээр багаа бүрдүүлж, бүтээмж өндөртэй цомхон бүрэлдэхүүнээр ажлаа нугалах нь зөв гэж үздэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ? 

Яг ажлын хэрэгцээ байгууллагын харилцаанд гэвэл Google апп-уудыг өдөр бүр ашиглана. Сүүлийн хэдэн жил бие даан гитар сурах гэж энэ чиглэлийн Chordify бас бус хэдэн апп-уудыг ашиглаж байгаа. Chordify нь илүү тохиромжтой санагдсан.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ? 

Мэдээж сайн төлөвлөх нь цаг хэмнэх сонгодог арга. Дараагийн чухал зүйл нь шийдвэр гаргалт. Хүний тархи өдөрт 2000 гаран шийдвэр гаргадаг гэнэ лээ. 2000 шийдвэр бүр дээр хонон өнжин эргэцээд байвал бас л их цаг алдана.

Тиймээс миний хувьд зайлшгүй бөгөөд томоохон шийдвэрүүдийг нухацтай боддог ч гэлээ хурдан шийдээд явах асуудал дээр бол эргэж буцахгүйгээр зоримогхон шийднэ. Алдах үе байх ч ерөнхий утгаараа зөв зарчим мэт санагддаг юм. Оновчтой шийдвэр яахын аргагүй хүний цаг хугацааг асар хэмнэдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Сайн төлөвлөлт хэзээд ухаалаг шийдвэрт хөтөлдөг тул энэ хоёрыг оновчтой хослуулна. Google Calendar дээр төлөвлөгөөт ажлуудаа нэг бүрчлэн зоогоод, утаснаасаа болон компьютерын дэлгэцээсээ хяначихдаг. Гэхдээ тухайн цаг үедээ тэр дор нь шийдэх учиртай, гал унтраах ажил дээр заавал төлөвлөөд л түүнийхээ дараа л шийдвэр гаргана гээд хойш суугаад байдаггүй.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Би бол тухайн цаг үед хөгжилтэй зугаатай юу байна, түүгээр л эрч хүч авдаг. Зарим хүмүүс кофе уугаад сэргэчихлээ гэдэг. Зарим нь сайхан усанд сэллээ гэдэг. Миний хувьд найзуудтайгаа салхинд гарах, гэр бүлээрээ амрах ч юм уу эсвэл найзтайгаа ганц пиво ч ууж болно, тийм үү. Спорт ч байж болно. Хэт ядарсан үед бол чанартай, сайн нойр авах хамгийн шалгарсан арга.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ? 

Өмнө хэлсэнчлэн, миний хувьд дуртай ажлаа хийж л байвал бүх ажил сонирхолтой төсөл. Энэ утгаараа үндсэн ажлынхаа хажуугаар хувийн том, жижиг төслүүд дээр ажилладаг. Тэдгээрийг өөрийн дур сонирхлоороо л хийдэг учраас “дурлаж” хийдэг төсөл гээд нэрлэчихэд буруудахгүй болов уу.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Манай компанийн гол онцлог бол номоор дамжуулан олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээж буй явдал. Тэр ч утгаараа би хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Нэпко хэвлэлийн газар 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлийн газар, зохиолч нартай хамтран ажиллаж, монгол уншигчдыг дэлхийн ертөнцийн оюун санааны охь дээж болсон бүтээлүүдтэй танилцуулах ажлыг тасралтгүй хийсэн. Бид бизнесийн байгууллага ч нөгөө талаараа монгол уншигчдад зориулан сайн бүтээлийг сорчлон сонгож орчуулах, мэргэжлийн редакцын үүрэг гүйцэтгэдэг.

Манай хэвлэлийн газар цомхон ч ажилдаа дур сонирхолтой, мэргэшсэн хамт олноос бүрдсэн. Манай дотор компани байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа хүн ч байна, ажлын гараагаа дөнгөж эхэлж буй залуус ч байна. Ном эрхлэн гаргахад сайн орчуулагч, дизайнер, редактор, менежер гээд хүний нөөц маш чухал.

Нэпко гэхээр ихэнх уншигчид сайн мэдэх байх. Олон жил энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж буй салбарын анхдагч компаниудын нэг. Үүсгэн байгуулагч нар одоо манай компанийн ТУЗ, хувьцаа эзэмшигчээр байдаг. Зарим хүмүүс сайн мэдэх байх. Номын салбартаа насаараа бие сэтгэлээ зориулсан Баабар, Цэнддоо, Болдбаатар гэж хүмүүс бий. Бүгдээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналтууд.

Би ярилцлагын эхэнд хэлсэн хүний итгэл олж ажиллах гэж. Үүгээр эдгээр хүмүүстэй ажиллаж байна гэдэг нь миний хувьд нэр төрийн хэрэг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Дотоодын хэвлэлийн газрууд дундаа манай гол онцлог бол уран зохиол, хувь хүний хөгжлийн номуудаас гадна шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, геополитик гэхчлэн нарийн мэргэжлийн бүтээл рүү илүү төвлөрч, эрхлэн гаргадаг. Мүракамигийн шинэ роман, геополитикийн чиглэлээр мэргэшсэн судлаач Тим Маршаллын цуврал танин мэдэхүйн номууд, Пүлицэрийн шагналт, Ген, Хорт хавдар номын зохиогч Мүхэржи Сиддарта болон Б.Брайсоны шинэ бүтээл, Уолтер Исааксон-ны бичсэн Элон Маскын намтар гэхчлэн яг одоо ажиллаж буй шинэ номын жагсаалтаа нэрлээд байвал дуусахгүй олон номын төслүүд байна.

Байгууллага амжилттай ажиллах гол үндэс нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх явдал. Манай хувьд сайн чанартай бүтээлийг уншигчдад хүргэх нь бидний амжилтын үндсэн хөшүүрэг юм.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Өдөр бүхэн ном уншдаг ажил хийдэг учраас ном бол миний мэдээллийн анхдагч эх сурвалж, өөрийгөө хөгжүүлэх гол арга хэрэгсэл. Өглөөдөө ажлын үндсэн цаг эхлэхээс өмнө дор хаяж нэг цаг тогтмол ном уншдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО? 


Нийгмийн бүх асуудал эцсийн дүндээ хүн хоорондын харилцаа, хүний хөгжил дээр тогтдог болоод ч тэр үү хүн төрөлхтний түүхийн тухай сэдэв, энэ чиглэлийн сайн бүтээлүүдээс хэзээ ч уйддаггүй. Сүүлд уншсан номууд дундаас Юваль Ной Хараригийн "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх", Билл Брайсоны “Гэр ахуйн түүх : At Home” -ийг санал болгоё.

Билл Брайсоны “Гэр ахуйн түүх бүтээлээс та хүн яаж анх гэр оронтой, хань ижилтэй болсон, хоол хүнсний хэрэглээ хэрхэн хөгжсөн, үүнийг дагаад эрүүл мэндийн асуудал хэрхэн сайжирсан, одоогийн орон байр, сууц хэрхэн ийм түвшинд хүрсэн зэрэг маш сонирхолтой түүхийг уншиж болно.

Хэзээ ч үзсэн уйддаггүй, үргэлж шинэ санаа, шинэ мэдрэмж төрүүлдэг кино бүтээл бол Gladiator. Үзэх тоолонд киноны цаад философид улам гүнзгий дурладаг даа.

Хөгжим бол мэдээж чухал. Хүнийг бас нэг хэлбэрээр хөгжүүлж, хүмүүжүүлж байдаг. Дууг хэзээ хаана сонсохоос шалтгаалаад янз бүрийн мэдрэмж бий болдог. Тухайн цаг үедээ нийцсэн дуу хөгжим л зохимжтой санагддаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Ээж, аавын сургаал сургамжаас эхлээд амьдралд зөвлөж чиглүүлсэн олон хүмүүс бий. Тэр бүхэн намайг бүтээсэн. “Хойшлуулсан бүхэн хоцрогдол болдог” гэсэн өгүүлбэр санаанаас гардаггүй юм. Одоогийн нийгэмд маш оновчтой санагддаг.

Элдэв шалтаг тоочсоор маргааш энэ ажлыг хийчихье гээд хойшлуулахад маргааш нь тэр ажил онцын шаардлагагүй болчихсон байх ч юм уу аль эсхүл хэн нэгэн өрсөөд хийчихсэн байх нь ч бий. Тиймээс хийе гэсэн санаа, сэдэл байх л юм бол шуудхан ханцуй шамлаад ажил хэрэг болгох эсвэл бүүр тэр чигт нь хаяж сурах нь дээр мэт.

14. БУСДАД ШИДЭХ САНАА? 

Хүнд нэг их зөвлөөд байх зөвлөгөө ч юу байхав. Миний бодож явдаг нэг санаа бол “Хүнд байх олон хөрөнгө дундаас хамгийн чухал нь харилцааны ур чадвар”.

“Таныг хүрээлж буй таван хүн таны амжилтад хамгийн их нөлөөлдөг” гэх үг бий. Ойр орчны хүрээлэлд чинь амжилттай сайхан хүмүүс байгаа бол таны харилцааны капитал өндөр байна гэсэн үг. Мэдээж энэ бүхний цаана нөгөө л нэг итгэл явж л байдаг. Зохиогч Кэтрин Хаким-н бичсэн номд хувь хүний амжилтын капитал элементийн талаар тун сонирхолтой өгүүлсэн байдаг. Энэ номыг манай компани саяхан орчуулан уншигчдад хүргэсэн учраас уншиж санаа аваарай гэж хүсэх байна.