Бидний өнөөдрийн зочин бол залуу ахлах тогооч Хан Дун Ү. Өнгөрсөн оны аравдугаар сараас “Jangsu Korean Steak House” рестораны ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн тэрээр хоолны салбарт орж ирээд долоон жил өнгөрчээ. Түүний хувьд Өмнөд Солонгосын алдарт Хану үхрийн махаар дагнан төгс амтыг урладаг бөгөөд энэ чиглэлд Монголд мэргэшин ажиллаж буй цөөн хэдэн ахлах тогоочийн нэг юм.
Ингээд залуу ахлах тогоочийн ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Хан-Уул дүүрэг, ХААН Банк Тауэр, нэгдүгээр давхар
Эрхэлдэг ажил: “Jangsu Korean Steak House”-ийн ахлах тогооч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Юун түрүүнд Монголынхоо уншигчдад энэхүү ярилцлагыг уншиж буй өдрийн мэнд хүргэе. Би 21 настайдаа анх хоолны салбарт хөл тавьж байлаа. Тухайн үед Сөүл хотын Инса дүүргийн нэгэн ресторанд ажлын гараагаа эхэлж, тэнд уулзсан ахлах тогоочоос энэ салбарт цааш ажиллах урам зориг авч байсан юм. Уг нь солонгос хоолоор дагнан ажиллах бодолтой байсан ч манай ахлах тогооч махны чиглэлээр мэргэшсэн хүн байсан тул би ч бас энэ чиглэлд мэргэшин суралцахыг хүссэн. Солонгос хоолны ширээг үхрийн махгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч би солонгос үхрийн махны соёлыг улам дэлгэрүүлж, олон хүнд таниулах зорилгоор энэ чиглэлийг сонгон суралцсан.
Хэсэг ажиллаж байгаад цэргийн алба хаах шийдвэрт хүрч, хоёр жилийн дараа эргэн ирээд АНУ-ыг зорьж байв. Тэнд зургаан сар орчим солонгос махны газар ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн юм. Ингээд Бусан хотод зөвхөн махаар дагнаж, гурван жил орчим ажилласан. Харин Монголд 2023 оны аравдугаар сард ирсэн цагаас одоог хүртэл “Jangsu Korean Steak House” ресторанд ахлах тогоочоор ажиллаж байна. Үндсэндээ хоолны салбарт ажиллаад долоон жил өнгөрчээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манай рестораны цагийн хуваарь өдөр 12:00-15:00 цаг хүртэл ажиллаад 17 цаг хүртэл завсарлага авч, амардаг бөгөөд үргэлжлүүлээд 22:00 цаг хүртэл хоолны захиалга авч, ажилладаг. Өглөө ирээд хоолны хачруудаа эхэлж бэлддэг дүрэмтэй. Солонгос хоолонд хачир маш чухал үүрэгтэй болохоор Монголд байгаа бусад ресторанаас арай баялаг, өөр төрлийн хачир бэлдэхийг боддог юм.
Үүний дараа махаа ангилж, ялгаад эхний үйлчлүүлэгчдээ хүлээн авна. Өдрийн завсарлагаанаар аль болох шинэ цэс гаргах тал дээр орцуудаа бэлдэхийг боддог. Ингээд амралтын цаг дууссаны дараа дахин үйлчлүүлэгчдээ угтан авч, манай ресторан 02:00 цаг хүртэл ажиллана. Өдөрт 12 цаг ажилладаг болохоор ажлын дараа шууд гэртээ хариад амардаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Монголд ирээд удаагүй байгаа болохоор хэлний тал дээр маруухан байгаа. Уг нь үндсэн арга барил маань ажилтнуудтайгаа байнга ярилцаж, хоорондоо санал бодлоо солилцож, зааж зөвлөх боловч хэлний асуудлаас шалтгаалан бага зэрэг хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ асуудалд гарц гаргалгаа үргэлж байдаг хойно хүнсний ногоо сонголт дээр солонгосоор яриад бусад үед англи хэлээр ойлголцдог.
Мэдээж Монголд ирсний дараа соёлын ялгаа мэдрэгдэж, гайхаж байсан зүйл олон байсан. Наад зах нь хэдхэн сараар ах, эгч хүнтэй үе тэнгийн юм шиг чөлөөтэй харилцдаг юм билээ. Гэхдээ үүнийг сул тал гэж харахгүй байгаа. Харин ч хоорондоо албан тушаал, нас намба харгалзахгүйгээр чөлөөтэй, нээлттэй харилцах нь ажлын үр дүнд эерэгээр нөлөөлдөг юм шиг санагдсан.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сошиал аппуудын тухайд YouTube, Instagram-ыг голчлон ашигладаг. Мэргэжлийн ахлах тогоочдын арга барилаас шууд суралцах боломжтой. Ер нь хэн бүхэнд олон сэдвээр суралцаж, хөгжиж дэвших боломжийг бий болгодог болов уу гэж бодож байна.
Үүнээс гадна биедээ байнга авч явдаг зүйл маань тэмдэглэлийн дэвтэр. Хамтран ажиллагсдадаа дараа нь заавал хэлж, зөвлөх зүйлсээ тэмдэглэж авдаг юм. Мөн шинэ хоолны санаа төрвөл боломжтой бол дэвтэр дээрээ, боломжгүй бол гар утасныхаа Notes дээр бичих эсвэл зурж тэмдэглэдэг дадалтай.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хоол хийх тал дээр цаг хэмнэх гэсэн зүйл байдаггүй. Аливаа хоолыг бэлтгээд дараа нь өөрөө амталж үзнэ. Тэгээд үйлчлүүлэгчдээ амтлуулж, тэдний ямар нүүрний хувирал, илэрхийлэмж гаргаж байгааг нарийн сайн ажиглах шаардлагатай болохоор энэ бүх үйл явцыг хурдлуулах аль эсвэл яарах хэрэггүй.
Цаг хэмнэх гэхээс илүү тухайн өгөгдсөн хугацааг хэр үр дүнтэй ашиглах вэ гэдэг нь илүү чухал. Тэгэхээр тухайн цагт амжиж хэрхэн шинэ санаа гаргах, яаж баяжуулахдаа л төвлөрөх хэрэгтэй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өдөр тутмын ажлуудаа гар утасны цаглавартаа оруулдаг. Харин рестораны тухайд сар сараар нь төлөвлөнө. Жишээ нь, өнгөрсөн сард аль төрлийн мах хамгийн өндөр борлуулалттай байснаас хамаарч, ирэх сард аль хоолон дээр анхаарах шаардлагатайгаа төлөвлөдөг гэх үү дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хийсэн хоолыг маань амтархан идээд талархсан сэтгэлээ илэрхийлж буй үйлчлүүлэгчдийн инээмсэглэлээс маш их эрч хүч авдаг.
Өмнө нь Солонгост байхдаа ажлын бус цагаар амттай хоол идэнгээ дарс шимж уух дуртай байсан. Тогооч болохоор амттай хоолноос татгалзана гэж үгүй. Үүний зэрэгцээ мотоцикл унаж стрессээ тайлдаг байсан. Монголд ирээд нэг их удаагүй байгаа болохоор сэргэлт авах, сонирхож хийх зүйлсээ хараахан олоогүй байна.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Мэдээж монгол хэл сурах. Өнгөрсөн сарыг хүртэл эрчимтэй суралцаж байсан ч энэ сараас цаг зав бага болоод сайн бэлдэж чадахгүй байгаа. Надад хамгийн хэцүү санагдаж байгаа нь дуудлага. Ялангуяа газруудын хаягжилт дээрх “Р” үсгийг англи хэлний “Р” үсэгтэй андуурч унших, Р, Л үсгийн дуудлагыг тод хэлж чадахгүй байх зэрэг бэрхшээл гардаг.
Бусдаар бол өдрийн ихэнх цаг маань гал тогоонд өнгөрдөг болохоор өөр зүйлд анхаарал хандуулах боломж төдийлөн гардаггүй. Монголд ирэхээс өмнө төгөлдөр хуур, гитараар хичээллэдэг байсан ч энд ирээд эдгээр хоббиндоо зарцуулах цаг хомс болоод байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл тогооч байх амархан биш. Зав багатай, заримдаа найзуудтайгаа ч уулзах боломж гардаггүй. Манай салбарынхан бүгд л үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ үүнээс илүү сэтгэлээ зориулж хийсэн хоолыг маань үйлчлүүлэгч амтархан идээд эерэг сэтгэгдэл хэлэхэд л хэцүү санагдсан бүхэн үгүй болдог.
Энэ ташрамд манай рестораны амин сүнс болсон солонгос Хану үхрийн махны онцлогийг товчхон танилцуулъя. Бид мах бэлдэх үйл явцдаа япон арга, техникийг шингээдгээрээ онцлог. Япончууд үхрийн мах бэлтгэхдээ өөх, махны хувийг нь хэр тааруулсанаас шалтгаалж, 1-9 дүгээр зэрэгт ангилдаг. Манай Хану үхрийн махны хувьд 1++ зэрэг бөгөөд гантиглал буюу алаглал маш сайн төрлийн махад тооцогддог юм.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Манайх дээд зэрэглэлийн ресторан гэдэг утгаараа олон төрлийн хүлээн авалт, арга хэмжээнд оролцдог. Энэ зун рестораныхаа үйл ажиллагааг илүү олон хүнд таниулах зорилгоор “Playtime 2024” хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөж байна. Тэгэхээр миний ярилцлагыг уншиж байгаа та бүхэн энэ зун уг хөгжмийн наадмыг зорих гэж байгаа бол манай ресторанаар зочилж, Хану үхрийн махыг амтлах боломжтой шүү.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өмнө нь хэлсэнчлэн мэргэжлийн ахлах тогоочдын хичээлийг цахимаар үзэж өөрийгөө хөгжүүлдэг. Мөн Food Science сэтгүүлийг уншиж, хоолыг шинжлэх ухаан талаас нь судлах дуртай.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Аль алин дээр нь “Les Miserables” хэмээх бүтээлийг санал болгомоор байна. Номыг нь уншаад, киног нь ч үзээд нэлээн уйлж байсан шүү. Гэр бүл, найз нөхөд, тусгаар тогтнол гээд олон төрлийн сэдвийг нэг дор багтааж чадсан бүтээл шиг санаддаг юм. Кино нь мюзикл болохоор дуунууд нь гоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Өдийг хүртэл ойлгож авсан нэг зүйл бий. Бидэнд байнга асуудал, бэрхшээл тулгардаг. Гэхдээ даваад л гардаг. Гагцхүү дараа нь эргээд харахад тухайн мөчдөө давж чадахгүй юм шиг санагдсан ч дахин нэг шинэ зүйл сураад ард нь гарсан байдаг юм билээ. Шантармаар санагдсан үедээ үүнийг би байнга санадаг юм.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Зөвлөгөө өгөх хэмжээний хүн биш ч гэлээ үеийн залуустаа чинхүү хүсэж, зорьсон зүйлээ олоорой гэж хэлмээр байна. Монголд ирээд анзаарсан нэг зүйл нь залуус маань материаллаг зүйлсэд хэт их анхаарал хандуулж байгаа юм шиг санагдсан. Хэлэх гээд байгаа санаа нь мөнгөөр хялбархан шийдэгдэх бус таныг аз жаргалтай болгох тэр л зүйлд өөрт буй цаг хугацаагаа зарцуулаасай гэж хүсэж байна.


Сэтгэгдэл бичих

