Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд 13 жилийн турш анхдагч олон ажлуудыг санаачилж, сүүлийн гурван жил дотоодын хөрөнгийн зах зээлээс 600 гаруй тэрбум төгрөгийн IPO, бондын санхүүжилтийг босгосон, шилдэг үнэт цаасны компани Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ бидний өнөөдрийн зочин.      

Тэрбээр Монгол Улсын Засгийн Газар анх удаа дэлхийн зах зээл дээр бонд гаргахад ажиллаж байсан туршлагатай бөгөөд Люксембургийн Их сургуульд Хөрөнгийн менежмент (Wealth Management)-ийн магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө гурав дахь жилдээ Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын алба хашиж буй түүний ажил арга барилтай ойроос танилцъя.    

Эрхэлдэг ажил: Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo Thinkpad X1
Сошиал хуудас: (Facebook, LinkedIn,)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Оюутан ахуй цагаасаа л банкир болохыг хүсдэг байлаа. МУИС-ийн эдийн засгийн онолын ангид сурдаг байсан ч оюутны бие даалт, судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурлууд болон дипломын сэдэв зэрэгтээ дандаа л банктай холбоотой сэдвийг сонгож сонирхож судална. Намайг их сургуулиа төгссөн 2009 онд эдийн засгийн хямрал таарч, банкны салбарт хүссэн чиглэлээрээ ажиллах боломж тохиогоогүй. Харин тэр үед Мобиком корпорацийн ажлын зарыг харж, маркетингийн албанд төлөвлөлт, судалгааны чиглэлээр ажлын гараагаа эхэлсэн.

Харилцаа холбооны салбар гэдэг өгөгдөлтэй хамгийн ойр газар. Мобикомд ажиллаж байхдаа тоо, санхүүгийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөөн, өсөлт хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол, Японы чадварлаг хамт олон, удирдлагуудаас олон зүйлийг сурсан. Хоёр жил гаруйн дараа олон улсын удирдлагатай хөгжлийн санхүүгийн байгууллага буюу Хөгжлийн банк нээгдэж байгааг дууллаа. Сонгон шалгаруулалтын дагуу ажилдаа тэнцэж, актив пассив удирдлагын газрын хөрөнгийн удирдлагын ахлах мэргэжилтэн болов. Энэ нь олон улсын зах зээлээс эх үүсвэр төвлөрүүлэх, банкны өдөр тутмын хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг чухал ажил.

Тэр үед Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд бонд гаргахаар болсон нь дотоодын их сургууль төгссөн, харилцаа холбооны салбарт л ажилласан туршлагатай надад цоо шинэ туршлага, сорилт байсан. Тиймдээ ч Хөгжлийн банк бол одоогийн карьерийн минь өргөн үүдийг нээсэн газар юм.

Ажлын талбарт гараад долоон жилийн дараа Люксембургийн Их сургуульд (Wealth Management)-ийн хөтөлбөрөөр магистрт суралцаж, тэндээс олон улсын хөрөнгийн зах зээл, wealth management болон хувийн банкны чиглэлийн олон улсын туршлага, шинэ чиг хандлагын талаарх мэдлэг олж авсан. Цаашид магистрт суралцсан чиглэлийнхээ дагуу хөрөнгийн зэх зээлд ажиллахаар төлөвлөж, удалгүй Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг хүлээн авч, одоо энэхүү компанидаа гурав дахь жилдээ ажиллаж байна.

Голомт Капиталын хувьд салбартаа тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Манай хамт олны хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлээс 600 гаруй тэрбум төгрөгийн IPO болон бондын санхүүжилтийг олон салбарын компаниудад бүрдүүлж өгчээ. Мөн энэ хугацаанд харилцагч нарын дотоод, гадаад арилжаанд оролцох идэвх өндөр нэмэгдсэн байна.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Өглөө хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөс өдөр эхэлнэ. Ажил дээрээ ирээд өдрийн уулзалт, хурлуудаа төлөвлөнө. Залгаад олон улсын, дотоодын зах зээлийн мэдээллийг тоймлон харна. ҮЦК-ийн өдөр тутмын ажил маш өндөр ачаалалтай. Өглөө Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар эхэлсэн ажил шөнө дунд АНУ-ын биржүүдийн арилжаагаар үргэлжилсээр л байдаг.

Энэ хооронд андеррайтер хийж буй төслүүдийн ажил, бондын борлуулалт, зах зээлийн судалгаа, харилцагчийн үйлчилгээ, холбогдох гэрээ хэлцлүүд гээд маш олон ажлууд өрнөнө. Хувийнхаа зүгээс олон цагаар ажиллахыг дэмждэггүй ч ажлын онцлогоос хамаарч оройтож ажиллах нь элбэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Өдөрт хийх ёстой зүйлсийн жагсаалтаа бичээд харахаар магадгүй маш урт жагсаалт гарж ирдэг ч, хамгийн чухлаас нь эхэлж барьж авах, тэр ажилдаа гол нөөцөө хуваарилах нь миний арга барил юм болов уу. Нэг том асуудал шийдэгдэх явцад олон жижиг асуудлууд дагаад шийдэгддэг. Түүнчлэн, зарчим, үнэт зүйлс тодорхой байхад аливаа ажлыг гүйцэтгэх, шийдвэр гаргах арга барил, нөү-хау дагаад бүрддэг гэж боддог. Миний төдийгүй байгууллагын маань хамгийн чухал зарчим бол “Ёс зүйтэй байх, Итгэлтэй байх” явдал.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ? 

Ажилдаа Мicrosoft Teams Outlook болон G-suite ийг зайлшгүй хэрэглэнэ. Socialpay бол амьдралын салшгүй хэсэг. Investing.com, Bloomberg, Financial Times-аас зах зээлийн мэдээ, мэдээллээ авна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ? 

Хүн өөрөөс хамаарах цагаа төлөвлөж, зохицуулж чадна. Харин бусдаас хамаарах ажил, хурал, уулзалт зэрэгт зарцуулах цагийг хэмнэхийн тулд тухайн уулзалтын зорилго, ярилцах асуудал зэргээ урьдаас тодорхой байлгахыг эрмэлздэг.

Нөгөө талдаа цаг хэмнэх аргуудаас хамгийн чухал нь төвлөрөл. Харин байгууллагын хувьд ажлын чиг үүрэг ойлгомжтой байх, сайн засаглалын тогтолцоог бүрдүүлэх нь цаг хугацаа хэмнэх, бүтээмжтэй байх үндэс гэж боддог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Тухайн жилийн бизнесийн стратеги, хийгдэх ажлууд оны эхэнд гарч ТУЗ-өөр батлагдсан байдаг. Тэр дагуу сар улирлаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэнэ. Харин өдөр тутмын чухал ажлуудаа гар утасныхаа Note дээр чеклист үүсгэн тэмдэглэдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Хамгийн түрүүнд гэр бүл, тэдэнтэй өнгөрүүлж буй цаг хугацаа. Харин ажлын ачааллаас тархи дүүрэх үед байгальд гарахыг хүсдэг. Аавынх маань ойрхон хөдөө байдаг учраас амралтын өдрүүдээр тэдэн дээрээ зочлох дуртай.

Нөгөө талдаа ямарваа нэг ажлын үр дүн амжилттай болоход дараагийн ажлаа эхлүүлэх эрч хүч авна. Мөн ажлын хамт олон болон хамтарч ажилладаг, санхүүжүүлж байгаа төслүүдийн үр дүнгээс эрч хүч, сэтгэл ханамж мэдэрдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ? 

Найз нөхөдтэйгээ хамт сайн дурын ажлуудад хувь нэмрээ оруулахыг хичээдэг Жишээлбэл, Люксембургт төгсөгчдийн холбооноос санаачлан, анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сүүлийн хоёр жил дараалан тэтгэлэг олгож байна.

Ажлын хажуугаар хийх дуртай ажил гэхээс илүү хийх дуртай зүйлс маань дугуй унах, сагс, ширээний теннис тоглох.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?     

Голомт Капиталын санхүүжүүлж буй төслүүд Монгол улсын эдийн засагт бодитой үр дүн үзүүлж байгааг харахад сэтгэл дүүрдэг. Нөгөө талдаа харилцагч нараасаа маш их суралцана. Бизнесийн олон салбарын хүмүүс, компаниуд хөгжлийнхөө өөр өөр шатанд явж байдаг. Тэр дундаас хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахааргүй, сайн үр дүн гаргах төслийг тодорхойлж, шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх нь өөрөө маш их зүйлийг суралцах боломжийг олгодог.

Хөрөнгө оруулж байгаа, санхүүжилт авч байгаа хоёр талтай харилцан ажиллаж, хөрөнгө оруулагчдын хувьд ямар чиглэлд хөрөнгө оруулах уу, зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна, өгөөж эрсдэл хаана байгааг судалж шинжлэх нь манай салбарын онцлог. Нөгөө талдаа биднээс хамааралгүй дэлхийн хямрал, зах зээлийн савлагаа нь бэрхшээл дагуулах нь бий.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?  

Энэ жилийн санхүүжүүлэх төслүүд болон шинээр гаргах бүтээгдэхүүнүүддээ төвлөрч байна. Үүнээс онцолбол бид уул уурхайн брокерийн үйлчилгээний зөвшөөрлийг 2023 онд авсан. Одоо хоёрдугаар улирлаас үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлэх гээд бэлтгэлээ хангаад явж байна.

Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа гадаад арилжаа руу хандсан олон ажлууд хийж ирсэн. Өнгөрсөн жил бид 100 сая төгрөгийн шагналын сантай “Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдааныг зарлаж, оролцогчдыг дотоодын болон олон улсын чиглүүлэгч багш нараар менторлуулж, амжилттай зохион байгуулсан билээ. Хөрөнгийн зах зээлийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх GCC академийн сургагч багш нар, ажилтнууд маань давхардсан тоогоор найман мянга гаруй хүнд сургалт заасан байна. Цаашид ирээдүй болсон оюутан залуусын төлөө хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын ажлуудынхаа цар хүрээг тэлэх бодолтой байгаа.

Мөн Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудын адилаар хагас жил тутам гаргадаг зах зээлийн тойм (Bluebook) товхимлоор зах зээлийн ерөнхий тойм, салбарын онцлох мэдээнүүд хүргэх гэх мэтчлэн олон нийтэд хандсан ажлуудаа хийсээр байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Хөрөнгийн зах зээл маш их хөгжих боломжтой салбар. Өглөө бүр зах зээлийн шинэчлэгдсэн мэдээллийг авч танилцана. Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой олон түнш, харилцагч нартай харилцдаг тул өдөр тутамдаа өөрийгөө хөгжүүлдэг онцлогтой.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО? 

Ер нь кино, номын тухайд яг юуг хэлэх гэсэн гол санааг нь ойлгохыг хүсдэг. Тогтож бүтнээр нь үзэлгүйгээр хураангуй тойм, подкаст, нийтлэлүүд уншдаг. Сүүлд уншсан “The Ten Day MBA” болон Э.Амарбаясгалан захирлын орчуулсан “Ухаалаг хөрөнгө оруулагч” номыг санал болгоё. Хөрөнгө оруулалтын гол зарчмуудыг тусгасан нь энэ салбарыг сонирхож буй хүмүүст тун өгөөжтэй санагдсан.

Кино гэвэл мэдээж хэрэг хүнд урам зориг өгсөн бас гэгээлэг олон кинонууд байдаг ч саяхан үзсэн “No more bets”-ийг олон хүн үзээсэй гэж хүсмээр байна. Цахим луйвар, бооцоо зэрэг одоогийн нийгэмд тулгараад буй асуудлыг хөндсөн үзүүштэй, сургамжтай бүтээл байна лээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Арваад жилийн өмнө захирал маань “Ажил гэдэг бол тоосго зөөхтэй адил” гэж билээ. Удирдлага чинь нэг тоосго өгөөд дааж байвал хоёр, гурав гээд нэмнэ. Энэ нь тийм ч муу зүйл биш. Дааж чаддаг хүнд ачааны хүндийг үүрүүлдэг. Тэр нь эргээд чамайг хүчтэй, чадварлаг нэгэн болгож бас дараагийн боломжийг нээдэг гэдгийг энгийнээр ойлгуулсан нь тэр байж. Хүн бүр мэдэх энгийн философи боловч тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй зарчим юм болов уу.

14. БУСДАД ШИДЭХ САНАА? 

Олон хүмүүс хөрөнгө оруулалтыг төсөөлөхдөө арилжаа, ашиг орлого, эрсдэл, санхүүгийн салбарын хүмүүс л мэддэг гэж томоор төсөөлдөг. Угтаа энэ нь зах зээлийн тухай мэдээлэлтэй, ойлголттой байх энгийн л алхам. Ямар нэгэн компанийн хувьцаа авлаа гэхэд тэр компанийн тухай мэдэж, судалж, анхаарч эхэлнэ. Жишээ нь, манайд бага хэмжээний багцтай, тэтгэврийн насны харилцагч ах эгч нар олон бий. Тэр хүмүүс ашиг олохоос илүү зах зээлийн мэдээлэлтэй ойр байж, цаг үетэйгээ хөл зэрэгцэн алхах зорилготой.

Хөрөнгийн зах зээлд орохын тулд хамгийн эхлээд хуримтлал буюу бондоос эхлээрэй гэж зөвлөе. Үнэт цаасны компаниудын санал болгож байгаа хамгийн бага эрсдэлтэй гэж санагдсан бонддоо хөрөнгө оруулж, тогтмол хуримтлалаар компанийн бондуудыг худалдаж авах хэрэгтэй. Бонд нь нэг талаар хадгаламжтай төстэй, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн. Барилга, уул уурхай, финтек зэрэг ямар ч салбарт хөрөнгө оруулж болно.