Ээлжит ярилцлагын зочноор 140 жилийн түүхт, тансаг зэрэглэлийн бугуйн цагны брэнд болох Breitling компанийн Гүйцэтгэх захирал Жорж Кернийг (Georges Kern) урилаа. Бид түүнтэй өнгөрсөн зургаадугаар сарын 9-ний өдөр тохиосон уг брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрийн нээлтийн үеэр ярилцсан юм.

Тэрээр 2017 оноос эхлэн Breitling компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй бөгөөд түүний удирдлагын эхний таван жилд л Breitling-ийн орлого хоёр дахин өсөж, дэлхийн топ 10 тансаг бугуйн цагны брэндийн нэг болжээ.

Сонирхуулахад, өдгөө Breitling брэнд нь дэлхий даяар индустри-лофт хэв маягийг шингээсэн 290 гаруй салбар дэлгүүртэй, цаг бүр нь COSC сертификаттай, өндөр нарийвчлал бүхий механизмтай ба өөрийн үйлдвэрт калибр бүтээдэг цөөн тооны хараат бус үйлдвэрлэгчдийн нэг болоод буй.

Байршил: Сэнтрал Тауэр, 1-р давхар, Breitling брэндийн албан ёсны дэлгүүр

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би Франц-Герман гаралтай хүн. Мэргэжлийн хувьд Францад улс төр судлал, Швейцарт бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгссөн. Ажлын гараагаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний зах зээлээс эхэлж, Kraft Foods группт брэнд менежерээр ажиллаж байлаа. Хүмүүсийн сайн мэддэгчлэн уг групп Philadelphia бяслаг, Toblerone шоколадаараа алдартай.

Үүний дараа би 1992 онд TAG Heuer компанид брэнд маркетингийн менежерээр ажиллаж эхэлсэн. Тэндээ хэсэг ажиллаж байгаад 2000 онд Швейцарын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Richemont группт ажлын албаны даргаас удирдах зөвлөлийн гишүүн хүртэл дэвшин ажиллаж байв. Тус группийг та бүхэн Cartier, Van Cleef & Arpels зэрэг брэндээр нь сайн мэдэх биз ээ.

Ингээд 2002 онд Richemont группийн худалдан авсан IWC буюу International Watch Company-ийн хамгийн залуу гүйцэтгэх захирлаар ердөө 36 насандаа томилогдож байлаа. Би энэ албан тушаалдаа 15 орчим жил ажилласан төдийгүй IWC-аас гадна Lachance Constantin, Jaeger-LeCoultre, Panerai зэрэг Richemont группийн бугуйн цагны брэндүүдийг нийтээр нь хариуцаж ажиллах хүртлээ дэвшсэн.

Харин 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Breitling компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тухайн үед би корпрэйт түвшинд ажиллахаас илүү жинхэнэ талбарын тоглогч байхыг илүүд үзсэн учраас энэ шийдвэрийг гаргасан гэх үү дээ. Дээрээс нь 140 жилийн түүхт Breitling брэндэд хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшиж болох нь миний хувьд том давуу тал болсон гэж хэлж болно.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Надад бизнес уулзалт хийх, арга хэмжээ зохион байгуулах, шинэ дэлгүүрийн нээлтэд очих гэх мэт гадагшаа явах шаардлага тогтмол гардаг. Удирдлага хүний хувьд тэр бүрд багийнхантайгаа биечлэн уулзаж, санал бодлоо солилцох нь их чухал байдаг юм. Одоо ч мөн адил Монголд албан ёсны дэлгүүрээ нээхээр хүрэлцэн ирээд байна.

Томилолтоос бусад үед буюу Швейцарт байхдаа өглөө ихэвчлэн 06:30 цагт босдог. Тухайн өдөрт өөрийгөө бэлдээд 08:30 цагийн үед оффис дээрээ ирж, бүхэл өдөржин хурал, уулзалттай байдаг гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй болов уу. Би бүх уулзалтаа үр ашигтай байлгахын тулд эхнээс нь сайтар төлөвлөж, бэлтгэлтэй байхыг чухалчилдаг. Тийнхүү баг тус бүртэй уулзаж ажлын явц, гарч буй асуудал, үр дүнгийн талаар ярилцаж, санаа бодлоо хуваалцдаг даа.

Нөгөөтээгүүр, ажлын өдрийн маань багагүй хугацаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайны багтай хамт өнгөрдөг. Манай ажлын амин хэсэг нь бүтээгдэхүүн учраас урьдчилан гаргасан загваруудтай сайтар танилцаж, бүтээлч багийнхантайгаа ойр ажиллах хэрэгтэй. Мөн бид зөвхөн бүтээгдэхүүнээс гадна брэнд дэлгүүрийнхээ булан тохой бүрийн загвар, санааг өөрсдөө гаргадгаараа онцлог.

3. Таны ажлын нөү-хау?

Миний зүгээс ганц хувийн үнэ цэн нэмж чадахгүй ажилд анхнаасаа оролцохгүй байх зарчимтай. Мөн би өөрийнхөө юу мэдэхгүй вэ гэдгийг маш сайн мэддэг. Тиймээс миний чадахгүй зүйлийг тултал сайн хийж чадах нэгнийг эрэн хайдаг даа. Мэдээж тэдний ажлыг ойлгодог байх нь чухал. Тэгж байж л зааварчилгаа өгч, чиглүүлж ажиллана шүү дээ.

Би цаг бүтээгч, инженер, техникч биш ч гэлээ том зургаар нь харж чаддаг. Хэрэв инженер маань ямар нэг санаа танилцуулбал арилжааны хувьд боломжтой юу, борлуулагдах уу гэдгийг тооцоолж, тухайн брэндийн стратеги, алсын харааг бий болгох, баг хамт олноо манлайлан удирдаж ажилладаг.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өөрийгөө сошиал орчинд харьцангуй идэвхтэй гэж боддог. Instagram, LinkedIn-ийг голчлон ашигладаг. Компанийн хувьд өдгөө хүн бүрийн хэрэглэж байгаа хиймэл оюуны хэрэгслүүдийг тогтмол ашиглаж байна.

Надад нэг айдас байдаг нь шууд маргааш биш ч хүүхдүүдийнхээ хэрэглэж байгаа технологийг ойлгохоо болих вий гэх айдас. Тиймээс шинэ бүхнийг туршиж, ашиглаж үзэх сонирхолтой.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хэмнэх гэхээсээ илүү цаг хугацаагаа юунд зарцуулж байгаа нь чухал болов уу. Залуу байхад өдөрт олон цагаар ажиллаж, бүхий л нарийн ажлуудыг өөрөө хийдэг байлаа. Одоо бол удирдах албан тушаалтан учраас танилцуулга бэлдэхээс эхлээд ажилтнууд маань бүгдийг нь гүйцэтгэж байна.

Гэхдээ миний ажил багассан уу гэвэл үгүй. Харин ч 365 хоногийн 24 цагт ажиллаж, хаана, юу хийж байгаагаас үл хамааран үргэлж брэндийнхээ тухай бодох хэрэгтэй болж. Ямар ч үед шинэ санаа орж ирж болох тул юм бүхэнд нээлттэй хандаж, сэргэг бөгөөд соргог байх нь чухал. Миний хувьд загвар, автомашин, кино урлаг гээд амьдралын бүхий л зүйлээс урам зориг, санаа сэдэл авдаг. Мэдээж эдгээрийг бодит болгоход зоримог, шийдэмгий байдал онцгой үүрэгтэй.



6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Ганцаарчилсан уулзалтаас илүү багийн уулзалтад дуртай. Учир нь би нэг яриагаа хүн бүрд давтан ярихаас илүү нэг дор цуглуулж, ямар ч мэдээллийг менежерүүдээс биш шууд надаас мэдэх нь зөв гэж үздэг юм. Би ч өөрөө бүх мэдээлэл, шинэ санаа, үр дүнгийн талаар нэг дороос сонсчихно. Тэгээд мэдээж ямар ажил, яаж төлөвлөгдөх нь хэн бүхэнд ойлгомжтой болчихно. Давуу тал олонтой арга шүү.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Нас ахихын хэрээр “Одоо надад хэдэн зул сар үлдсэн билээ?” гэж бодох нь элбэг болж. Өмнө нь энэ талаар төдийлөн боддоггүй байж л дээ. Хэрэв дундаж эр 78 насалдаг гэж үзвэл одоо надад 15 орчим жил байгаа гэсэн үг. Ингээд бодохоор үлдсэн энэ хугацаандаа би юу хийж өнгөрүүлмээр байгаагаа маш сайн тунгаах ёстой. Бас тэдгээрийг хийх хэрэгтэй болж байгаа юм. Залуу байхад хий дэмий өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсахгүй байж болох ч нас дээр гарахаар надад байгаа цаг бүхэн үнэ цэнтэй санагддаг гэх үү дээ.

Одоогоор миний эрч хүчээ сэлбэж байгаа зүйл бол дугуйн спорт. Ижил сонирхолтой найзуудтайгаа дугуйн унах дуртай.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Кино, цувралын продюсер хийх дуртай. Гэхдээ зургийн талбай дээр ажилладаг продюсероос ялгаатай нь тухайн бүтээлд хөрөнгө оруулагч олох ажлыг хариуцдаг.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?

Сул талын тухайд энэ бол 100 хувь өөрийнхөө хүссэнээр зарцуулж чадахгүй цаг хугацаа. Гэсэн ч гүйцэтгэх захирлын ажил үүргийн нэг хэсэг шүү дээ. Зарим зүйлийг бусдад даатгаж болох ч эцэст нь би л бүхнийг хариуцах учраас асуудлуудтай нүүр тулж ажиллах хэрэгтэй болдог.

Эерэг тал гэвэл миний ажил тэр чигтээ бүтээлч байдал. Кампанит ажил зохион байгуулж, гайхалтай хүмүүстэй уулзаж, чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж болно. Түүнээс гадна, ингэж хамтдаа бүтээж, хүмүүст мэдрэмж төрүүлнэ гэдэг нь өөрөө ямар нэг зүйл болж бүтэж байгаагийн илрэл болов уу. Хэрэглэгч, үйлчлүүлэгч, дагагчдадаа хүрч чаддаг бүтээлтэй байна гэдэг нь энэ ажлыг онцгой, урамтай болгодог гэх үү дээ.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч бид даван туулах ёстой нь зайлшгүй хэрэг. Бидний хувьд ирэх онд хоёр шинэ брэнд гаргахаар ажиллаж байна. Миний зүгээс тэсэн ядан хүлээж байгаа.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь залуу хүмүүс. Тэгэхээр миний хувьд тэдний сонирхож байгаа зүйлсээс хоцрохгүй байхыг хичээдэг. Сошиал медиа, ном, сонин, сэтгүүл, кино театр гээд шинэ санаа хаанаас ч олж болно.



12. Санал болгох ном, хөгжим, кино?

Би бүх төрлийн хөгжимд дуртай. Одоогоор Chris Stapleton-ий уран бүтээлүүдийг шимтэн сонсож байгаа. Түүний дуунуудаас сонсоод үзээрэй.

Номын хувьд Наполеон Бонапарт, Уинстон Черчилль зэрэг намтарчилсан бүтээлүүд таалагддаг. Одоо Humankind: A Hopeful History номыг уншиж байгаа.

Кино гэвэл сүүлд F1-ийг үзсэн. Brad Pitt манай брэндийн нүүр царайгаар таван жил ажилласан юм. Мөн Austin Butler-ийн уран бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Эргээд бодоход би үргэлж сайн менторуудтай таарч байсан юм билээ. Тэгэхээр онцолж хэлэх ганцхан зөвлөгөө байхгүй. Надад үргэлж тусалж, дэмжиж ирсэн тэдгээр хүмүүсийг би алхам тутамдаа сайтар сонсдог байсан.

Хэдий тийм боловч бид л өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг мартаж болохгүй. Миний, таны, чиний амьдрал шүү дээ. Ер нь амьдралд тохиож болох хамгийн муу зүйл бол харамссан мэдрэмжтэй үлдэх. Гэлээ гээд тэнэг алхам хий гэсэн үг биш. Бас үүнийг зөвхөн хувийн амьдралын тухайд хэлж байгаа бус бизнес, төсөл, хамтын ажиллагаа ч үүнд хамаарна.

14. Бусдад шидэх санаа?

Өөрийн давуу болон сул талаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд сайн биш зүйлээ хэзээ ч битгий хий. Оролдож үзэх ч хэрэггүй. Оронд нь давуу талууддаа л төвлөрч, илүү тордох хэрэгтэй.

Үүний зэрэгцээ хийж байгаа зүйлдээ дуртай бөгөөд гал эрмэлзэлтэй байгаарай. Эс бөгөөс хэзээ ч битгий хий. Харамсаж үлдэхээс өөрцгүй гэдгийг санаж явах нь зөв.