Их урлагт нэгэн насаараа зүтгэж яваа эрхэм хүмүүнийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Өнгөрөгч наадмын өдрүүдийг угтан "Хөдөлмөрийн баатар" цолоор төрдөө үнэлүүлсэн түүний амьдралын 60 гаруй жил урлагийн салбартай эгнэгт холбогдсоор иржээ. Түмэн олондоо "Филармонийн Д.Ухнаа" хэмээн хүндлэгдэн, хайрлагдаж ирсэн түүний ажиллах арга барил, үзэл санаа залуу үеийнхэнд бодож эргэцүүлэх олон санаа өгнө гэдэгт үл эргэлзнэм.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: СТӨ-ний зөвлөх, Эртний сайхан чуулгын уран сайхны удирдагч, Олон улсын дуучдын уралдааны шүүгч, "Хөгжим хязгааргүй" олон улсын концертийн байгууллагуудын Монгол дахь төлөөлөгч
Цол хэргэм: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Оросын Холбооны Буриад Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит шагналт, "Алтан микрофон" 2003 оны шагналт
Хэрэглэдэг гар утас: Samsung

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
За би яриагаа ааваасаа эхэлмээр байна. Дэлхийн II дайны хар сүүдэр улс үндэстэн бүрийг нөмөрсөн цаг үе. Эцэг минь нэгэнтээ дайнд явж ирээд, гэр бүл зохиож, би төрөөд удаагүй байлаа. Би Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт сумын Холбоо хэмээх газар 1941 онд төрсөн. Бага нас ерөөс малын бэлчээр, морины дэлэн дээр өнгөрсөн юм. Балчир намайг дөнгөж ухаан орж эхлэхтэй зэрэгцэн хүйтэн дайны сураг хором хормоор ойртож ирснээр аавыг минь эх орон дуудаж, хоёр дахиа дайнд мордсон. Чуулалт хаалга, Жанчхүүгийн даваанд өрнөсөн ширүүн дайнаас таван баатар төрсний нэг нь миний аав Д.Данзанваанчиг. Улсын баатрын хүү Д.Ухнаа билээ. Таван удаа шархдаж, хэцүү цаг үеийг туулахдаа балчир үр намайг болон ижийг минь бодсоор мэнд ирсэн нь л бидний хувьд түүнийг хангалттай баатар болгож байлаа. Одоо бодоход элэг бүтэн өсөхийн жаргал эдлэх л хувьтай байж дээ, би.
Дайны дараа аав олсон шархаа байнга эмчлүүлэх шаардлагатай байснаас гадна улсаас хэдэнтээ хүссэн учир бид гэр бүлээрээ 1947 онд хотод нүүж ирсэн. Тэмээн тэргэн дээр 10 гаруй хоног явж байж зорьсон газартаа ирсэн тэр их аялал амьдралын минь анхны урт аялал байв. Түүнээс хойш их урлагийн буянаар гаднын улсуудын 50 орчим хотоор аялаж, ажилласан байна билээ. Удалгүй улсаас бидэнд Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар цэнхэр байшинд хоёр өрөө байр өгч, би ч ойролцоох Сэлбийн гүүрний хажуугийн IV бага сургуульд орлоо. Ороод л ангийн дарга, жаахан томроод Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж явлаа. Одоо бодох нь би гэдэг хүн өнөө 81 наслахдаа эхний 7-8 жилийг эс тооцвол сүүлийн 70 гаруй жилд нь ямар нэг байдлаар дарга ухаантай явсан хүн байна лээ шүү.
Хотод гэхдээ удаагүй. Тушаал хаана гарна тэнд цэргийн хүн очдог нь ном. 1957 онд эргээд нутагтаа очлоо. Дорноговь аймгийн нэгдүгээр арван жилд шилжин суралцсан. Анги даасан багш Долгоржавынхаа хайртай шавь боллоо. Гэм нь урлаг уран сайханд идэвхтэй ч тоонд тун явахгүй. Математикийн багш Данзанням маань ч намайг ер зүгээр байлгана гэж үгүй. Тамлаж өгнө шүү дээ. Ямарсайндаа тоон дээр авсан муу дүнгийн улмаас арваа ч төгсөхөд бэрхтэй болоод байсан надад анги даасан багшийн гуйлгаар арай гэж "эх орны алтан гурав" тавихтай зэрэгцээд "Эдийн засгийн дээд сургууль"-д хуваарилж байхав дээ. Ингээд Улаанбаатар орох галт тэргэнд суухынхаа өмнө Данзанням багштайгаа таараад шартай нь аргагүй "Багшаа, би таны тоогүйгээр амьдарна аа" гэж хэлээд явж байлаа (инээв). Ёстой л тэгэж амьдраад, өдий зэрэгт хүрчихлээ дээ.
Ирээд нөгөө сургуульруу нь зүглээ ч үгүй. Шууд УДБЭТ-руу явсан. Хашаагаар нь байнга эргэлдээд байсан намайг хараад нэг хүн ирсэн нь Д.Лувсаншарав багш маань байлаа. Театрлуу дагуулаад орох мөчид эгээ нисэж байгаа аятай. Ёстой тээр тэндээс хардаг байсан гавьяатууд тэр чигээрээ гоё үнэр үнэртүүлээд л зөрөөд байна. Ингээд нэг өрөөнд оруулаад "Алив, дуул" гэхээр нь Мандах нарыг дуулж орхилоо. "Хөөрхөн дуулж байна, маргааш есөн цагт ирээрэй" гэх нь тэр. Би одоогоороо ч тэндээс яаж гарснаа санадаггүй. Нэг мэдэхэд талбай дээр явж байсан. Ингэж би театрын босгыг анх давж байлаа. Бас болоогүй, нэг ханьтай. Ард олноо Хатанбаатар Магсаржавын дүрээрээ танигдсан Л.Эрдэнэбулган. За бид хоёр гэдэг нусан буу хагас жил хэртэй театрын хамаг хар бор ажлыг хийлээ дээ. Хариугүй шантардгийн толгой дээр л жинхэлсэн санагдана. Яах вэ, одоо л ингэж ярьж байгаагаас биш шантрахгүй л дээ (инээв). Урлагтаа зүүгдсээр л байх байсан нь гарцаагүй. Тэр их хүсэл эрмэлзлийн дүнд томчууд "Театр дөрвөн сайхан залуутай боллоо. Архангайгаас Самбуу, Баян-Өлгийгөөс Хавлааш, Дорноговиос Ухнаа, Булганаас Эрдэнэбулган. Энэ хэдийгээ нэг хүн болгоод авчих юмсан" гээд ярьж байхыг нууцаар сонссон үеэ мартдаггүй. Залуу уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан урам чинь тэр шүү дээ.
Ингэж явсаар 1964-1967 онд Улсын Хөгжимт Драматик театрт дагалдаг дуучнаар ажиллаж цаашлаад 1967-1972 онд Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд сурахаар А.Хавлааштайгаа таван жил 315 тоот өрөөнд хамт амьдарч, сурч хөгжин, мэргэжлийн дуучин болж байлаа. Ирээд Монгол улсад анхны Филармони байгуулагдах сургаар хүсэлтээ тавиад тийш очин ажилласан. Соёл-Эрдэнэ хамтлаг, "Баянмонгол" чуулга, Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, "Эртний сайхан" чуулга, Харанга хамтлаг бол миний карьерийн салшгүй хэсгүүд. Тэр дундаас бид Дуурийн теартаа хамгаас хайртай. Намайг урлагтай золгуулж, хүн болгон төлөвшүүлж, басхүү гэр бүлтэй болгосон хамгийн буянтай газар даа. 1980-1982 онд гэр бүлийн хүн ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газарт ажиллах болсон тул Москвад гэр бүлээрээ амьдарсан. Тэр хугацаанд хариугүй гэрийн өвгөн болохоо шахсан шүү. Тэгээд л тэр цагаа ашиглаад Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн Эстрадын найруулагч, задгай талбай, цэнгэлдэх хүрээлэн, шоу тоглолтын найруулагчаар сурч төгссөн. Өнөө ч Монголд ганц нь гэж ам бардам хэлэхээр байна. Сонирхуулахад манай дээд дамжаанд Алла Пугачёва хамт сурч байлаа шүү дээ.
Эх орондоо ирсний дараахан 1983 оны аравдугаар сар юмуу даа дагалдан дуучин, дуу ангийн дарга, туслах найруулагч мэтхэн хийж байсан намайг шууд Филармонийн даргаар томилдог юм даа. Би бүр балмагдчихсан, хүмүүсийг хартал алга ташаад дуртай байна шүү. "Хэлэх үг байна уу?" гэхэд нь тулгамдсан хүн чинь "байхгүй" л гэлээ. Гэтэл хажуунаас Баатарцогт сайд "Чи ядаж мэрийнэ ээ" гээч гэхээр нь арай ядан "Том үүрэг хүлээлгэлээ. Чадахаараа мэрийх болно" гэсэн. Филармонидоо 18 жил зургаан сар ажилласан. Энэ хугацаандаа 5195 тоглолт хөтлөн, тавьсан байдаг.
2001 онд тэтгэвэрт гараад "Монголын Урлагийн Ажилтны Холбоо"-нд таван жил гүйцэтгэх захирлаар ажиллаад үргэлжлүүлэн хувиараа "Монголын концертын төв" гээд ТББ байгуулан ажилласан. Одоо зээ охин Ц.Намуундаа залгуулж өгсөн байгаа. За даа, амьдралдаа зүгээр сууж байсан үе үгүй дээ. Үргэлж л юм санаачилж зохион байгуулдаг байлаа. Ардчилсан хувьсгалын үеэр хүн бүр тайзаа орхиж байхад ард түмнээ урлагаар дутаахгүй басхүү Филармонио үргэлжлүүлэн амьдруулах гэсэндээ 11 жилийн турш "Бяцхан эстрадын дуулаачдын тэмцээн"-ийг зохион байгуулж байлаа. Харин одоо СТӨ-ний зөвлөхөөр ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Залуу насны идтэй хавтай үеийнхээ хамаг хүчийг өгсөн Улсын Филармонид ажиллаж байх үедээ хамгийн эрт ирж, хамгийн орой явдаг нь байлаа. Социализмын үед бол ажил 10 цагт эхэлнэ. Шөнө 11, 12 хүртэл ажилласан хүмүүсийг бусад газрууд шиг өглөө найман цагт дуудаад байж болохгүй шүү дээ. Одоо бол цагтаа л, бэлтгэлээ бүрэн хангаад гозойж байвал бусад цагт яах нь хамаагүй болсон. Нэг бодлын амар сайхан.
Өнөөдрийн байдлаар бол тэр үеийн бүтээмжийнхээ хаана нь ч хүрэхгүй л байдалтай. Гэсэн ч хөгшин гэж хойш суулгүйгээр тоглолт таслахгүй, өөрөөс хамаарсан ажлыг уяж хүлээлгэхгүй байхад их анхаардаг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Энэ олон жил тайзан дээр амьдарч, хэдэн зуу, хэдэн мянган хүнийг ахлан ажиллахдаа ер нь хүн загнаж, зандарч үзээгүй юм даг. Дарга нэрэндээ хэт эрдээд бүр нэг дээр гарчихсан улс хааяа нэг харагддаг л юм. Д.Ухнаагийн хувьд бол ажлыг даргалж биш манлайлж л хийх учиртай гэж боддог. Тиймдээ ч би өөрийгөө дарга биш манлайлагч гэж ярьдаг юм. Яг л энэ зарчмаараа ажиллаж ирсэн. Хүнтэй зарчим л ярьдаг, дотор нь ордог, ойлгодог, учирладаг, эргээд үүрэг хариуцлагыг нь ойлгуулна. Хүнээс нэхдэг зарчмаа өөрөө яс баримталдаг. Цагаа яг барина, цэвэр хувцаслана, санаачилга гаргана, урвайж суухгүй, бэлтгэл таслахгүй, шалтаг тоочихгүй, урагш давшина. Хүү Хаа! Энэ л миний ажиллаж ирсэн гол арга барил.
Бас би хүнд худлаа хэлж, хий хөөргөх дургүй. Урлагийн салбарт амжилттай явъя гэвэл ганц авьяасаас гадна бие галбир, царай зүс, зан чанараас эхлээд олон юм хэрэгтэй. Иймд багшилж байхдаа хоолой байвч урлагийн ертөнцөд удаан оршин тогтнож чадахгүй хүүхдүүдэд үнэнийг нь хэлээд л явуулдаг. Эцэг эхийнх нь урмыг бодоод явуулаад байдаггүй. Эсрэгээрээ авьяастай ч гэлээ бас олны дунд биеэ зөв авч явах чадваргүй, төлөвшиж амжаагүй, өөрийн бодолгүй хүмүүс мэр сэр таарна аа. Тэр үед өөрийн зүгээс чадах бүхнээ хийж үзээд боломгүй бол орхихгүй бол бас удаан зууралдаад байх нь үр дүнгүй, урам ч үгүй байдаг юм билээ.
Гэхдээ хүний орчлонд олон төрлийн л хүн байх юм. Авьяас багатай ч урлагт чин сэтгэлтэй, орхихгүй наалдаад явдаг хүмүүс байна. Тэднийг бол хайрлаад, хүлээн зөвшөөрөөд, ар амьдралд нь санаа тавиад явахаас аргагүй. Сонголт нь юм хойно. Тэгэхгүй бол бүр гэр бүлийн хүн нь цамнаж орж ирээд, олон хүний нүдэн дээр зодох нь холгүй тайзнаас буулгаад аваад явж байсан хүмүүсийг ч харж байлаа. Нэр алдар нь гавихгүй хэр нь мөнгө олохгүй, гэртээ харагдахгүй завгүй хэр нь амьдрал нь сайжрахгүй байхаар арга ч үгүй л дээ. Хүний хүсэл сонирхол гэж яаж ч болохгүй ярвигтай эд байх ч юмаа даа.
Тиймээс л "хэрээ мэд, хязгаараа мэдэр" гэдэг зарчимтай. Хүүхдүүдэд одоо ч тэгэж л хэлдэг. Урлагт орох гээд байгаа бол эхлээд өөрийгөө мэдэр, хэр хэмжээгээ тань, нөхцөл байдлаа бодитоор үнэл гэх байна. Би ч өөрөө тийм л зарчмаар ажиллаж амьдарсан шүү дээ. Уг нь сургуулийг нь төгссөн мэргэжлийн дуучин хүн. Карьераа ч дуучнаас эхлүүлсэн. Гэхдээ явцдаа өөрийгөө давгүй дуулчихдаг ч бусдаас ялгараад байхаар гоц дуулдаггүйгээ мэдрээд илүү гоцгойрч, илүүрхэж чадах чиглэлдээ мэргэшсэн. Тэр нь ч оносон.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Тэмдэглэлийн дэвтэр. Бүгдийг нарийн төлөвлөж, тэмдэглэл хөтөлдөг. Уулзсан хүн бүрийн нэрийг, хаана хэзээ уулзсан сар өдөртэй нь тэмдэглэж авдаг. Дэвтэр байхгүй үед жижиг цаасан дээр бичээд л түүнийгээ хадгалаад явна. Чи гэхэд миний 1983 оноос хойш ажил төрлийн хувиар уулзсан 18,594 дэх хүн болсон байх жишээтэй (тэмдэглэлээ харан).
8000 гаруй хүний нэр, утас бүхий утасны дэвтэр 50 орчим бий. Мөн ажлын чиглэл, төрөл зүйлээр ангилан ялгасан хэд хэдэн дэвтэр байгаа. Тэмдэглэлээсээ сонирхуулбал, 1962-2018 оны хооронд 58 жилийн хугацаанд төрийн болон баяр ёслол, хүндэтгэлийн, хурим найр, шоу тоглолтыг 5125 удаа хөтлөн тоглуулсан байна. Энэ нь Монголд хамгийн олон удаа тоглолт хөтөлсөн тоо болно. 1974-2018 оны хооронд 333 концерт найруулан тоглуулж, 207 удаа уралдаан, шоу санаачлан зохион байгуулж, 148 удаагийн тэмцээн уралдаанд шүүгчээр ажиллаж, ахмад эстрадын дуучдын тоглолтыг 512 удаа удирдан зохион байгуулсан байна. Түүнчлэн 1983-2001 онд 72 орны 480 гаднын уран бүтээлчдийг угтан авч, тэдний дуу хөгжмийг ард түмэндээ сонирхуулсан байна. Гэх жишээтэй. Аливаа зүйлд баримт, цэгцтэй цэвэр мэдээлэл л хэрэгтэй байдаг юм даа, хүүхдүүд минь. Түүнээс амаар бол хэн ч ярина.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Урлагийн хүний бие засах нь хүртэл цагтай. Учир нь тоглолт гэдэг цэвэр багийн ажиллагаа болохоор. Сайн төлөвлөөд, бусдыг хүндэл. Тэр төлөвлөгөөнд бие хаа, эрүүл мэнд, будаг шунх, өглөө босох, орой унтах, бие засах хүртэл бүх зүйл багтана. Ерөөс бусдын цагт өөрийнх шигээ хайртай бай. Энэ л байна.
Залуу дуучин байхад Лууяа багшдаа (Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав) алгадуулчихгүй юмсан гэж Л.Эрдэнэбулган (МУУГЗ) бид хоёр их л айдаг байсан юм. Яав гэхээр нэг нөхөр тоглолтонд ирэлгүй алга болчхоод 30 минутын дараа ирдэг юм байна. Тэгтэл Лууяа багш очсоноо ганц үг хэлэлгүй алгадаад авбаа. Айхтар том биетэй хүнийг солгой гараараа алгадахад нь арын шүүгээ нь нурсан юмдаг. Бодоод байхад тийм хүний шавь байж яаж хайнга өсөх вэ дээ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Бичнэ дээ. Сайн бичнэ. Бичиж байхад толгой дахь бодол дагаад цэгцэрч байдаг юм.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хөдөөний хүн болсон хойно морь, бөхөндөө хэзээд дуртай. Ер нь хүний өссөн төрсөн ахуй гэдэг насан туршийнх нь мэдрэмжийн суурь болдог бололтой юмаа. Тиймдээ ч нутаг уснаасаа их эрч хүч авдаг. Ардын жүжигчин цолоо авбуу, үгүй юу л нутгаадаа гүйж билээ. Шөнөжин давхиж, үүрээр очоод Бат-Өлзийт хайрхандаа гарч төрсөн нутагтаа, аав ээждаа талархсан. Аавынхаа хөшөөнд бас өсгөж өндийлгөсөн гэрийнхээ бууринд залбирна. Хөдөлмөрийн баатрын тэмдгээ аваад ч нутагтаа л очно доо. Бас урлагийн л хүн юм хойно наадмын нээлт гэх мэт стадионы хэмжээтэй том арга хэмжээнд их сэргэдэг.
Мөн зээ Ц.Намуунаа бол миний амин эрдэнэ. Уншигчид Kiwi хамтлагийн Намуун гэдгээр нь мэднэ. Хар нялхаас нь хамт байсан, урлагийн ажлыг минь үргэлжлүүлж яваа түүнээсээ хамгийн их эрч хүч авдаг. Одоо ерөөс энэ охиныхоо төлөө л амьдарч явна. Их урлагт хийж чадах бүхнээ хийсэн, авах зүйлсээ ч хангалттай авлаа, төрдөө ч үнэлүүллээ. Өөрийгөө бодоход хоргодох юм ер үгүй. Гагцхүү энэ охинтойгоо л илүү удаан байж, тайзан дээр байхыг нь бахархан харж, номер нэг фен нь явахыг хүсдэг. Миний охин хөөрхөн биз?
(Тэрбээр өрөөндөө зураг авхуулах үедээ хойно нь буй зээ Ц.Намуунаагийн зургийг өөртэй нь хамт оруулахыг хүссэн билээ.)



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
За даа, дурлаж хийдэг юм нь л урлаг даа. Ажлын хажуугаар дурлаж хийдэг зүйлс бүгд л урлагийнх. 2016 оноос хойш санаачлан зохион байгуулсан "Үл тасрах аялгуу" үүний нэг жишээ. Энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулсан учир гэвэл ямар нэг бие даасан зүйлд ялгарал ондоошил гэж нэг юм байдаг. Урлаг бол үүний тод илэрхийлэл. Бүгд л хөгжилтэй орныг дагаад тэдний онцлогийг хуулаад явчихвал тэр улсад урлаг соёл байгаад ер нь яах юм. Энэ нь удаандаа ч тийм явууртай арга биш. Өөрсдийн ялгарал онцлогийг авч үлдээд, хөгжингүй орны тэр уран бүтээлийг гаргаж ирж, хит болгож байгаа энтертайнмент аргыг л хуулбал урт хугацаандаа үр дүнтэй, жинхэнэ хөрөнгө оруулалт биш үү.
Гэтэл одоо солонгос дуу од болж байна гээд аяыг нь хуулаад үгийг нь солиод дуу гаргаад байх юм. Оюуны өмч, уран бүтээлчийн ёс зүй талаас ч их муухай. Сонсож таашаах нэг хэрэг, хуулж хулгайлах нэг хэрэг, даваад ямар ч шүүлтүүргүй шууд дагаж, ондоошлоо ойлгохоо больж, яг тийм уран бүтээл гаргахад төвлөрдөг болох нь бүр өөр хэрэг шүү. Уг нь монгол дууны онцлог хэр барагтай дэл сул үгтэй шүлэг бичдэггүй. Жинтэй, уран, утгатай үгсээрээ ялгардаг. Аялгуу нь чихэнд урсах маягтай. Даанч одоо энэ хооронд дэндүү их зай гарчихлаа л даа, харамсалтай. Тэр зайг багасгах санаатай л энэ уралдааныг хийсэн юм. Ялгарал болсон дуунуудыг мартуулахгүйн тулд, хаяулахгүйн тулд, дорд үзүүлж орхиулахгүй байхын тулд л.
Багш, эмч, төмөр замчид, офицер, тамирчин, оюутан, жолооч, авьяаслаг гэр бүл гээд нэлээд олон салбараар ялгаж хийсэн. Цаашлаад алдарт эхчүүдийн дунд "Үртэй хүн жаргалтай", энд ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн дунд "Монголын сайхан дуу" гэх мэтээр зохион байгуулах санаатай. Ухаандаа тухайн тэмцээнд бэлдэж байгаа том хүнээ дагаад гэр бүлийнхэн, хүүхдүүд нь бас тэр дуугаар дамжуулан ялгарал болсон урлагтайгаа бага боловч танилцаасай, эдгээр сайхан дуунууд дуулагдаж үлдээсэй гэж бодсон хэрэг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Шавь нарынхаа сайн яваагаар бахархах их сайхан. Хүний өмнөөс чин сэтгэлээсээ баярлах шиг сайхан юм гэж юу байх вэ. Тэр дундаа гаднын уралдаанд эх орныхоо дуу хөгжмийг сурталчилж, сайн дуучинтай пээдэлзэж явах шиг гоё мэдрэмж байхгүй. Анх "Монголоос ирлээ" гэхэд "Эд нар юу чаддаг юм" гэсэн шиг чамлаад л, үл тоогоод л хүлээж авдаг юм. Тэгээд л "Монголд жазз хөгжим байдаг юмуу?" гэхээр нь Баянмонгол чуулгаараа ангайлгаж явлаа. "Энэ жижигхэн залуу юу чаддаг юм?" гэхэд Соёл-Эрдэнийн Б.Баяраа маань хэлний авьяастай болохоор герман дууг герман хүн шиг нь дуулж бүх зритлийг босгож байлаа. Б.Сарантуяа маань Алматыд очиж гранпри авч байлаа. Г.Ариунбаатар гэхэд олон улсын дуурийн мэргэжлийн дуучдын тэмцээнд ямар сайхан оров. Үүгээр дуусахгүй олон мундаг уран бүтээлчид бий. Тэр бүрд би дотроо бол нурж унамаар их баярлаж байгаа хэр нь гаднаа "Энэ шиг дуучин халхаар нэг байна" гээд л шүүгчид дундаа данхалзана. Их сайхан.
Харин зарим нэг хүрч чадах зүйлдээ очиж чадахгүй яваад байгаа шавь нартаа хэлдэг юм. "За нөхөр минь чи аятайхан байгаарай. Олиггүй яваад, хүний дургүй хүргээд байвал үхтлээ би чамайг их зовооно доо. Хавь илүүг чадах учиртай хүн шүү, чи!" гэдэг юм. Залуу хүмүүст сатаарах зүйл олон л байдаг биз. Гэхдээ л юм дуулгах учиртай олон сайхан авьяастай хүүхдүүд бидэнд бас бишгүй байх юмаа. Цаг нь болохоор гялалзах биз дээ. Муу сайн шавь нараа ялгалгүй бодож, мөнгө төгрөг, ар гэрт нь хүртэл санаа зовж, энд тэнд явахдаа тэдэндээ боломж хайж явах нь багш хүн бүрд байдаг сэтгэл байх.
Сул тал нь урлагийнхан найр наадамтай ойр улс. Хөнгөн хүмүүс нь хавь ойрын ялих шалихгүй зүйлсэд хууртагдаад, эцэстээ урлаг ч үгүй, юу ч үгүй болчих гээд байдаг зовлон бий. Болсон тохиолдол ч бий бий, нуугаад яах вэ. Хорлох хүмүүс ч мундахгүй их байх юм. Миний хувьд гэвэл Улсын баатрын хүү нунж дорой явах учиргүй ээ. Тиймдээ ч бага залуугаасаа тийм хүмүүсийн дунд ялгаагүй явж ирсэн ч гэлээ архи уугаагүй өдийг хүрсэн. Амсаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гэсэн ч ажилдаа бүү хэл гэртээ согтуу орж үзээгүй л юм. Ид ажиллаж, хөдөлмөрлөдөг нас минь ардчиллын хэцүү он жилүүдтэй давхацсан, түүн дээр нэмээд урлагийн амьдралын онцлог гээд яриад байвал надад архи ууя л гэвэл бишгүй их нөхцөл, шалтаг шалтгаан, шахалт шаардлага байсан. Манай урлагийнхан, за тэгээд рок попынхон маань бол уг зан нь гэнэн цагаахан ч гэлээ хөгжмийнхөө эрчээр явдаг болохоор тун ч ширүүн нөхдүүд байдаг юм шүү дээ. Ямар нэг тэмцээнд орлоо гэхэд л ялагдвал нэг шил, ялбал хоёр шил архи баараггүй өвөртөлж ирнэ. Гэхдээ байна аа, хичнээн байсан ч хүний ноён нуруу, жанжин шугам гэж байдаг юм. Хүн өөрөө амьдралаа ямар байлгая л гэж бодно, тэр нь өөрийнх нь л гарт байдаг жамтай.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ойрд хөгшин өвгөний илүү үглэлт л их хийж байна даа (инээв).
Үнэндээ 60 жил нэг салбартаа ажиллачихсан хүнд архиваас их юм алга. Хүнд бол хэрэггүй, надад бол их үнэтэй зүйл олон байна. Одоо түүнийхээ учрыг нэг олчихсон гэх хүсэл их байна. Сэргэлэн хүн бол 11 удаагийн "Бяцхан эстрадын дуулаачдын тэмцээн"-д оролцсон одоо идэр насныхан болчихсон тэр үеийн хүүхдүүдийн архивыг гаргаад үнэд оруулсан ч болохоор тийм сайхан материалууд надад бий. Юм сайн хадгалдаг хүнд чинь юу эс цуглах вэ дээ. Тэднийхээ учрыг олоод авбал зүгээр сэн.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Дуурайна. Ахмадуудаа их харна. Авахыг авна, хаяхыг хаяна. Өөрөө сэдэж чадахгүй бол бусдын хийснийг хараад учир утгыг нь сайн ойлгоод, гол ухааныг нь алдагдуулахгүйгээр өөрийнхөөрөө сайжруулна, хөгжүүлнэ.
Бас аливаа шинэ юманд их дуртай. Би их сайн санадаг юм. Нисванис хамтлаг анх тоглолтоо тавих гээд хэмхэрхий машин тайзан дээр тавиад л, бусдаас өөр юм хийх гээд л хичээж байгаа нь илт. Тэрийг нь бүр үзье гэж зорьж очиж байлаа. Очоод орсон бөөн жаахан хүүхдүүд, над шиг хөгшин хүн байхгүй. Тухайн цаг үед урлаг үзэл сурталжсан байлаа. Үүнтэй би байнга тэмцдэг байсан. Гадаадын дуунуудыг хөрөнгөтөн орны хөгжим гээд гааль дээр пянзыг нь ч оруулдаггүй байлаа шүү дээ. Тийм л үед Нисванис гарч ирсэн нь миний хувьд сайхан явдал байсан юм. Сонсож үзэхэд дасаагүй л болохоос үг нь утгалаг, ая нь хэмнэлтэй шүү. Тун давгүй. Тэгээд "Зүйтэй хүүхдүүд ээ, хөгжих нь баараггүй. Цаашаа шантралгүй яваад байгаарай" гэж хэлсэн. Одоо ч хамтлагийн ахлагч Амгаа нь "Та эхэлж тэгэж хэлсэн" гээд дурсдаг юм. Учраа ойлгож, боловсронгуй хөгжиж байгаа шинэ юунаас ч хөгжиж суралцдаг. Аа гэхдээ шинэ гээд ямар ч агуулгагүй, толгойгүй, бодож боловсруулаагүй зүйлийг бол дэмжихгүй, таашаах ч үгүй. Дэндүү хариуцлагагүй дуунууд их гарч байна даа. Урт хугацааны хор уршиг ихтэй л юм байгаа юм. Юу хийж байгаагаа мэдэж хийдэг уран бүтээлчид төрөн гарвал сайнсан.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
1950-1970 оны бүх дуунууддаа дуртай. "Энэ бол миний эх орон, Эзэн бидний өлгий нутаг" гээд дуу гэхэд л 72 жил болж байна шүү дээ. "Амрагийн дуу", "Миний нутгийн бараа" гээд сайхан дуунууд олон бий. Алийг нь ч аль гэхгүй.
Кинон дээр ч адилхан. Хуучин цагийн хар цагаан кинонууддаа дуртай. Харилцан ярианууд нь гэхэд их жинтэй. Монгол хүмүүс чинь барагтай бол илүү үг унагадаггүйгээрээ онцлогтой. Ярьсан ч нэмэргүй, яриагүй нь ч адилхан тийм илүү дутуу үг хэллэггүй, хүний нарийн мэдрэмж шингэсэн харилцаа тэдгээр кинонууд дээр гарч ирдэг.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав минь "Ухаан зарж амьдраарай" гэдэг байж билээ. Арван жил төгсгөсөн анги даасан багш Долгоржав маань харин "За чи энэ урлагаараа л яваарай" гэдэгсэн. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруугийн тод жишээ болсон Ц.Намсрайжав багшаасаа удирдлага хүн ямар байх ёстойг, Д.Лувсаншарав багшаасаа урлагийн хүн ямар байдгийг ойлгож ухаарч авсан.
Бага залуудаа сонссон, хүндэлж хайрласан хүмүүсийн үг л их бага гэхгүй санаанд явах юм даа.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Тууштай бай, хүүхдүүд ээ. "Энэ л миний амьдралын зам, энэ л миний хийж чадах зүйл" гэж харсан бол, тэгээд түүндээ итгэсэн бол тууштай л хөдөлмөрлө, зорьсноосоо битгий буц. Дуртай юмаа хийж амьдарна гэдэг өдөр болгон гоё өнгөрнө гэсэн үг биш юмаа. Ер юунд ч цаг хугацаа хэрэгтэй байдаг юм. Жишээ нь, өнөөдөр би сайн дуулдаг байлаа гээд маргааш мандчихдаггүй. Түүнд чинь ганц хоолойноос гадна цаана нь өч төчнөөн юм шаардагддагийг эхлээд ойлго, мэд, мэдэр, хүнээс үг сонс. Битгий дураараа аашил. Хүссэн цэгтээ хүрэхэд их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, идэвх санаачилга хэрэгтэй байдаг юм шүү.
Д.Ухнаа гэхэд урлагийн хүн болохын тулд хотод гэр оронгүй, айлын гэрт гуйж унтаж байж хэзээ юманд хүрэхээ ч мэдэхгүй, дур сонирхолдоо хөтлөгдөөд хуваарьт сургуулиа хаян барин Дуурийн театр бараадан, хашааных нь гадаа нүүр өгчих хүн харуулдан хонон өнжин сууж, арай гэж орсныхоо дараа ээлжийн амралтаа авсан манаачдыг орлож сумгүй буу үүрээд путкэнд хонож, жорлон ухаж, халиар түүж, очих газаргүйдээ театрын доод давхарт сандал нийлүүлж хулгайгаар хонон, уран бүтээлчдийн хатуу юманд тоогоо алдталаа гүйж, түүндээ урам хугарсандаа багшдаа "больё барья" гэж эрхлээд тас загинуулж явсан нөхөр шүү.
Энд ч нэг гоё юм гарахаар дагаж гүйгээд, тэнд ч ашигтай гэхээр нь намирч очоод байвал за яахав халаасандаа жаахан юмтай боллоо гэхэд насны бөгсөнд хүүхдүүддээ өвлүүлэх нэр төр, тосоод авах хамт олон, өөрөөрөө бахархах хийж бүтээсэн зүйлгүй л хоцордог бололтой юм даа. Надад ч ардчилсан хувьсгалын дараа тийм санал ирж л байлаа. Гэхдээ би мөнгө сонгоогүй ээ. Тухайн үедээ харамсмаар мэт ч гэлээ жинхэнэ үр дүнг нь одоо та нар харж байна. Хувь хүний л сонголт доо.
Бас ном унш, өсөж хөгж. Хамгийн гол нь түүнийгээ өссөн төрсөн газартаа харамгүй өг. Хувь нэмрээ нийгэмдээ оруул. Энэ чинь наад захын иргэний үүрэг шүү. Одоо цагт их л эрх ярьдаг болжээ. Зөвөө зөв, гэхдээ эрх ярьж байгаа бол үүргээ бас ярих л хэрэгтэй. Эх орондоо хайртай бай.




Сэтгэгдэл бичих

