Ярилцлагынхаа ээлжит дугаарт бид Үлэмж салоны хамт олны төлөөллийг урьсан билээ. Шинэ оны босгон дээр өөрийгөө хайрлаж, гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарна хэмээн эргэлзээгүй тавьсан зорилгод тань бага боловч мэдлэг, мэдээлэл болох болов уу хэмээн найдсан нь энэ.

1998 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй тэд гоо сайхан, үс болон хумс, арьс гоо заслын үйлчилгээгээр дотоодын зах зээлд хэдийн өөрсдийн ялгарлыг бий болгосон хамт олон. Тиймдээ ч салоны үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2017 онд мэсийн бус аргаар, олон улсын албан ёсны эрхтэй арьс гоо заслын төхөөрөмжүүдээр үйлчлэх Үлэмж Клиникийг байгуулан ажиллаж буй. Ингээд гоо сайхны салбарт найрсаг харилцаа, чанартай үйлчилгээ, чадварлаг хамт олноор 26 жилийн нөү-хау, туршлагыг бий болгож буй тэдэнтэй танилцъя.

Байршил: Шангри-Ла Моллын хоёрдугаар давхар
Эрхэлдэг ажил: Гоо сайхан, үс болон хумс засал
Цахим хуудас: Facebook, Instagram, Web

Мастер гоо засалч Б.Отгонжаргал


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Үлэмж салоны анхны ажилтнуудын нэг. 2009 онд нэгдүгээр зэргийн гоо сайханчаар ажлын гараагаа эхэлж, одоо мастер гоо засалчаар ажиллаж байна. Ууган ажилтан учраас салоныхоо хөгжил дэвшлийн бүхий л цаг үед гэрч нь болж, хамт олныхоо салшгүй нэг хэсэг байсаар иржээ.

Гоо сайхны үйлчилгээ төдийлөн хөлөө олоогүй байсан тэртээх 25 жилийн өмнө манай салон охид бүсгүйчүүдийнхээ гоо сайханд зориулан Францаас гаралтай LPG аппаратыг (галбиржуулан тураах) оруулж ирж байв. Тэр цагаас хойш жилээс жилд тоног төхөөрөмж болон чадварын хувьд туршлагажсаар энэ чиглэлд ялгарлаа бий болгон өргөжиж, одоогоор 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Цаашлаад бид энэхүү арвин туршлагадаа түшиглэн 2017 онд арьс гоо заслын "Үлэмж Клиник"-ийг байгуулж, мэсийн бус аргаар арьс гоо заслын үйлчилгээг үзүүлж байгаадаа баяртай байдаг юм. Илүү тодруулбал, арьсны лазер аппаратууд болон бичил зүүн эмчилгээний аппарат, арьс чангалах HIFU буюу Liftera аппаратыг албан ёсны дистрибьютор эрхтэйгээр худалдаалж, мөн үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Манай салон 09:00-15:00, 15:00-21:00 цаг хүртэл хоёр ээлжээр ажилладаг юм. Миний хувьд тухайн ажлын өдрийг заавал халуун кофегоор эхлүүлдэг дадалтай. Үүний дараа үйлчлүүлэгчдийн хуваарийг шалгангаа ямар үйлчилгээ авах талаарх товч мэдээллийг менежерээсээ авна. Ингээд шаардлагатай бүтээгдэхүүнээ гаргаж тавиад өрөөнд ариутгал хийж, нэг удаагийн хувцас хэрэглэлийг солин дараагийн үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлддэг.

Нэг үйлчлүүлэгчид дунджаар 90 минут зарцуулдаг болохоор ээлжиндээ 4-5 хүнд үйлчилж амждаг. Надад олгогдож буй энэ зургаахан цагийг үр дүнтэй байлгахын тулд зав гарах бүрдээ дараагийн үйлчлүүлэгчид рүү залган ирж байгаа эсэхийг нь асуух, товлосон үйлчлүүлэгчдэдээ хэзээ ирэх цагийг нь сануулах гээд олон зүйл зэрэг амжуулахыг хичээдэг дээ.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?  

Эерэг хандлага ба харилцаа. Энгийн мэт боловч хэрэгжүүлэхэд амаргүй шүү. Үйлчлүүлэгчид өөртэй нь чин сэтгэлээсээ харилцаж байгаа үгүйг нэг хараад л мэддэг. Тиймээс дүр эсгэлгүй нэн үнэнээсээ, чин сэтгэлээсээ харилцаж, биднийг зориод ирсэн хэнд ч болов адил тэгш үйлчилгээ үзүүлэх нь миний ажлын гол зарчим. Үүний зэрэгцээ хувийн амьдралын элдэв асуудлыг хаалганы ард үлдээгээд тухайн үйлчлүүлэгчид 100 хувь төвлөрөхийг чухалчилдаг.

Ажиллах арга барилын тухайд юун түрүүнд үйлчлүүлэгчийнхээ юу хүсэж байгааг мэдэхийн тулд маш сайн ярилцах хэрэгтэй. Ингэснээр ямар дарааллаар, хэдий хэр хугацаанд хүссэн үр дүнд хүрэх вэ гэдгийг мэдэхийн сацуу үйлчлүүлэгч өөрийн биедээ илүү итгэл төгс, сэтгэл ханамжтай болж чаддаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Манай салоны дотооддоо хэрэглэдэг цаг бүртгэлийн систем. Ямар үйлчлүүлэгч хэдэн цагаас аль ажилтан дээр үйлчлүүлэх бүх хуваарь энд бий. Үүний ачаар хүн бүр ижил мэдээлэлтэй байж, ямар нэг алдаа гаргахгүй байх нөхцөл бүрдэх юм. Бидний ажлыг нэн хөнгөвчлөх шийдэл болсон шүү.

Үүний зэрэгцээ календарь болон гар утасныхаа Notes дээр ажил, амьдралынхаа өдөр тутамд хийх зүйлсээ бичиж тэмдэглэдэг.


Бариа засалч Т.Энхтүвшин

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын цаг эхлэхээс өмнө өрөөндөө хөнгөн цэвэрлэгээ хийж, өөрийгөө бэлдсэнээр илүү бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажилладаг. Тиймдээ ч дөрвөн жил ажиллахдаа нэг ч минут хоцорч үзээгүй юм байна. Бүх зүйлийг нарийн төлөвлөөд тэдгээрт шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлдчихвэл ямар ч ажил асуудалгүй бүтдэг.

Түүнчлэн манайх ажлын зургаан цагаар хоёр ээлжинд ажилладаг болохоор өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг хангалттай бий.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?  

Ажлаа сар, сараар нь төлөвлөнө. Бид 40-45-50 зарчмаар олсон орлогоосоо цалинждаг тул байгууллагаас хуваарьт төлөвлөгөө гаргаж өгдөг. Үйлчлүүлэгч манайхаар сэтгэл ханамжтай үйлчлүүлж, дараа дахин ирснээр миний төлөвлөгөө биелэхэд дөхөм гэсэн үг. Намайг гээд зорин ирдэг байнгын үйлчлүүлэгч нар цөөнгүй бий.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Миний хувьд байгальд ойр байх дуртай. Сардаа хоёр удаа ууланд алхаж бас фитнессээр хичээллэн эрч хүчээ сэлбэдэг. Манай байгууллага энэ онд "Хан Голомт" Группийн байгууллагын сургалтаас жилийн сургалт авч ажил, амьдралаа хэрхэн тэнцвэртэй байлгах тухай сурсан нь эрч хүчтэй ажиллахад ихээхэн тус болсон.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн мэргэжил маань статистик эмч. Тийм ч болохоор үйлчлүүлэгчдээ эрүүл, зөв амьдралын дадал хэвшлийг өөриймшүүлээсэй хэмээн хүсэж, уулзсан бүх хүмүүстэй нойр, хооллолт, ажил амьдралын тэнцвэрийн талаар ярьж зөвлөдөг. Нойр, хоолондоо сайн байвал ажил аяндаа бүтдэг гэх монголчуудын яриа нь орчин үеийн хотожсон соёлтой бидэнд хамгийн хэрэгтэй үг. Хүн орой 22:00-02:00 цагийн хооронд гүн нойр авч, унтах ёстой. Гүн нойр авах цагаасаа хэтэрч унтсанаас болж биеийн эрчимт хэмнэл алдагддаг бөгөөд үүнээс үүдэн ажил болоод амьдралд нь сөрөг үр дагавар гарах нь элбэг.

Ялангуяа сүүлийн үед тулгамдаж буй асуудал нь нойр, хооллолтын буруу хэвшлээс шалтгаалж хүзүү, нуруу нь хөших, цусан хангамжийн төв цэгүүд зангиралтай болох зэрэг асуудал үүсэж байгааг онцлох нь зүйтэй. Ийм үед алжаал тайлах бариа заслаас илүүтэй эмчилгээний бариа хийх шаардлагатай. Тиймээс цагтаа унтаж, улиралдаа зохицсон хоол хүнс хэрэглэж, улирал солигдох үед дархлаагаа дэмжин, ядрахгүй байх хэрэгтэй.

Ээлжийн менежер Д.Одонтуяа


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би Үлэмж салонд долоо дахь жилдээ ээлжийн менежерээр ажиллаж байна. Хувь хүн талаасаа нээлттэй төрлийн хүн биш ч гэлээ ажлын онцлогоос хамаараад өдөр тутамдаа олон төрлийн, янз бүрийн насны хүмүүстэй харилцах шаардлага гардаг. Тэр хэрээр харилцааны ур чадвар дээшлэхийн сацуу гадаад үйлчлүүлэгчид зорин ирэх нь цөөнгүй тул англи хэлээ сайжруулах боломж ч гарч байгаа.

Бид гар утсаар холбогдсон үйлчлүүлэгч нэг бүрд үйлчилгээнийхээ талаар тайлбарладаг юм. Бэрхшээлтэй тал гэвэл баярын үеэр ачаалал ихсэхэд давхар дуудлага ирж, утсандаа хариулахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тийм үед зарим үйлчлүүлэгчдээс санал гомдол ирэх үе цөөнгүй. Хэдий тийм ч үйлчлүүлэгчдээ хүлээлгэлгүй, сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлэх нь бидний ажил шүү дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид үйлчилгээний чанараа сайжруулан цахимаар цаг захиалах систем шинээр хөгжүүлж үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Ингэснээр үйлчлүүлэгч цахимаар бүртгэлээ үүсгэн, бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, хүссэн ажилтнаа сонгон цаг авах боломжтой боллоо.

Мэдээж үйлчилгээний байгууллага учраас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэн сайжруулах нь бидний тэргүүн зорилго. Энэ хүрээнд саяхан "O2toDerm" хэмээх хүчилтөрөгчөөр баялаг гоо сайхны шинэ үйлчилгээтэй болсон. Уг үйлчилгээ нь арьсны байгалийн өнгийг сэргээн, арьсыг хамгаалан гэрэлтүүлж, уян хатан байдлыг нэмэгдүүлэн, гүн чийгшил өгдгөөрөө онцлогтой.

Үүний зэрэгцээ ажилтнуудаа сурган мэргэшүүлж хувь хүний хөгжил болон мэргэжлийн сургалтад тогтмол хамруулдгийг дурдах нь зүйтэй болов уу.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Гэр хол учраас ихэнх цагийг замд өнгөрүүлж таардаг. Нэгэнт иймээс хойш энэ цагийг хий хоосон үрэхийг хүсдэггүй. Тиймээс машиндаа тогтмол подкаст сонсоно. Мөн байгууллагаас сар бүр ажилтнуудын хувийн хөгжил, харилцаа хандлага, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт ордог нь ажил дээрээ хөгжих боломж олгодог.

Бага тэнгэр дэх салбарын үсчин О.Даваадорж

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би Үлэмж салонд ажиллаад 11 жил болж байна. Наймдугаар ангид байхаасаа эгчийнхээ салонд ойр зуурын ажилд тусалсаар эргэлт буцалтгүй энэ салбарт хүч үзэхээр шийдэж байлаа.

Санал болгох кино гэвэл The Godfather хэмээх домогт бүтээлийг хэд ч үзсэн уйддаггүй. Эр хүн зарчимч бөгөөд гэр бүлдээ үнэнч байх ёстойг үргэлж сануулдаг юм.

Харин дууны тухайд сүүлийн үед жазз хөгжим түлхүү сонсох дуртай болоод байгаа. Ачаалал ихтэй ажлын онцлогоос шалтгаалаад аль болох сонсоход амар тийм хөгжмүүд санал болгомоор байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Манай захирлын хэлсэн үг бий. “Мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, чадварын хувьд өндөр зэрэглэлд очихыг хүсвэл хүчирхэг байх ёстой. Чи өөрөө л хувийн зохион байгуулалт сайтай, төгс төгөлдөрт тэмүүлдэг нэгэн байж чадвал биднийг зориод ирсэн үйлчлүүлэгчдэд яг ижил зүйлийг өгч чадна.” гэж хэлж байлаа. Үнэхээр ч бусдын гоо сайхны төлөө ажилладаг хүн гэдгээ ухамсарлаж, өөрөө мэргэжлийн байх ёстой юм байна гэдгийг түүний үгээс ойлгож авсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Ажил мэргэжилдээ тулгуурлаад зөвлөмөөр байна. Хэрэв та үсэндээ өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол найз нөхдийнхөө үгээр биш мэргэжлийн хүнтэй заавал ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй. Тэгэж байж өөрт тань зохисон өнгө будаг, хэв хэлбэрийг гарган ирж, зөвхөн таныг тодорхойлох дүр төрхийг бий болгож чадна.