“CV-гээ явуулчих…” 
 
Энэ үг танил сонсогдож байна уу? Үнэхээр л ажилд орох болоход бидэнд хамгийн түрүүнд CV хэрэг болдог. Харин сайн CV-тэй болохын тулд ажлын туршлага, эзэмшсэн чадвараас гадна харагдцын хувьд “царайлаг” байлгах нь чухал. Тэр тусмаа төрөл бүрийн апп ашиглан бүтээлч CV хийх боломж бүрдсэн энэ цаг үед бид бичгийн цааснаас давж сэтгэх хэрэгтэй. 
 
Иймд энэ удаагийн нийтлэлдээ Notion аппыг ашиглан залуу мэргэжилтнүүдийн нэрийн хуудас болсон CV буюу танилцуулгыг бүтээлчээр хийх долоон зөвлөгөөг хуваалцаж байна. Гар утас, компьютер гээд аль ч төхөөрөмж дээр ажиллах боломжтой тул уншигч танд тус болох нь гарцаагүй.

1. Төлөвлөх

Нүд булаам CV бүтээхэд дан ганц гоё ганган харагдахаас илүү давуу тал, ур чадвараа эмх цэгцтэй агуулгаар илэрхийлэх нь чухал.  Жишээ нь, та хараахан их сургуулиа төгсөөгүй бол заавал “Боловсрол” гэсэн хэсэг  байх шаардлагагүй. Харин үүний оронд хийсэн бүтээл, ажилласан төсөл, оролцсон сайн дурын ажил зэрэгт анхаарлаа хандуулж болох юм. Тиймээс юун түрүүнд  танилцуулгадаа багтах үндсэн хэсгүүдээ жагсаан төлөвлөөрэй. 

2. Агуулгаа бэлдэх

Агуулгын дарааллаа жагсаасан бол тэдгээрийг илүү дэлгэрүүлцгээе. Өөрийнхөө тухай богино тодорхойлолтоос эхлээд өмнө нь ажилласан газрууддаа юу хийж бүтээсэн талаараа сайтар тайлбарлан бичээрэй. Ингэхдээ үг үсэг болон найруулга зүйн алдаа гаргасан эсэхээ сайтар нягталж, аль болох “би”, “миний” зэрэг төлөөний үгээс татгалзах хэрэгтэй.  

3. Мэдээллээ цэгцлэх

Хамгийн чухал алхмуудын нэг бол мэдээллүүдээ зохих газарт нь байрлуулж, үргэлжилсэн бичвэрээ хүснэгт, зургийн цомог зэрэг бүтээлч хэлбэрт оруулах юм. Үүн дээр Notion ашигласны ид шид утгаараа гарах болно. Хэрэв та Notion анх удаа ашиглаж байгаа бол нийтлэлийн төгсгөлд шууд ашиглаж болох жишээ загваруудаас сонгон хэрэглээрэй. 

4. Холбох

Notion дээр шууд зураг, видео байрлуулах болон холбоосыг нь оруулаад л интернэтэд байгаа юуг ч танилцуулгадаа оруулж болно. Амар байгаа биз? Ингэхдээ “Embed” үйлдлийг ашиглах бөгөөд ажилласан вэбсайт, бүтээсэн контент, дарсан зураг, бичсэн нийтлэл гээд харуулж болох бүхнээ CV-дээ шууд холбоорой.

5. өөрийн болгож чимэглэх

CV-г албаны бичиг баримт гэдэг уламжлалт өнцгөөс харалгүй аль болох чөлөөтэй сэтгэх нь чухал. Бидний зүгээс уншиж буй хүндээ зориулсан богино мэндчилгээ, өөрийн гэрэл зураг, давтагдах магадлалтай асуулт, хариултын хэсэг гэх мэт зүйлсийг нэмж оруулахыг зөвлөж байна.

6. хуваалцах

Сүүлийн шат бол хэрхэн танилцуулгаа ажил олгогч руугаа илгээх тухай юм. Ямар нэг файл, PDF болгож таталгүйгээр хэн ч үзэж болохуйц вэбсайт болгон интернэтэд байршуулбал тун тохиромжтой. Үүнийг хийхэд хоёрхон алхам шаардах ба Share -> Publish гэсэн дарааллаар  гарч ирсэн холбоосыг хуулж аваад имэйлээр илгээхэд л болно.  

Ингээд бидний нийтлэлийн туршид хамтдаа бүтээсэн CV бэлэн боллоо. 

7. Ашиглаж болох бэлэн загварууд

Хэрэв танд дээрх алхмуудын зарим нь бага зэрэг  төвөгтэй, их цаг шаардахаар санагдсан бол танд дуулгах сайн мэдээ бидэнд бий. Энэ бол “Notion template” буюу Notion дээр ашиглаж болох бэлэн загварууд юм. Та интернэт дээрх хэдэн зуун загвартай танилцаж, өөрийн онцлогт тохирохыг нь  сонгоод, хүссэнээрээ өөрчлөх боломжтой шүү.  

Харин  Unread-ийн зүгээс доорх таван загварыг онцлон санал болгож байна.