Наадмын урт амралт албан ёсоор дууслаа. Уншигч та бүхнийг энэ хугацаанд амжин агаар салхинд гарч, аялал зугаалгад явсан гэдэгт итгэлтэй байна. Эсвэл нийслэл хотдоо үлдэж, наадмын нээлтээ үзэн Төв цэнгэлдэх хавиар айраг, хуушуур амтархан хүртсэн ч байж мэдэх юм.
Эдний аль нь ч байсан амралт эцэслэж, ажилдаа орох цаг болсон байна. Иймд энэ удаагийн нийтлэлдээ хэрхэн ажлын горимд шилжиж, урам зоригтой үргэлжлүүлэн ажиллах тухай долоон зөвлөгөөг хүргэж байна.
ДУТУУ НОЙРНООС ЗАЙЛСХИЙ
Ажилдаа явахын өмнөх оройноос л бэлтгэх хэрэгтэй. Хэд хоног үүрээр унтаж, үхрийн дуугаар сэрсэн бидэнд бүтэн нойр авангаа өглөө эрт босно гэдэг хэцүү даваа мэт санагдах нь мэдээж. Тиймээс маргааш эртлэн босож, ажилдаа бэлдэхийн тулд 22 цагаас хэтрүүлэлгүй унтаарай. Хамгийн чухал нь багадаа найман цагийн нойр авах ёстой шүү.
Нойр хүрэхгүй байна гэж үү? Мэдээж тэгнэ. Өнгөрсөн хэд хоногийн хэмнэлээсээ шууд гарахад бэрх учраас хурдан унтахад туслах “478” гэсэн аргыг санал болгоё. Уг арга нь амьсгалаар дамжуулан амрах, хоол боловсруулах үүрэгтэй мэдрэлийн системийг тань идэвхжүүлэх бөгөөд гурван удаа давтаад хийгээрэй.
- Эхлээд дөрвөн секундын турш хамраараа амьсгаа авах
- Дараа нь 7 секундын турш авсан амьсгалаа түгжих
- Эцэст нь 8 секундын турш амьсгалаа гаргах
ДОЛГИОНОО ТААРУУЛ
Ханцуй шамлан ажилдаа орохоос өмнө хамтран ажиллагсадтайгаа сонин сайхнаа хуваалцаж, “долгионоо тааруулах” нь чухал шүү. Таны эзгүйд болсон ажилтай холбоотой ахиц дэвшил, алдаа оноо юу байсныг сониучирхаж, болж өгвөл хүн бүртэй 5-10 минут уулзаж, ярилцаарай. Ингэснээр ажилдаа эрч хүчтэй эргэн орж буйгаа хамт олондоо мэдрүүлэхийн сацуу төөрөлдөж, үйл ойлголцох зүйл бага гарна.
Мөн овоорсон их имэйлээ цэгцлэх цаг гаргахаа мартуузай. Нээж үзээгүй шуудан бүр ажил урагшлахад сөргөөр нөлөөлж болзошгүй тул юун түрүүнд тэдгээрийг нэг тийш болгох хэрэгтэй. Олон имэйл цэгцлэхээс залхуу тань хүрч, хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал энэ дарааллын дагуу 30 минут төвлөрөөд үзээрэй.
ДАРААЛСАН УУЛЗАЛТУУДААС ЗАЙЛСХИЙ
“Хур ихэдвэл үер, хурал ихэдвэл хэрүүл” гэдэг ардын мэргэн үг зүгээр ч нэг дэлгэрээгүй нь лавтай. Бүтээмжээ алдалгүй ажлаа үргэлжлүүлье гэж зорьж л байгаа бол дараалсан хурал, уулзалтаас зайлсхийгээрэй. Хэтэрхий олон уулзалт нь ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй сэтгэл зүй, төвлөрөл, шинэ санал, санаачилга гаргахад саад болдог аж.
Иймд ядаж үдээс өмнөх цагийг ганцаараа төвлөрч суун ажлаа төлөвлөхөд зарцуулж, үдээс хойш дотоод болон гадаад уулзалтуудаа амжуулахыг бодоорой. Хэрэв ажлынхантайгаа дундын цаглавар ашигладаг бол бүтэн өдрөөр нь “блоклох” арга хэмжээ авсан ч болно.
ДЭЛХИЙТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛ
Хамт олноосоо ажлын явцаа мэдэж авсан бол үргэлжлүүлээд таны ажилладаг салбарт ямар үйл явдал болж буйд чих тавиарай. Бидний ихэнх нь амралтын үеэр ажил бодохоос зайлсхийдэг учраас салбарын сүүлийн үеийн мэдээлэл, шинэ технологиос хоцрох нь энүүхэнд. Иймээс яг одоо интернэт хөтчөөсөө баталгаат эх сурвалжуудаа хайн мэдээ, мэдээлэл уншаарай. Энэ үйлдэл нь нэг талаасаа ажлаа илүү том зургаар харах, нөгөө талаас бүтээлчээр сэтгэхэд онцгой тус үзүүлнэ.
ДОЛОО ХОНОГ Л ХАНГАЛТТАЙ
Ажлынхаа хэмнэлд эргэн ортлоо долоо хоногийн төлөвлөгөө гаргахад л хангалттай. Энэ бол хамгийн урт хугацаа нь шүү. Түүнээс богино байдлаар ажлын төлөвлөлтөө хийж болно.
Овоорсон олон имэйл рүүгээ шумбан орохоос өмнө тэмдэглэлийн дэвтэр, дижитал хөтөч гээд хүссэн зүйл дээрээ өнөөдрөөс эхлээд өдөр бүр заавал гүйцэтгэх ажлуудаа жагсаан бичээрэй. Жишээ нь, миний хувьд өнөөдөр бүх шуудандаа хариу өгч цэгцлэх, маргааш зөвхөн хурал, уулзалтад оролцож “долгионоо тааруулах”, нөгөөдөр нь бичих үйлд 100 хувь төвлөрөх зэргээр төлөвлөж байна. Үр дүнтэй бөгөөд өөрт тохирсон хийх зүйлсийн жагсаалтаа гаргахад дараах аппуудаас туршиж үзэхэд гэмгүй.
ДОТООД ХҮНЭЭ БҮҮ ОРХИГДУУЛ
Бүгдийг нь нэг дор хийх гэж өөрийгөө бүү хүчил. Хэдийгээр амралтаас эргэн ирсэн ч өөртөө хэт их ачаалал өгвөл бүтээлч байдал буурч, бие болоод сэтгэлзүй тань ядарч мэдэх юм. Тиймээс өдөр бүр зугуухнаар, чадах хэмжээгээр ажлуудаа төлөвлөж, гүйцэтгэх нь алс хэтдээ тогтмол үр бүтээмжтэй байх үндэс болох нь гарцаагүй.
Үүний тулд өглөө эртлэн босож, тухайн өдөрт өөрийгөө бэлдэхэд тухтай цаг гарган ажлын цагт хийх ёстой зүйлсээ багтааж, араас нь гарч буй чөлөөт цагийг өөрийнхөө дуртай бүхэнд зориулаарай. Энэ тал дээр Eisenhower Matrix хэмээх аргыг санал болгож байна. Тодруулбал, та ажлуудаа чухал ба чухал биш, яаралтай болон яаралтай биш гэсэн дөрвөн хэмжигдэхүүнд хуваах хэрэгтэй. Яаралтай ажил бол бидний нэн даруй хийх шаардлагатай гэж үзсэн ажлууд бол чухал ажлууд нь урт хугацааны зорилго эсвэл үнэт зүйлд тань хувь нэмэр оруулах ажил гэсэн үг. Хамгийн гол нь та зөвхөн эхний хоёр квадрат дахь даалгавруудад бүрэн төвлөрч, хоёр дахь эгнээний ажлуудыг хойшлуулах, бусдад даатгах, аль эсвэл огт хийхгүй байж болно.
ДАРААГИЙН АМРАЛТАА ТӨЛӨВЛӨ
Эхний амралт дөнгөж дуусав уу, үгүй юу дараагийн амралтын талаар ярих нь утгагүй мэт боловч уншигч таныг ажил болоод амьдралаа урт хугацаанд харж, төлөвлөөсэй гэсэн үүднээс ийнхүү зөвлөж буй. Үүнийг дагаад ажлын чанартай гүйцэтгэл, санхүүгийн сахилга бат, нарийн төлөвлөгөө бүхий жагсаалт гээд олон хүчин зүйл урган гарах тул өөрийгөө эртнээс бэлдээрэй.
Сэтгэгдэл бичих