Өөрт тохирох ‘To-do’ аппаа олж амжаагүй л байна уу? Санаа зовох хэрэггүй. Учир нь та ганцаараа биш. Би л гэхэд одоог хүртэл ажил болоод амьдралын хэв маягтаа тохирох апп, платформоо олоогүй л явна. Гэхдээ тасралтгүй туршиж үзсэн хэвээр.
Оюутан байхад надаас бусад нь Bullet journal буюу төлөвлөгч дэвтэртэй, түүн дээрээ өдөр тутмын хийх зүйлс, хичээлийн даалгавруудын дуусах хугацаа, басхүү эрүүл, зөв амьдралын хэв маягийг эрэлхийлсэн дадал мөшгөгч хөтөлдөг байлаа. Тэднийг даган дуурайж би ч бас хэд хэдэн шинэ дэвтэр эхлүүлсэн боловч эхний арван хуудас л ахиулж дөнгөсөн байх.
Ажлын байранд гарсны дараа бас л надаас бусад нь хийх зүйлсийн жагсаалтаа эрэмбэлж гаргадаг апп ашиглаж байх нь тэр. Дижитал байдлаар хөтлөх нь илүү амар байж мэдэх юм гээд би ч мөн Notion, TickTick, Todoist зэргийг туршиж байна.
Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ над шиг “зовлонтой” нөхдөдөө зориулаад 2024 онд ашиглаж, туршиж үзэх, цаашлаад хэрэглээндээ хэвшүүлэх боломжтой долоон ‘To-do’ аппыг танилцуулж байна. Тусаа хүргэж, өгөөжөө өгөх болтугай.
Ташрамд дурдахад доорх бүх аппыг үнэгүй турших боломжтой юм шүү.
TODOIST
Өгөх үнэлгээ: 8/10Pro хувилбар: Нэг сарын 4$Business хувилбар: Нэг сарын 6$

Todoist нь өдгөө дэлхий даяар 30 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд хувийн болон ажлын даалгавруудаа хослуулан хөтлөхөд тун тохиромжтой. Ингэхдээ босоо самбар, жагсаалт эсвэл цаглавар байдлаар хийх зүйлсээ тэмдэглэх ба тухай бүрд дэд жагсаалт үүсгэж болно. Мөн шаардлагатай бол ажлын зорилгоор ашиглахдаа 3-10 багийн гишүүнээ нэмж, гүйцэтгэлийг нь хянах боломжтой юм билээ.
Туршиж байх хугацаанд хамгийн таалагдсан зүйл нь Karma буюу "үйлийн үр" гэсэн хэсэг. Өдөр бүр хийх ёстой зүйлсээ жагсааж бичихээс эхлээд тэдгээрийг бүрэн гүйцэтгэнэ гэдэг тийм ч амар даваа биш. Заримдаа мартана, заримдаа шантарна. Гэхдээ Todoist-ийг ашиглаж байгаа үед тухайн өдрийн бүтээмжээ үнэлүүлж, оноо цуглуулах боломжийг Karma олгох ба улмаар чанартай гүйцэтгэл нэмэгдэх юм.
TICKTICK
Өгөх үнэлгээ: 9/10
Premium хувилбар: Нэг жилийн 35.99$

Хэрэв Todoist танд төдийлөн тохиромжгүй санагдсан бол TickTick-ийг туршаад үзээрэй. Мэдээж бусад аппын адил жагсаалт эсвэл самбар байдлаар хийх зүйлсээ тэмдэглэнэ. Энэ дундаас хамгийн онцлууштай нь Помодоро цаг хэмжигч бөгөөд үүнийг ашиглан бүтээмжээ үлэмж нэмэгдүүлж болно.
Миний хувьд аливаа нэг зүйлд төвлөрч суухдаа тун маруухан учраас TickTick-ийн цаг хэмжигчтэй энэ хэсэг маш их таалагдсан. Жишээ нь, шинэ нийтлэл бичих даалгавраа орууллаа гэж бодоход материал унших, нийтлэлийн ерөнхий бүтцийг тодорхойлох, уншсан бичвэрүүдээс гол санаагаа тэмдэглэх зэргээр дэд даалгаврууд үүсгэн тухай бүрд хүссэн хугацаагаа тохируулна. Үр дүнд нь олон дахин босож суухын оронд тэрхүү хугацаандаа бүтээмжтэй ажиллаж чадсан.
MICROSOFT TO DO
Өгөх үнэлгээ: 7/10Үнэгүй

2015 онд Wunderlist-ийг Microsoft компани худалдан авснаар одоогийн Microsoft To Do бий болжээ. Outlook и-мэйл болон Office 365 программуудтай хоршиж ажиллах боломжтой нь хувийн бус ажил, сургуулийн хэрэгцээнд тохиромжтой санагдсан. Ялангуяа их сургуулийн оюутнуудад тун хэрэг болохуйц. И-мэйлээр ирсэн багшийн даалгаврыг “Flag” хийж ажлын жагсаалтдаа төвөггүйхэн нэмэх, багийн ажлаа гүйцэтгэх үед бусад оюутантай хамтрах, Word, Excel, Powerpoint зэрэг программыг хоршуулан хэрэглэх гээд олон үйлдлийг нэг дор хийж болно.
Онцлохгүй өнгөрч үл болом бас нэгэн үйлдэл бий. Тэр бол ‘Siri’-тэй хоршин ажиллах юм. Хэрэв та iPhone гар утас ашигладаг бол яарсан үедээ дуу хоолойгоороо комманд өгч, дараа нь санах ёстой зүйлсээ тэмдэглэх боломжтой. Аль эсвэл дугуй унаж, машин барьж, дасгал хийж байх үедээ ч ашиглаж болох юм.
GOOGLE TASKS
Өгөх үнэлгээ: 8.5/10Үнэгүй

Сүүлийн үед миний хэрэглэж буй ‘To-do’ апп бол Google Tasks. Өмнө нь туршиж үзсэн аппуудаас ялгаатай нь олон янзын үйлдэл хийх шаардлагагүй, ашиглахад хялбар, мөн хамгийн минимал харагдацтай. Жишээлбэл, би Unread, Хувийн, Төслүүд гэсэн гурван жагсаалт үүсгэсэн бөгөөд нийтлэл, богино бичлэгтэй холбоотой ажлуудаа “Unread”, iPad дээр зурах чадвараа сайжруулах, ном унших зэргийг “Хувийн”, хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийх зүйлсээ “Төслүүд” жагсаалтдаа нэмж, тухай бүрд дэд даалгавруудыг нь дуусгах хугацаатай нь оруулдаг. Ингэснээр автоматаар миний Google Calendar-т орох ба дуусгаагүй ажлууд үлдсэн шүү гэдгийг сануулах сонордуулга илгээдэг нь тун аятайхан.
Хэрэв та Google-ийн программууд дээр нэгэнт ажиллаж хэвшсэн бол нэмэлт ‘To-do’ апп хайхын оронд Google Tasks-ийг хэрэглээндээ нэмээрэй.
NOTION
Өгөх үнэлгээ: 10/10Plus хувилбар: Нэг сарын 8$ (Оюутнуудад үнэ төлбөргүй)Business хувилбар: Нэг сарын 15$

“Бүгдийг нэг дор” гэсэн тодотголтой Notion аппыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Ашигладаггүй байсан ч нэрийг нь сонсож байсан нь лавтай. Уг апп дээр жил, сар, долоо хоногийн төлөвлөлтүүдээ хийж болохоос гадна хичээл, хурлын тэмдэглэл, төслийн санаануудаа бичиж тэмдэглэж, дадал хэвшил болон хувийн санхүүгээ ч хянах боломжтой. Мөн шууд татаж аваад ашиглах олон бэлдцүүд (template) бий. Нэг ёсондоо төлөвлөгч дэвтэртэй тун ойролцоо мэдрэмж өгөхүйц апп юм.
Туршиж үзэх хугацаанд хамгийн таалагдсан нь долоо хоногийн хуваариа нэг дор харж, гүйцэтгэлээ хянах боломж нь байв. Тодруулбал, “Weekly agenda” хэсэг нь даваагаас ням гараг хүртэлх бүх өдрийг тус тусад нь төлөвлөх боломж олгосон бөгөөд “Task list”-ийг ашиглан “Хийх, хийж буй, хийсэн” тэмдэглэгээгээр үр бүтээмжээ үнэлж дүгнэдэг. Мөн өөртөө хэвшүүлэхээр зорьж буй дадал хэвшлээ алдалгүй бүртгэх боломжтой. Ингэхдээ дадал хэвшлээ хэрхэн үргэлжлүүлж буйг цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулж, хийх цаг боллоо шүү гэдгийг сонордуулгаар мэдэгддэг. Бүр хүсвэл та код бичээд шинэ функцууд нэмж болно.
Миний хувьд Google Tasks дээр хийх зүйлсийн жагсаалтаа алдалгүй хөтөлдөг болсныхоо дараа бага багаар Notion-ий хэрэглэгч болохоор шийдсэн.
SUPERLIST
Өгөх үнэлгээ: 8/10
Pro хувилбар: 8$Pro team хувилбар: 10$

Wunderlist-ийн бүтээгчид Superlist аппыг хөгжүүлжээ. Мэдээж тэд өмнөхөөсөө илүү сайжруулсан нь тодорхой. Жишээлбэл, Gmail, Google Calendar, Figma, Slack, Loom тэр ч бүү хэл ижил төрлийн апп болох Notion-той хоршиж ажилладаг нь уг аппыг яагаад Super гэж нэрлэсний учир болов уу. Мөн хувийн болон ажлын горимын аль нэгийг идэвхгүй харагдуулж болдог нь ажлууд хоорондоо холилдож, замбараагүй харагдахаас сэргийлэх аж.
Хэдийгээр төслийн менежментийн апп биш ч гэлээ цомхон хүнтэй багт хурал, уулзалт хийх, төсөл хэрэгжүүлэхэд тун тохиромжтой. Магадгүй их сургуулийн багийн бие даалтаа хийхэд хамгийн үр дүнтэй апп байж мэдэх юм.
HABITICA
Өгөх үнэлгээ: 9.5/10
Нэг сарын 5$

Туршиж үзсэн аппууд дундаас тун сонирхолтой бас хөгжилтэй нь Habitica байсан юм. Тоглоомд суурилсан энэхүү апп нь тухайн өдрийн хийх ёстой ажлуудаа гүйцэтгэж чадсан бол зоос өгөх бөгөөд тэрхүү зоосоороо та дүрээ хөгжүүлж, хуяг дуулгаас эхлээд гэрийн тэжээвэр амьтан хүртэл худалдан авах боломжтой. Сонирхолтой байгаа биз?
Нэрнээсээ эхлээд шинэ дадал хэвшүүлэхийг хүсэж буй хэн бүхэнд тохиромжтой уг аппыг ашигласнаар хийж чадлаа гэсэн мэдрэмж авах ба үүнээсээ урамшин дараагийн ажлууддаа ч илүү төвлөрч чадах юм. Зарим талаараа ADHD-тэй хүмүүст ч тус нэмрээ үзүүлдэг гэсэн шүү.
Сэтгэгдэл бичих

