Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы өндөр түвшний долоо хоногийн үеэр Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран дэлхийн цахим салбарын нэр хүндтэй шалгаруулалт болох олон улсын Digital@UNGA Awards-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн "Digital Pioneer" (Дижитал түүчээ) номинацид Б.Болор-Эрдэнийн санаачилсан AI Academy Asia-гийн нийгмийн төслүүд 146 орноос ирсэн 1,500 орчим төсөл, хөтөлбөрөөс шилдэг хоёрт багтаж, дэд байрт шалгарлаа.

Ирсэн 1500 төслүүдийг ашигласан инновац болон дижитал технологи, хамтын ажиллагаа ба түншлэл, үзүүлж буй нөлөөлөл, цар хүрээ ба дахин хэрэгжих боломж, мөн дэлхийн тэргүүлэх чиглэлүүдэд оруулсан хувь нэмэр гэсэн таван шалгуураар дүгнэжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO), Дэлхийн банкны групп, академик салбар, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллүүд багтжээ.

GirlsCode-оос эхэлсэн зам

AI Academy Asia-гийн төслүүд 2020 онд алслагдсан орон нутаг, малчин өрхийн охидод технологийн боловсрол олгох GirlsCode хөтөлбөрөөс эхтэй. Б.Болор-Эрдэнэ 2020-2023 онд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж, дараа нь Оксфордын Их сургуульд хиймэл оюуны бодлогын судлаач, цаашлаад SpaceX компанид ажилласан туршалагтай. Монгол Улс дижитал хоцрогдлоо нөхөх ховор боломж, орон нутаг болон хотын боловсролын зөрүү, Монголд төвтэй олон улсын хиймэл оюуны боловсролын байгууллага байгуулах мөрөөдөл гэсэн гурван шалтгаан түүнийг эх орондоо эргэн ирэхэд хүргэсэн байна.

Хоёр жилийн өмнө байгуулагдсан AI Academy Asia өнөөдөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн хиймэл оюуны сургалтууд явуулахаас гадна судалгаа, технологийн хөгжүүлэлт, бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Тус байгууллага нь Камбож, Азербайжаны Засгийн газар, Тажикистан, Энэтхэг, Хонгконг, Бүгд Найрамдах Гана, UNICEF, Дэлхийн банк болон олон улсын технологийн компаниудтай хамтран төслүүд хэрэгжүүлж, өөрсдийн хөгжүүлсэн технологийн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Үндэсний хиймэл оюуны аян

AI Academy Asia үүсгэн байгуулагдсанаас хойш 26 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, 20,000 гаруй суралцагчид хүрсэн байна. НҮБ-ын ITU AI Skills Coalition, Голомт банктай хамтарсан "Үндэсний хиймэл оюуны аян" хоёр жил дараалан явагдаж, 21 аймгийн 1,000 багшийг хиймэл оюуны багшаар бэлтгэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд нээлттэй зарласан сүүлийн элсэлтэд орон даяар 4,000 орчим багш хүсэлт ирүүлснээс 500 нь шалгарч, Голомт банкны дэмжлэгээр цахимаар хиймэл оюун болон санхүүгийн боловсролд үнэ төлбөргүй суралцжээ. Эхний жилийн төгсөгч Хөвсгөл аймгийн Эрдэнэ-Булган сумын хоёр багш нар гэхэд бие даан 400 хүүхдэд хиймэл оюуны хичээл заасан байна. Эдгээр багшаар дамжуулан одоогоор 40,000 орчим сурагч хиймэл оюуны боловсрол эзэмшиж байгаа бөгөөд 2029 он гэхэд 2,500 багшаар дамжуулан жилд 100,000 сурагч сургах зорилт тавьжээ.

GirlsCode хөтөлбөрийн 250 гаруй төгсөгчийн дундаас Duke, Vanderbilt, Кембрижийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж, дэлхийн технологийн салбарт хөл тавьсан охид төрөн гарсан аж. Мөн эмэгтэйчүүдийн технологийн манлайллыг дэмжих, тэдэнд хиймэл оюун ухааны чадамж олгох зорилготой "AI For Women 100x100" хөтөлбөрийг 2025 онд эхлүүлж, салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийг ирээдүйн технологийн манлайлагч охидуудтай хиймэл оюуны эрин үед цуг бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Сургуулийг бүхэлд нь "AI Native" болгоно

UNICEF, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр тус байгууллага нь эх хэл дээр суурилсан сургалтын туслах хэрэгслүүд болох AI Tutor, Teacher Virtual Assistant-ийг хөгжүүлж, сургуулиудад нэвтрүүлж байна. Дотоодын инженерийн нөөцөө "AI ChangeMakers" хөтөлбөрөөр дамжуулан 50 инженер бэлтгэх замаар бүрдүүлж, төгсөгчдөө Дэлхийн банк, Боловсролын яамны хамтарсан төсөлд ажиллуулж эхэлжээ.

Мобиком корпорацитай хамтарсан "AI Native School" төсөлд Улаанбаатар хотын 57, 79 дүгээр сургууль, Төв аймгийн Борнуур сумын сургууль, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар сургууль сонгогдсон. Мобиком анги танхимыг иж бүрэн тохижуулж, AI Academy Asia хоёр сарын хугацаанд сургуулийн захиргаа, багш нарыг бүхэлд нь сургана. Оролцогчид сургуулийнхаа тулгамдсан ажлыг хиймэл оюунаар автоматжуулах зэрэг бодит бүтээгдэхүүнтэй Capstone төсөл хийж, аравдугаар сарын дундуур төгсөх байна.

Дэлхийн жишиг хөтөлбөр, эх хэл дээрх сургалт

Олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрийг гадаадын зөвлөхүүдтэй хамтран эх хэл дээрээ боловсруулж, малчин өрхийн хүүхдэд Улаанбаатарын сурагчтай ижил түвшинд суралцах боломж олгосон нь уг шагнал хүртсэн загварын гол онцлог. AI Academy Asia нь эхэндээ гадаад багш нараар хичээл заалгадаг байсан ч хэлний бэрхшээлээс үүдэн Харвард, Стэнфордын түвшний багш, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөрөө монгол багш нараараа заалгах хэлбэрт шилжжээ. Ахлах зөвлөхөөр Харвардын их сургуулийн Berkman Klein төвийн судлаач, профессор Марк Эспозито тэргүүтэй ажилладаг бөгөөд тус байгууллага Их Британийн The CPD Certification Service-ийн магадлан итгэмжлэлтэй. Эдгээр ажлыг үндсэн 15 орчим ажилтан, гадаад дотоодын 20 гаруй эксперт, цагийн багш нарын хамт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хэрэгжүүлж байна.

“AI Academy Asia”-ийн хамт олны ярилцлагыг энд дарж уншаарай

Монголоос долоон улс руу, цаашлаад Африк руу

Монголоос эхэлсэн загвар Азербайжаны ASAN AI Hub, Энэтхэгийн GHE Foundation зэрэг хамтрагчдаар дамжин олон улсад нэвтэрч байна. AI Academy Asia одоогоор Монголоос гадна Азербайжан, Тажикистан, Камбож, Филиппин, Хонконг, Энэтхэг зэрэг долоон улсад үйл ажиллагаа явуулж, UNICEF-ийн WASH хөтөлбөртэй хамтран Африкийн залуучуудад зориулсан хиймэл оюуны сургалтын төсөл дээр ажиллаж байгаа аж.
Дотооддоо AI Academy Asia ITU-тай хамтарсан "AI Acceleration Program"-ыг шинээр эхлүүлж байна. Суралцагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хос сертификат авч, өөрийн ажил, бизнест нэвтрүүлэх автоматжуулалт эсвэл AI агентаа бүтээж байж төгсөнө.