Хиймэл оюун бидний ажиллах, суралцах, бүтээх арга барилыг урьд өмнөхөөсөө илүү хурдтай өөрчилж байна. Энэ өөрчлөлт дунд шинэ технологийг хэрэглэгчийн түвшинд ашиглах бус, түүнийг ойлгож, өөрсдийн асуудлыг шийдэхэд ашиглаж, цаашлаад дэлхийн хөгжлийн нэг хэсэг болох тухай асуулт улам чухал болжээ.
Энэ асуултын хариуг Монголд эрэлхийлж буй багуудын нэг бол AI Academy Asia. Хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус байгууллага өнөөдөр хиймэл оюуны боловсролоос гадна судалгаа, технологийн хөгжүүлэлт, бодлогын зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж, олон улсын төслүүд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ багш, инженер, судлаачдаараа дамжуулан хиймэл оюуны мэдлэгийг илүү олон хүнд хүртээмжтэй болгохыг зорьж буй.
Ташрамд дуулгахад, тэдний эхлүүлсэн, хамгийн богино хугацаанд хиймэл оюуны бодит ур чадвар олгох “AI Acceleration Program”-ийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдээд байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Би 2020-2023 онд төрийн албанд ажиллаж байгаад Оксфордын Их сургуульд хиймэл оюуны бодлого судлаачаар ажиллах боломж тохиосон юм. Тэнд хиймэл оюуны талаарх гүнзгий мэдлэг, ур чадварыг эзэмшсэн гэж хэлж болно. Дараа нь SpaceX компанид ажиллаж байхдаа хиймэл оюун нь бидний сайн мэдэх сошиал медиагаас ч илүү том тэсрэлт болох юм байна гэдгийг маш тодорхой ойлгосон.
Тэр үед надад Монголын маань ирээдүйтэй холбоотой хэд хэдэн чухал бодол орж ирсэн юм. Нэгдүгээрт, бид салбар бүрд олон улсаас 10-20 жилээр хоцорч явдаг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор энэ шинэ технологи бол бидний хувьд дахин олдошгүй, хоцрогдлоо нөхөх том боломж юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эзэмшиж буй боловсрол, STEM болон хиймэл оюуны хөтөлбөрүүдийг Монголын, ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн орчинтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байв. Энэ асар том зөрүүг багасгах шаардлагатай гэж харсан. Гуравдугаарт, Монголдоо төвтэй, олон улсад үйл ажиллагаа явуулдаг хиймэл оюуны боловсролын байгууллага байгуулах мөрөөдөл намайг эх орон руу минь хөтөлсөн дөө.
AI Academy Asia байгуулагдаад хоёр жил өнгөрсөн байна. Хүмүүс манайхыг зөвхөн сургалт явуулдаг гэж боддог ч бид судалгаа шинжилгээ хийж, улс орнуудын засгийн газарт хиймэл оюуны хөгжлийн бодлогыг нь гаргаж өгдөг. Мөн технологийн бүтээгдэхүүн өөрсдөө хөгжүүлэн олон улсын зах зээлд борлуулж байна. Одоогоор бид Камбож, Азербайжаны Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн банк, олон улсын технологийн компаниудтай хамтран 5-6 орны нутаг дэвсгэрт төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.
Тэрчлэн бид олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгох үүднээс Английн Засгийн газрын CPD магадлан итгэмжлэлийг авсан. Анхандаа гадаад багш нараар хичээл заалгадаг байсан ч хэлний бэрхшээлээс үүдэн одоо Стэнфорд, Харвардын түвшний гадаад багш нартайгаа хамтран хөтөлбөрөө боловсруулж, түүнийгээ монгол багш нараараа заалгах хэлбэрт шилжүүлсэн.
Олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Үндэсний хиймэл оюуны аян"-ыг хоёр жил дараалан явуулж, 1,000 багш бэлтгэлээ. Эдгээр багш нар маань энэ жилээс 40,000 хүүхдэд хичээл зааж байна. Үүнээс гадна "AI for Women", "Girls/Boys Code", "AI Native School" зэрэг нийгмийн чухал төслүүдийг цувралаар хэрэгжүүлж байгаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би 2003 оноос буюу их сургуулийн 2 дугаар курст байхаасаа л мэдээллийн технологийн салбарт програм хөгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ салбартаа цөөхөн эмэгтэй инженерүүдийн нэг байлаа. Ингээд бодохоор IT-ийн салбарт тасралтгүй 23 жил ажиллажээ. AI Academy Asia-тай холбогдсон үе гэвэл үүсгэн байгуулагдаж, анхны алхмуудаа хийж байхад нь цагийн багшаар орж, улмаар үндсэн багш, үйл ажиллагаа хариуцсан захирлаар бүх цаг зав, туршлагаа зориулан ажиллаж байна.
Миний хувьд хиймэл оюуныг өдөр тутмын ажилдаа маш сайн ашигладаг болохоор багадаа 4 хүний ажлыг нэг зэрэг хийдэг. Манай академи 10-20 ажилтантай гэхэд хүн бүр AI ашиглан 3-4 хүний ажил амжуулдаг гэхээр бараг 50-60 хүнтэй байгууллага шиг л өндөр бүтээмжтэй ажилладаг гэсэн үг.
Өглөө 07:30 цагт онлайнаар болон танхимаар хичээл заахаас миний ажлын өдөр эхэлдэг. Хиймэл оюуны салбар өөрөө асар хурдтай хөгжиж байгаа учраас хичээл заах бэлтгэл, сургалтын хөтөлбөрийн сайжруулалт дээрээ тасралтгүй ажилладаг юм. Мөн салбар байгууллагуудын сургалтыг давхар хариуцдаг тул тухайн салбар бүрийн судалгаан дээр нэлээд цаг зарцуулна. Үүнээс гадна сургалтын бизнес учраас суралцагч, багш нар, анги танхимын менежментийг хийдэг. Баг хамт олондоо туршлагатай инженерийн хувьд болон удирдлагын түвшинд ч менторлоно, чиглүүлнэ, шинэ залуу ажилтнуудаа урамшуулж ажиллана. Товчхондоо, өглөө, өдөр, оройдоо хичээлээ заагаад, завсраар нь хичээлийн бэлтгэл, академийн үйл ажиллагаа, менторшип гээд олон ажлыг амжуулдаг даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ /Обуна/
Манайх 15 орчим үндсэн ажилтантай. Багш, инженерүүдээс бүрдсэн гадаад, дотоодын 20 гаруй эксперт, мөн 10 орчим цагийн багшаар ажиллаж буй залуустайгаа нийлээд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Миний хувьд барьж авсан ажлынхаа хойноос өдөр шөнөгүй, яг л ус агаар мэт чухалчилж, хамаг анхаарлаа бүрэн зориулж байж ард нь гардаг зантай. Олон зүйл рүү нэгэн зэрэг анхаарч, цаг алдахаас илүүтэйгээр, барьж авсан нэг ажлаа маш сайн чанартай, гүйцэтгэл өндөртэй хийхийг чухалчилдаг.
Өмнө нь би илүү project-based буюу богино хугацааны төсөлд суурилсан сэтгэлгээтэй байсан бол одоо илүү урт хугацааны, нийгэмд үзүүлэх бодит нөлөөллийг харж төлөвлөдөг болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоо өөртөө болон багийнхандаа заавал тавьдаг хоёр гол зарчим бий.
Эхнийх нь bear hug буюу боломж бүрийг тултал шавхах. Ямар нэгэн даалгавар, шийдэл дээр миний анх бодсоноос заавал илүү гарсан 2-3 өөр сонголт, гарц бодож олохыг шаарддаг. Бүх боломжит хувилбаруудыг бүрэн тооцоолж, хамгийн оновчтойг нь сонгоно гэсэн үг.
Дараагийнх нь one extra mile буюу дахин нэг илүү алхам хийх. Өөрөөр хэлбэл, заавал нэг алхам илүү хийж, хүлээлтээс давуулж ажиллахыг хичээдэг. Энэхүү баримтлал маань хувийн карьер, ялангуяа олон улсын томоохон хурал, форум дээр өөрийгөө болон байгууллагаа таниулж, амжилттай ажиллахад том нөлөө үзүүлсэн гэж боддог шүү.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Яг жилийн өмнө Төслийн менежерээр ажилд орж байлаа. Тухайн үед байгууллага маань зөвхөн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан ч, өмнөх туршлагадаа үндэслэн удирдлагатайгаа зөвлөлдсөний үндсэнд технологийн туршилтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ туршилт маань амжилттай болж, өдгөө бид дотроо технологийн багтай, бие даасан хөгжүүлэлт хийдэг компани болон өргөжөөд байна. Миний хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн Технологи хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байгаа.
Тусгай хэрэгслүүдийг ашиглан мессеж, чат, и-мэйлүүдийг дандаа гол санаагаар нь хураангуйлуулж авдаг. Жишээ нь, Meta болон Microsoft 365 дээрх AI хураангуйлах функцүүдийг өдөр тутамдаа ашиглаж байна. Мөн ирж буй хүсэлт, мэдээллүүдэд дүрэм тогтоож, Claude автоматжуулалт ашиглан и-мэйл, чатаа ангилан, яаралтай бөгөөд чухал мэдээллийг автоматжуулдаг. И-мэйл их бичдэг хүмүүст энэ аргыг заавал туршаад үзээрэй гэж зөвлөнө.
Төхөөрөмжийн хувьд том чихэвч байнга ашигладаг. Ажилдаа гүн төвлөрөх шаардлага их гардаг учраас анхаарал төвлөрөхөд тусалдаг давтамжтай ая сонсох дуртай.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би академиасаа гадна МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багшилдаг. Мөн эдийн засаг болон хиймэл оюуны чиглэлээр дагнан судалгаа ч хийдэг. Олон ажлыг цаг алдалгүй амжуулах гол арга барил маань долоо хоногийн өдрүүдээ тодорхой чиглэлээр блоклох юм. Жишээ нь, би гурав дахь өдрийг заавал төвлөрч суудаг судалгааны ажилдаа зориулдаг. Тэр өдөр ямар ч уулзалт, хуралд орохгүйгээр зөвхөн судалгаандаа бүрэн төвлөрдөг гэсэн үг.
Мэдээж хиймэл оюуны хэрэгслүүдээ тултал ашиглана. Ялангуяа эрдэм шинжилгээ, багшлах ажилд маань их тусалдаг юм. Өмнө нь хичээлийн танилцуулга бэлдэх, жижиг сажиг зохион байгуулалтын ажилд их цаг зарцуулдаг байсан бол одоо AI ашиглаад маш хурдан гүйцэтгэдэг болсон. Тэгснээр багш хүнд "Би энэ хичээлийг оюутнуудад яаж илүү сонирхолтой, өгөөжтэй заах вэ?", "Тэдний тархинд яг юу үлдэж байна вэ?" гэж бодох бүтээлч орон зай үлддэг давуу талтай. Мөн PhD оюутнуудаараа анхан шатны дата цэвэрлүүлэх, туслах ажил хийлгэдэг байсан нь өөрчлөгдөж, одоо энэ бүх механик туслах ажлуудыг хиймэл оюунаар хийлгэх боломжтой болсон байна.

Би 2025 онд компьютерын ухааны чиглэлээр магистраа хамгаалсан. Дараа нь хиймэл оюуны чиглэлээр мэдлэг, туршлагаа илүү гүнзгийрүүлэх шаардлагатай гэж үзээд “AI Academy Asia”-аас зохион байгуулсан "AI ChangeMakers" хөтөлбөрийн 50 инженер бэлтгэх төслийн II шатанд тэнцэн амжилттай төгссөн юм. Төгссөнийхөө дараа тус академийн технологийн захиралтай холбогдож, Дэлхийн банк болон Боловсролын яамны хамтарсан боловсролын салбарын төсөл дээр ажиллах урилга авснаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн хиймэл оюуны инженерээр ажиллаж байна.
Би олон ажлыг нэгэн зэрэг хийхдээ тийм ч сайн биш. Зарим хүмүүс олон ажил зэрэг амжуулдаг бол миний хувьд цөөн хэдэн том ажил дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллах нь хавьгүй илүү бүтээмжтэй. Юутай ч өглөө ирээд хийх ажлуудаа сайтар төлөвлөж, хамгийн чухал, хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү, хамгийн их цаг шаардлагатай ажлуудаа эхэнд барьж авдаг. Өглөө эрч хүчтэй үедээ тийм ажлуудаа нугалчихвал үдээс хойш арай жижиг сажиг, хөнгөн ажлуудаа цэгцлээд явахад амар байдаг юм.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлаа төлөвлөхдөө чухал ач холбогдолтой ажлуудаа хамгийн түрүүнд тодорхойлж барьж авдаг. Зайлшгүй тунгаан бодох чухал ажлуудаа эхэнд нь шийдчихвэл дараа дараагийн ажлууд цэгцрээд явчихдаг шүү. Мөн төлөвлөлтийг цаг хугацааны хувьд дараах хоёр түвшинд хийнэ.
Нэгдүгээрт, байгууллагын хэмжээнд жилээр болон хагас жилээр нь томоохон воркшоп хийж, үндсэн зорилтуудаа тодорхойлдог. Жишээ нь, хавар, намар, зуны B2C элсэлтээр багадаа 100, цаашлаад 300 хүртэлх суралцагч авна гэх мэт зорилгоо шат дараатай тавина. Мөн B2B буюу байгууллагын сургалт дээр урьдчилан судалгаа хийж, энэ салбарууд руу төвлөрье гэх мэтээр чухал ажлуудаа эрэмбэлдэг.
Хоёрдугаарт, том зургаар нь чухал төлөвлөлтүүдээ гаргачихсан байхад дараагийн деталь ажлуудыг багийнхантайгаа хуваан авч, төслийн менежментийн тусгай програм хэрэгслүүд дээр таск болгон хуваарилж өгдөг.

Би ажлын зохион байгуулалтдаа эмх цэгцтэй ханддаг. Сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, анхаарлаа бүрэн төвлөрүүлж, ажиллах цаг зэрэг амьдралынхаа чухал хэсгүүдэд зориуд цаг гаргаж, тэнцвэртэй авч явахыг хичээдэг.
Өдрийн тодорхой цагуудыг өөр өөр ажилд зориулдаг учраас бүтэн өдрийн сургалттай үеэс бусад тохиолдолд өглөөнөөс орой хүртэл ганц зүйл дээр суудаггүй.
Миний хувьд хамгийн чухал зүйл бол анхаарлаа сарниулахгүй байх. Үүний тулд утасныхаа бүх мэдэгдлийг хаасан. Зурвас ирсэн даруйд шалгахын оронд тухайн апп руу орж байж уншдаг. Outlook ч ялгаагүй, и-мэйлийн мэдэгдэл ирэхгүй. Хэзээ и-мэйлээ шалгахаа би өөрөө шийддэг гэсэн үг. Ингэж анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурсан нь миний карьерт их үр дүн авчирсан дадлуудын нэг.
Мөн миний ажил дэлхийн олон улсыг хамардаг учраас цагийн бүс, нойрны хэмнэл, хаанаас ажиллаж байгаагаа нарийн зохицуулах шаардлагатай. Тиймээс цаглавар дээрээ ямар ч дуудлага, уулзалт товлодоггүй, ажлаас бүрэн хөндийрөх өдрүүдийг зориуд блоклодог. Үүнээс гадна “дижитал детокс” хийх цагийг тогтмол гаргана. Ууланд гарч цанаар гулгах гэхчлэн технологи, ажлаас хэсэг хугацаанд бүрэн хөндийрч, тархиа амраахыг хичээдэг. Заримдаа амралтын хэдхэн өдөр, заримдаа бүр хэдэн долоо хоног ч үргэлжилж болно.
Эцэст нь, өөрийгөө зөв удирдаж, шаардлагатай үед бүрэн амрааж чаддаг байх нь хийж буй ажлынхаа чанарыг хадгалах амин чухал нөхцөл гэж боддог.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчээ сэлбэх хамгийн сайн арга нь байгальтайгаа ойр байх гэж боддог. Заавал хөдөө явахгүйгээр, өвөл ч байсан нар тусаж байгаа газар очоод зүгээр л наранд ээн суухаар сайхан сэргээд ирдэг.
Мөн бид өдөр тутамдаа гэр бүл, ажил гээд нийгмийн жижиг орчнуудын хооронд шилжин явдаг шүү дээ. Тийм болохоор өөртөө ганцаараа байх цаг гаргах нь маш чухал. Заавал олон цаг байх шаардлагагүй. Ердөө 5-10 минут ч гэсэн ганцаараа тухтай сууж кофе уух, эсвэл дуртай киногоо хэсэгхэн хугацаанд үзэхэд л сэтгэл санаа сэргэж, эрч хүчээ нөхөж чаддаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Манай AI Academy Asia нийгэмд чиглэсэн төслүүдэд идэвхтэй оролцдог. Тухайлбал, миний хувьд өнгөрсөн хавар хоёр дахь удаагаа хэрэгжүүлсэн "Үндэсний хиймэл оюуны хөтөлбөр" буюу 500 багш бэлтгэх сургалтын үндсэн багшаар ажилласан. Энэхүү хөтөлбөрийг ЕБС-ийн багш нарын дунд нээлттэй зарлаж, орон даяар 4,000 орчим багш хүсэлтээ ирүүлснээс 500 багшийг шалгаруулан, Голомт банкны дэмжлэгтэйгээр цахимаар үнэ төлбөргүй хамруулсан юм. Уг төсөл маань хоёр дахь жилдээ хэрэгжсэн бөгөөд одоогоор нийт 1,000 сургагч багшийг бэлтгээд байна. Сонирхуулахад, эхний жилийн төгсөгчдөөс Хөвсгөл аймгийн хоёр багш л гэхэд бие даан 400 хүүхдэд AI-ийн хичээл орсон байна. Энэ мэтчилэн бэлтгэгдсэн багш нараар дамжуулан хиймэл оюуны боловсрол маш хурдацтай тархан тэлж байгаа.
Мөн яг одоо Мобиком Корпорацын дэмжлэгтэйгээр "AI Native School" төслийг эхлүүлээд байгаа. 500 багшийн хөтөлбөр нь сургууль бүрээс 1-2 багш сургасан бол энэ удаагийн төсөл сургуулийг нэг нийгэмлэг, экосистемээр нь "AI Native" буюу хиймэл оюунд суурилсан сургууль болгон хөгжүүлэх зорилготойгоор дараагийн шатанд гарч байгаа юм. Улаанбаатар хотын 57, 79 дүгээр сургууль, Төв аймгийн Борнуур сумын сургууль, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар сургуулиуд тус тус сонгогдсон.
Мобиком Корпорацаас эдгээр сургуулийн анги танхимыг иж бүрэн тохижуулж өгч байгаа бол бид хоёр сарын хугацаанд тухайн сургуулийн захиргаа, багш нарыг бүхэлд нь сургана. Улмаар суралцагчид "Capstone Project" буюу сургуулийнхаа нэг тулгамдсан ажлыг AI ашиглан автоматжуулах, вэбсайт хийх гэх мэт бодит бүтээгдэхүүн хийж аравдугаар сарын дундуур төгсөх юм.

Манай академи одоогоор Монголоос гадна нийт долоон улсад үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Азербайжан, Тажикистан, Филиппин, Камбож руу чиглэсэн төслүүд хэрэгжиж байгаагаас гадна Хонконг, Энэтхэгт үйл ажиллагаа маань тэлсээр байгаа. Сүүлийн үед миний хувьд Африкийн орнууд руу чиглэсэн төслүүдэд түлхүү анхаарал хандуулж байна.
Бид НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) WASH хөтөлбөртэй хамтран Африкийн Гана, Кени зэрэг улсын залуучуудад зориулсан хиймэл оюуны сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа. Цаашид “AI Academy Africa" нэртэй бие даасан салбар байгуулах том алсын хараатай ажиллаж байна. Энэхүү төсөл маань ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр албан ёсоор зарлагдахаар төлөвлөгдөж байгаа юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мягмарсүрэн
Хиймэл оюуныг бусдад заахын тулд бид өөрсдөө технологийн шинэ тренд бүртэй хөл нийлүүлэн алхаж, маш хурдтай суралцах шаардлагатай. Хэрэв хүн өөрөө сониуч зантай бол энэ нь тасралтгүй өөрөө сайжрах асар том боломж. Тэр ч утгаараа аз жаргалтай ажил.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл мэдээллийн технологийн салбар өөрөө хурдацтай ч хиймэл оюун сүүлийн жилүүдэд хэтэрхий хурдтай хөгжиж байна. Гарч ирсэн шинэ технологи бүрийг өөрсдөө туршиж, судалж байж бусдад заана гэдэг том сорилт юм. Ялангуяа технологийн суурь мэдлэггүй хүмүүст технологи заахад цаана нь мэдээллийн аюулгүй байдлын асар том эрсдэл бий. Тиймээс шинээр гарсан судалгааны ажлууд, мэдээллүүдийг цаг алдалгүй уншиж, Монголынхоо онцлог, хүмүүсийнхээ цахим ур чадварт тохируулан алийг нь хүмүүст зааж болох вэ, алийг нь харзнах ёстой вэ гэдгийг тунгаах шаардлагатай байдаг.
Орой гэртээ очоод кино үзэхийн оронд шинэ мэдээ, подкаст сонсохгүй л бол маргааш өглөө босоод ирэхэд өөр ертөнц угтана. Бас сайн судлахгүй бол хүмүүст эрсдэлтэй зүйлийг гоё юм байна гээд заачхаж мэднэ. Тиймдээ ч бидний ажил зогсолтгүй суралцахыг шаарддаг, маш өндөр хариуцлагатай ажил.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ /Обуна/
Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид Монголд 15,000 орчим хүнийг сургалтдаа хамруулсан байна. Эдгээрийн дотор үндэсний томоохон компаниуд, корпорацууд, олон улсын байгууллагууд, томоохон төслийн багууд бий. Үүний дүнд монгол хүмүүст хиймэл оюуныг практикт нэвтрүүлэхэд яг ямар асуудал, бэрхшээл тулгарч байгааг чамгүй сайн ажиглаж, судаллаа.
Уг туршлага дээрээ үндэслэн монголчууддаа зориулж, хамгийн богино хугацаанд бодит ур чадвар олгох "AI Accelerator" хөтөлбөрөө шинээр боловсруулан гаргаад байна. Энэхүү хөтөлбөр маань хэд хэдэн онцлогоороо ялгарна.


Нэгт, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай. Манай хөтөлбөр мэдээллийн технологийн салбарын дэлхийн толгой байгууллага болох НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай (ITU) хамтарч байгаагаараа онцлог. Суралцагчид олон улсад шууд хүлээн зөвшөөрөгдөх хоёр давхар сертификаттай төгсөнө гэсэн үг юм.
Хоёрт, бид суралцагчдадаа зүгээр нэг компанийн бэлэн програм эсвэл хэрэгсэл дээр хэрхэн товчлуур дарахыг заахгүй. Тийм зүйлийг интернэтээс үзээд сурчих боломжтой. Бидний гол зорилго бол цаашид ямар ч түвшний шинэ AI хэрэгсэл гарч ирсэн, тухайн хүн өөрийнхөө ажлыг хялбаршуулаад ашиглачих суурь ур чадварыг олгох явдал юм. Ялангуяа Монголын бизнес, дэд бүтцийн орчинд AI агентыг яаж өөрсдөө угсарч, ажиллагаанд оруулах, бизнес дээрээ яг хаанаас нь эхэлж автоматжуулалт хийх вэ гэдэг практик шийдлийг олгоно.
Гуравт, "Capstone Project" буюу бодит бүтээгдэхүүнтэй төгсөнө. Энэ хөтөлбөрөөс зөвхөн онолын мэдлэгтэй буцахгүй гэсэн үг. Суралцагч өөрийнхөө бизнес эсвэл өдөр тутмын ажилд нэвтрэх автоматжуулалт, апп эсвэл AI агентаа заавал угсарч байж сертификатаа авах нөхцөлтэй.
Дөрөвт, хөтөлбөрийн агуулгыг Харвард Их сургуулийн багш нар тусгайлан манай монгол багш нарт зориулж боловсруулсан. Манай багш нарын хувьд ч Стэнфордод докторын дараах судалгааны ажлаа хийсэн, Солонгост хиймэл оюунаар магистр хамгаалж салбартаа ажилласан, Монголын томоохон системүүдийн хиймэл оюуны шилжилтийг удирдаж байсан туршлагатай шилдэг мэргэжилтнүүд байгаа.
Өнөөдөр AI асар хурдтай хөгжиж байгаа учраас компаниуд заавал гаднаас ажиллах хүч авч, нүсэр систем угсруулахаас илүүтэй ажилтан бүр өөр өөрийнхөө өдөр тутмын ажлыг өөрсдөө автоматжуулж эхлэх нь хамгийн чухал болоод байна. Энэ чадварыг эзэмших эртхэн эзэмших нь хувь хүн, байгууллагад зөв хөрөнгө оруулалт болно.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Технологи хариуцсан захирал Н.Асрал
Ямар нэг шинэ технологи гарахад эхлээд хэрэглэгчийн өнцгөөс өөрөө хэрэглэж, ажиллах зарчмыг нь судална. Дараа нь үүнийг өөрсдийн ажилд яаж тусгаж болох вэ, цаашлаад ямар шинэ санаачилга гаргаж болох вэ гэдгээ тодорхойлоод, шууд демо байдлаар туршиж үздэг. Тэгээд хэрэглэгч болон бүтээгчийн талыг зэрэг харж, ижил төстэй бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулан суралцдаг даа.
Хиймэл оюуны инженер Т.Оюунбаатар
Инженер хүн учраас асуудлын учир шалтгааныг заавал гүнзгий ухаж ойлгохыг хичээдэг. Жишээ нь, хиймэл оюунаас зүгээр нэг асуулт асуучхаад, хариултыг нь өнгөц аваад орхичихвол дараа нь арай илүү ахисан түвшний асуудал гарахад хариулж чадахгүйд хүрнэ. Өнгөц мэдлэг цааш явахад саад болдог гэсэн үг л дээ.
Тэгэхээр эхлээд яагаад энэ зүйл болж байна, яагаад болохгүй байна, алдаа нь хаанаа байна гэдгийг ул суурьтай, сууриар нь ойлгож авсныхаа дараа дээш ахих нь хавьгүй хялбар бөгөөд үр дүнтэй.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн үед биологийн чиглэлийн номууд маш сонирхолтой санагдах болсон. Бидний ажилладаг хиймэл оюун, технологи гэдэг чинь ерөөсөө л хүний тархи, бие организмыг дуурайлгаж бүтээж байгаа зүйл шүү дээ. Тухайлбал, Сиддхартха Мукержигийн "Эсийн дуулал" (The Song of the Cell) болон хүний дархлааны тогтолцооны тухай хялбаршуулан бичсэн Филипп Деттмерийн “Дархлаа” номыг шимтэн уншиж байна. Сэтгэл санаагаар унах эсвэл ганцаардах үед миний дотор ямар олон эс, организм намайг амьд байлгахын төлөө ажиллаж байгаа билээ гэдгийг мэдэх төдийд урам зориг авдаг.
Дууны тухайд ажилдаа төвлөрөхөд хэмнэл нь ижил, намуухан ая сонсох дуртай. Ирландын Sail North хамтлагийн поп дуунуудыг ихэвчлэн сонсдог. Нэгэн хэвийн давтамжтай аянууд нь анхаарал төвлөрөхөд дэмжлэг болдог шүү. Кино гэвэл “A Beautiful Mind” (2001), “I Origins” (2014) бүтээлүүдийг санал болгомоор байна.

Номын тухайд Каланитигийн "Breath Becomes Air" номыг санал болгомоор байна. 20 гаруйхан насандаа яваа, цаашид яахаа сайн мэдэхгүй эргэлзээтэй үедээ уншихад их зүйл бодогдуулна. Агуулга нь 40 настай, карьерынхаа өндөрлөгт явсан тархины мэс засалч залуу өөрөө хорт хавдар туссанаа мэдэж, үхэлтэйгээ нүүр тулж байгаа тухай бичсэн асар гунигтай ч их зүйл ухааруулдаг ном. Энэ номоос би амьдралын хамгийн чухал зүйл бол хажууд байгаа хүмүүс, тэдэнтэй үүсгэх харилцаа юм байна гэдгийг ойлгосон. Мөн сүүлд Солонгосын дөрвөн үеийн гэр бүлийн хүнд бэрх амьдралыг харуулсан Мижин Лигийн "Pachinko" номыг амтархан уншсан.
Би сүүлийн үед 1980-аад оны дуунуудыг шимтэн сонсож байгаа. Майкл Жексон, Принс нарын бүтээлүүдэд их дуртай. Тухайлбал, Сандрагийн "Loreen" гэж цангинасан аялгуутай дуу бий. Гэрээс ажил руугаа алхаж байхдаа сонсоход сайхан мэдрэмж өгдөг.
Киноны тухайд Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үгийн 2016 онд гаргасан "The Handmaiden" киног санал болгоно. Үйл явдлын огцом эргэлт нь үнэхээр гайхалтай. Сүүлийн хэдэн жилд тийм гэнэтийн эргэлттэй кино үзээгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Харин гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой, илүү хөнгөн кино гэвэл 2003 оны "Armageddon" кинонд дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хуучин ажлын ментор маань “Муу туршлага гэж байдаггүй" гэж хэлж байсан юм. Эргээд харахад тухайн үедээ ямар нэгэн ажил бүтэлгүйтэх эсвэл буруу шийдвэр гаргасан байлаа ч тэр болгон сайн туршлага болж үлддэг гэсэн санаа.
Ажлын байран дээр ч гэсэн үндсэн чиглэлээрээ өөрийгөө хязгаарлахгүй байх хэрэгтэй гэж боддог. Тэр үедээ холбоо хамааралгүй ажил юм шиг санагдаж байсан ч шинэ ажил, үүрэг даалгавар ороод ирэхэд түүнийг дургүйцэхгүйгээр өөртөө тусгаж аваад "Энэ бол миний амьдралд хэрэгтэй зүйл шүү" гэж харах нь зөв болов уу. Яагаад гэвэл тэрхүү жижиг сажиг, өөр өөр туршлагууд хэзээ нэгэн цагт өнөөдрийн намайг бүтээсэн байдгийг маш сайн ойлгож авсан. Тиймдээ ч энэ зөвлөгөөг авснаас хойш ямар ч шинэ ажил, сорилтоос ерөөсөө хойшоо суугаагүй.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр "Би хиймэл оюуныг ашиглаад яаж өөрийнхөө салбарт, өөрийнхөө ажилд дахин нэг алхам илүү явж, илүү том боломжийг бий болгох вэ?" гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй.
Бид хиймэл оюуныг зүгээр нэг гоё технологи эсвэл нэг удаагийн програм гэж харалгүй, өөр өнцгөөс харж сурах ёстой байна. Жишээ нь, өдөр тутмын асуудлаас эхлээд Монголд байгаа мал аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрийн тулгамдсан бэрхшээлийг хиймэл оюунаар яаж шийдэж болох вэ гэдэг бодит гарцыг олж харах нь чухал юм.
Нөгөө талдаа, бид улс орны хэмжээнд ч ирээдүйн байр сууриа зөв тодорхойлох шаардлагатай байна. Саяхан Хонконгт хуралд сууж байхад тэндхийн их сургуулийн ерөнхийлөгч, "McKinsey" зэрэг олон улсын томоохон байгууллагууд "Хонконг өөрөө технологи үйлдвэрлэдэггүй байлаа гэхэд яаж дэлхийн хиймэл оюуны бодлого, хэлэлцүүлэг өрнөдөг гол талбар болох вэ?" гэдэг стратеги ярьж байсан.
Үүн шиг, бид ч бас энэ шинэ ертөнцөд монголчууд хэн байх юм бэ, бусдаас юугаараа өөр, юугаараа давуу талтай байж чадах вэ гэдгээ өнөөдөр маш тодорхой харж, бэлтгэх цаг нь болсон гэсэн үг юм. Хөгжлийн энэ том давлагаанаас бид хоцрох эрхгүй.
“AI Academy Asia”-ийн Ахлах зөвлөх, Харвардын Их сургуулийн “Berkman Klein” төвийн судлаач, бизнес ба эдийн засгийн профессор, AI стратегийн мэргэжилтэн Марк Эспозито
Мэргэжил эзэмшиж, боловсролын зэргээ хамгаалж байх үе болон төсөөлж байсан карьер, бодит амьдрал дээр туулах зам хоёр нэлээн өөр. Би анх эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр түлхүү ажиллана гэж боддог байлаа. Гэвч яваандаа стратеги зэрэг шинэ сэдвүүд рүү орж, тэр чиглэлээрээ улам гүнзгийрсэн.
Үүний дараа нийгмийн шинжлэх ухаан, тогтвортой хөгжил, эргэлтийн эдийн засагт анхаарч эхэлсэн. Харвардаас Кембриж рүү шилжин энэ чиглэлээр судалгаа хийж, цаашлаад технологийн салбарыг илүү гүнзгий сонирхох болсон юм. Ингээд хиймэл оюуны ертөнцөд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, судлаач, багш зэрэг олон өөр үүргээр ажиллаж эхэлсэн. Сонирхолтой нь энэ бүхний эцэст би эргээд эдийн засаг руугаа буцсан юм. Харин одоо хиймэл оюун эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг түлхүү судалж байна.
Эргээд харахад карьер гэдэг урьдчилан бичсэн зохиолын дагуу өрнөдөг зүйл биш юм байна. Харин өөрчлөлт бүрд дасан зохицож, шинэ боломжид өөрийгөө бэлтгэн, тасралтгүй суралцах үйл явц. Өнөө үед насан туршдаа ганцхан төрлийн карьер хөөх ойлголт ч хэт явцуу болсон байж мэднэ. Олон өөр үүрэг хүлээж, өөр өөр “малгай” өмсөж үзэх нь нэг ажлаас ирэх дарамтаас хөндийрөх, мөн аливааг өөр өнцгөөс харах боломж өгдөг. Тиймээс залууст өгөх миний зөвлөгөө бол карьерынхаа туршид олон өөр амьдралаар амьдарч үзээрэй.
Ярилцлагын туршид багийн гишүүдийн хэлсэн санаа нэг зүйл дээр огтлолцож байлаа. Хиймэл оюуны эрин үед хамгийн чухал чадвар нь нэг хэрэгслийг сайн ашиглахаас илүү шинэ технологи гарч ирэх бүрд түүнийг ойлгож, өөрийн ажил, салбарт хэрхэн ашиглахаа мэддэг байх явдал ажээ.
Энэ зарчимд тулгуурлан AI Academy Asia “AI Accelerator” хөтөлбөрөө эхлүүлж буй бөгөөд бүртгэл дуусахад цөөн хоног үлдээд байгааг дахин дуулгая. Хөтөлбөрийн хүрээнд суралцагчид AI-ийн бэлэн хэрэгслүүдтэй танилцаад өнгөрөх бус, ажлын процессоо автоматжуулах, AI агент угсрах суурь ур чадвар эзэмшиж, эцэст нь өөрийн ажил, бизнест шууд ашиглаж болох бодит бүтээгдэхүүн бүхий Capstone Project-той төгсөнө.
Сэтгэгдэл бичих

