Хиймэл оюуны ур чадвар эзэмшиж, асуудал шийдвэрлэх чадвараа нэмэгдүүлмээр байна уу? Тэгвэл 100 шилдэг залуу мэргэжилтэн, 100 шилдэг оюутны нэг болж үнэ төлбөргүй “AI CHANGEMAKER 100x100” хөтөлбөрт хамрагдаарай. 

AI Academy Asia-аас залуучуудын технологийн ур чадварыг дээшлүүлж, хиймэл оюуны (AI) салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ. AI Academy Asia өмнө нь "AI for Women 100x100", "Үндэсний Хиймэл Оюуны Аян", "Охид Хөвгүүдийн Код Бичих Хөтөлбөр", “AI Native Сургуулиуд” зэрэг нийгмийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Түүнчлэн дээрх төслүүд нь өнгөрсөн есдүгээр сард НҮБ-аас зохион байгуулдаг дэлхийн цахим салбарын нэр хүндтэй шалгаруулалт болох "Digital@UNGA 2026"-д 146 орны 1,500 төслөөс шалгарч, дэд байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлсэн юм.

Энэ тухай энд дарж уншина уу.

Ийнхүү "AI Changemakers 100x100" хөтөлбөрийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын "AI Skills Coalition" эвслийн хүрээнд, AI Academy Asia-ийн санаачилгаар ерөнхий ивээн тэтгэгч Нэткапитал Санхүүгийн Групп болон хамтран ивээн тэтгэгч Монложистикс Группийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрт улс даяар 25-40 насны 100 залуу мэргэжилтэн, их, дээд сургуулийн 100 оюутан, нийт 200 оролцогчийг сонгон шалгаруулж, 2026 оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 долоо хоногийн хугацаанд хиймэл оюуны чиглэлээр үе шаттайгаар бэлтгэгдэнэ.


Хөтөлбөрийн онцлог

Сургалт нэгдсэн нээлтийн хичээл болон төгсөлтийн "Demo Day" арга хэмжээтэйгээр дараах хоёр зэрэгцээ ангиар явагдана:

- Залуу мэргэжилтнүүдийн анги (25-40 нас): Ажил, мэргэжилдээ хиймэл оюуныг шууд ашиглах хүсэлтэй залуучуудад зориулагдсан. AI агент болон систем бүтээх, бизнесийн урсгалыг автоматжуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, байгууллагадаа AI нэвтрүүлэлтийг манлайлах чадварт суралцана.

- Их, дээд сургуулийн оюутны анги: Хиймэл оюуны программчилсан суурьтай болж, хэрэглээний AI апп хөгжүүлж, ажил олгогчдын шаарддаг техникийн ур чадварыг эзэмшинэ.

Анги тус бүр 20 цахим хичээл, нийт 40 цагийн сургалттай. Сургалтын хөтөлбөрийг Их Британийн "CPD Certification Service"-ээр магадлан итгэмжлэгдсэн AI Academy Asia-гийн олон улсын болон дотоодын хиймэл оюуны судлаачид хамтран гаргасан гэдгээрээ онцлог.

Мөн хөтөлбөрийн бас нэг онцлог нь “Capstone” төсөл. Оролцогчид багт хуваагдаж өөрсдийн ажил, салбар, сургуулийн бодит асуудлыг сонгож, AI шийдэл бүтээн 12 дугаар сарын 26-ны төгсөлтийн “Demo Day” дээр биечлэн хамгаална. Ингэснээр сурсан мэдлэгээ бататгаж авах юм.


Яагаад чухал вэ? 

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) хиймэл оюун 97 сая шинэ ажлын байр бий болгоно гэсэн бол, ОУВС нийт ажлын байрны 40%-д нөлөөлнө гэж тооцоолжээ. Энэхүү хурдацтай өөрчлөлтийн үед Монголын залуус хиймэл оюуныг хэрэглэгч төдийгүй бүтээгчийн түвшинд эзэмших шаардлагатай байна. Иймд оюутнуудад бодит төслийн туршлага, техник портфолио бүрдүүлж өгөх, харин залуу мэргэжилтнүүдэд байгууллагадаа AI нэвтрүүлэх манлайлал олгох нь хөтөлбөрийн гол зорилго юм.

хөтбөлбөрийн мэдээллийг товчоор

Хөтөлбөр явагдах хэлбэр: Цахим
Бүртгэл хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 31-ний өдрийг дуустал
Хичээллэх хугацаа: 7 долоо хоног (2026.11.07 - 2026.12.26)
Төлбөр: Хөтөлбөр шалгарсан оролцогчдод үнэ төлбөргүй

Хэн хамрагдах боломжтой вэ?

- 25-40 насны, ажил мэргэжлийн үйл ажиллагаандаа хиймэл оюуныг нэвтрүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүд
- Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд

Жич: Хиймэл оюуны өмнөх мэдлэг шаардахгүй бөгөөд суралцах хүсэл, тууштай байдлыг голлон үнэлнэ.

Энд дарж хөтөлбөрт бүртгүүлээрэй.