Анагаах ухаан тэгж их хөгжсөн юм бол харшлыг яагаад эмчилж чаддаггүй юм бол гэж бодож байсан уу? Дэлхийн хүн амын 30-40% нь нэг эсвэл нэгээс дээш төрлийн харшилтай гэнэ. Харшил бол хувьслын биологи, амьдрах орчны өөрчлөлт, хүний бие физиологийн онцлог гээд олон хүчин зүйлсээс харилцан хамааралтай дархлаа судлалын ярвигтай асуудлуудын нэг. Тиймдээ ч судалгаа маш олон талаас хийгдсэн байдаг ч өдийг хүртэл яг тэр гээд хэлчих хариулт байхгүй хэвээр.
Мөн их судлагдсан чинээгээрээ буруу, ташаа олон янзын мэдээлэл, эм, тариа, гэрийн нөхцөлд эмчлэх арга ч түгжээ. Тэр бүгдээс шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээллээр өөрийгөө хамгаалах нь зүй.
Тиймд жил бүрийн энэ үед бичдэг уламжлалт харшилтай холбоотой нийтлэлээ энэ удаа ургамлын харшил бус харшил хэрхэн үүсэн тухай онолууд, хүнсний харшил болон хүүхдийг багаас нь хүнсний харшилтай болохоос нь сэргийлэх шинэ судалгааны тухай бэлдлээ.
Тиймд уншигч та зөвхөн ургамлын харшлын тухай мэдмээр байвал бидний өмнөх "Харшлын тухай таны мэдэх ёстой бүх зүйл" нийтлэлтэй танилцаарай.

Харшил гэгч хэрхэн бий болов?
2020 онд манай улсад хийгдсэн нэгэн судалгаанд Монголын таван хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлийн харшилтай хэмээх дүгнэлт гарсан байдаг. Тэр дундаа хүн амын 80 орчим хувь нь ургамлын тоосны харшилтай билээ. Ер нь яагаад хүн төрөлхтний бие бидний аминд халгүй тоос, тоосонцор, жимс, ногоо буюу энгийн зүйлсээс ингэж их айдаг болчхов? Үүнийг тайлбарлахыг хичээсэн онолуудаас танилцуулъя.
Түүхээс цухас дурдвал
Түүхээс цухас дурдвал
1. Шимэгч хорхойн онол
Эрт үед бидний өвөг дээдэс дэгээт хорхой, туузан хорхой гээд олон төрлийн шимэгчтэй байнга тэмцэлдэж амьдардаг байж. Үүнээс хамгаалахын тулд дархлааны систем IgE хэмээх тусгай эсрэг биеийг ялгаруулж эхэлсэн гэх энэ онол 1964 оны үед гарчээ.
Бидний ген сүүлийн 70 жилд төдийлөн өөрчлөгдөөгүй боловч бидний амьдрах орчин асар их өөрчлөгдсөн шүү дээ. Хүн төрөлхтөн ариутгал, цэвэрлэгээ хийхийн чухлыг ойлгож эрүүл мэндийн тогтолцоо ч тэр чинээгээр сайжирснаар өнөөх шимэгчдийг бид устах аргатай болсон. Гэтэл бидний дархлааны систем тэмцэх дайсангүй болчихсон тул уйдсандаа цэцгийн тоос гэх зэрэг гэм хоргүй юмсыг дайснаа хэмээн андуурч өнөөх эсрэг биеэ ялгаруулсаар байгаа гэж зарим эрдэмтэд үздэг юм.

2. Хэт цэвэр орчны онол
Дээрхтэй холбоотойгоор анх 1989 онд Их Британийн тархвар судлаач Дэвид Страчан 17,000 гаруй хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ нэгэн сонирхолтой зүйлийг ажиглажээ. Олон ах эгчтэй, өнөр өтгөн гэр бүлд өссөн хүүхдүүд харшлын ринит (hay fever) болон экземтэй болох магадлал айлын ганц эсвэл цөөн хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй бага байв.
Үүн дээр нэмээд 1990-ээд онд Германы хүүхдийн эмч, судлаач Эрика фон Мутиус Зүүн болон Баруун Германы хүүхдүүдийг харьцуулан судалжээ. Тэрээр агаарын бохирдол ихтэй Зүүн Германы хүүхдүүд харшил, багтраагаар өвдөх нь илүү их тохиолдоно гэж таамаглаж байв. Гэтэл барууны хэв маягтай, эрүүл ахуйн стандарт өндөртэй, илүү цэвэрхэн орчин өссөн Баруун Германы хүүхдүүдийн харшлын өвчлөл хамаагүй өндөр гарсан байна. Тиймээс хүүхдийг хэт цэвэрхэн орчинд өсгөх нь хожим нь харшилтай болох эрсдэлийг үүсгэж байж болзошгүй гэх онол үүсжээ.

3. Хагарсан цонхны онол
Өмнөх онолуудыг Йелийн Их сургуулийн судлаач Р.Меджитов няцаав. Хэрэв харшил нь зөвхөн шимэгч хорхой руу дайрах зорилготой байсан юм бол, яагаад бид шимэгч хорхойтой огт төстэй биш зүйлс буюу никель (металл), пенициллин (эм), эсвэл цэцгийн тоосноос харшилдаг юм бэ гэх асуултаас энэ онол үүсжээ.
Тэрээр харшлын үед илэрдэг нүд улайх, нус гоожих, хамар битүүрэх, найтаах шинж тэмдгүүд нь бие махбод өөрийгөө хүчээр цэвэрлэж буй хүний физиологийн хариу үйлдэл хэмээн үзсэн юм. Хар ухаанаар бодоход ч тэр хүн эвгүй, муудсан хоол идлээ гэхэд хоол боловсруулах замаар орж ирсэн тэр хоолыг цусанд шимэгдэхээс нь өмнө яаралтай биеэс хөөх буюу бөөлжиж эсвэл суулгаж хариу үзүүлдэг шүү дээ. Тэрэнтэй л адил хүн биедээ байгаа хорыг ингэж гадагшлуулж буй нь харшил гэж түүний багийнхан үзэв.

Тэд 2012 онд харшил хэрхэн ажилладгийг батлахын тулд хулгана дээр зөгийн хорны найрлагад байдаг эсийн бүрхүүлийг урж гэмтээдэг PLA2 хэмээх бодисыг туршжээ. Үр дүнд нь дархлааны систем тухайн бодис руу нь дайраагүй ба харин тухайн бодис биеийн эсийг гэмтээж урах үед хариу үйлдэл үзүүлж IgE эсрэг бие ялгаруулж эхэлдгийг ажигласан юм. Меджитов үүнийг “хагарсан цонхны дүрэм" гэж нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл гэрт хулгай орлоо гэж бодоход дохиоллын систем хулгайчийг царайгаар нь таньдаггүй шүү дээ, харин цонх хагарах буюу ямар нэг зүйл буруу болж эхлэх үед л аюул дэгдлээ гэж мэдээлдэгтэй өнгө ижил.
Хамгийн сонирхолтой нь, өмнө нь зөгийн хорны багахан тунд өртөж харшилтай болсон хулгануудад үхлийн аюултай өндөр тун бүхий хор тарихад, харшлын хүчтэй хариу урвал үзүүлсний ачаар хороо биеэсээ гадагшлуулж амьд үлдэж чадсан байна. Гэтэл харшилгүй хулганууд өнөөх хорыг тэсэж чадалгүй үхсэнийг нь Стэнфордын Их сургуулийн судлаач Стивен Галли могой болон зөгийн хор дээр мөн баталсан байдаг.
Харшил нь зөвхөн биеийг цэвэрлээд зогсохгүй, бидний зан үйлийг өөрчилдөг. Хэрэв та ямар нэгэн ургамалд хүрээд арьс тань улайж загатнадаг бол, эсвэл тодорхой орчинд ороход амьсгал боогддог бол та дахин хэзээ ч тийш зүглэхгүй л болов уу. Ингэж л эрт үед өвөг дээдэс маань хорт ургамал, хорхой шавж бүхий аюултай бүс нутгаас нүүж холдож, амиа авардаг байж л дээ.
Өнөө цагт?
Меджитовын онолоор бол харшлын систем өөрчлөгдсөн зүйл байхгүй, гагцхүү бидний амьдрах орчин хэтэрхий хурдан өөрчлөгдсөн аж. Эрт дээр үед хүн аюултай орчноос өөрийгөө хамгаалаад холдоод явчихдаг байхад өдгөө бид байгаль дээр байхгүй сая сая төрлийн шинэ химийн бодис, агаарын бохирдол (утаа, нарийн ширхэгт тоос), боловсруулсан хүнс, хуванцар, гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй хоршин амьдарч буй.
Тэдгээр молекулууд нь бидний эсийг бага багаар “гэмтээж”, биеийн дохиоллын системийг тасралтгүй асаалттай байлгадаг. Гэсэн ч өнөө цагт утаатай хотоосоо өөр улс руу явах тансаглал бидэнд бахгүй. Өөрсдөө ч мэдээгүй байхад л хоол хүнс, гоо сайхан гээд бүхий л эдэлж хэрэглэх зүйлсэд маань хор орчихсон явдаг. Үүнийг л бидний бие янз бүрийн аргаар "гадагшлуулах" гэж цөхрөлтгүй хичээж буй нь энэ зовлонг үүсгээд буй гэж үзэх эрдэмтэд ч бий.
Дүгнээд хэлэхэд харшил чухам яаж үссэнийг яг тийм гээд хэлчихэд хэцүү. Харин үүсэх үндсэн процесс нь хүний дархлааны систем байгаль дээрх маш энгийн зүйлсийн өөдөөс эсрэг бие ялгаруулж байгаа хэрэг.

Ургамлын харшилтай хүн жимс, ногооны харшилтай байх боломжтой юу?
Магадлал өндөр. Үүнийг яг харшил гэж хэлэхэд хэцүү, ургамлын тоос-хүнсний харшлын хам шинж гэж нэрлэх нь зүйтэй. Товчхон тайлбарлавал таны дархлааны систем хус мод, шарилжийн тоосонцрын уургийг дайсан гээд кодолчихсон, түүний эсрэг IgE эсрэг бие бэлдчихсэн байгаа шүү дээ. Гэтэл алим, тоор, интоор, лууван зэрэг зарим жимс, ногооны уургийн бүтэц нь хус модны уурагтай маш төстэй учраас дархлааны систем тань түүхий алим идлээ гэж бодоход "Өө, нөгөө хус модны тоос ороод ирж!" гэж андуураад дайраад эхэлдэг. Үүний улмаас уруул, ам, хоолой орчим загатнаж, бага хавдах шинж тэмдэг илэрдэг.
Тэгвэл хам шинж, хүнсний харшил хоёр юугаараа ялгаатай вэ? Хэдийгээр ургамлын харшилтай хүмүүсийн ихээхэн хувь нь (зарим судалгаагаар 50-70% хүртэл) жимс, ногооноос харшилж болох ч энэ нь самрын эсвэл далайн гаралтай бүтээгдэхүүний харшил шиг аюултай биш.
Самрын харшил яагаад заавал харшил гэх ангилалд багтаад байгаа нь түүний уурагтай холбоотой. Самрын уураг ходоодонд ороод задардаггүй тул цусанд шимэгдэж, бүх биед тархаж амьсгал боогдох, анафилаксын шокт орох бүр амь насанд хүртэл хүрэхүйц аюултай.

Харин ургамал-хүнсний хам шинж буюу алим, тоорын харшлын хувьд ийм аюул бага. Эдгээр жимсний уураг “хэврэг” буюу хүний шүлс болон ходоодны хүчилд ороод л задарч устдаг учраас биед ноцтой аюул учруулалгүй зөвхөн амны хөндийд л загатнах шинж тэмдэг илрээд л өнгөрдөг гэсэн үг. Энэ төрлийн харшлын шинж тэмдгийг аргалах боломж бий. Жишээ нь та алим идэх гэж байлаа гэж бодоход алимаа чанаад эсвэл жигнээд идвэл уургийнх нь хэлбэр өөрчлөгдөж, дархлааны систем таньж чадахаа больдог тул харшлын шинж тэмдэг илрэхгүй.
Тэгэхээр энгийнээр хэлэхэд ямар нэг жимс идэх үед харшлын шинж тэмдэг илэрвэл бие махбод шинээр хүнсний харшилтай болж байна гэсэн үг биш, зүгээр л уургуудын ижил төстэй байдлаас андуурал үүсдэг хэрэг.
Хүүхдээ харшилтай болохоос нь хэрхэн сэргийлэх вэ? + шинэ судалгаа
За би ч дүүрч хүүхэд маань эсвэл дүү маань харшилгүй байгаасай гэж бодож суугаа бол саяхан гарсан нэгэн шинэ судалгааг танилцуулъя. 1990-2000 оны эхэн үе хүртэл эмч нар гэр бүлд нь харшилтай хүн байвал хүүхдэд өндөг, самар зэрэг харшил үүсгэх магадлалтай хүнсийг 1-3 нас хүртэл нь огт өгч болохгүй гэж зөвлөдөг байв. Гэтэл энэ арга нь эсрэгээрээ хүүхдийн дархлааны системийг тухайн хүнсэнд дасах боломжоос хомсолж байдаг гэнэ. Дархлааны систем аливаа хүнсийг таньж амжаагүй байхдаа арьс, амьсгалын замаар тэр хүнстэйгээ дайралдвал шууд өмнө нь огт “таарч” байгаагүй юм чинь “аюултай дайсан" гэж андуураад IgE үүсгэчихдэг.
Австрали дэлхийд хүнсний харшлын өвчлөлөөрөө хамгийн өндөр орнуудын нэг. Тодруулбал 10 нярай тутмын нэг нь ямар нэгэн хүнсний харшилтай байдаг. Тэд 2016 онд хүнсний зөвлөмжөө өөрчилж, нярай хүүхдийг бор хоолонд орж эхлэх үед буюу 6 сартайгаас нь эхлэн болгосон өндөг, самрын нухаш зэргийг шууд өгч эхлэхийг зөвлөх болжээ. Саяхан энэ зөвлөмжийн үр дүн маш эерэг гарав.
Мельбурн хотын 7,200 гаруй хүүхдийг хамруулсан судалгаагаар зөвлөмж өөрчлөгдсөний дараа 6 сартайгаас өмнө өндөг идэж эхэлсэн хүүхдийн тоо 25%-иас 57% болж өссөн бөгөөд улмаар нэг настай хүүхдүүдийн дундах өндөгний харшлын нийт тархалт 17.7%-иар буурсан байна.
Тиймээс цэвэр агаарт, хөдөө чадахаараа их гарч, аль болох олон төрлийн хоол, хүнс жим ногоогоор хооллох нь зөв ажээ. Харшлын тухай бичээд л байвал бичээд байм өөр олон талын судалгаанууд бий ч энэ удаагийн нийтлэлээ ийнхүү дуусгаад дараагийн удаа илүү арьсны харшил, амьтны үс ноосны харшил, мөн харшлын эсрэг шинэ эмчилгээнүүд гэхчлэн сонирхолтой сэдвүүдээр уулзъя.

Сэтгэгдэл бичих

