Та хэдэн хэлээр ярьдаг вэ? Өнөө цагт YouTube-ээс англи хэлээр бичлэг үзэх, подкаст сонсох, X, Google, Threads зэрэг платформуудаас мөн хэлээр пост, мэдээ сэлт унших, мөн магадгүй гадаад найзтайгаа чатлах, эсвэл бүр энгийн жишээ дурдвал Facebook хаягийнхаа аль нэг тохиргоог өөрчлөх гээд бидний алхам тутамд нэгээс олон хэлээр “идэвхтэй” харилцах шаардлага улам бүр нэмэгдсээр буй. Түүнчлэн гагцхүү англи хэлээр ч тогтохгүй япон, солонгос, хятад, орос, герман гээд төрөл бүрийн хэлийг сурах хэрэгцээ, сонирхол бидний дунд нэмэгдэж буй нь ч үнэн. Харин энэхүү нэг хэлээс нөгөө хэлийн хооронд шилжих, насанд хүрсэн хойноо шинээр хэл сурах нь бидний тархинд хэрхэн нөлөөлдөг бол?
Өнөөдрийн нийтлэлээрээ түлхүү насанд хүрсэн хүмүүсийн тухай өгүүлэхээр зорьсон бөгөөд бага насны хүүхдэд хос хэлтэй байх нь хэрхэн нөлөөлдөг талаар дараах Хүүхдээ хос хэлтэй болгох уу? + Шинжлэх ухааны 8 баримт нийтлэлээс унших боломжтойг цохоод нийтлэлдээ оръё.
Хоёр дахь хэлээ бид хэрхэн сурдаг вэ?
Хос хэлтэй байх нь бидний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар, тэгэхдээ бүр насанд хүрсэн хойно хэл сурах нь ямар нөлөөтэй байдаг тухай өгүүлэхийн тулд эхлээд бид хүн хоёр дахь хэлээ хэрхэн сурдаг талаар товчхон дурдах хэрэгтэй болно. Үүнд энгийн нэгэн жишээ авч үзье.
Бат ажлын шугамаар гэр бүлээрээ гадаад улс руу нүүх шаардлагатай болжээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага хүүхэд нь хоёр ойтой бол том хүү нь арван гуравтай. Түүнчлэн тус гэр бүл тухайн нүүж очиж буй улсынхаа хэлийг зайлшгүй сурах шаардлага үүссэн гэж үзье. Тэгвэл энэ тохиолдолд гэр бүлийн гишүүн тус бүр тухайн хэлийг хоорондоо ялгаатай замаар болон ялгаатай “түвшинд” сурах юм. Уг ялгаатай түвшин гэдэг нь аливаа хоёр дахь хэлийг сурч буй хүн тухайн хэлээ ямар нөхцөл байдалд хэрхэн сурснаас нь хамааран ерөнхийд нь гурав ангилж үздэг ангилал хэмээн ойлгож болно. Тэдгээр нь “compound bilingual (нийлмэл), “coordinate bilingual” (уялдуулах), “subordinate bilingual” (хараат) гэх ойлголтууд бөгөөд дээрх жишээний хувьд Батын бага хүүхэд нь танин мэдэхүйгээ тухайн хоёр хэлээрээ нэгэн зэрэг тэлэх нөхцөл байдал үүсэж буй тул “compound bilingual” замаар суралцана гэсэн үг.
Том хүүгийн хувьд эх болон хоёрдогч хэлээ зэрэгцүүлэх байдлаар буюу гэртээ эх хэлээрээ ярьж, сургууль дээрээ хоёрдогч хэлээ хэрэглэн хоёр хэлээ хооронд нь уялдуулах “coordinate bilingual” байдлаар суралцана. Харин Бат болон түүний эхнэр тухайн хэлний ойлголтыг түлхүү эх хэлнийхээ шүүлтүүрээр эхэлж шүүснийхээ дараа өөрсдөдөө суулгах тул “subordinate bilingual” болцгоох юм.
Үүнд Английн University College London сургуулийн Боловсролын институтийн захирал профессор Ли Вэй нэгэн сонирхолтой санаа өгүүлсэн байдаг нь, “Бид бага болон өсвөр насандаа хэлийг сурахдаа тархиндаа шинэ холбооснууд үүсгэдэг. Харин насанд хүрсэн хойноо шинээр хэл сурахад тухайн багадаа үүсгэсэн холбооснуудаа өөрчлөх замаар улам өргөн сүлжээний холбоос үүсгэх хэрэгтэй болдог. Мөн нас ахисан хойно хэл сурах нь улам хэцүү болдог ч гэлээ түүнийгээ дагаад эерэг үр дүн нь ч нэмэгддэг” хэмээснийг энд дурдууштай.
Эх хэл болон хоёр дахь хэлний ялгаа
Насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын хэл сурах үйл явц тун ялгаатай болохыг дээр товчхон дурдлаа. Харин эх хэл болон хоёрдогч хэл хоёрын ялгаа насанд хүрсэн хүний хувьд ямар байдаг бол? Эл асуулт нь тун өргөн хүрээтэйн дээр нэлээдгүй олон тайлбар, судалгааг дурдах хэрэгтэй болох тул энд ердөө хамгийн гол, чухал гэсэн гурван ялгааг дурдъя.
Нэг: Насанд хүрсэн хойноо бид хэлийг сэтгэл хөдлөлөөрөө сурах нь багасдаг
Хүний тархийг бүдүүн тоймд нь баруун тархи болон зүүн тархи хэмээн хуваан авч үздэг. Зүүн тархи нь илүү логик, аналитик үйл ажиллагааг хариуцдаг бол баруун тархи нь илүү сэтгэл хөдлөл, мэдрэмж, нийгмийн чадавхыг хариуцдаг байна. Америк-Канад гаралтай тархи судлаач болох Уайлдер Пенфилд болон Ламар Робертс нар 1959 онд “Speech and Brain Mechanisms” хэмээх номдоо анхлан “Critical period hypothesis” хэмээх онол дэвшүүлж байсан бөгөөд тус онолын дагуу бол бид бэлгийн бойжилт эхлэхээс өмнөх үедээ л аливаа хэлийг төрөлх хэлтний хэмжээнд суралцах боломжтой байдаг аж. Хэдийгээр тус онол өдгөө олон мэтгэлцээний бай болж буй ч бүрэн няцаагдаагүй хэвээр буй. Хэрэв эл онолыг үнэн зөв хэмээн үзвэл, мөн хүн нас биед гүйцэхийн хэрээр аливааг түлхүү зүүн тархиараа боловсруулах хандлагатай болдог хэмээвэл бид насанд хүрсэн хойноо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ сурч буй хэлтэйгээ холбох боломж тун бага болно гэсэн үг.
Чухам дээрх санааг буюу нас биед хүрсэн хүмүүс хоёрдогч хэлээрээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс илүүтэйгээр илүү нухацтай, рациональ харилцааг үүсгэх хандлагатай байдгийг сүүлийн үеийн судалгаагаар хэдийн батлаад буй. Үүний цаана олон янзын тайлбар байдаг ч хамгийн түгээмэл нь бид эх хэлээ гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах замаар сурдаг бол насанд хүрсэн хойноо аливаа хэлийг түлхүү ажил хэрэг, академик талбарт хэрэглэх зорилгоор сурдгаас үүддэг гэх тайлбар болно.
Хоёр: Эх хэлний мэдлэг хоёрдогч хэл сурахад чухал оролцоотой байдаг
2022 онд БНЧУ-ын Брно хотын батлан хамгаалахын Их сургуулийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тодруулбал, англи хэл (хоёрдогч хэл)-ний ярианы чадварын түвшнээр нь нийт 100 оюутныг хоёр бүлэгт ангилсан байна. Түүнийхээ дараа тухайн хоёр бүлгийн оюутнуудаас чех хэл (эх хэл)-ний ярианы чадварын шалгалт авчээ. Тэгэхдээ судалгаанд хамрагдсан оюутнуудын тодорхой-ойлгомжтой ярих, бодлоо илэрхийлэх болон ярианы агуулга, бие-хоолойн хэлэмж (paralinguistics) гэсэн үндсэн дөрвөн чадвараар нь үнэлсэн аж. Сонирхолтой нь судалгааны үр дүнд англи хэлний яриан чадвар дутмаг оюутнуудын эх хэлээрээ ярих чадвар нь англи хэлээр сайн ярьдаг оюутнуудын эх хэлээрээ ярих чадвараас нэлээдгүй тааруухан үзүүлэлттэй гарчээ. Эл судалгааны үр дүн хүний эх хэлээрээ эзэмшсэн чадварууд удаах хоёрдогч ба түүний дараагийн хэлнүүдэд ч онцгой нөлөөтэй оролцдог гэх онолыг дэмжсэн байна.
Гурав: Насанд хүрсэн хүн ч хэлийг хүүхэд шиг үр дүнтэй сурах боломжтой
Насанд хүрсэн хойноо гадаад хэл сурах нь бага насандаа хэл сурсантай адил үр дүнтэй биш гэх ойлголт өргөн хүрээнд тархсан байдаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаа, баримтууд насанд хүрсэн хүн ч аливаа хэлийг бага насны хүүхдийн адил өндөр түвшинд сурах боломжтой байж болно гэсэн санааг дэвшүүлэх болжээ. Гэвч мэдээж үүнд “цэвэр дуудлага”, акцентыг хамруулах боломж багатайг дурдалгүй орхиж болохгүй. Учир нь тухайн хэлээр цэвэр дуудах нь тархитай холбоотой гэхээс илүүтэй хэлний булчин зэрэг механик хүчин зүйлсээс хамааралтайг санууштай.
2012 оны судалгаагаар мөн тодорхой тооны хүмүүсийг хоёр бүлэгт хуваагаад нэг бүлэгт нь уламжлалт танхимын сургалтаар, харин нөгөөд нь хүүхэд хэл сурах явцыг “дуурайлгах” замаар гадаад хэл заажээ. Судалгааны үр дүнд тус хоёр бүлгийн хүмүүсийн хэлний мэдлэг, чадвар эзэмшсэн түвшин хооронд төдийлөн ялгаа гараагүй байна. Гэвч хамгийн сонирхолтой нь зөвхөн хоёр дахь бүлгийн хүмүүст л хэл сурах үйл явц нь мэдрэлийн системийн түвшинд (electrophysiological) төрөлх хэлтэнтэй тун ойрхон хэмжээнд хүрч байжээ.
Насанд хүрсэн хойноо хэл сурахын ашиг тус
Насанд хүрсэн хойноо хэл сурахын ашиг тус хэмээн онцгойлох ашиг төдийлөн үгүй ч бага наснаасаа хэл сурсан нэгэнтэй адилхан ашиг тус хүртэх боломж бий. Жишээ нь, хоёр ба түүнээс дээш хэлний мэдлэг чадвартай байх нь “Grey matter” буюу тархин дахь мэдрэлийн эс болон тэдгээрийн холбоосыг хамгийн ихээр агуулдаг хэсгийг улам нягтаршуулдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй гадаад хэл сурах нь тархины тодорхой олон хэсгүүдэд “дасгал сургуулилт” болдог бөгөөд эдгээр нь зөвхөн нэг хэлээр ярьдаг хүмүүстэй харьцуулахад Альцхаймерын өвчнөөр 4-5 жилээр хожуу өвчлөх магадлалыг ч нэмэгдүүлдэг байна. Мөн түүнчлэн шинэ хэл сурах нь бидэнд аливааг олон талаас нь харах чадварт ч сургах боломжтой бөгөөд энэ нь гагц хувь хүнд ашиг тустай бус нийгэмд ч ашиг тустай байх боломжтой билээ.