Өнгөрсөн баасан гарагт үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хэрэгжүүлэгч тал талын төлөөллүүдийн хамтын ажиллагаа, мэдээллийн урсгалыг тэтгэгч БЛОК девелоперуудын клубийн ээлжит уулзалт тохиолоо.

Харин энэ удаагийн уулзалт БЛОК академи, BLOCK.MN платформын схемчилсэн танилцуулга болон клубийн гишүүдийн сонирхолтой яриа хэлэлцүүлгээр дүүрэн болж өнгөрсөн юм.

Дэлгэрүүлж унших: Үл хөдлөхийн эргэн тойронд - БЛОК клубийн анхны уулзалтыг тоймлох нь

Уулзалтын тойм

БЛОК девелоперуудын клубын ээлжит уулзалтын хүрээнд клубын шинэ гишүүдийг угтан авах, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах зэрэг үйл ажиллагаа өрнөлөө. Үүний зэрэгцээ Sky Garden төслийн харилцагчдад өгөөжтэй төлбөрийн систем, BIM (Building Information Modeling) платформын олон талт хэрэглээ зэрэг салбарын дэвшилтэт шийдлүүдийг бодит туршлагад суурилан хуваалцсан илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдсаныг дурдууштай.

Мөн Artify, UBX, Bee Incorporations компанийн төлөөллүүд БЛОК академийн нээлт, үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгийн зах зээлийн огтлолцол, ногоон гэрчилгээжүүлэлтийн талаар мэдлэг туршлагаа хуваалцсантай танилцаарай.

БЛОК АКАДЕМИ МЭНДЭЛЛЭЭ!

С.Мөнхчулуун, Artify брэндийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, мэргэшсэн инженер

Барилгын компаниудын чанарын өрсөлдөөн хэрэглэгчдийн салбарын суурь мэдлэг хэр түвшинд байгаатай ихээхэн уялддаг. Гэсэн ч манай компани хэрэглэгчдэд барилгын төсөл, бараа материал нийлүүлэлт, зөвлөх үйлчилгээ гэхчлэн төрөл бүрийн сувгаар зах зээлдээ тэргүүлэгч бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахдаа тэдгээрийн ялгарал, давуу талыг анзаарч, ойшоож буйтай нь цөөхөн таардаг. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар зогсохгүй салбарын шударга өрсөлдөөн, түүнд суурилсан тогтмол хөгжил дэвшилд нөлөөтэй асуудал.

Бид 12-р сарын 5-нд эхний элсэлтээ авахдаа гурван ээлжээр сургалтаа хэсэгчилнэ. Тухайлбал:

Борлуулалтын алба буюу маркетинг, бизнес хөгжлийнхөн
Үл хөдлөхийн төслийг хэрэглэгч, хөрөнгө оруулагчидтай холбодог гүүр бол борлуулалтын алба. Иймд эн тэргүүнд борлуулалт хийж буй хүмүүс зах зээлд ямар бүтээгдэхүүн санал болгож буйгаа илүү мэргэжлийн түвшинд таньж, инженерчлэлийн хүрээнд ч тайлбарлахад бэлтгэгдэх учиртай. Тэд төслийнхөө онцлогийг өнгөлж, олон нийтэд танилцуулах үүргийг хүлээснээр хөрөнгө оруулалт татаж, төслийн ажил урагшлах үндсийг тавьдаг.

Төслийг гардан гүйцэтгэгч инженерүүд
Харин борлуулахдаа өгсөн амлалт бодит байдал дээр биеллээ олоход инженерүүд голлох үүрэгтэй. Хоёрдугаар ээлжийн сургалт төслийн талбайдаа ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулах, бүтээгдэхүүний үл эвдэх консепцуудыг хөгжүүлэлтийн туршид хадгалж авч явах, инженерийн мэргэжлийн ёс зүй болоод барилгын техникийн баримт бичгүүдэд төвлөрнө.

C болон түүнээс дээш түвшний удирдлагууд
Девелопер компаниудын удирдлагын алба барилгын салбарт бус гүйцэтгэдэг ажил, албан тушаалынхаа салбарт мэргэшсэн байх нь түгээмэл.

Тиймээс тэднийг барилгын салбарыг гүнзгий түвшинд ойлгох, бүтээгдэхүүний ялгарлыг тодорхойлоход чанартай оролцоо үзүүлэх, санхүүгийн захиран зарцуулалтыг үр ашигтай хийхэд туслах хөтөлбөр чухал. Сургалтын үр дүнд удирдлагын систем оновчтой, хүчирхэг атлаа цомхон болох нь гол зорилго.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ТОКЕНЖУУЛЖ БОЛОХ УУ?

М. Даваажаргал, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-ийн гүйцэтгэх захирал

Үл хөдлөхийн салбар, хөрөнгийн зах зээл хоёул урт хугацааны чанартай гэдгээрээ огтлолцдог. Өнөөдрийн турш ч бартерийн арилжаа хэт олширч, мөнгөний эргэлт удаашрах асуудлууд хөндөгдлөө. Мэдээж хөрөнгийн зах зээл манай улсад хөгжөөд 30 дахь жилтэйгээ л золгож буй. Үл хөдлөхийн салбар ч ихэнх тохиолдолд зээл болон шууд хөрөнгө оруулалтаар санхүүжилтээ шийдэж ирсэн. Энэ утгаараа дээрх салбарууд хоршин үнэ цэн бүтээх боломж цөөн хэд бүрддэг байлаа. Харин өнөө цагт эдгээр зах зээлийг хамтад нь хөгжүүлснээр хөрөнгө оруулагч нарт ч, урт хугацааны хөрөнгө оруулалт татагчдад ч стратегийн ач холбогдолтой давуу талууд бий болно. Үүний нэг жишээ нь үл хөдлөхийн токенжуулалт.

Токен нь үл хөдлөх хөрөнгийн “үл хөдлөх” чанарыг уян хатан болгож, биржийн зах зээлд нэвтрүүлснээр хөрвөх чадварыг нь сайжруулдгаараа онцлог. Ингэснээр хөрөнгө оруулагч нар өөрсдийн боломжид таарсан дүнгээр хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэх, үл хөдлөхийн компаниуд олон талаас хөрөнгө оруулалт босгох боломж бүрдэнэ.

Мэдээж токенжуулалт нь биржийн талбарт суурилдаг учир дундын зуучлагч, үйлчилгээний шимтгэлгүй. Энэ нь нэг ёсны эдийн засгийн хэмнэлт болох ч нөгөө талаараа баталгаат байдлын асуудлыг зайлшгүй хөнддөг. Иймд IPO хийх, бонд гаргах, эсвэл REIT (Real Estate Investment Trust) хийх байдлаар зохицуулалттай зах зээл дээрээ эхэлж туршихыг уриална. Манай улс ч энэ төрлийн санхүүжилтийн аргуудыг нутагшуулж, сайн жишигтэй болох нь чухал байна.

ногоон барилгын гэрчилгээжүүлэлт гэж юу вэ?

Ногоон барилгын гэрчилгээжүүлэлт нь тухайн барилгын тогтвортой байдлын гүйцэтгэлийг үнэлэх хэрэгсэл. Тус гэрчилгээ дэлхий дахинаа 200 орчим төрөл бий. Харин манайх тэдгээрийн хамгийн эрэлттэй, ээлтэй гэсэн 18 гэрчилгээжүүлэлтийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Бараг улс орон бүр тус тусын ногоон барилгын тодорхойлолттой. Энэ нь манай оронд хараахан бүрэлдэж амжаагүй явна. Гэвч Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөлийн тавьдаг үндсэн шалгуур нь төлөвлөлт, угсралт, ашиглалт, нураалт гээд барилгын амьдралын цикл бүтнээрээ хүрээлэн буй орчин болоод хүнд ээлтэй, тухайн орон нутгийн байгаль, уур амьсгалын онцлогт зохицсон байх явдал. Иймд бүх барилга автоматаар эрчим хүч, усаа хэмнэх гэж яарахын оронд ногоон гэрчилгээжүүлэлт авах зорилгоо тодорхойлж, барилгын онцлогтоо тохирох зорилтуудыг дэвшүүлж ажиллах нь оновчтой.


Зургийг: GBCI

Ногоон барилгын хэмнэлт төсөл болгонд харилцан адилгүй явагддаг. Жишээ нь эрчим хүчийг нар, салхины энерги, барилгын автоматжуулалт, ухаалаг тоног төхөөрөмжөөр шийдэж болно. Гэвч хэмнэлт бол ногоон барилгыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн л нэг. Үүнээс гадна хүртээмжтэй орчин, байгалийн гэрэл, дотоодын агаарын чанар ч чухал үзүүлэлт.

Ихэнх хүмүүс ногоон барилга хэт өндөр өртөгтэй гэх ойлголттой. Гэтэл тэрхүү гэрчилгээ хүн ба байгальд ээлтэй шийдлүүдээс гадна асар олон хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн үр ашгийг бий болгодог. Мөн ногоон барилгын үйл ажиллагааны зардал бага. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнгийн өсөлт ч дараагийн түвшинд очдог гэдгийг онцлох байна.

Үл хөдлөхийн салбарын экосистемийг зангидагч томоохон платформ болсон БЛОК-ийн дараа дараагийн үйл ажиллагааны тоймоор уншигч тантай уулзъя.

Мөн тус салбарын төсөл хэрэгжүүлэгч, девелопер, ханган нийлүүлэгч, цаашлаад харилцагчдыг ч интернэт сүлжээнд нэгтгэж буй block.mn хуудсаар зочлохоо мартуузай.