Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling брэнд манай улсын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийг үдэж буй. Энэ хугацаанд тус брэнд Монголын хэрэглэгчдэд Швейцарийн цаг урлалын онцлог, үнэ цэнийг таниулж байсан бол энэ удаад Монгол Улсын үүх түүх, өв уламжлалыг шингээсэн цөөн тооны тусгай загварыг худалдаанд гаргажээ.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: BREITLING БРЭНДИЙГ ТҮҮХИЙГ ТОВЧХОН

Breitling брэндийг анх 1884 онд Швейцарын Ла Шо-де-Фон хотноо Леон Брайтлинг гэх инженер залуу үүсгэн байгуулжээ. Тэрээр эхэндээ үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай, өндөр нарийвчлалтай хронограф цаг бүтээх зорилгоор жижигхэн урланд үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Хронограф цаг нь энгийн цагнаас ялгаатай нь хугацаа хэмжих боломжтой бөгөөд тухайн үед үйлдвэрлэл, шинжлэх ухаан, спорт зэрэг олон салбарт хэрэгцээтэй байсан ажээ.
Улмаар 1915 онд Breitling цагны үндсэн товчлуураас тусдаа, хугацаа хэмжих зориулалттай товчлуур бүхий бугуйн цаг бүтээсэн нь салбартаа томоохон шинэчлэлийг дагуулав. Үүнээс хойш 1952 онд нисгэгчдэд зориулсан хурд, туулсан зай, түлшний зарцуулалтаа тооцоолох боломжтой Navitimer загвараа танилцуулжээ. Цаашлаад усанд шумбахад зориулсан Superocean, спорт болон өдөр тутмын хэрэглээний Chronomat цувралуудыг гаргаснаас гадна 2009 онд өөрсдийн бие даасан B01 механизмыг бүтээсэн нь брэндийн түүхэнд чухал үйл явдал болсон юм.
Тийнхүү 2017 онд Жорж Керн Breitling-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноор брэндийн хөгжлийн шинэ үе эхэлсэн хэмээн ойлгож болно. Тэрээр брэндийг олон улсад илүү таниулж, хэрэглэгчдэд улам ойртуулах чиглэлээр шинэлэг ажлуудыг шат дараатай хийж байгаа гэнэ.
Холбоотой нийтлэл: Breitling компанийн Гүйцэтгэх захирал Жорж Керн
ТУСГАЙ ЗАГВАРЫН ОНЦЛОГ

Breitling бол олон улсад нэр хүндтэй, дэлхийн өнцөг бүрд салбартай брэнд хэдий ч тухайн улс бүрд зориулж тусгайлан загвар үйлдвэрлээд байдаггүй. Тиймээс Монголын хэрэглэгчдэд зориулан бүтээсэн эдгээр загвар нь манай улсын хувьд төдийгүй брэндийн хувьд ч чухал ач холбогдолтой.

“Бид тусгай загвартаа Монголыг илэрхийлэх хоёр дүрслэлийг шингээсэн. Эрэгтэй загварууддаа морь унаж, нум сумаар харваж буй харваачийн дүрсэлсэн бол эмэгтэй загвартаа аз жаргал, баялаг, урт насыг бэлгэддэг өлзий хээг дүрсэллээ. Монголын өв уламжлал, түүх соёлын хэсгийг брэндийнхээ онцлогт тохируулан гаргахыг зорин, уг загваруудаа гаргасан юм.
Загварууд маань нийт дөрвөн өнгөний сонголттой бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 ширхэг буюу нийт 40 цагийг худалдаанд гаргаад байна.”“Breitling” брэндийн Азийг хариуцсан ерөнхийлөгч Элвин Сүүн
ТУСГАЙ ЗАГВАРУУД ХЭРХЭН БҮТЭВ?

Дээд зэрэглэлийн тансаг гэх тодотголтой тус брэнд манай улсад өнгөрсөн оны 7-р сард төв талбайн зүүн урд талд сүндэрлэж буй Central Tower-т нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр Breitling компанийн гүйцэтгэх захирал Жорж Керн өөрийн биеэр хүрэлцэн ирж тууз хайчлах нээлтийн ёслолд гар бие оролцож байв.
Тэрээр Монголд саатах хугацаандаа хөдөө нутгаар аялж, Монголын байгаль, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцжээ. Энэ үеэр Монголын түүх, өв уламжлалыг өөрсдийн брэнд, онцлогтой хослуулан тусгай загвар бүтээх санаа төржээ.
Холбоотой нийтлэл: Breitling Lands in Mongolia: 140 Years of Swiss Watchmaking Legacy

“Breitling бол 140 гаруй жилийн түүхтэй, бугуйн цаг үйлдвэрлэл, чанар чансаагаараа дэлхийд танигдсан маш алдартай брэнд. Ийм том брэнд Монгол хэрэглэгчдэдээ зориулан тусгай загвар бүтээсэн нь гайхалтай хэрэг.
Өнгөрсөн жил Жорж Керн захирлыг Монголд саатах үеэр бид хамтдаа хөдөө тал нутгаар аялсан. Энэ үеэр тэрээр Монголын байгаль, түүх, соёлтой танилцаж, эх орны маань өв уламжлалыг ихэд сонирхон, бахархаж байгаагаа илэрхийлсэн. Тийнхүү манай улсад зориулан тусгай загвар бүтээхээр болсон юм.
Эхлээд би өөрөө нэг загварын санаа гаргаж илгээсэн юм. Гэхдээ мэргэжлийн дизайнер биш учраас гаргасан загвар маань тийм ч сайн болоогүй. Одоо эргээд харахад инээдтэй санагддаг. Харин дараа нь Монголыг илэрхийлэх тэмдэг, хээ угалз зэрэг холбогдох мэдээллүүдийг Швейцарт хүргүүлсэн. Үүний үндсэн дээр Breitling-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж тусгай загварыг бүтээсэн нь энэ.”

“Монголд албан ёсоор ийм өндөр зэрэглэлийн Швейцар цаг ерөөсөө орж ирээгүй байсан юм. Нөхөр маань “Монголчууд маань ийм сайн чанарын, гайхалтай цагийг зүүх ёстой” гэсэн хүсэл эрмэлзлээр энэ брэндийг эх орондоо анх оруулж ирж байлаа.
Breitling брэнд маань хамгийн анх эмэгтэй хүнд зориулж цаг урлаж байсан онцлогтой. Яг энэ утгаараа Швейцарын мэргэжилтнүүд Монголын түүх, өв соёлыг маш нарийн судалж, цагны загварт юуг шингээх вэ гэдэг дээр ихээхэн анхаарч ажилласан байсан.
Шинэ загвараа хараад би үнэхээр их баярласан. Швейцарчууд манай улсын түүх соёлыг үнэхээр сайн судалж, хангалттай ойлгож чаджээ гэдэг нь мэдрэгдсэн. Дэлхийн хэмжээний том брэнд биднийг хүндэтгэж, манай улсыг илтгэх ийм цөөн ширхэгтэй, агуу бүтээл гаргаж өгсөн нь үнэхээр ховорхон аз завшаан, бахархалтай мөч санагдсан шүү.”
АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР







Сэтгэгдэл бичих

