Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн дараах эгэх хариуцлагыг сайжруулахаар төрөл бүрийн төсөл, хөтөлбөр,  нөлөөллийн олон идэвхтэй ажлууд өрнөсний сайн жишээ нь  "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" санаачилга юм.  

Мэдүүштэй булангийн шинэ дугаартаа илүү сайхан нийгмийг цогцлоохын төлөө иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн тэдний сайшаалтай ажлуудыг хүргэж байна. 

Оролцъё, дэмжье, нөлөөлье + WatchDog Хөтөлбөр 

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь хуульч, өмгөөлөгч, судлаач, сэтгүүлч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИК+, байгаль орчин, хүний эрхийн хамгаалагчдаас бүрдсэн 24 иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийгмийн олон бүлгүүдийн дуу хоолойг төлөөлж, тэдний оролцоог бодлого, хууль боловсруулах түвшинд дэмжих зорилгоор Watchdog хөтөлбөрийг энэ оны наймдугаар сараас эхлүүлсэн.


  • Боловсролын багц хуулийн төсөл
  • Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Оролцогчид дээрх хуулийн төслийг сонгон санаачлагч байгууллага, шийдвэр гаргагч нарт дамжуулах санал, төслийн ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтээ бичгээр, цахимаар илгээж, сошиал сувгаар нөлөөллийн мессэжүүд түгээж, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон арга замаар ажиллаж буй.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн баг “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийн санал боловсруулсан байна. Тухайлбал, шинэ хуулийн төсөл дээр буюу 3.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж бий бол харин хуучин хуульд “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан” гэж тусгасан байдаг. Тиймээс уг заалт нь олон хүнд хамаатай заалтын чанарыг бууруулж хүний эрхийг зөрчсөн заалт гэж санал оруулахаар хууль санаачлагч нар хүргэхээр бэлдэж байна гэв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хандаж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ажлын дэд хэсэгт оролцож төслийг сайжруулах чиглэлээр дэмжиж ажиллах сонирхолтой байгаагаа албан бичгээр уламжилжээ.

Харин боловсролын багц хуулийн төслийн баг нь ашгийн болон ашгийн бус хувийн хэвшлийн байгууллагын боловсролын салбарт явуулж буй үйл ажиллагаа болон хос хэлний боловсролыг /дохионы хэлтэй иргэдийн хос хэлний боловсрол/ хуульчлахад нөлөөлөхөөр сошиал медиа сувгийг ашиглан нөлөөллийн ажлууд хийж буй тухай хөтөлбөрийн зохицуулагч Ж.Чанцалдулам хуваалцав.

Cool сонгогч + Залуус сонгуулийн амлалтыг хянах нь

“Залуус сонгуулийн амлалтыг хянах нь” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд тэд:

  • Сонгуулийн амлалтын ДАТАБАНК
  • Залуучуудын иргэний нийгмийн нөлөөллийн сүлжээ
  • Залуучуудын зөвлөх хороо
  • Сар тутмын цахим сонин болон төслийн үр дүнг танилцуулсан влог

зэрэг үйл ажиллагаагаа цахимаар дамжуулж олон нийтэд таниулахын зэрэгцээ залууст сонирхолтой хэлбэрээр видео баримтжуулалтыг бүтээсээр. Сонгогчдын боловсрол гэдэг зөвхөн санал өгөхөөр хязгаарлагдаж болохгүй бөгөөд хариуцлагатай-cool-залуу сонгогч бол УИХ-д нэр дэвшиж, суудал авсан нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг дөрвөн жилийн турш хянадаг байх нь илүү чухал гэдгийг ойлгосон хэмээв.

Түүнчлэн "Сонгуулийн амлалт залуусын нүдээр” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг залуу гэрэл зураг сонирхогчидтой хамтран зохион байгуулсан нь нэг талаас залууст сонгуулийн амлалтыг хянахын ач холбогдлыг ойлгуулах, нөгөө талаас шийдвэр гаргагчдад залуус сонгуулийн амлалтыг хянадаг болсон шүү гэдэг мессежийг өгөх, залуу уран бүтээлчдийг уг чухал асуудалд татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой болсон хэмээн үзэгчид онцолсон юм.

"Сонгуулийн амлалт залуусын нүдээр” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн

Төслийн явцад тэд залуучуудтай холбоотой залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7-р зүйлд заасан "Залуучуудын хөгжлийг дэмжих сан" байгуулах гэсэн гурван чухал асуудлын хүрээнд Засгийн газартай харилцан ажиллахаар шийджээ.

Монгол улс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 оны 5-р сард баталж, 2018 оны 1 сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Монголын залуучуудын эвслийн хийсэн түргэн үнэлгээний дүнгээс харах боломжтой. Тэдний зүгээс хуулийг санхүүжүүлэх ёстой гол сан байгуулагдаагүйгээс шалтгаалж буй хэмээн үзэж “Залуучуудын хөгжлийг дэмжих санг байгуулах”-тай холбоотой байр суурийн баримт бичгийг шийдвэр гаргагчдад хүргүүлсэн байна. "Бидний зүгээс сан байгуулна хэмээн хуульчилсан бол хэрэгжүүлэх нь зөв гэдэг байр суурийг дэвшүүлсэн боловч Засгийн газар хэмнэлтийн горимд шилжихээр болсон нь шинээр сан байгуулах боломжгүй нөхцөлтэй тулав" гэж учирлав.

Өмнө нь сонгуулийн амлалт гэхээр л цалин, тэтгэврийн зээл тэглэсэн, мөнгө амласан тухай санаанд ордогсон. Харин дээрх үр дүнтэй ажлуудыг эхлүүлснээр үйл ажиллагаанд хамрагдсан, хамтарсан, оролцсон, сонссон олон хүний хандлага өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн амлалтын ой санамжийг ДатаБанк сануулж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагууд хамтарч хянаж байх юм.

сонгогчийн зан төлөв + Олон нийтийн санаа бодлын судалгаа 

Иргэд сонгогчид УИХ-ын сонгуульд санал өгөхдөө ямар мэдлэг, туршлагад тулгуурлаж санал өгч байна вэ, сонгогчдын идеал сонголт буюу хүсэмжит нэр дэвшигч (role model)-ийг тодорхойлох, шийдвэр гаргахад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохоор сонгогчийн зан, төлөвийн судалгааг хийжээ.

Уг судалгаагаар сонгогчид хэр зэрэг улс төрийн болон сонгуулийн боловсролтой байна вэ, түүндээ үндэслэн хэр зэрэг рациональ сонголт хийх чадамжтай байна вэ гэдгийг тодорхойлох нь иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй ажил болжээ.

  • Иргэд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Энэ нь нэг талаас шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хязгаарлагдмал байгааг мөн иргэдийн төрд итгэх итгэл буурсныг харуулж байна.
  • Сонгогчдын хувьд УИХ-д нэр дэвшигчид сонгогчдын хүсэлтийг шийдэж чаддаг байх иргэдтэй эргэх холбоотой байх нь чухал. Сонгогчид өөртэй нь харилцаатай, асуудлыг нь анхаардаг, шийдэж өгдөг хүнийг дэмжих хандлагатай буюу энгийнээр хэлбэл Монгол сонгогч тойглуулах, халамжлуулах сонирхолтой байна.
  • Халамж авдаг иргэдийн 20.6 хувь, халамж авдаггүй иргэдийн 35.9 хувь нь аль нэг намыг дэмжихгүй байна. Халамж нь намыг дэмжих, намаас хамааралтай байх шалтгаан болж байх өндөр магадлалтай.

Монгол сонгогчийн зан төлөвийг судалснаар зөвхөн улс төр бус шинжлэх ухааны хувьд, дараагийн судалгааг хийх судлаачдад хувь нэмэр оруулах, цэвэр ардчиллыг бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.

Олон нийтийн санаа бодлын судалгаанаас онцлох 10 зүйл

Unread.today

Илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын санаачлан хэрэгжүүлж буй үлгэр жишээ олон ажлуудын нэг нь Олон нийтийн санаа бодлын судалгаа юм. Бүгд найрамдахчуудын олон нийтийн хүрээлэнгээс (БНОУХ) Хараат бус судалгааны хүрээлэнтэй (IRIM) хамтран сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, бусад институтүүд зэрэг сэдвээр иргэдийн санал бодол, тэдний оролцоо, байр суурийг тоймлон үндэсний хэмжээний судалгааг хоёр дахь жилдээ хийсэн юм. Уг судалгаанд 18 болон түүнээс дээш насны 2500 иргэнийг санамсаргүй түүвэрлэн сонгосон ба улс орны нөхцөл байдал, бодлого, тогтолцооны тухайд олон нийт юу харж, ямар дүгнэлт хийж, ямар хүлээлт, зөрүү үүсэж буйг тодруулжээ.

Судалгаагаар иргэд ардчилсан засаглалыг чинхүү хүсэж, улс орны ирээдүйн чиг хандлага болон төрийн бодлого боловсруулах шийдвэрүүдэд иргэн хүний нөлөөлөх боломжид санаа зовниж буйг тодорхой өгүүлсэн. Оролцогчдын 48 хувь нь Монгол Улсын өнөөгийн чиг хандлага буруу чиглэл рүү явж байна хэмээн хариулсан бөгөөд ардчилсан засаглалыг гойд эрхэмлэж байгаа хэдий ч иргэдийн 72 хувь нь үндэсний хэмжээнд гарч буй шийдвэрүүдэд энгийн иргэд нөлөөлөх магадлал бага гэжээ.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн дээрх ажлууд залуучуудын оролцоо, нийгмийн олон талын хамтын ажиллагааг нэгтгэсэн сайн жишээ юм. Иргэд, та бид улс төрийн шийдвэрт оролцох, нөлөөлөх, хяналт тавихад хууль эрх зүйн хувьд бүрэн нээлттэй гэдгийг иргэний нийгмийн хэрэгжүүлж буй санал санаачлагууд тодхон харуулж байна.

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.