Бүгд найрамдахчуудын олон нийтийн хүрээлэнгээс (БНОУХ) Хараат бус судалгааны хүрээлэнтэй (IRIM) хамтран "Олон нийтийн санал бодлын судалгаа"-г энэ сарын 10-ны өдөр танилцууллаа. Тус байгууллагууд улс оронд тулгамдаж буй нэн тэргүүний асуудлууд болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, бусад институтүүд зэрэг сэдвээр иргэдийн санал бодол, тэдний оролцоо, байр суурийг тоймлон хүргэдэг уламжлалтай.

Уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ хийж буй бөгөөд энэ удаагийн шинэ тайланг, өнгөрөгч оны тайлантай харьцуулахад олон сонирхолтой тоон мэдээлэл харагдаж байна.
 
Бид энэхүү нийтлэлдээ санал асуулгын дүнгээс улс орны нөхцөл байдал, бодлого, тогтолцооны тухайд иргэд юу харж, ямар дүгнэлт хийж, ямар хүлээлт, зөрүү үүсэж буйг тодруулан онцлох 10 зүйлийг хүргэж байна.  

1. ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ САНАЛ АСУУЛГА

Уг судалгааг Монгол Улсын хүн амын тоо, статистикт нийцүүлэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц хийснээрээ онцлогтой. Улаанбаатар болон баруун, зүүн, хангай, төвийн бүсийн нутгуудаас өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, хамгийн сүүлд төрсөн өдөр нь тохиосон өрхийн гишүүнийг хамруулах аргачлалыг ашигласан байна.

Дата мэдээллийг компьютерын тусламжтайгаар утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар цуглуулж 18 болон түүнээс дээш насны 2500 иргэнийг олон шатат санамсаргүй түүврийн аргаар сонгожээ. Энэхүү төлөөллөөр дамжуулан одоо танилцуулах судалгааны үр дүн гарсан юм.

2. Сөрөг хандлага нэмэгдсэн нь

"Монгол улс зөв чиглэлд явж байна уу?" судалгааны стандарт асуултад оролцогчдын 58 хувь буюу талаас илүү хүн "Үгүй" гэж хариулжээ. Өмнөх онынхтой харьцуулахад уг санал даруй 10 хувиар өссөн нь иргэдийн дунд сөрөг хандлага ихсэж буйг харуулж байна. Оролцогчдын насны бүлэг өндөр байх тусмаа улс орон зөв зүйтэй явж буйд сэтгэл хангалуун байсан бол 18-35 насныхны 65 хувь буюу дийлэнх залуучууд улс орны аж байдал буруу тийшээ явж байна гэсэн хариулт өгчээ.



3. Эдийн засаг хамгаас чухал

Судалгаанд оролцогчдын 60-аас дээш хувь нь эдийн засаг бол өнөөдөр тулгамдаж буй хамгийн чухал асуудал гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Өмнөх оны судалгаанд "Эрүүл мэндийн үйлчилгээ, Ковид"-ын асуудал хамгийн тулгамдсан асуудал гэсэн үр дүн гарч байсан бол одоо иргэдийн дийлэнх нь "Үнийн өсөлт, амьдралын өртөг, ажилгүйдэл"-д санаа зовниж байгаа нь үүгээр харагдаж байна. Туйлдсан эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэсэн асуултад иргэд боловсрол болон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж хүнд суртлыг багасгаснаар сайжирна хэмээн санаа бодлоо илэрхийлжээ.



4. Ардчилал бол хамгийн сайн хувилбар ч ардчиллын хөгжил сайнгүй байна

Олон нийтийн зүгээс ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар хэмээн санал өгсөн боловч нийт оролцогчдын 64 хувь нь ардчиллын хөгжилд сэтгэл ханамжгүй буйгаа илэрхийлжээ. Санал асуулгаас харахад насны бүлэг өндөр байх тусмаа ардчиллын хөгжилд сэтгэл дундуур байна. Харин ардчиллыг хэрхэн хөгжүүлэх тухай нээлттэй асуултад нас, хүйс үл хамааран оролцогчдын тал хувь нь дуу нэгтэйгээр "Авлигатай тэмцэх ёстой" хэмээн хариулжээ.



5. Таван хүний нэг нь л "энгийн иргэн төрд нөлөөлөх боломжтой" гэж үздэг

Улс оронд гарч буй олон шийдвэр, тогтоомжуудад энгийн иргэд нөлөөлөх боломж байдаггүй гэдэгт оролцогчдын 80 хувь нь санал нэгджээ. Тэгвэл хэрхэн, ямар үйл ажиллагаагаар дамжуулан нөлөөлөх вэ гэсэн асуултад сошиал медиа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жагсаал цуглаан, сонгуулийн оролцоо, иргэний нийгмийн оролцоогоор дамжуулан нөлөөлнө хэмээн хариулсан байна.



6. Итгэл алдсан институц – Улс төрийн нам

Иргэдийн дунд хамгийн итгэл алдсан институцээр улс төрийн намууд тодорсон байна. Нас, хүйс, хаана амьдарч буйгаас үл хамааран намууд сонгогчдын хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж чадахгүй байна хэмээн олон нийт үзжээ. Иргэдийн дундаас сонгогдож гардаг институтүүдэд иргэд илүү сөрөг хандлагатай байгаа бол иргэний нийгмийн байгууллага, ТББ, хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчний байгууллагуудад харьцангуй эерэг сэтгэгдэлтэй байна. Сүүлийн жилүүдэд ИНБ буруутгах, жигших хандлага мэр сэр үзэгдэх болсон. Үүнтэй холбоотой эрх зүйн асуудалд хуулийн төсөл боловсруулагдсан ба энэ тухай 8 минутын улс төр товхимлоос уншаарай.



7. Авлига хамгийн ноцтой нь

Ардчиллыг хөгжүүлэх хамгийн зөв арга бол авлигатай тэмцэх. Судалгаанд оролцогчдын 94 хувь нь авлига бол манай улсад нүүрлэсэн ноцтой асуудал гэж дүгнэжээ. Тиймээс мэдээллийг ил тод болгох, үр дүнтэй хуулиуд батлах, үүнтэй тэмцэх хүсэл зоригийг төрүүлэх, төрийн албыг цахимжуулах, албан хаагчдыг сургах зэрэг олон санал санаачилгыг дэвшүүлсэн байна.



8. Хоёр хөршдөө найрсаг хандахын зэрэгцээ барууны орнуудтай харилцах хэрэгтэй

Ойрын өдрүүдэд төрийн өндөр хэмжээний айлчлалууд зохиогдож, Монгол Улс идэвхтэй гадаад харилцаа өрнүүлж байна. Монгол Улсын баримталбал зохих гадаад бодлогын тухайд, иргэдийн 59 хувь нь хоёр хөршдөө голлон ойртохын зэрэгцээ барууны орнуудтай харилцах ёстой хэмээн саналаа илэрхийлжээ.


9. Залуучуудын оролцоо хамгийн чухал

"Манай улсын насанд хүрсэн хүн амын бүх гишүүд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох нь хэр чухал вэ?" асуултад оролцогчдын 96 хувь нь залуучуудын бүлэг маш чухал хэмээн хариулсан байна. Харин 18-35 насныхны 17 хувь нь сонгуульд санал өгснөөр улс төрийн шийдвэрт нөлөөлнө гэж үзжээ.



10. Худал, ташаа мэдээллийн урсгал нэмэгдсэн нь

18-35 насны залуучуудын дийлэнх нь улс төрийн холбогдолтой мэдээллийг сошиал сүлжээнээс авдаг ба ингэхдээ тэдний 43 хувь нь худал, ташаа мэдээлэлтэй өдөр бүр таардаг гэжээ. Иргэдийн өгсөн уг хариулт өнгөрсөн оныхоос 10 хувь өссөн нь худал мэдээллийн урсгал ихэссэн, нөгөө талдаа олон нийт худал мэдээллийг илүүтэй ялган таньдаг болсон байх талтайг илтгэж байна.


Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.