Хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих бодлого, оролцоо дутмаг байгаа энэ үед салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, бодит гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор Лоринэт сангаас хийж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь дугаарт тавтай морил. Цувралын өмнөх дугаарт залуус ажилтай болох, ажлын байраа олох тал дээр ямар асуудалтай тулгардаг, хөдөлмөр зах зээл дэх зөрүү хэрхэн үүсдэг талаар хэлэлцсэн билээ. 

Харин энэ удаагийн хэлэлцүүлгээр өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, боловсрол, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа, хүүхдүүдийг нийгэмд эргэн дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэмд тэр бүр яригдаад байдаггүй чухал асуудлыг хөндлөө. Ингээд хэлэлцүүлгээс онцлох таван санааг тоймлон хүргэе.

Холбоотой нийтлэл: Dialogue by Lorinet цуврал хэлэлцүүлэг EP1: Онцлох таван санаа

ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ХАРИУЦЛАГЫН ДАРААХ БОЛОМЖ 


Хүүхэд бүрийн өсөж, төлөвших орчин, туулж буй амьдрал харилцан адилгүй. Зарим хүүхдийн хувьд амьдралын тодорхой нөхцөл байдал, гаргасан шийдвэр нь тэднийг хууль зөрчихөд хүргэж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад очиход хүргэдэг. Хуучнаар “Хүүхдийн хорих анги” хэмээн нэрлэгддэг байсан тус байгууллага нь эдгээр хүүхдүүд буюу хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хүүхдүүдэд хорих ял эдлүүлэхийн сацуу боловсрол эзэмшүүлэх, хүмүүжил төлөвшилд нь анхаарах, нийгэмд эргэн дасан зохицоход нь бэлтгэх боломж олгодог.

Гэвч тус байгууллагаас гараад эргээд хэвийн амьдралдаа орох, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл болон бусад хүмүүстэй харилцаагаа сэргээх гэхчлэн нийгмийн амьдралдаа эргэн ороход нь олон бэрхшээл тулгардаг. Тухайлбал, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан гэх шалтгаанаар бусдын өрөөсгөл ойлголт, хандлагатай холбоотой хүндрэлтэй нүүр тулах нь бий.

Тэгвэл өсвөр насныхан нийгэмд эргэн дасаж, амьдралаа шинээр эхлүүлэхэд юу хамгийн их хэрэгтэй вэ? Энэ үед гэр бүл, сургууль болон нийгэм тэднийг хэрхэн дэмжиж, ямар боломж олгож чадах вэ?

“Dialogue by Lorinet” цуврал хэлэлцүүлгийн хоёрдугаар дугаараар эдгээр асуудлыг хөндөж, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага болон Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД: 

Модератор:

Ж.Хулан - The Media Show-ийн үүсгэн байгуулагч

Панелистууд:

Б.Амаржаргал - Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал
Ш.Баярмагнай - Хүний нөөцийн менежментийн зөвлөх

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай товчхон танилцуулахад, 1997 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Тус сан нь нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлд боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хөгжил, нийгэмшлийг дэмжих чиглэлээр ажилладаг.

Тус сангийн үйл ажиллагааны нэг чиглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагатай хамтран ажиллаж, эрх нь хязгаарлагдсан өсвөр насныхны хөгжил, төлөвшил, нийгэмд эргэн дасан зохицох боломжийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг аж.

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ОНЦЛОХ 5 САНАА 

1. Хүүхдийг өнгөрснөөр нь дүгнэхгүй байх хэрэгтэй 


Өсвөр насандаа алдаа гаргаж, хууль зөрчсөн хүүхдүүд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас гарсны дараа сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Гэвч ажилд орох, сургуульд суралцах үед нь өмнө нь гаргасан алдаагаар нь дүгнэж, дахин гэмт хэрэг үйлдэх вий, бусдад муугаар нөлөөлөх вий гэсэн таагүй хандлага нийгэмд байсаар байна.

“Уламжлалт тогтолцоотой зарим байгууллагад хүнийг өнгөрсөн амьдрал, намтар түүхээр нь дүгнэх хандлага ажиглагддаг. Тухайлбал, гурван үеийн намтар асуух гэх мэтчилэн. Гэтэл өмнө нь гаргасан алдааг нь дахин сөхөж, тэр хүн цаашид ч алдаа гаргах магадлалтай гэж үзэн ажилд авахаас татгалзах нь хувь хүн болон байгууллагын хувьд маш ёс зүйгүй үйлдэл. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралын туршлагатай. Энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүрд өөрийгөө харуулах боломж олгох нь зүй ёсны хэрэг.”

Ш.Баярмагнай - Хүний нөөцийн менежментийн зөвлөх

2. Хүүхдийн өссөн орчин, амьдралын түүх хүмүүжилд нөлөөлдөг 


Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдийн амьдралын түүхийг харахад гэмт хэрэгт холбогдохоос нь өмнө сургууль завсардсан, гэр бүлийн тогтворгүй орчинд өссөн, эцэг эхийн хараа хяналт, халамж дутсан, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд амьдарсан зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлсөн байдаг.Хүүхдийн өсөж торнисон орчин, гэр бүлийн харилцаа нь түүний төлөвшил, ирээдүйн амьдралд чухал нөлөөтэй.

Судалгаагаар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад байгаа нийт хүүхдүүдийн 16.7 хувь нь өмнө нь эцэг эхийн хамт амьдарч байсан бол үлдсэн 83.3 хувь нь өрх толгойлсон эцэг, эхтэйгээ эсхүл ах эгч, өвөө эмээ болон асрах газарт амьдарч хүүхдүүд байна. Үүнээс бид хүүхдийг ойлгож, дэмжихэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо ямар чухал болохыг анзаарч байгаа биз ээ.

“Хүүхэд 0-18 насандаа маш эмзэг байдаг учраас энэ үед эцэг эх, асран хамгаалагчид нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдийг хайрлаж, ойлгож, хэрэгцээтэй зүйлээр нь хангахаас эхлээд зөв хүн болж төлөвшихөд нь түүнийг хүрээлж буй насанд хүрэгчид болох гэр бүл, асран хамгаалагч, тэр ч бүү хэл багш, сургуулийн захирал, эмч гээд хэн бүхний оролцоо маш чухал үүрэгтэй. Тиймээс хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, дэмжиж чадвал эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос нь урьдчилан сэргийлэх эсвэл өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байхаас сэргийлэх боломжтой.”

Б.Амаржаргал - Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал

3. Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт хамгийн их байна


Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд бусдын адил сурч боловсрох, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрхтэй. Тэдэнд ч боловсролоо үргэлжлүүлж, өөрийгөө хөгжүүлэн, амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэх хүсэл эрмэлзэл бий. Хүүхэд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас гарсны дараа сургуульдаа эргэн суралцаж, үе тэнгийнхэнтэйгээ харилцан, нийгмийн амьдралд оролцох эрхтэй бас хүсэлтэй. Гэвч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх шалтгаанаар тэднийг сургуульд авахгүй байх, “хэцүү хүүхэд” гэж хандах тохиолдол гарсаар л байна. Хүүхэд алдаанаасаа суралцаж, амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн ч бусдын хандлагаас болж сурч боловсрох, нийгэмд эргэн дасахад нь хүндрэл тулгардаг аж.

“Хүүхэд сургуульдаа эргэн ороход тухайн сургуулийн орчин, ангийн багш, найз нөхөд, үе тэнгийнхнийх нь хандлага их нөлөөтэй. Саяхан нэг хүүхэд маань 10 дугаар ангид эргэн суралцахаар болсон юм. Бусад хүүхэд хичээлийн хэрэгслээ бэлдэж байгааг хараад догдлон сургуульдаа очтол сургуулийн захирал нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, хүүхдийн хорих ангид байсан хүүхдийг сургуульдаа авахгүй гэж хэлсэн байсан.
Ингээд тухайн хүүхэд аймгийнхаа төвд сургуульд суралцах боломжгүй болсон. Тухайн хүүхдийн гэр бүл аймгийн төвдөө амьдардаг. Гэтэл сургуульд нь авахгүй болсноор хүүхэд гэр бүлээсээ холдож, өөр аймаг, хотод очиж нуугдан амьдрах ёстой юу?

Манай байгууллага хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, уран зураг, хөгжим, бие бялдрын хөгжлийг нь дэмжих зэрэг нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдүүд маань энэ бүх үйлчилгээг авч, нийгэмд эргэн очиж, сургуульдаа суралцахыг догдлон хүлээдэг. Гэтэл эргээд очиход нь ийм хандлага гаргаж байгаа нь маш харамсалтай.”

Б.Амаржаргал - Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал

4. Албан байгууллагууд хүмүүсийг ажилд авахдаа өмнө нь ял шийтгэл авч байсан эсэхийг асуух албагүй 


Өсвөр насныхан, хүүхдүүдийн хувьд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас гарсны дараа ажилд орж, өөрийн орлоготой болох нь бие даан амьдрах эхний алхмуудын нэг. Гэвч зарим ажил олгогч тэднийг ажилд авахаас татгалзах, хувийн мэдээллийг нь бусдад задруулах тохиолдол гардаг. Үүнээс болж хүүхдүүд ажлаа орхих, тогтвортой ажиллахад хүндрэлтэй тулгардаг байна. Иймээс ажил олгогчид хүнийг ур чадвар, ажиллах боломжид нь тулгуурлан үнэлж, хувийн нууцыг нь хүндэтгэх хэрэгтэй.

“Манай байгууллага хүүхдүүдийг ажилд зуучлах, сургалтад хамруулах чиглэлээр байгууллагуудтай хамтран ажилладаг. Гэтэл зарим ажил олгогчид “Танай хүүхэд хулгай хийвэл яах вэ?, хэрвээ тийм зүйл болбол та хэд хариуцлага хүлээх үү?” гэх мэт асуулт тавьж, тэдэнд итгэхгүй байх нь бий. Тухайлбал, манай нэг хүүхэд сүүлийн жилүүдэд 12 удаа ажилд орж, гарсан байна. Мөн зарим байгууллага цагдаагийн тодорхойлолт шаардах, өмнө нь хаана байсан, ямар сургуульд сурсан зэргийг нь лавлах зэргээр хүүхдүүдэд таагүй мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн хувийн мэдээллийг нь бусдад задруулснаас болж хүүхдүүд шантарч, ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүндрэлтэй тулгардаг.”

Б.Амаржаргал - Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал

“2012 онд гарсан шийдвэрээр ажилд орох үед тухайн хүн ял эдэлж байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас гаргаж өгөхгүй байхаар зохицуулсан. Мөн 2021 онд шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд ажил эрхлэхтэй холбоотой хүний эрхийг хамгаалах зохицуулалтууд туссан. Хүний нөөцийн ажилтнууд олон төрлийн хувийн мэдээлэлтэй харьцдаг учраас түүнийг бусдад задруулах ёсгүй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэх нь хүний эмзэг мэдээлэлд хамаардаг тул уг мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, хамт олны дунд дэлгэхээс байгууллагууд сэргийлэх хэрэгтэй.”

Ш.Баярмагнай - Эйс Ар Консалтинг, Хүний нөөцийн менежментийн зөвлөх

5. Ажил олгогчид тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай 


Албан байгууллагууд хүүхдүүдэд хэдийн боломж олгоод, ажилд авахаар шийдсэн бол тухайн ажилдаа тогтвортой, удаан ажиллахад нь мөн анхаарал хандуулах хэрэгтэй гэнэ. Тухайлбал, ажлын үүрэг, хариуцлагыг нь ойлгомжтой тайлбарлаж, хамт олондоо дасан зохицоход нь туслахын сацуу ажлын таатай орчин бүрдүүлэх нь зүйтэй аж. Учир нь ажилтан сонгон шалгаруулахад их цаг зарцуулдаг хэр нь ажилд орсных нь дараа анхаарал хандуулахгүй бол шинэ ажилтнууд хэдхэн сарын дараа ажлаасаа гарах тохиолдол цөөнгүй гардаг байна.

“Байгууллагууд ажилд авсан хүндээ ямар ажил хийх, хэнд хандах, ажлын цаг нь ямар байх, чөлөө авахдаа хэнтэй тохирох зэргийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Мөн хамт олны хов жив, таагүй харилцаа зэргээс болж шинэ ажилтнууд ажлаасаа гарах тохиолдол бий. Тиймээс ажилтнаа сонгон шалгаруулахад цаг зарцуулдаг шигээ ажилд орсных нь дараа дасан зохицоход нь ч анхаарах хэрэгтэй. Гэтэл зарим байгууллага ажилтан авахдаа нарийн сонгон шалгаруулалт явуулдаг ч ажилд орсны дараа нь төдийлөн анхаардаггүй. Үүний улмаас шинэ ажилтан хэдхэн сарын дараа ажлаасаа гарч, байгууллага дахин хүн хайх шаардлагатай болоод байна.”

Ш.Баярмагнай - Хүний нөөцийн менежментийн зөвлөх

ТЭГВЭЛ АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ЭДГЭЭР ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?  

Өмнө нь дурдсанчлан, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн асуудалтай байдаг. Тиймээс тус байгууллагаас гарсны дараа гэртээ эргэн очиход өмнө нь тулгарч байсан асуудал, таагүй орчин нь хэвээр байх тохиолдол бий. Тухайлбал, эцэг эх нь архины хамааралтай, амьдралын нөхцөл нь хүнд байсан бол хүүхэд эргээд л тэр орчиндоо очно гэсэн үг.

Ийм нөхцөлд хүүхдүүдийн хувьд тулгамддаг нэг асуудал нь эдийн засгийн бие даасан байдал юм. Өөрийн амьдралаа авч явахын тулд тэдэнд ажилд орж, орлоготой болох шаардлага тулгардаг. Гэвч яаралтай ажилтай, орлоготой болох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өндөр цалин амласан, шууд ажилд авах зарын дагуу хөдөлмөрийн гэрээгүй ажиллах нь бий. Үүний улмаас хүнд нөхцөлд олон хоног ажилласан ч цалингаа бүрэн авч чадахгүй үлдэх, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй тулгардаг байна.

Ингээд тогтвортой ажлын байртай байгууллага, компаниудад хандахад сонгон шалгаруулалт удаан үргэлжилдэг. Харин амьдрах, өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд орлого олох шаардлагатай хүүхдүүдэд энэ хугацааг хүлээх боломж тэр бүр байдаггүй. Тиймээс байгууллагуудын хувьд хамгийн эхний хийх ёстой зүйл нь эдгээр хүүхдийг аль болох богино хугацаанд ажилд авч, орлоготой болох боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Тэгэхдээ заавал урт хугацааны гэрээ байгуулахгүйгээр эхлээд 45 хоног эсвэл гурван сарын хугацаатай гэрээ байгуулж, дадлагажигчаар ажиллуулан, ур чадвар, хичээл зүтгэлийг нь харж болох аж.

Энэхүү хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл энд дараарай.