Юун түрүүнд танаас нэг асуулт асууя. Та мэдээ, мэдээллээ хаанаас авдаг вэ? Зурагт, сонин, мэдээллийн сайт эсвэл сүүлийн үед бидний өдөр тутмын ажлыг ихээхэн хөнгөвчлөөд буй хиймэл оюунаас хүссэн асуултаа асуучихдаг уу? 

Хэдхэн жилийн өмнө энэ асуултыг хүмүүсээс асуусан бол бараг бүгд л зурагт, сонин, сэтгүүл гэх мэт уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг нэрлэх байсан биз. Харин өдгөө хүмүүсийн тал гаруй хувь нь цахим орчин болон хиймэл оюунаас хэрэгтэй мэдээллээ авдаг болжээ. 

Техник технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэж, хүмүүсийн хэрэглээ ч нэмэгдэж буй энэ цаг үед үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбар хамгийн чухал. Гэвч жил ирэх тусам хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаг хүмүүсийн тоо улам цөөрч, цахим орчныг гол эх сурвалжаа болгож буй нь харамсалтай.

Ингээд энэ удаагийн нийтлэлээр Ройтерс хүрээлэнгээс гаргадаг “Цахим мэдээний тайлан 2026”-гаас онцлох үр дүн болон сэтгүүл зүйн салбарын ирээдүйн чиг хандлагыг сонирхуулъя. Нийтлэлээ дуустал саатаарай.

Холбоотой нийтлэл: Reuters Institute: 2024 оны сэтгүүл зүйн салбарын хүлээлт ба таамаг

ЦАХИМ МЭДЭЭНИЙ ТАЙЛАНГААС ОНЦЛОХ 5 ҮР ДҮН

Зургийг: Columbia Journalism Review

1. Мэдээллийн эх сурвалж: Цахим орчин

Уг судалгаанд дэлхийн 48 улс орны 100,000 орчим иргэдийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь Facebook, YouTube, Instagram зэрэг цахим орчноос мэдээлэл авдаг гэж хариулсан байна. Харин мэдээллийн агентлаг болон сайтуудын албан ёсны хаягаас 51 хувь нь мэдээлэл авч байгаа аж. Үүнээс харахад уншигчид мэдээллийн сайтаас илүү цахим орчныг илүүд үзэх болжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү үзүүлэлт зөвхөн залуусаар хязгаарлагдахгүй, бүх насныхан дунд адилхан ажиглагдсан гэнэ.

2. Хиймэл оюун ба чатботын хэрэглээ

Судалгаанд оролцогчдын мэдээллээ авдаг дараагийн эх сурвалжаар ChatGPT, Google Gemini зэрэг хиймэл оюуны чатботууд нэрлэгджээ. Сүүлийн нэг жилийн дотор л гэхэд мэдээлэл хайх, уншихдаа чатбот ашигладаг хүмүүсийн хувь 7 хувиас 10 хувь болж өсөв. Ялангуяа Өмнөд Солонгос, Грек, Испани зэрэг улсад энэ үзүүлэлт өмнөх оныхоос даруй хоёр дахин нэмэгджээ. Учир нь аливаа мэдээллийг уншихад хэт урт, ойлгомжгүй үг хэллэг ашигласан эсвэл тухайн агуулгаа бүрэн гүйцэт тайлбарлан бичээгүй байгаа нь уншихад төвөгтэй санагдуулдаг байж. Тиймээс хиймэл оюун ашиглан мэдээллийн гол санааг нь хураангуйлж авах, сонирхсон сэдвийнхээ талаар нэмэлт тайлбар авч, асуулт асуух хэлбэрээр ашиглах нь ихэсжээ.

3. Контент бүтээгчид

Уншигчид мэдээллийг зөвхөн албан ёсны сувгуудаас бус, контент бүтээгчид болон блогеруудаас түлхүү авдаг болжээ. Судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь ямар нэг байдлаар контент бүтээгчдээс мэдээлэл авдаг гэсэн бол тэдний 27 хувь нь зөвхөн мэдээллийн чиглэлээр дагнасан блогеруудыг дагадаг байна. Контент бүтээгчид уламжлалт хэвлэлүүдээс илүү сонирхолтой, ойлгомжтой бөгөөд амьдралд ойр байж чаддаг нь уншигчдыг татах гол хөшүүрэг болдог аж.

Гэсэн хэдий ч мэдээллийн үнэн бодит байдал, итгэл даах чадварын хувьд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэргүүлсэн хэвээр байна. Тухайлбал, нийт оролцогчдын 13 хувь нь мэдээллийнхээ ихэнх хэсгийг контент бүтээгчдээс авдаг гэсэн ч тэдэнд бүрэн найдаж, сохроор итгэдэг хүмүүс ердөө гуравхан хувийг эзэлж байгаа юм.


Зургийг: The New York Times

4. Мэдээ унших сонирхол

Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар мэдээг шимтэн үздэг хүмүүсийн тоо даруй 13 хувиар буурчээ. Нийт уншигчдын 25 хувь нь мэдээг зорьж үздэггүй, зөвхөн санамсаргүй тааралдах үедээ буюу ихэвчлэн долоо хоногт ганцхан удаа л хардаг болсон байна. Товчхондоо, хүмүүс мэдээг сонирхохоо бүрмөсөн больж эхэлжээ.

Мэдээ үзэх ерөнхий хандлага ерөнхийдөө буурсан хэдий ч чанартай мэдээллийн төлөө мөнгө төлдөг үнэнч уншигчид цөөнгүй бий. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт хэрэглэгчдийн 17 орчим хувь нь мэдээллийг төлбөр төлж уншдаг бөгөөд энэ тоо өмнөх жилийнхээс ер өөрчлөгдөөгүй, тогтвортой байгаа нь энэ юм.

5. Мэдээнд итгэх итгэл

Дэлхий даяар мэдээнд итгэх хүмүүсийн итгэл урьд өмнө байгаагүйгээр буурч, 37 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт юм. Ийнхүү итгэл суларч байгаа нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч биш, улс төрчид болон төрийн байгууллагуудад итгэх хүмүүсийн итгэл хаа сайгүй унасантай холбоотой аж. Гэхдээ салбарын ерөнхий нэр хүнд унасан ч олон жилийн түүхтэй, бие даасан томоохон мэдээллийн агентлагуудад итгэх уншигчдын итгэл харьцангуй тогтвортой хэвээр байна.

Итгэл үнэмшил буурч буй өөр нэг шалтгаан нь хүмүүс мэдээг уламжлалт хэвлэлээс илүүтэй цахим орчин, видео платформ болон хиймэл оюунаас түлхүү авдаг болсонтой холбоотой. Цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй, хуурамч мэдээлэл тархах магадлал тун өндөр. Гэтэл хүмүүс эдгээр мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч, үнэн худлыг нь нягтлахгүй байгаа нь мэдээллийн үнэн зөв байдлыг алдагдуулж, улмаар мэдээнд итгэх итгэл нь дагаад буурч байгаа юм.

ХҮМҮҮС МЭДЭЭЛЛЭЭС ЗОРИУД ДАЙЖИВ УУ?


Дэлхий даяар нийт уншигчдын 39 хувь нь мэдээ үзэхээс зориуд татгалзах болжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд хүмүүсийг мэдээллээс татгалзахад хүргэсэн гурван гол шалтгаан бий гэнэ.

- Сэтгэл зүй туйлдах: Дайн дажин, эдийн засгийн хямрал, хүчирхийлэл гэх мэт байнга хар бараан, сөрөг мэдээ унших нь хүмүүсийн сэтгэл зүйг амархан туйлдуулдаг байна.

- Сэтгэлээр унах: Муу мэдээг хэчнээн уншлаа ч өөрөө юуг ч өөрчилж чадахгүй болохоор зүгээр л сэтгэлээр унаж, гутрахад нөлөөлдөг аж.

- Маргаан, хэрүүлээс залхах: Хэт их мэдээллийн урсгал дунд хүмүүс хоорондоо талцаж, хэрэлдэх нь уншигчдыг маш их залхаадаг байна.

ТЭГВЭЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ЯАХ ВЭ? + ИРЭЭДҮЙН ТААМАГ

Зургийг: The New York Times

Сэтгүүлчид цахим орчны контент бүтээгч болно

Судалгаанд оролцсон хэвлэл мэдээллийн салбарын удирдлагуудын 76 хувь нь 2026 онд өөрсдийн сэтгүүлчдийг цахим орчны контент бүтээгчээр ажиллуулахад анхаарна гэжээ. Учир нь уншигчид албархуу мэдээ гэхээсээ илүү тухайн сэтгүүлчийн өөрийнх нь өнцөг, сонирхолтой ярианд илүү татагддаг болсон. Тиймээс сэтгүүлчид өөрсдийгөө таниулж, богино хэмжээний видеогоор дамжуулан үзэгчидтэйгээ шууд харилцах шаардлагатай болж байна.

Илүү чанартай, судалгаатай мэдээг түгээнэ

Хүмүүсийн хэвлэл мэдээллийн салбараас хүлээж буй хамгийн чухал зүйл нь мэдээний агуулга гэнэ. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд юу болсон бэ гэдгийг түргэн шуурхай мэдээлдэг хэдий ч энэ нь яагаад болсон, ямар учир шалтгаантай, цаашлаад иргэдэд хэр хамаатай болохыг дэлгэрүүлэн тайлбарладаггүй аж.

Тэрчлэн аливаа асуудалд зөвхөн албан тушаалтан хүмүүсийн өнцгийг хүргэхээс гадна иргэдийн дуу хоолой, олон талын байр суурийг тэнцвэртэй хүргэхийг шаардаж буй. Тиймээс хэвлэл мэдээллийн салбар эдгээр асуудлыг анхаарахаас гадна нийгмийн тулгамдсан асуудлыг яаж шийдэж болох гарцыг харуулсан, урам зориг өгөх эерэг контент, мэдээг илүү хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгаа юм.

Хиймэл оюунаар орлуулахгүй контент бүтээнэ

Хиймэл оюун өдөр тутмын мэдээ, цаг агаар, статистик зэрэг мэдээллийг маш хурдан боловсруулж, түгээх боломжтой болсон. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээ дамжуулахаас илүүтэй, хиймэл оюунаар орлуулах боломжгүй контент бүтээхэд анхааран ажиллах гэнэ. Ялангуяа баримтыг илрүүлж, мэдээллийг нягтлан шалгадаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон үйл явдлын шалтгаан, үр дагаврыг тайлбарладаг гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний контентод илүү их хөрөнгө оруулалт хийх ажээ.

Өөрөөр хэлбэл, хиймэл оюун мэдээллийг хурдан боловсруулж чаддаг ч бодит баримтыг илрүүлэх, учир шалтгааныг тайлбарлах нь сэтгүүл зүйн хамгийн үнэ цэнтэй давуу тал хэвээр байх юм.

Хэрэв та энэхүү тайланг бүтнээр нь уншиж, дэлхий дахины цахим мэдээний чиг хандлагатай илүү дүн шинжилгээтэйгээр танилцахыг хүсвэл энд дараарай.