111 жилийн өмнөх эл өдөр “Шинэ толь” сонин анхны дугаараа гаргаснаар Монголын хэвлэл мэдээллийн салбар үүсэн, хөгжсөн түүхтэй. Тийнхүү гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг 1993 оноос “Хэвлэл мэдээллийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан Ройтерс хүрээлэнгээс гаргасан дэлхийн 56 орны 314 хэвлэл мэдээллийн байгууллагын редактор, гүйцэтгэх захирал, удирдлагуудын оролцсон “Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, технологийн чиг хандлага, таамаглал 2024” судалгааны дүнгээс онцлох агуулгуудыг товчлон хүргэе.
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын өнгийг тодорхойлох уг тайланд оролцогчдын 47 хувь нь сэтгүүл зүйн хэтийн төлөвт итгэлтэй хэмээсэн бол 41 хувь нь тодорхойлохын аргагүй гэсэн нь анхаарууштай.
Товчхондоо 2024 онд хэвлэл мэдээллийн байгууллагууд:
- Бүтээсэн контентуудаа нийгмийн сүлжээнд төлбөр төлж, сурталчлахаас татгалзана.
- Контентоороо дамжуулан эцсийн хэрэглэгчээс төлбөр авах загварт төвлөрнө.
- Сэтгүүлзүйн оригинал контентийг орчин цагийн хэрэглэгчдэд улам ойртуулна.
- Хиймэл оюун ухаант чатботуудтай холбоотой зохиогчийн эрхийн асуудлыг хөндөнө.
- Хэвлэлийн зардал ихсэх, түгээлтийн сүлжээ суларснаас өдөр тутмын олон сонин үүдээ барина.
1. ШУУД СУВГУУДДАА ТӨВЛӨРНӨ
Facebook, X зэрэг уламжлалт нийгмийн сүлжээнээс мэдээллийн сайтууд руу чиглэсэн уншигчийн урсгал буурч байгаад судалгаанд оролцогчдын бараг гуравны хоёр нь санаа зовниж буй гэжээ. Учир нь хүссэн хариултаа шууд авах Search Generative Experiences (SGE) чатботууд дэлгэрснээр хэрэглэгчид уламжлалт веб сайт руу хандах нь багассан байна. Үүнд олон шалтгаан бий боловч оролцогчдын хувьд нэгдүгээрт, улс төрийн агуулгууд уншигчдыг үргээдэг болсон, хоёрдугаарт YouTube, TikTok -ийн видео контент бүтээгчид хүчээ авсантай холбоотой гэж үзжээ.
Гэхдээ энэхүү үзэгдлийг өөдрөгөөр тайлбарлавал, хэвлэн нийтлэгчид нийгмийн сүлжээний данхгар платформуудаас салж, үнэнч уншигчидтайгаа илүү дотно харилцах эрин үе ирж буй бөгөөд тэдний 77 хувь нь ирэх онд өөрсдийн шууд сувгууддаа төвлөрнө гэсэн бол 22 хувь нь зардлаа бууруулж, гуравдагч платформуудад шилжинэ гэжээ. Түүнчлэн LinkedIn, Google Discover зэрэг шинэ урсгалыг ашиглаж хандалтаа сайжруулна гэдгийг дурджээ.
Мөн судалгаанд оролцогчид WhatsApp тэргүүтэй чат платформууд хувь хүн, брэндүүдэд зориулсан харилцах суваг, функц нэвтрүүлсний дараа л контент түгээх тохиромжтой суваг болно гэж үзжээ. WhatsApp-ийн хувьд хэрэглэгчид ямар нэгэн брэнд дагах эсвэл бүртгүүлэх, эможи ашиглан нийтлэлд хариу үйлдэл үзүүлэх, хувийн чат руу дамжуулж болох ч сэтгэгдэл бичдэггүй нь сул тал болдог. Гэсэн хэдий ч энэ платформд Нью-Йорк Таймс хэдийнээ зургаан сая гаруй дагагчтай болсон бөгөөд Daily Mail л гэхэд зөвхөн Кардашиан гэр бүлийн тухай, Financial Times Израйль, Хамасын дайны тухай өдөр тутмын мэдээг хүргэдэг сувагтай болжээ.
2. АЖЛАА Хиймэл оюун ухаанд даатгахгүй
Технологийн сайн туршлага хэвлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй нөлөөлж буйтай маргах аргагүй. Жишээлбэл, Google-ийн Gemini нь цахим болон бусад эх сурвалжийн текст, зураг, аудио, видео дээр ажилладаг бол Perplexity.ai мэдээ нийтлэлийг нэгтгэн дүгнэдэг. Харин Pi.ai нь ямар ч сэдвээр харилцан ярилцах өндөр чадвартай.
Энэ мэтээр асар төрлийн хиймэл оюун бий боловч судалгаанд хамрагдсан редакторуудын дийлэнх нь хиймэл оюун ухаанд суурилсан контент, мэдээнд хэт итгэх нь мэдээллийн тэнцвэртэй байдал, уншигчдын итгэлийг бууруулна гэсэн бол 16 хувь нь эсрэгээрээ гэжээ. Мөн уг тайланд зориулан Их Британид хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаантай чатботуудын эрэлт нэмэгдэж байгаа ч дийлэнх хүмүүс мэдээ унших зорилгоор ашигладаггүй гэсэн байна.
3. ОРЛОГО ОЛОХ ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛНӨ
Өнгөрсөн жилээс одоогийн X буюу хуучнаар твиттер платформын баталгаажсан тэмдэг авахын тулд төлбөр төлдөг загвар бий болсон билээ. Үүнийг дагаад бусад платформууд ч шинэ гэсэн хэрэглэгчдээс төлбөр авч хариуд нь олон төрлийн шинэ үйлчилгээ, шинэ функц санал болгох болжээ.
Нью-Йорк Таймс сүүлийн нэг жил хэрэглэгчдээ NYT Audio, The Athletic, Wirecutter, Cooking, Games зэрэг бүх төрлийн контентуудаа нэгтгэн багцалсан нь орлогоо нэмэгдүүлэх оновчтой шийдэл байсан тухай Санхүү хариуцсан захирал Уилл Бардин хэлсэн юм. Мөн Хойд Европын Schibsted, Amedia, Bonnier, DPG Media зэргүүд нь орон нутгийн хэвлэлийг төлбөртэй подкасттай хослуулан нэг цонхоор санал болгодог болсон байна.
Түүнчлэн мэдээлэл авах хүсэлтэй ч бүрэн төлбөр төлөхийг хүсдэггүй, төлөх боломжгүй, хэрэглэгчдийг татахын тулд өргөн сонголттой хувилбаруудыг ч санал болгож буй. Жишээ нь, Financial Times сард 4.99 фунт стерлингийн үнээр өдөрт найман нийтлэл унших эрх олгодог байсан бөгөөд түүнээ төрөлжүүлэн 2024 оны эхээр “Sort Your Financial Life Out with Claer Barret” гэх мөнгө, санхүүгийн ухаалаг шийдвэрт хөтлөх, төлбөртэй цахим товхимол цувралыг эхлүүлжээ.
Ройтерс хүрээлэнгийн судалгааны бүрэн эхтэй эндээс танилцаарай.