Улс орны эдийн засгийн хөгжлийн зүрх болсон банк санхүүгийн салбар нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэл бүрийн тэргүүн эгнээнд байх учиртай чухал сектор билээ. Өдгөө манай улсын банкны салбарын нийт активын хэмжээ ДНБ-ий 97 хувьтай тэнцэж байна. Орчин үед банк санхүүгийн байгууллага гэдэг зөвхөн мөнгө хадгалах, зээлэх тухай ойлголтоос холдож, технологийн шийдэлтэй салшгүй холбоотой өргөн хүрээний салбар болов. Мөнгө ч ялгаагүй цахим хэлбэрт шилжих болсон нь бидний өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлт болж буй. Тиймээс бид энэ удаа хурдацтай хөгжиж буй банк санхүүгийн салбарын онцлох тоо баримтууд, хөгжлийн чиг хандлагыг тайлбарлахаар бэлтгэлээ.

Банк санхүүгийн салбарын түүхэн хөгжлийн тухайд 

Банк гэдэг хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад бий болсон чухал ололтын нэг билээ. "Banko" гэдэг нь “вандан” гэх утгатай итали үг хэмээн үздэг. Эртний Вавилон, Грек, Египетэд XIV-XV зууны үед банкны үйл ажиллагаа явуулах байгууллагууд анх гарч ирж, комиссын гүйлгээнээс эхлээд зээл олгох хүртэл ажил эрхэлж эхэлсэн ажээ.

Орчин үеийн банкны хэв шинжийг агуулсан банк 1407 онд Италийн Генуя хотод “Ариун Георгия” нэртэйгээр үүсжээ. Мөн 1587 онд Венецид “Banco di Rielto” хэмээх улсын банк байгуулагдаж, хожим нь түүнээс салбарлан санхүүгийн бусад байгууллагууд үүссэн байна.

Монгол туургатнуудын хувьд эрт дээр үеэс металл болон цаасан мөнгө гарган гүйлгээнд хэрэглэж байсан түүхтэй. Мөнх хааны үед буюу 1253 онд цаасан мөнгөн дэвсгэрт гаргаж, мөнгөний хэрэг эрхлэх газар байгуулан ажиллуулж байжээ. Хубилай хаан Хархорумд 1260 онд мөнгө тушаах банк байгуулж, 1282 оноос “Олон замд тэгшитгэх банк” нэртэй банкны салбаруудыг байгуулан ажиллуулж байсан тухай баримтууд бий.

Харин Манж, Хятадын дарлалын үед энэ түүхэн уламжлал тасарч, Монголын зах зээл дээр Хятад, Оросын зэрэг валют өргөн хэрэглэгдэж байсан аж. Харин XIX зууны сүүлээр Нийслэл хүрээ, Улиастай зэрэг газар Хятад, Оросын зарим банкны салбар ажиллаж байжээ. Ингээд 1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улсад үндэсний банк, зээлийн систем хөгжих боломж бүрдэж эхэлсэн түүхтэй.

Орчин цагийн онцлох тоонууд 

Дэлхийд дахинд санхүүгийн технологийн дэд бүтцийн суурь 1866 оноос тавигдаж, 1967 оноос дижитал хэлбэрт шилжих үйл явц эрчимтэй өрнөх болжээ. Өдгөө санхүүгийн төрөл бүрийн программ хангамжууд хөгжиж, нууцлал, аюулгүй байдлыг улам сайн хангаж буй. Хиймэл оюун, блокчэйн технологид суурилсан сүүлийн үеийн шийдэл олноор гарч байна. Үүнтэй холбоотойгоор финтекийн зах зээлд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд 10 дахин өсжээ.

Манай улсын хувьд ч банк санхүүгийн салбарын өсөлт хурдацтай байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байдаг. Тухайлбал, "Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил нь тухайн бүс нутаг дахь ойролцоо түвшний улс орнуудтай харьцуулахад харьцангуй сайн байна" хэмээн онцолж орон даяар 1413 салбар бүхий арилжааны 13 банк болон бусад санхүүгийн байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг дурджээ.

Манай улсад өдгөө нийт 2.5 сая интернэт хандалтын эрхтэй арилжааны банкны хэрэглэгч байгаа нь өмнөх онтой харьцуулахад 36 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэдгээрээс сард гурав ба түүнээс дээш удаа гүйлгээ хийж, интернэт банкийг идэвхтэй ашиглаж байгаа нийт 1.2 сая хэрэглэгч буй. Өнгөрсөн оны III улирлын байдлаар нийт 29.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийсний 58 хувийг зөвхөн гар утасны аппаар дамжуулан хийжээ. Тэгвэл мобайл хандалтын эрхтэй буюу гар утаснаас банк санхүүгийн үйлчилгээ авч буй 1.3 сая хэрэглэгч байгаагаас 550 мянга гаруй нь өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг байна.

Ирээдүйн чиг хандлагыг өгүүлэх нь 

Дэлхий дахинд дижитал банкны хэрэглэгчдийн тоо 2024 он гэхэд 3.6 тэрбумд хүрэх тооцоог “Juniper” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Товчхондоо, ирэх дөрвөн жилд дижитал банкны харилцагчдын тоо 54 хувиар өснө гэсэн үг. Орчин үед дижитал шилжилтээр Bank of America, BBVA, JPMorgan Chase зэрэг дэлхийн топ банкууд тэргүүлсээр буй. Гэвч банк, санхүүгийн зах зээлд дижитал хувьсгал дөнгөж эхэн үедээ явж байгаа хэмээн McKinsey компани онцолж байна.

Арилжааны банкууд финтек бизнесүүдтэй хамтран ажиллах нь жилээс жилд өссөөр буй. Тухайлбал ХААН, Голомт банкны Corporate Gateway үйлчилгээнд ББСБ-уудын бий болгож буй финтек үйлчилгээнүүд холбогдсоноор мөнгөн шилжүүлгийг тун хурдтай хийх болжээ. Өөрөөр хэлбэл, банкуудын үүсгэсэн дэд бүтцийг санхүүгийн бусад байгууллага дэмжин ажиллаж буй юм. Жишээ нь бидний өмнө нь танилцуулж байсан SendMN QPay үйлчилгээгээрээ 14 банкны системтэй холбогдож, өмнө дурдсан Corporate Gateway үйлчилгээгээр Өмнөд Солонгосын 45 банктай холбогджээ. Үүний үр дүнд Солонгос руу ердөө нэг минутын дотор мөнгө шилжүүлж буй аж.

Бид хэдэн жилийн өмнө банк хоорондын нэг саяас доош төгрөгийн гүйлгээ хийхийн тулд нэг цаг хүлээж байж нөгөө хүндээ очдог байсан. Түүнээс дээш бол дараагийн өдрөө орох тул бүтэн өдөр ч хүлээх шаардлага гардаг байсан үе саяхан. Тэгвэл өдгөө гурван сая төгрөгийн гүйлгээг гуравхан секундийн дотор хийх боломжтой төдийгүй улс хооронд мөнгөн гуйвуулга хийхэд 10 минут л зарцуулагддаг болоод байна. SendMN-ийн хэрэглэгчээр жишээлбэл, дэлхийн 170 гаруй орон, 400 мянга гаруй агент руу 10 минутын дотор мөнгөн гуйвуулга хийж байна.

Апп тойм: Sendmn - Воныг гэрлийн хурдаар

Гадаадаас мөнгөн гуйвуулга хийхэд анхаарах зүйлс

Unread