“Хүмүүс бид хэтийдсэн хэрэглээгээ танахгүй аваас нүүгээд очих хоёр дахь дэлхий байхгүй” гэж сонсож байсан л биз дээ? Бид энэ цэнхэр гараг дээрээ хэрхэн байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдрах “үйлдлийн систем”-ээ дахин загварчлах буюу Б гарагийг бүтээх боломжтой тухайг өмнөх нийтлэлдээ дэлгэрүүлсэн. Товчхондоо, бидэнд дэлхий гээч гаргаас өөр “Б сонголт” байхгүй ч дэлхий дээрээ шинээр амьдрах “Б төлөвлөгөө” байх боломжтой. Иймд ээлжит нийтлэлээрээ сүүлийн хэдхэн арваны дотор хэд дахин хувилагдаад буй байгалийн нөөцийн хэрэглээ болоод түүнийг багасгах тойрог эдийн засаг, хариуцлагатай хүнсний хэрэглээний сэдвийг хөндлөө. 

БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ХЭРХЭН ӨССӨН БЭ?

Сүүлийн хагас зууны дотор хүмүүс бидний байгалийн нөөцийн хэрэглээ даруй гурав дахин ихсэж, 100 тэрбум тонныг давсан тухайг Global Resources Outlook-д өгүүлжээ. Мэдээж энэ хугацаанд дэлхийн хүн амын тоо өссөн ч хэрэглээ нь түүнээс хурдтай өссөнийг нэг хүнд ногдох массаар 4 орчим тонн өссөн үзүүлэлтээс харж болно. Судалгаанд дурдсанаар, үүний эсрэг дорвитой, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийж байж 2060 он гэхэд нөөцийн хэрэглээ 60 хувиар өсөхөөс сэргийлэх аж. Өдгөө бид эх дэлхийн тэнцвэртэй байдлыг хангагч есөн хязгаарын долоог нь эвдээд буй. Тиймээс ч Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, тэр дундаа 12-р зорилгын хүрээнд тойрог эдийн засгийг бэхжүүлэх зорилтуудыг тавьж байна.

Графикийг: Circularity Gap Reports

ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА ХҮНСНИЙ ХАЯГДАЛ

Тойрог эдийн засаг нь нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийн загвар. Өөрөөр хэлбэл, эхний хэрэглээнээс үүссэн материалыг шатчилан эргэлтэд оруулж, сэргээгдэх энергид төвлөрөх, дахин ашиглах замаар хог хаягдлыг багасгаж, байгалийн нөөцөө “гамнана” гэсэн үг. Өдгөө дэлхийн нийт эдийн засгийн ердөө 8.6 хувь нь энэ загварт шилжсэнээс үзвэл хүмүүс бидний ихэнх хэрэглээ эхний зорилгоо биелүүлээд л эх газар, усан орчны экосистемд заналхийлэгч хог хаягдал болдог аж. Эдгээрээс хүнсний секторыг л авч үзэхэд жил бүр 2.3 тэрбум тонн ахуйн хаягдал, 1 тэрбум гаруй тонн хүнсний гарз гарч байна. Энэхүү гарз нийт хүлэмжийн хийн ялгарлын 8-10 хувийг бүрдүүлж буй.

Өнгөрсөн онд Бразилд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын 30-р хурлаар хүнсний хаягдлыг 2030 он гэхэд 50 хувь, метаны ялгарлыг 7 хувь бууруулж тойрог хүнсний тогтолцоог бэхжүүлэх зорилго тавьсан. Хүнсний зах зээлийн эдийн засаг, байгаль орчны нөлөөг тооцоход газар тариалан, тэр дундаа амьтны гаралтай аж ахуй нягт холбоотой. Өмнөх нийтлэлдээ бид энэ төрлийн аж ахуйн метаны ялгарлын тухай дэлгэрүүлсэн билээ.

Холбоотой нийтлэл: Б гаргийн тухай мэдэх ёстой бүхнийг: Шинэ хүнсний тогтолцоо руу шилжих нь

Графикийг: The Circularity Gap Report 2025

ДАЛД УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Бидний ихэнх нь экологийн ул мөрөө зөвхөн нүдэнд харагдах хэрэглээ, тэдгээрийн хог хаягдлаар баримжаалах нь элбэг. Гэтэл тэр бүхэн эцсийн дүрээ олж, хэрэглэгчийн гарт очих хүртэлх байгалийн нөөцийн далд хэрэглээ үлэмж их. Ялангуяа усны хэрэглээг үндсэн гурван хэсгийн хүрээнд сонирхвол:

Цэнхэр усны ул мөр: Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдах газрын гадаргын болон доорх ус. Үйлдвэрлэлийн явцад шууд ашигласан болон ууршсан ус цөм хамаарна.

Ногоон усны ул мөр: Ургамал, тариаланг тэтгэхэд ашиглагдсан борооны ус. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд ихэвчлэн нэмэлт усалгаагүй, зөвхөн хур тунадасны чийгээр өссөн ургамалд хамаарна.

Саарал усны ул мөр: Үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээний дараах, эхний шатны хаягдал усыг хэлнэ. Жишээ нь: гар, хувцас, эсвэл хүнс ногоогоо угаасан ус.

Жишээ татвал, 1 кг үхрийн махны цаана 15 тонн, дундаж хэмжээт нэг бүтэн талх үйлдвэрлэхэд ойролцоогоор 908 литр ус ус ашиглагддагийг Дэлхийн Усны ул мөрийн Сүлжээ байгууллагаас тооцоолон гаргажээ.


Зургийг: Euronews.vom

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Д.Өлзийбилэг, Тогтвортой хөгжлийн гүүр төрийн бус байгууллагыг Үүсгэн байгуулагч

Би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегийн хөтөлбөрийг боловсруулах төслийн тойрог эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Эх дэлхийн эвдэгдсэн долоон хязгаарын хамгийн ноцтой нь болох энэ хязгаарыг эргэн сэргээж, хамгаалж чадах эсэх нь томоохон асуудал учир олон улсаас үндэсний төлөвлөгөөнүүд гаргаж ажиллах чиглэл өгсөн. Монгол улсын хувьд хариуцлагатай хэрэглээг таниулах, төлөвшүүлэхэд төлөвлөгөөнд хоёр чухал заалт оруулсны нэг нь экологийн ул мөрийг бууруулах, нөгөө нь бүх бизнесийн байгууллагууд нөлөөллөө тайлагнах. Үүнийг судлах явцад олж мэдсэнээр хамгийн өндөр ялгарал, их нөлөөтэй нь хүнсний тогтолцоо. Бид жилийн өмнө авсан хувцсаа дахин өмсөж, таван жилийн өмнө авсан машинаа унаж болдог шүү дээ. Харин өдөр бүр шинэ хүнс хэрэглэдэг.

Байгаль хамгаалал гэдэг зөвхөн хогоо ангилж хаях тухай биш. Үүнд хоол хүнсээ авахдаа шошго савлагааг унших, орцны талаарх мэдлэг ойлголт ч багтана. Сүүлд хуванцарын үндэсний тооллогын судалгааны төслийн аналист, зөвлөхөөр ажиллах хугацаандаа судалснаар манай орон дэлхийд нэг хүнд ногдох экологийн ул мөрөөр #3, хуванцрын хэрэглээгээр #10, хүлэмжийн хийн ялгаруулалтаар #6 тус тус жагсаж байгаа. Энэ нь ч бидний амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөнийг илтгэж байгаа болов уу.

Үүнийг дагаад монголчууд бидний байгалиа энэрэх сэтгэлгээ, зохицон амьдрах арга ухаан хэрхэн хувьсаж буйг эргэн нэг харвал зохино. СОР17-ийн үеэр олон малчин нүүдэллэж амьдрахын гол шалтгаан нь дараагийн шинэ соргог ургамлыг бараадахаас илүүтэй хэдийнээ бууриа зассан газраа хайрлаж, бэлчээр сэлгэх гэсэн сэдэл түүхэн уламжлал орхигдож байгаа хэмээн хуваалцсан. Байгаль хамгааллын төлөө гадасны нүхээс өөр зүйл үлдээлгүй ул мөрөө арилгаж чаддаг уламжлал бидэнд бий. Орчин үед энэ уламжлалаа зөвхөн хээр талд өвлүүлж үлдээх бус хот суурингийн амьдралдаа ч хөрвүүлж, шингээх хэрэгтэй байна.

Тасралтгүй аж үйлдвэрлэл, техникийн хөгжлийн энэ нийгэмд хүн минутад 2.7 литр далд ус хэрэглэдэг гэх судалгааг Дэлхийн Усны Ул Мөрийн Сүлжээ байгууллага танилцуулсан. Дэлхий даяар усны нөөцийн асуудал хурцдаж буй өнөө цагт манайх шиг далайд гарцгүй орон газрын гүний усаа онцгой ихээр анхаарч, гамнах учиртай. Ус гэснээс, уурхайн үйл ажиллагаа усны хэрэглээ өндөртэй гэх шүүмжлэл байдаг ч мал аж ахуй, хүнсний тогтолцоотой харьцуулахад тодорхой бүс газар төвлөрсөн дарамт учруулдгаараа ялгаатай. Харин хөдөө аж ахуйд зориулагдах ус нийт хэрэглээний 56 хувийг эзэлдэг.


Миний хувьд ногоон хоол руу шилжээд 18 жил өнгөрсөн байна. Ингэснээр бэлчээрийн ачаалал, хүнсний хаягдлыг сааруулахад багахан ч болов хувь нэмрээ оруулна гэх итгэл үнэмшилтэй байдаг юм. Хариуцлагатай хэрэглээний хамгийн чухал нөлөө нь хоол хүнсний сонголтод байгаа бөгөөд энэ нь газар ашиглалтаа бууруулж, бэлчээрээ хамгаалахын цаана метаны хийн ялгарлыг багасгаж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бага ч болов хөнгөрүүлж байгаа хэрэг юм.

Нийт 570 эрдэм шинжилгээний өгүүллийн үр дүнг нэгтгэж, 139 судлаачийн нэмэлт өгөгдлийг ашиглаж, 38,700 орчим амьтны аж ахуйн өгөгдөл дээр суурилсан судалгаагаар нэг өдөрт веган байхад 4000 литр ус, 2-8 м.кв ой ашиглалтыг хэмнэж, 2-7 кг хүлэмжийн хийг бага ялгаруулна гэдэг тооцоо бий. Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй нь ногоон болон цэнхэр усыг хэрэглэдэг учраас энэ хэмжээ бүр өндөр болохыг эрдэмтэд нотолж байна. Дэлхий даяарших аясаар хүнсний хэрэглээ ч даяаршиж байна. Гэвч энэ бүхнийг улс орон, тив дамнан тээвэрлэж, борлуулахад ашиглалтын хугацаа хэтрэх, амт чанар нь муудах тохиолдол их. Ийнхүү хэрэглэж амжаагүй хүнс их хэмжээгээр хаягдаж байгаа учир сүүлийн жилүүдэд аль болох орон нутгийн үйлдвэрлэлдээ төвлөрөх, хүнсний хэрэглээний хэмнэлт хийх уриалгууд гарч байгааг онцлох нь зүйтэй.

Хааяа хагас өлсгөлөн явах, аяга тагшаа өвөртөлж явах, зундаа цагаан идээгээ идэж улирлын зохицуулалтаар мал амьтад, байгаль, эрүүл мэндээ ч хайрладаг тогтвортой хоол хүнсний уламжлал бидэнд бий. Нүүдэлчид ихийг багаар гүйцэлдүүлэх, үр хойчдоо эд хошгил бус эрдэм ном, зөв амьдрах арга ухаан өвлүүлэхийг чухалчилдаг соёлыг түгээж тунхагладаг байсан ард түмэн. Харин өнөөдөр бид газрын ашиглалт, хүнсний хэмжээнд үндэслэвэл нэг хүний амьдралын хэмнэл нь 5 (дэлхийн дундаж 1.8) дэлхий хэрэглэж байгаа буюу ирээдүй хойчийнхоо нөөцөөс авч хэрэглэж, хайхарч ойшоохгүй цаг дээрээ ирээд байгаа нь харамсалтай.

Монголчууд бид өөрчлөлтөд ямар хурдан хөрвөж чаддаг нь үнэлүүштэй гэж боддог. Тиймээс байгальдаа илүү ээлтэй амьдралын хэв маяг, хооллолтыг сонгоход өөрчлөлт хийе гэж зориглох л үлдээд байна. Нэг монгол хүн өөрчлөгдөхөд ард нь өөрчлөгдөх газар орон ч км.кв-аар хэмжигдэнэ шүү дээ.